2021 оноос үлдэх номууд: ХҮҮРНЭЛ БОЛОН ЖҮЖГИЙН ЗОХИОЛ
Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруйжилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчиддаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ байв.
Онцгой байдлын үеийн оюуны ертөнц
“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ.
Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.
ХҮҮРНЭЛ БОЛОН ЖҮЖГИЙН ЗОХИОЛ
Хандлага
Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруйжилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчиддаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ байв.
Нацагдоржийн Бадамжав.“Модон сахалт” роман
Хэвлэлийн газар: Анд
Номын тухай:
Их тайгын Цагаан хотод өрнөж буй одоо цагийн үйл явдлыг л дөрвөн улирлаар дэслэн хүүрнэсэн мэт санагдахаар бичлэгтэй юм. Харин зэрэгцээ ертөнцийн хэрэг явдал зэрэглээ мэт нууцлагдмал. Зохиолч түүнээ ихэд далдлаж үе үе чимх чимхээр сэм сэмхэн шидэлж, уншигч таныг өөрөө тэр дундаас Хар хязгаарыг хэрхэн нээн олохыг тохуурхан харах мэт даажигнана. Энэ нь цаг хугацааны аялалд үл мэдэгдэх газар орон тийш тэмүүлэх ад адын хүсэл тийш уншигчийг соронзодно.
Утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар
Гун-Аажавын Аюурзана “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” роман
Хэвлэлийн газар: Гүн
Номын тухай:
Зохиолч өмнөх романуудаа ихэвчлэн дан болон, хосмолжин дүрийн шугамтай бичдэг байсан. Хэдийгээр дүрүүд нь дэвэн дэлхийгээр аялдаг ч, уур амьсгал, хүүрнэл нь тийм ч олон өнгө аясыг илтгэдэггүй байлаа. Өнөөдрийг хүртэлх Г.Аюурзана зохиолчийн хамгийн ул суурьтай бүтээл гэж үзэж болох “Бөөгийн домог” л үүнээс өөр. Дүрийн шугам нь санаанд оромгүй салаалдаг “Бөөгийн домог” романы агуулгын цараа асар өргөн билээ. Г.Аюурзана зохиолчийн шинэ роман “Бөөгийн домог”-ийн босгосон түвшинд хүрч чаджээ.
Пүрэвхүүгийн Батхуяг “Чулуун бөмбөрийн нүргээн” жүжгүүд
Хэвлэлийн газар: Хувь хүн
Номын тухай:
СУИС-ийн тэргүүлэх профессор, жүжгийн зохиолчийн ангийн туурвилзүйн багш, зохиолч П.Батхуягийн сүүлийн жилүүдэд бичсэн 15 жүжгээс эл ном бүрдэнэ. Эдгээр жүжгүүдийн олонх нь сургалт болон уран бүтээлийн чиглэлээр тайзнаа тавигдсан бүтээлүүд юм. Монодрам, хүүхдийн жүжиг, драмын жүжиг зэргээр олон төрлөөр бичигдсэн эдгээр жүжгүүд нь уламжлалт реалист хэв шинжит драмуудаас ангид, сэтгэлгээний өвөрмөц хэлбэрээрээ ялгарч байна.
Цэнд-Аюушийн Буянзаяа “Сэтгэлзүйн тууриуд”туурийн түүвэр
Хэвлэлийн газар: Freemon
Номын тухай:
Ц.Буянзаяа хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн ээдрээтэй байдлыг уран бүтээлээрээ нээн харуулах хүнд хэцүү ачааг өөртөө үүрүүлжээ... Үйл явдлын эздийн дотоод ухамсар дахь сэрэлт тэсрэлт, зохиолын баатруудын сэтгэл зүйн үл давтагдах ертөнцүүд, бодит хийгээд хийсвэр ертөнцийн юмс үзэгдэл, үнэнд хувиран домогжих худал, бусдад итгэх итгэлээ гээсэн нэгний гунигт тавиланг хэрхэн зурагласан зэргээс зохиолчийн сэтгэлгээний цараа тод харагдана..
Сэтгүүлч, орчуулагч Б.Галаарид
Б.Наминчимэд “Цагаан бороо” роман
Хэвлэлийн газар: “Хөх дэвтэр”
Номын тухай:
Нэг роман гэхэд нэлээд хэдэн романыг цуглачихсан мэт тийм арвин их үйл явдалтай юм. Арилжаач хүн бол жаахан ус, тос нэмээд 10 роман ч болгочихмоор. Гэтэл усыг нь тас мушгиад шавхчихсан мэт тийм нягт, өрнөл нь маш хурдтай эд юм гээч. Ойрд ийм роман гараагүй, ёстой нэг ном уншсан мэт боллоо! Шавай ханалаа!
Сэтгүүлч А.Баатархуяг
Дурдууштай бүтээлүүд: Б.Догмид “Бүргэд тэнгэртээ хальдаг”, П.Батхуяг “Нохой далайн зомгол” тууж, өгүүллэгийн түүвэр. О.Цэнд-Аюуш “Тас чамайг тасчих болтугай” өгүүллэгийн түүвэр, Мө.Батбаяр “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” эсээ