Дорно дахины тооллоор шинэ он гурван долоо хоногийн дараа гарах гэж байна. XYII жарны бар жил халаагаа өгч төмөр туулай жил айсуй.

Мөн нийтийн тооллын 2010 оноо бид ёслол төгөлдөр үдэж мордуулан, амжилт бүтээлээ дүгнэн үнэлээд  хэд хонож байна. Өнгөрч буй жилийн гол амжилт хийгээд онцлог үйл явдлыг тодорхойлдог уламжлалаа салбар болгон янз бүрээр үргэлжлүүлсэн харагдана. Нам хөдөлгөөний амьдрал, эдийн засгийн тэсрэлт, урлаг спорт дахь амжилтууд, байгаль цаг уур, ний­тийг хамарсан кампанит ажиллагаа зэрэг манай оронд болж өнгөрсөн гоц гойд явдлууд цөм багтаж бай­раа эзэлсэн. Засгийн газраас албан ёсоор зарласан цол нь бол "Бизнесийг дэмжих жил" байсан юм билээ. Олноо өргөгдсөн он гэдэг шиг тэр бизнес жилээ мартаад ёолкны өмнө гэнэт санаж  одоо энэ жил дахиж үргэлжлүүлэхээр бол­сон уу яасан.

Бар жил нь ч бай, 2010 он гэдэг нь ч бай өнгөрч байгаа ноднин жил монголчуудын дунд нэгэн онцгой үзэгдэл гайхаш төрүүлсэн гэж боддог. Тэр юу гэхээр бүтэн жилийн турш зөвхөн хүүхдүүд Монгол Улсын нэр хүндийг тасралтгүй буухиалан авч гүйцгээсэн. Энэ тухай оны шилдэг гэх мэт номи­нациу­дад бүгд тусгалаа олж сарниулсан байна билээ. Харин нэгтгээд хүүхдүүд лаг байлаа гэж хэн ч дуугараагүй. Насанд хүрэгчид дүн тавьдаг болохоор хүүхдээсээ ичсэн байх.

Барын зулзагыг бамбар гэдэг. Бар жил бамбарнууд салбар мэргэ­жил болгон дээр асч дүрэлз­сэн. Спорт гэхэд л чөлөөт бөхийн сүүлийн 35 жил тасарсан дэлхийн аварга, хэзээ ч хүрч амжаагүй олимпийн аварга, гимнастикаар хаа байсан мөрөөдлийн олимпийн аварга, шатрын дэлхийн аварга, өмнөх жилдээ орчиж байна уу боксын дэлхийн насанд хүрэгч­дийн үзүүр түрүү, шинжлэх ухааны салбарууд дахь олон улсын олим­пиадын тэргүүн байрууд, дэл­хийн шилдэг оюутан, гурван настай охин гурван сартай дүүгээ галын аюу­лаас аварч чадсан, 11 настай хүү арван хэд хоног төөрөөд амьд мэнд ойгоос гарч ирж чадаж бай­хад энүүхэн Богд ууланд гадаадын идэр эр бороонд осгоод өнгөрчих­сөн байсан дуулиан, хүүхдүүд компани байгуулсан, сургууль нээ­сэн, аж ахуй эрхэлсэн...

Өнгөрсөн жил манайд гийгүүл­сэн нийт сайн үйлсийн ихэнхийг 18 ба түүнээс доош насныхан гүйцэт­гэснийг яагаад анзаарсангүй вэ? Үүнийг олон талаас анхаарч бараг судалж үзмээр шүү. Энэ бүгд тохиолдол уу, ерөөсөө өнөөгийн хүүхэд ийм айхтар болчихсон юм уу, эцэг эхчүүд хүүхдэдээ ийм сайн анхаарал тавьдаг болсны үр шим үү, эрдэмтдийн хэлээд байдаг нөгөө индиго гэгддэг хүүхдүүд нь Монголд төрөөд эхэлсэн нь энэ үү? Ямар ч байсан их нь ичиж бага нь уйлмаар юм болоод өнгөрсөн.

Хорин хэдээс гуч гаран насны хооронд эргэлдэх үеийнхэн өнөө­дөр голлох ажиллах хүчин болж байгаа. Энэ үеийнхэн нийгмийн байгууламж солигдоход золиос болон үндсэндээ "сургууль зав­сард­сан" нөхдүүд. Тэрний гор гарч өдгөө амжилт гаргах нь битгий хэл амьдарч ч чадахгүй малнууд энэ насныханд хамгийн их ногддог. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд насанд хүрч байгаа том­цуулынхаа мөрөөдөл зорилтыг нь шууд булаагаад авчихлаа.

