Шээфийн том охин ирлээ. Туйлдаж, ядарсан юм шиг харагдах нь уйлахдаа бэлдээд нүүрээ будаагүй нь тэр байлаа. Орж ирүүтээ ээжийгээ тэврэн уйлж гарав...


Миний ажилладаг энэ ресторан нэгэн гэр бүлийн эзэмшил бөгөөд гэр бүлд аав, ээж, 2 охин, нэг нохой багтана. Гэр нь 2 давхарт, ресторан нэг давхарт байдаг нэг том байшин.

Аав өөрөө тогооч, 2 метр том эр, энэ жижиг хэрнээ давгүй тохижуулсан гал тогоондоо яг л төрсөн торондоо байгаа шимпанзе шиг л сурамгай хөдөлдөг. Энд тэнд өлгөсөн үй түмэн хутга, сэрээ, хатгуур, хутгуур сэлт хэрэглэлүүдээ хялайж харах төдийд шүүрэх бөгөөд гар нь миллиметрийн зөрүүгүй л харвах нь бахтай. Хөргөгч нь лавтайяа 20 нүдтэй, тэнд нь хоолны баттайяа 100 шахсан нэр төрлийн материалууд байгаа. Харин би энд 3 жил ажиллахдаа шээфийг нэг ч удаа нүд андуурч татахы нь хараагүй билээ.

Түүний эхнэр, сүмийн дуучин, Обеликс шиг том авгай нөхөртөө туслах гэж эсийн юм болж баахан загнуулна. Харин нүдээ ирмэж, хэлээ гаргачаад яваад өгдөг амгалан нэгэн. Хуримтлагдсан хамаг стрессээ сүмдээ орилоод гаргачихдаг байж таарлаа.

Бага охин 25-тай юм шиг овортой, 35-тай юм шиг хэрсүү 15-тай охин. Ахлах сургуулиа муу төгсөх гээд байгаа нь эцэг эхийнх нь одоогийн гол асуудал болчихоод байгаа юм. Одоогоор хүүхэд, бас хамт амьдардаг болохоор эцгийн гал тогоонд орж ирээд юухан хээхэн шүүрэн авч идэхтэйгээ. Эцэг харин гары нь дагуулан хялайсаар тэсэлгүй нэг орилон охиноо хөөж гаргана: "Магда, чи аль хэдийнэ миний 20 еврог идчихлээ!!!"

Том охин найз залуутайгаа тусдаа амьдардаг авч төрсөн гэртээ олонтаа ирнэ. Гэртээ орох зам эцгийн гал тогоогоор заавал дайрна. Тэр орж ирэн маш түргэнээр, маш их юм ярих бөгөөд дандаа л өлсчихсөн явж байдаг нь сонин. Эсвэл өлсөхөөрөө ирдэг байж ч мэдэх. Тэгээд л багын зангаараа жижиг сажиг юм савардан үмхэх гэнэ, харин эцэг нь цааргалан үглэж охин ч шүүрс алдаад гарч оддог: "Штэфи Штэфи... наадхыг чинь би 5 еврогоор зарах гэж байна шүү дээ, чи өөрөө орлоготой биз дээ..."

Германы ертөнцийн загвар, ийм л нэгэн гэр бүлд ажиллаад нэлээдгүй удсан байх юм даа би.


Гэтэл урд шөнө нохой нь үхчихжээ. Өглөө ирүүтээ би нохойнд өгөх хаягдал хоол хийдэг түмпэн байхгүй байхыг анзаарав. "Үхчихэж" гэсэн бодол шууд орж ирлээ. Учир нь үргэлж залхууран хэвтэж байдаг ангийн үүлдэрийн биерхүү тэр нохой өчигдөр орой намайг явах үед хаа нэгтээ орчихоор газар хайж гаслан хашаан дотроо пээцэгнэж байсан юм. "Үхэх гэж байгаа нохой гэрээсээ явахыг хүсдэг... гэлүү" гэсэн шүү юм бодоод явж байтал шээф харагдахаар нь "нохой чинь нэг л сонин байна даа, өтгөн нь хатчихсан юм болуу?" гэж асуухад тэр "аа би өчигдөр 60 км газар дугуйтай дагуулаад явчихсан юм, одоо буларчихсан байгаа нь тэр, хөгшин эмгэн, хахаха" хэмээн аянгын дуугаар инээд алдсан сан. Өвөл тэр нохойгоо, "удахгүй үхэж магадгүй, тэр одоо хүнээр бол бараг 200 хүрлээ" гэж ярьж байсан нь ч санаанд шурдхийлээ.

