НОХОЙ ЦАГ
Гомдоод байна. Сэтгүүлч бид бусдын өмнөөс л гомдож “Тэрийг тэр тэгээд хохироочихлоо” гэж хэл ам таталж явдгаас биш “намайг ингэлээ” гэж хэлж яваагүй юмсан.
Гомдоод байна. Сэтгүүлч бид бусдын өмнөөс л гомдож “Тэрийг тэр тэгээд хохироочихлоо” гэж хэл ам таталж явдгаас биш “намайг ингэлээ” гэж хэлж яваагүй юмсан. Бодоод үз л дээ. “Багш нарын цалинг нэм” гэж бичдэг сэтгүүл ч байхаас “миний цалин бага байна” гэдэг сэтгүүлч харсан хүн байна уу? ...Гомдмоор нь , цаана чинь маныгаа “Нохой” гэж нэрлэдэг болчихож. Англиар watch dog гэдэг юм байна. Эхлээд аятайхан орчуулах гэж зүдсэн юм гэдэг. “Сэрэмжит нохой”, “нийгмийн манаач нохой” гээд олон хувилбар гаргасан боловч нохой л бол нохой шүү дээ. Ямар нохой биш нохой гэж байх биш...
Цаанаа их учиртай гэнэ. Эртний хүмүүс анх нохой тэжээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй болох зорилготой байсан юм байх. Ухаандаа шөнө дөлөөр нохой улина гэдэг бол анхны радио нэвтрүүлэг байж. Анхны радио шууд нэвтрүүлгээ "чоно ирж яваа юм шиг байна" гэсэн мэдээтэйгээр эфирт цацаж байсан нь тэр юм байх. Харин чоно ирээгүй байхад хуцаж эзнээ айлгадаг байсан зарим нохдыг шар мэдээллийг үндэслэгчээр тооцдог байна. Эдний аль алийн үүргийг сэтгүүлчид залгамжлан авч ард олондоо хонины арьс нөмөрсөн чоныг зааж өгөх, эсвэл “ий чоно ирлээ” гэж худлаа айлгах болжээ.
Гэхдээ л гомдмоор. Сайн сэтгүүлчийг уул нь сайн сэтгүүлч л гэдэг байсан. Одоо хэдийчинээн сайн сэтгүүлч байна төдий чинээлэг нохойлог болдог болсон юм гэнэ. Хүүхэд байхдаа Д.Маамын “Газар шороо” романыг уншиж байхад “Нохой Жааяа” гэдэг тааруухан хүн гарч байсан нь санаанд оров. Бодоод байхнаа хүн нь тааруу боловч сайн сэтгүүлч байсан байх нь. “Хоточ нохой” цол тэмдэг хүртэл гараад ирж. Цаашдаа “Зуудаг нохой”, “чимээгүй давхидаг нохой” гэхчлэнгийн номинацитай болох нь. Эс болсныг их бичдэг коллегууд маань энгэрээ “Худлаа хуцдаг нохой” тэмдэгээр цоолох нь гарцаагүй болов. Дарга барааддаг нөхөд минь “Нүүдэл дагадаг нохой” хавьцаа очих юм болов уу? Тодорхой эрхэлсэн ажилгүй агаад хэвлэлд юм бичдэг нөхөд маань хуучиндаа “идэвхтэн бичигч” гэсэн доромждуу нэртэй байв. “Идэвхтэйдээ л бичээд байдгаас биш хэнч бичээд аль гээгүй” гэсэн санаа л даа. Гэтэл тэд маань ардчиллын буянаар “Чөлөөт сэтгүүлч” гэсэн сайхан нэртэй болоод авсан. Гэвч энэ жаргалыг даанч удахгүй хяслангийн хар сүүдэр дайрах юм гэж хэн мэдлээ. Одоо хаана ч ажилладаггүй сэтгүүлчдийг “Золбин нохой” гэх нь байна ш дээ. Гэхдээ “зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог” гэдэг хойно нэгэн цагт ядаж “нүүдэл дагадаг нохой” бололгүй л яав гэж. Эндээс үүдээд цаашаа олон нэр томьёо шинэчлэгдэх болоод байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар нэрийн хуудсан дээрээ “нохойд барьдаг мод” гэж бичих нь гарцаагүй болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүмжлүүлсэн нөхөд болохоор “нохойд уруулсан” этгээд болж таарах нь. Ингээд шүүхээс “буруугүй хүнийг хазсан”, эсвэл “өөрийн буруугаас уруулсан” гэхчлэн заалттай шийдвэрүүд гарч эхэлнэ. Эндээс улбаалаад "хуцах" гэдэг үгэнд бичих, туурвих утга ороод ирвээ. Хөдөөний малчид “Манай нохой шөнөжингөө юм бичээд огт унтуулсангүй”, “Тэдний банхар хотонд чоно ойртох гэхээр чанга чанга сурвалжлага бичээд хөөчихдөг ” гэхчлэн ярих нь дамжиггүй.
Ер нь энийг ярихаа болье. Өөр гоё юм ярья. Сэтгүүлчдийн гомдлыг хэн л сонсдог байлаа.
Өөртөө үйлчилдэг эмийн сан нээгдлээ гэсэн сайхан мэдээ зурагтаар явж байна. Ороод өөрт таалагдсан эмийг сонгоод, хүсвэл тольтой харанхуй өрөөнд орж ууж үзээд, таалагдвал аваад гарах нь л дээ. Тэнд өвөл зуны эмнээс гадна, дөрвөн улирлын турш таарах өнгө үзэмж сайтай эм зөндөө гэнэ. Бас нийллэг банкетийн үед гоёх жирэмснээс сэргийлэх эмнээс эхлээд байхгүй юмгүй юм гэлцэнэ. Манай өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд нэг л юм дутаад байдаг юм. Өөртөө нэгэнт үйлчилсэн юм чинь кассан дээр өөрөө суугаад, өөрөө толооноо бичээд, мөнгөө өөрөө сейфинд нь хийгээд, хариултаа өөрөө тэндээсээ сонгож аваад гарах учиртай санагддаг.
Анагаах ухаан ч явж өгч байгаа юм байх. Удахгүй хотын төвд өөртөө үйлчлэх эмнэлэг нээгдэнэ гэж байна. Үүдэн дээр нь зүс гоо охид мэхэлзэн угтаж “сайхан өвдөж байна уу” хэмээн инээд цалгиулан угтана. Тэгээд дээр нь чагнуур тавьсан том цар өмнө чинь барина. Юуны чинь яах гэж... өөрийгээ чагнахгүй юу. Тэгээд өөрөө өөрийнхээ оношийг найдвартай тогтооно. Мөн та дуртай сандал дээрээ тухлаад, дуртай шүдээ, дуртай бахиараа, дураараа сугалж болно. Хэнч саад хийхгүй. Зөөлөн тавлаг мэс заслын орон дээр тааваараа тухлан хэвтээд мухар олгойгоо хүссэн багажаараа авсан ч болно. “Хэрэглэгч хаан” гэсэн тэнгэрлэг зарчимтай энэ хамт олон үйлчлүүлэгчийнхээ ажилд хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд “Сэхээн амьдруулах тасаг”-аа ч хэрэглэгч өөртөө үйлчлэх зарчмаар зохион байгуулжээ. Энэ юу ч биш гэнэ. Цаана нь нээгдэх өөрөө өөртөө үйлчлэх буяны газарт бүрлээч өөрөө... ээ ингэсгээд болих нь дээр юм шиг байна. Тийм үү?
2007 оны 12 дугаар сар 12
Kind