Их спортоос нэг юм олоод зуу­чих санаатай гуч гартлаа хөлсөө урсган амь амьдралаа гаргуунд нь хаяад явж буй нэгний хажуугаар гавьяатын тэмдэг зүүчихсэн арван жилийн сурагч яваад байхаар дотроо ямар их зэвүү нь хүрдэг бол.  Ажиглаад байхад ихэнх залуус ерөнхийдөө дороос гарч ирж байгаа хүүхдүүдэд таагүй харьцдаг бололтой байна. Барын зулзагыг бамбар дээр нь дийлж ядаж байна гэдэг бол ноцтой асуудал. Улс төр бизнесийн өндөрлөгүүд болон хөрөнгөжсөн настнууд өөрсдийн залгамжлагчаа нэг биш бүтэн хоёр үе алгасан шилжүүлж өвлүүлэхээр зэхэж эхэллээ. Энэ нь идэр насны­ханд бүүр аюултай байдлыг үүсгэж мэдэхээр болж байна. Ач зээ нартаа найдаж, хун тайж болгохгүй бол энэ цагийн "нялх сэнгүм"-үүд хурааж зөөсөн хөрөнгийг минь тойлоод явах ухаан дутна гэх юм.

Энэ мэт нөхцөл нөлөөлсөн үү яасан. Ямартай ч өнгөрсөн жил хүүхдийн жил болоод өнгөрснийг алтан нарыг алгаараа хаах мэт чадан ядан таглах шиг боллоо. Одоо ирж буй төмөр туулай жилдээ ямар нэгэн байдлаар хүүхдэд анхаарлаа хандуулсан арга хэм­жээнүүд дорвитой авмаар байна. Хүүхдэд ханддаг хандлагаа олон тал дээр өөрчилж, хүүхдийн нэртэй байгууллагуудыг хүртэл эмх цэг­цэнд оруулах, ер нь хүүхдэд онцгой анхаарах жил болгон зарлавал яасан юм бэ? Манай сонины хувьд ирж буй жилийг хүүхдэд хандсан хэд хэдэн томоохон арга хэмжээ өрнүүлэхээр төлөвлөөд байгаа. Эхний ээлжинд оюун ухааныг дээдэлсэн математикийн ичнээ уралдаан зарлан, чадан ядан санхүүгийн эх үүсвэр хайж, бичиг цаас төдийгүй биет ажил хийх санаатай яваа.

Сайны хажуугаар саар гэгчээр өнөөдөр хүүхдийн эсрэг гэмт хэрэг урьд байгаагүй ихээр гаарч байна. Яагаад насанд хүрсэн залуучууд бөөн бөөнөөрөө бэлгийн гаж дон­тон болцгоож цэцэг цэврүү шиг жаахан охидыг хүчирхийлэх гэмт хэрэг шил дараалан гараад эхлэв. Хүүхдийг хар тамхинд оруулж байна. Янз бүрээр уруу татаж байна. Алтныхан нялх хүүхдийг тас ороолгон чарлуулж алт дуудах дом хийх арга газар авсан гэдэг. Хүүхдээ алхам тутамдаа гараас нь хөтөлж хараа хяналтаасаа салгах­гүй байх шаардлага тулгарлаа. Хэрэв тэгэхгүй бол энэ балмад залуус яаж ч мэдэхээр болсон мэт. Гэмт хэргүүдийн намтрыг сонсоод байхад төрсөн эгчийнхээ хүүхдийг харж гэрт нь суудаг хорин хэдэн настай тэр гэгч хүчин хийжээ гэх маягийн хэргүүд ямар их гарч байна вэ? Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн төв дээр гарсан жаахан хүүхэд хүчиндэж хөнөөсөн жиг­шүүрт хэргийн араас залгаад он дамнан үүнтэй ижил төстэй хэргүүд гараад байгааг цагдаагийн бай­гууллага мэдээлсээр байна. Энэ бас санамсаргүй тохиолдол уу? Гэмт хэрэгтнүүд хүртэл яагаад хүүхдийг илүү "шохоорхох" бол­чихов.

Өнөөдөр хүүхдэд өмнө нь хэр­хэн ханддаг байсан яг тэр бахь байдгаараа хэвээр ажиллаж буй газар гэвэл Засгийн газар л байна. Тэдэнд 18-аас дээш насны сонгог­чид, Ардын намд нь элсэх амбицтай залуусыг шүтэхээс бус хүүхэд өөрчлөгдөж байгаа талаарх ямар ч мэдээлэл алга. Улс үндэстнийг минь өөдтэй өнгөтэй явуулж мэдэх энэ хэдэн муусайн хүүхдээ үлгэрт гардаг цуутын цагаагч гүү лүгээ бөөрөндөө нааж, эрийн цээнд хүргэхгүй бол хар хэрээнүүдэд  тоншуулаад дуусах нь байна шүү.

Бар жилд ассан бамбарын үргэлжлэлд урам өгөн цааш улам бадраан дэмжихийг зөвшөөрч байгаа нь гараа өргө дөө.