Эрх чөлөө, түүний дайснууд
2010 он. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкт болж өнгөрлөө. Үнэхээр сайхан спорт.
“Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна”
Альфред дө Мюссе
Альфред дө Мюссе
2010 он. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкт болж өнгөрлөө. Үнэхээр сайхан спорт. Хэдий алс холын оронд болсон ч, хичнээн харь хүмүүсийн спорт ч гэлээ монголын залуучуудын хувьд эрийн гурван наадмаас нь ч илүү сонирхон үзэж харах зүйл нь болжээ. Хэдэн жилийн өмнөөс залуус энэ л үеэр найз нөхдөөрөө цуглан шар айраг уунгаа ярьж хөөрөн, хөгжин цэнгэлдэн тэмцээнээ амтархан үздэг уламжлал тогтжээ.
Уг нь телевизээр нь хөл бөмбөг гарч байсан л даа. Бодоход гэртээ суугаад үзсэн ч болмоор. Өмнөх нийгмийн үед хөл бөмбөгийг гадаа бааранд суугаад үзэх нь байтугай телевизээр ч тухтай үзэх боломжгүй л үе байсан. Гэтэл залуучууд гэртээ суугаад үзчихэд болчих зүйлийг илүү их зардал мөнгө төлөн барин үзэж байсан нь хачирхалтай хэдий ч үүнийг хэн нэг нь үгүйсгэх нь өөрөө одоо үед бүүр утгагүй зүйл болжээ. Цаг үеэ дагаад залуусын дунд ийм эрэлт хэрэгцээ үүссэн л байна, хориглож болохгүй юм. Бидний амьдран буй энэ нийгмийн өнгө төрх, үнэ цэнэ, нэгэн онцлог бол эрх чөлөө хэмээх агуу гайхамшигт зүйл билээ. Мэдээж эрх чөлөөгөө хэрэгжүүлнэ хэмээн хууль зөрчихийг хэлэхгүй.
Хөл бөмбөгийн тэмцээн эхлэхийн өмнөхөн баар шөнө ажиллаж болохгүй, шөнийн нэг цагаасаа хаана, эсвэл хаахгүй шөнөжин ажиллана хэмээсэн нэлээн яриа хөөрөө өрнөсөн билээ. Хотын захиргаа хуулиа мөрдөн шөнө ажиллуулахгүй, баарууд нь харин шөнөөр ажиллах нь зөв хэмээлдсэн. Тэгээд сүүлдээ дэлхийн аваргыг дуустал шөнө ажиллах нь ажиллана, гэхдээ тогтоосон цагаас хойш согтууруулах ундаа, шар айргаар үйлчилж болохгүй гэж тогтох шиг болсон.
Мэдээж шөнө цай, ундаа уух гэж хэн бааранд орохов, нөгөө болдоггүй л зүйлүүдээ ууна, тэр нь баригдвал баар нь торгуулна, торгуулсан ч гэсэн бааранд архи, шар айргаа зарж л таарна. Төр захиргааныхны зүгээс нэгэнт хууль нь тийм болохоор яалт ч үгүй байдаг байх, амьдралд нийцэхгүй хуулийг дагалтай биш бааруудад ч энэ нь дарамттай. Баарууд ч мэдсээр байж ажиллана, төрийн эмх цэгц тогтоогчид ч тэр үед нь заримдаа “нүдээ аничихдаг” болохоор тэдний дунд “хэн хэнийгээ тэтгээд” явдаг, амьдралын үнэнээс урган гарсан гэмээр нэгэн “өөрийн хууль” үйлчилдэг болжээ. Харин өнгөрсөн хөл бөмбөгийн аваргын үеэрх үйл явдлын дараа эргээд харахнээ хуулиар далайлган жижиг газруудыг хаалгаад өөрийн дураар ажиллах гэсэн том газруудын захиалга ч байсан юм шиг харагдсан шүү.
Одоогоос бараг зуугаад жилийн өмнөх соёлжсон ертөнцийн амьдралын өнгө төрх, ёс суртахуун, дэг жаягийг бид киноноос хардаг, номноос уншдаг. Алдарт Адам Смитийн “үл үзэгдэх гарын” хүчээр тэр үеийн нөгөө ертөнцийнхний амьдралын стандарт, ахуй соёлын хэв маяг нь бараг л бидний одоогоос ч дээр байсан гэмээр байдаг. Монголчууд бид тэр үед нь хөөрхий, ямархуу стандарттай байв? Оросын жуулчин Майский нэгэнтээ биднийг хэлсэн байв даа, “монголчуудын царайг хараад эр эмийг нь ялгахын аргагүй адилхан, биенээс нь үнэртэх өмхийгөөс нь болоод ойртохын аргагүй” ч гэлүү. Өвөг дээдсийнхээ тухай үүнийг сонсоход ичмээр ч үнэнийг яалтай. Гэхдээ бид дараахан нь “капитализмыг алгассаны” хүчээр тийм биш болсоон.
