Энгийн үзэгчид кинонд хоёрхон үнэлэмжээр дүгнэлт өгдөг. Үнэмшилтэй, үнэмшилгүй. Урлаг бүхэлдээ төсөөлөлд тулгуурладаг. Гэсэн ч яг амьдрал мэтээр хүлээн авч, үзэж, шаналж, уйлж, хөхөрч, баясаж суух үзэгчдийн эдгээр араншин “гэнэн тэнэгийн” хэрэг биш. Тэд инээлдэж байвал нэг бол үнэмшин баясаж, үгүй бол дооглон хөхөрч байгаа нь тэр. Итгэл үнэмшлийн хэмжүүрт тулгуурласан үнэлэмж урлагийн бүтээлд асар прагматик хандлага бий болгодог боловч яг л гараар барьж, имэрч, тэмтэрч байгаатай адил байх гүйцэтгэлийн өндөр ур чадвар нэхдгээрээ уран бүтээлчдийг түлхдэг хэрэглүүр. Өчигдөр нээлтээ хийсэн “Hero entertainment”-ийн шинэ бүтээл үзэгчдээс итгэл үнэмшлийн “онц” үнэлгээ авахаар болж чадсаныг хэлэхээс аргагүй нь.

Найруулагч Б.Баатар “Татар ажиллагаа”-ндаа “төсөөллийг дүрсжүүлэх”-ээр шийдсэн нь зарим талаар асар их зориг гаргасан хэрэг гэж дүгнэж болох юм. Учир нь төсөөлөл мөрөөдөл гэдэг өөрөө төгс дүрсжүүлэлтийг шаардана. Логик уялдаа болон шалтгаант холбоог онцгойлж үзэхгүй байж болох боловч орхигдуулах бололцоогүй. “Татаар ажиллагаа”-ны нэг томоохон өгүүлэмж нь төсөөлөл. Техникийн чадамжийг өнөөдөр байгаа хэмжээнд юмуу, эсвэл зохих түвшинд харуулахыг эрмэлзсэн нь найруулагчийн хувьд гол зорилго болжээ гэж тааварлаж болохоор.

Зохиолыг “рок” гэгддэг Р.Мөнхсайхан бодит амьдралын болон оюун санааны хоёр өөр шугамтайгаар бичжээ. Зэрэгцээ шугамуудын үргэлжлэх хугацаа үндсэндээ тэнцүү. Гэхдээ төсөөлөл дэх үйл явдлууд илүү хурц, ширүүн, зарим талаараа балмад болсон ч жүжигчдийн бяцхан бяцхан тоглолтоор залруулж чадсан байна. Амьдрал, зөгнөл хоёр зэрэгцэн өрнөхдөө харилцан бие биенээ хурцалж, дараа дараагийн алхмуудыг сонирхолтой болгожээ. Зарим тохиолдолд харилцан эсрэгцэж, нэг нь нөгөөгөө үгүйсгэж байгаа нь шийдлийн эрэлхийллийг бий болгон, улмаар үзэгчдийг хөтөлж чадаж буйг хэлэх хэрэгтэй.

Киноны продюсер, “Модерн номадс” сүлжээ рестораны захирал М.Есөнмөнх дүрүүддээ нэр хүнд бүхий зарим дуучид, загвар өмсөгчийг сонгосон нь мэдээж пост продакшны үеийн сурталчилгаа, идэвхжүүлэлтээ бодолцсон хэрэг гэдгийг ойлгож болно. Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх нар бүр гол дүрд тоглосон боловч харамсалтай нь дүрдээ гүйцэт орж чадсангүй. Б.Амархүүгийн бүтээсэн Тайванаагийн дүр кинонд хамгийн зөрчилтэйгөөр илэрхийлэгджээ. Хэдийгээр тэр шийдвэртэй эр биш ч гэлээ төрсөн охин нь үхэл амьдралын зааг дээр байгаа ийм үед эргэж буцах ёсгүй байлаа. Гялбаа түүнтэй өчигдөр л танилцсан. Өнөөдөр түүний төлөө банк дээрэмдэх гэж явна. Бас Коля байна. Тэр ч мөн Тайванаагийн шинэхэн танил. Тэднийг Тулгаа холбодог. Гэхдээ бүрэн итгэдэггүй. Эдний хэлхээ холбоог “за кадр”-аас өгүүлэх Тайванаагийн анд нөхдийн хүүрнэлээр тодотгохыг оролдон, дээрмийн ажиллагааны өмнө тэврэлдүүлж, андгайлалдуулж байгаа тоглолтоор зөвтгөхийг хичээсэн ч хангалттай үнэмшилтэй болж чадсангүй. Амь алдаж болзошгүй тухай ярианууд, тэр бүхнийг төсөөлж байгаа төсөөллүүд, хүн алах ч хэрэг гарч магадгүй тухай ярилцаж байгаа яриануудад хэдий хошин тавилт хийж өгсөн ч гэлээ хиртхиймээр. Дөнгөж танилцсан залуугийн, зүс үзээгүй охины төлөө амь хайргүй ингэтэл зүтгэх учир шалтгаан Гялбаа, Коля нарын хувьд харьцангуй дутмаг санагдав.

Тулгаа, Коля хоёрын дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү нар бүтээсэн. Өрнө дорно банкыг тандан судалж, дээрмийн ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, залуусыг цуглуулж, цаг хормыг нарийвчлан тооцож, буу зэвсгийн наймаачинтай холбоо тогтоож, ажиллагааг удирдах гэх мэт бүх үйл явдлыг Тулгаа холбожээ. Америк мөрөөдөл, тийш чиглэсэн тэмүүлэл, адал явдлын сонирхолтой Тайванаагийн багын найз түүний хувьд сэдэл нь хүлээн зөвшөөрөгдөнө. Мэргэжлийн жүжигчин хүний хувьд Э.Батхүү дүрийнхээ зан төрхийг тун боломжийн гаргаж, ажиллагааны зорилго руу нааж өгч чадлаа.

