Онцгой байдлын үеийн оюуны ертөнц

“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ. 

Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ. 


Хандлага

Залуу нас. Цэл залуу нас. 2021 оны монголын яруу найргийн өнгийг ийм л үгээр тодорхойлж болохоор байлаа. Эдүгээ 20 гаруйхан настай залуусын хоёр дахь, эсвэл гурав дахь шүлгийн түүвэр ахмад, тулхтай уран бүтээлчдийн чихэн дээр хонх жингэнүүлж, уншигчиддаа өөрсдийгаа тунхаглаж чадлаа. Яруу найраг залуу насны урлаг гэдэг. Тайзны наадмуудыг дагасан хуурмаг хөөсрөлийг эс тооцвол монголын яруу найраг өнөөдөр залуу байна. 



Цагаанчулуугийн Дэлгэрмаа “Зүрхэнд агч Намур” шүлгийн түүвэр

Хэвлэлийн газар: “Тагтаа” паблишинг

Номын тухай:

Дэндүү хувийн, гагц өөртөө л зориулж бичсэн гэмээр шүлгүүдээ ном болгон хавтаслаад хүнд уншуулна гэдэг жигтэй санагдах нь бий ч угаас шүлэгт хүмүүстэй холбогдох өөрийн гэсэн онцгой "хэл" бий билээ. Тиймээс л тэднийг ийнхүү суллан тавьж буй хэрэг. Навчсаа чөлөөлсөн намар гадаа айлсан буй нь ч ном мэндлэн буй энэхэн цаг мөчид агаар нэгэн зохирч байнам.

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа

Төмөртогоогийн Бямбасүрэн “Өнө удаан” шүлгүүд

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай:

Хугацаа бага үлдсэн хойно, оюун санаа минь идэр залуугийнх шигээ гэрэлтэн тэмүүлэхээ больсон хойно харамсах вий гэсэн айдас минь л намайг энэ хүртэл шүлэг бичүүлж ирлээ. Амьдралынхаа турш хүзүүнээсээ хүнд ачаа зүүж явмааргүй.

Тэрнээс биш өөрийн бүхий л амьдрал, өдөр шөнийн бүхий л цагаа уран зохиолд зориулж яваа эрхэм хүмүүсийн дэргэд би хэн ч билээ.

Яруу найрагч Тө.Бямбасүрэн


Балдоржийн Алтанхуяг “Амь тавих сарууд” шүлгийн түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай:

Цаг хугацаа урсаж, үхэж хоцордог. Бидний яг одоо амьдарч буй цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй. 12 сар жил бүр давтагддаг ч гэлээ хэзээ ч ноднннгийнхтой адил байхгүй, бид энэ үеийг дахин мэдрэхгүй. Тэгээд л “Амь тавих сарууд” гээд нэрлэчихсан. Шүлэг гэдэг өөрийнхөө доторхыг бусдад ний нуугүй нээн харуулж буй хэрэг гэж би боддог. Тэгэхээр байнга тэгж нээх бас утгагүй. Шүлэг “төрөх” цагтаа л “төрдөг”.

Яруу найрагч Б.Алтанхуяг

Ганзоригийн Барсболд ““Өгөөмөр харцанд тань” шүлгүүд

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай:

Яруу найрагч Г.Барсболдын шүлгүүдээс дотоод хүч мэдрэгддэг. Тэр нь тэрслүү биш, хүлцэнгүйн дотуур тамир ч биш, бадрангуй ч биш. Хувь тавилангийн ямарваа цохилт, цаг хугацааны хувирал хөрвөлтөнд өөрийн мөн чанараа алдахгүй, нурахгүй байх сэтгэлийн хүч. Ийм хүч зөвхөн яруу найраг, уран зохиолд ч биш амьдралын бүхий л урсгалд хүмүүнд өөрт нь ч, хүн сүрэгт нь ч хэрэг болдог. Гэхдээ зүрх сэтгэлийн дуудлагаараа амьдарч яваа хүнд энэ хүн ч нь даль жигүүр болдог билээ. Г.Барсболдод тийм жигүүр бий. 


Оюуны Цэнд-Аюуш “Гомдож үзээгүй юм шиг амьдрах...” шүлгүүд

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай:

Алдаа, эндэл, мугуйдлал, бурангуйлал энэ нэгэн зуунд байснаас илүүтэйгээр оноо, ололт, хэлний ба сэтгэлгээний шинэчлэл давамгайлж уламжилсны үр дүнд өдгөө ч өнө эртний түүхт монголын уран зохиолын шинэ үеийн төлөөлөл уран зохиолын бүхий л төрөлд өөрийн өв санг, ирээдүйн уламжлалыг бүтээж буйн нэгэн тод жишээ нь О.Цэнд-Аюуш билээ.

Утга зохиол судлаач Ш.Баттөр


Дурдууштай бүтээлүүд: 

Б.Одгэрэл “Үл таних зочин”,П.Батхуяг "Намар гэрэлтэгч үгс",  Д.Галсансүх “Шинэ шүлгүүд”, Т.Баянсан “Алсыг зүсэгч явдлууд”, Ц.Бавуудорж “Уянгын шүлгүүд”, ”Мөнх-Оргил “Сүүдэр сунгалт”, Т.Амар-Амгалан “Жиннн...”