Ердөө хорь гаран жилийн өмнө бид нийт даянаараа нэгэн цагт зэрэг унтаж (оройн 11 цаг гэхэд автобус бүрэн зогсоно, долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гаригуудад гарах монгол телевиз нь мөн 11 цаг гэхэд нэвтрүүлгээ хаана), ердөө хотын ганцхан газар аятайхан хоол идэж (тэр үеийнхний одоо дурсаж ярьдаг ганц хоол нь Улаанбаатар зочид буудлын хууцай), гимнастикаа зэрэг хийцгээн (үдийн цайны цагаар радиогоор заах “үйлдвэрлэлийн гимнастик”) ердөө ганцхан хүнийг “сонгодог” (ганцхан нэр дэвшигчийг хэнээс нь ялгаж сонгох уу?) байлаа. Энэ үед хувь хүний хэрхэн амьдрах дэг журмыг төр нь тогтоож үнэн чанартаа ард түмнээ “дарангуйлдаг” байжээ.
Яахав бид хуучин социалист улс байсан юм хойно яаж зүгээр байхав, зарим нэг өнгөрсөн нийгмийн үзэл бодол бидний заримд маань шингэн үлджээ. Одоо ч хувь хүний хэрхэн амьдрах дэг журмыг төр тогтоохыг санаархсаар байгаагийн тод томруун жишээ бол дээрх баар сав хэзээ, хэрхэн ажиллахыг зохицуулах гээд байгаа үйл ажиллагаа мөн билээ. Мэдээж баар муухай, ууж согтуурах нь бүүр ч муухай байж болох юм. Гээд нийгэмд идэвхтэй амьдарч яваа хүмүүсийн олонх нь чөлөөт цагаа өнгөрөөн цэнгээний газраар үйлчлүүлэх хамгийн боломжит цаг нь шөнө хэмээн үзжээ. Баарууд шөнөө ажиллах нь ажиллаад харин түүнд орох эсэх асуудал нь хүний өөрийн сонголтын асуудал билээ.
Нэг талаас хүмүүс өдөр ажилтай тул өдөр бааранд орохгүй нь ойлгомжтой. Хэн нэгэн хэтэртлээ ууж үймээн шуугиан тарилаа гэхэд гэр орон, авгай хүүхэддээ эр бяраа гаргалгүй баарны хамгаалагч залууст хоригдоод, эсвэл бүүр эндээсээ шууд эрүүлжүүлэх рүүгээ ачигдчихад амар гэсэн (өвлийн шөнө гадаа хөөгдөж гараад салхинд цохиулж унан хөлдөөд нөгөө ертөнцөд сэрсэнд орвол эрүүлжүүлэх эсвэл баарандаа тасраад үүр цайлгах нь хамаагүй дээр), охидууд нь зөвхөн бүжиглэх л гэж дискод ордог учраас ундаа энэ тэрхэн аваад согттолоо ч уудаггүй гэсэн, ажил гэр гэсээр залуус завгүй учир хайгаад олохгүй байгаа амьдралын ханиа зарим нь эндээс олдог гэсэн. Хэлэхэд эвгүй гэмээр ч баарнаас авгай аваад сайн сайхан амьдарч яваа хүмүүс алийг тэр гэхэв.
Харин бааранд хүүхэд орж болохгүй, бичиг баримтыг нь шалгаад насанд хүрээгүй бол тэдэнд үйлчлэхгүй энэ тэр гэдэг нь хүмүүсийн ёс суртахууны, бүүр үүгээр зохицуулж чадахгүй байгаа бол ёстой нөгөө төрийн гар хөл дүрэх асуудал энэ бол мөн дөө. Тэгэхээр үүгээр л жишээлэхэд, хүн ардынхаа хэрхэн амьдрах, юу идэх, хаана унтахыг зааж сургах гээд байгаа асуудал бол төрийн хэт оролцоогоор шийдэгдэх асуудал ердөө ч биш билээ. Энэ бол нөгөө л “үл үзэгдэх гараар”, төрийн оролцоо, түүний өөртөө үүрэх зардал чирэгдэлгүйгээр аяндаа цэгцрэх, өөрөөр хэлбэл хувийн хэвшлийнхэн маш гайхамшигтайгаар хөнгөхөөн аваад явчих зүйл билээ.