Сүүлийн жилүүдэд ихээр хийгдэх болсон үнэмшилгүй зохиол, худлаа буруу диалогитой кинонуудтай харьцуулахад “Татар ажиллагаа”-ны жүжигчид дээгүүр түвшинд тогложээ. Гэхдээ гаргаж чадах чадвараа гүйцэт дайчлаагүй байна уу гэмээр тоглолтууд жүжигчин Ч.Ундрал, Н.Отгонбат нарын ажлаас харагдсан. Аргаа барсан эхийн цөхрөл нөхрийнхөө буюу урьд өмнө хэзээ ч бие даасан шийдвэр гаргаж байгаагүй Тайванаагийн хувьд зорилгоо тоглоход дэмжлэг болох байсан нь лавтай. Н.Отгонбат бол банкны гүйцэтгэх захирал. Түүнийг шууд удирддаг бүр том босс бий. Хэн хэн нь шийдсэн этгээдүүд. Гол дүрийн залуусыг дээрэм хийхэд хүргэхүйц үзэн ядалтыг зохиол ёсоор тэд бүрдүүлэх учиртай. Харамсалтай нь тийм ч идэвхитэй биш, бүр сөрөг дүр ч биш, зүгээр л өгөөш болж хувирсныг “дутуу” ажил гэж дүгнэхэд хүргэнэ.

Захирлын нарийн бичгийн дарга Байгаль бол сайхан эмэгтэй. Банкыг тандаж явахдаа төрсөн энэ сэтгэгдлээ Тулгаа тоглолгүй орхисноос болж топ модель Э.Одгэрэлийн эротик хэсгүүд киноны үндсэн зохиомжоос тасарчихжээ. Ихэнхдээ төсөөллийн дүр бүтээсэн нь загвар өмсөгчийн хувьд төдий л бэрхшээлтэй байгаагүй байж болох юм. Харин бодит амьдралын багахан хэсгүүдэд түүний “жүжигчний чадвар” илэрхий дутагдсан байна.

Дүрүүдийг тодотгох зорилгоор найруулагч жижиг сажиг деталиудыг гайхалтай чадварлаг “тоглуулсныг” сайшаамаар болжээ. Булиа, биерхүү залуус, тулаанч үүлдрийн ноход Тулгаагийн зан төрхийг тод болгож чадсан бол үсний бяцхан хавчаар, ус тосох нэг удаагийн аяга Тайванаагийн шаналал, сэрэхүйг эсрэгцүүлэн харагдуулахад өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэжээ. Ялангуяа машинууд болон буу зэвсгүүд гол дүрүүдээс ч илүү “тоглолт хийж” чадсаныг хэлэх хэрэгтэй. Харин ажиллагааны дараа унших учиртай нууц захидал, матрёшка хүүхэлдэй зэрэгт агуулга байсангүй.

Киноны баг өргөн дэлгэцийн HD форматын “Red One” камерь ОХУ-аас түрээслэн хэрэглэжээ. Компьютер графикийн сүүлийн үеийн программ ашгласнаа ч сурталчилгааныхаа явцад дурдаж байсан. Үндсэндээ кинондоо асар их өртөг оруулсан нь харагдахаар, чанар сайтай болж. Гагцхүү энэ их өртөг, нарийн сайн гүйцэтгэлдээ ялимгүй жульдахаар агуулга, дүгнэлттэй болсон байж мэдэх юм. Тэнэгдүү хэдэн залуусын мангардуу бүтэлгүйтэл гарах энэ кино инээдмийн жанрынх. Зүрх зүсмээр шалтгаанаас өдөөгдсөн өр шимшрүүлэм зорилго агуулсан үйл явдлын өрнөл нь ердөө л бүтэлгүйтэл. Киноны туршид ердөө хоёрхон удаа хэлэгдэх “Өө, собак” хэмээх халаглал (хараал биш шүү) “татар ажиллагаа”-ны зөн билэг болж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй. Зарим нэг нь хангалттай гаргаж чадаагүй гол дүрүүдийн сэдлүүд үндсэндээ адгууслаг, өөр өөр боловч ганцхан мөн чанартай. Үрээ гэсэн эцэг хүний хайр, дур сонирхолдоо хөтлөгдсөн адал явдлын тэмүүлэл, мөнгөний үнэр авсан шунал, аз туршиж байр сууриа өсгөх гэсэн зөн. Эдгээрийн дотор дотуур тамир, нарийн тооцоо, оюун ухаан үндсэндээ байхгүй. Байхгүйдээ ч үнэн болсон байж мэдэх юм. Магадгүй, амьдрал дээр хүмүүс бүх алхмаа гойд ухаанаар тооцоод байдаггүй шүү дээ.

Зөгнөн төсөөлсөндөө хүртэл ажиллаж чадаагүй дээрмийн хэргийн сайхан төгсгөлд тэд мөнгөтэй болж байгаа нь бас санаанд хүрэхээргүй. Харин охин эдгэнэ. Энэ л хангалттай. Хаалга нь онгорхой байснаас болж оргох төлөвлөгөө нь нурдаг Шархадны өвчтөнүүдийн тухай онигоо шиг санагдаж мэдэх ч гэлээ хүн төрөлхтөн хийгээд дэлхий ертөнцийг ганцаархнаа аварч байдаг америк киноны дэргэд хамаагүй үнэмшилтэй.
2010.10.11