Сүүлийн үед “Эрх чөлөө хэтэрлээ”, “Тэр эрх чөлөө гэдэг чинь сүүлийн хорин жил Монголыг яаж баллаж орхисныг хар” хэмээсэн эрх чөлөөнд эргэлзэгчид олшрох хандлагатай болжээ. Уг нь энэ болж бүтэхгүй мэт харагдаад байгаа зүйлүүд нь харин ч эрх чөлөөг нь бүрэн эдлүүлэлгүй хагас дутуу оролцож “дутуу алсны” гай болохоос тэмцэж байж олж авсан тэр эрх чөлөөндөө хамаг лай ланчиг, гай зэтгэрээ үүрүүлэх нь ёстой л арчаагүйгээ харуулсан асуудал юм даа. Эрх чөлөөг даган гарах хариуцлага, дэг журам энэ тэрийг бол мэдээж үгүйсгэж болохгүй зүйл. Эрх чөлөө хэмээгч нь хүнийг хөгжүүлэгч хөшүүрэг болохоос тушин боомилогч хүлээс ч биш.
Ядуурал, архидалт, янханчлал, авилгал, төр хүний эрхийг зөрчдөг асуудлууд маань ердөө л эрх чөлөө хэтэрсний гай юм гэж үү? Ер нь ч тэгээд эрх чөлөө гэснээс хүн ядуу амьдрах, траншейгаар хоног төөрүүлдэг хүн болох, архичин хүртэл болох эрх нь бас бий юм шүү. Социалист нийгэмд хамт олон болоод энхрий хайрт нам нь хүнийг архинд орох эсэх, бүүр авгайгаасаа салах хүртэлх асуудалд нь оролцдог байсан бол одоо цагт хүн өөрөө яаж л шийднэв, түүнд нь нөлөөлөх, оролцох нь өөрөө бас хүний эрх чөлөөнд халдсан асуудал болсон шиг.
Эрх чөлөө гэдэг зүйл ямархан эрхэм зүйл болох тухайд дараах нэгэн жишээнээс харцгаая. Та бидний хайртай дуучин Самандын Жавхлан гэж залуу бий. Сайхан ч залуу, сайн ч дуучин. Дуулах төдийгүй улс төрд ч хүч үзэхээр сонгуульд хүртэл нэрээ дэвшүүлсэн. Ямар нийтийн дуу дуулдаг хүн УИХ-д сууж болохгүй гэсэн хуультай юм биш харин бид түүнийг шоолох нь илүүц зүйл юм. Эрх чөлөөт Монгол улсын нэгэн иргэнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нь тэр. Мань эр харин сүүлийн үед монгол гэрт амьдарна, зөвхөн монгол дээл өмсөнө, мориор ажилдаа явна, халбага сэрээ хэрэглэхгүй гараараа хоол иднэ, за өөр юу ч билээ сонин сонин зүйлүүд ярьдаг болсон байна билээ. Бас л түүний эрх, хэрвээ тэр чадаж л байвал гараараа байтугай хөлөөрөө идсэн ч түүний л дур. Энэ тохиолдолд бид түүнийг шоолж л чадахаас заавал түүнд Кэлвин Клайны бандааш, Пьер Кардиний гонжоом өмсүүлэх гэх нь харин түүний эрх чөлөөнд халдсан болох биз. Харин эсрэгээр мань Жавхлан биднийг өөр шигээ байлгах гээд зүтгэх нь бас бидний эрх чөлөөнд халдах гэсэн хэрэг болно. Гэхдээ л Жавхлан маань хошного гургалдайгаа хүртээд, бид гуляш пиццагаа идээд “энх тайвнаар” зэрэгцэн оршиж болох нийгэмд амьдарч байгаа билээ.
“Эрх чөлөө хэтэрлээ” хэмээн орилогчид ч тэр, өөрийгөө төр хэмээн харж хуулиар далайлган бүх зүйлд гар дүрэн зохицуулахыг санаархагч “буруу ишилсэн сүхнүүд” ч тэр бүгд эрх чөлөөний дайснууд билээ. Эмх цэгц тогтоох гээд эрх чөлөөнд халдах нь түүнээсээ ч долоон дор үр дүнг авчирч болох юм. Харин иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нь л төрийн хамгийн том үүрэг нь биз ээ. Эцэст хэлэхэд “эрх чөлөөний дайснууд” бол бидний сонгосон энэ нийгмийн “дайснууд” юм шиг.
Òóëãà
g.gjx bn
Аналитик
Зочин
Танил хоолой
Аналитик
Эрх чөлөө хэтэрлээ
Логик философи
hasar
Зочин
Зочин
reader
Зочин
Зочин