За тэгээд үнэхээр үхчихэж. Шөнө эмнэлэг дуудаж, хөргөгчинд хийлгэсэн гэнэ. Нөгөөдөр бусад үхсэн нохдын хамтаар нэг газар булагдах юм уу шатаагдах юм байх.


Том охин ээжийгээ тэврэн уйлсаар, ээжийнх нь нүд нулимсаар дүүрэн охиноо аргадан зогсоно. Би ч эвгүйцэн, энэ тэрхэн хийчих юм хайн нүдээ эргэлдүүлж зогстол харин манай Хэркөлес шиг аварга шээф гэнэт эхэр татан уйлж эхэлдэг байгаа. "Би өнөө өглөө ганцаараа л зугаалсан, маргааш ч бас тэгнэ, нөгөөдөр ч бас...ий ий".

Аав охин хоёр, Шуга ямар сайн нохой байсан тухай, Линз хотоос яаж авчирч байсан тухай хэдийгээр нутгийн хэцүү аялга ч гэсэн ойлгогдохоор л бувтнан уйлцгааж байна. Охин тэр гэхийн тэмдэггүй юм бувтнах үед аав "айн?" хэмээн тонгойж лавласнаа гэнэт "харин тиймээ ээ тийм" гэж цөхрөнгөө барсан хүний дүрд орон уйлах нь нэг л хөгжилтэй санагдаад болдоггүй.

Охин нурмайн уйлж суугаа бол аавын гар сап сап хөдөлсөн хэвээрээ байлаа. Сав руу нэг атга давс цацаад л ий ий, 4 хэрчим лууван жижиг шанага руу шидэнгүүтээ хажууудах хайруулын тавагтайгаа сэгсрээ л ий ий. Тэгснээ огцом эргэн тонгойж нэг шургуулганаас том мах гаргаж ирж шидүүтээ хутгаа шүүрч хурцлана. Хурцлангаа бас л ий ий...

2 салбарт зэрэг ажиллаж байгаа шээфээ хараад эрхгүй инээд хүрэн буруу харж зогсоход хүрсэн юм. Тэг тэгсээр уйлалт нь намдав. Ашгүй дээ гэж бодож ч амжаагүй байтал шээф эхэр татсан хоолойгоор, "Шуга хэзээ ч хүүхэд хазаж байгаагүй" гэхтэй нь зэрэг л охин хяхтнаад явчихлаа. Араас нь "томчуудыг ч гэсэн" гэж залгуулан хэлэхэд охин бүр енгэнүүлэв. Ахиад л намдах гэхэд нь шээф "ээх миний нохой, миний нохой" гэнгүүт л ахиад л уйлалдаж эхэлнэ. Уржигдар дагуулж яваад үхтэл нь гүрийлгэсэн нь нохойны үхлийг хэд дахин түргэсгэсэн нь ойлгомжтой байлаа. Харин шээф маань яг л нэг панаалтай татварын хууль санаачлан хэрэгжүүлж бүхнийг баллачихаад ерөөсөө тэгээгүй юм шиг байж байдаг манай нэг гишүүн шиг л гудиггүй уйлж зогсоно.

Энэ хооронд охин аавынхаа хажууд ойртон зогсож эхэр татангаа нэгээхэн юм аван үмхэх гэтэл аав нь "Штэфи" гэж цөхрөнгөө барсан зовлонт хоолойгоор хэлэн болиулаад "Шуга хамгийн ухаантай нохой байсан юм шүү" гэж хоолойгоо зангируулав. Тэд ахиад л уйлалдна. Би ч тэсэлгүй бушуухан гарлаа. Инээдээ дараад орж ирэхэд аанай л "би одоо ганцаараа зугаална ий ий" гэнгээ яралзтал төмс хэрчиж байв.

Харин бухимдсан үедээ бөгс рүү нь хийстэл өшиглөдөг байснаа хэлэхгүй юм. Уг нь "уур хүрэнгүүт муу Шугагаа нэг сайхан өшиглөчxөөр л тайвширдаг байж билээ" гэвэл их шударга явдал болох сон. Тэр өшиглөдөг байсан юм. Өшиглөхдөө зальдана. Эхлээд нохойгоо дуудаад иддэггүй юмыг нь өгөх гэнэ, нөгөөх нь үнэрлэчээд явах гэнгүүт "өө муу тэнэг нохой" гээ л 50 размерийн том хар гутлаар падхийтэл авна. Нохойных нь хойд 2 хөл агаарт өргөгдөж ирснээ л чавхдаад алга болдог сон.

Тэр муу нохой амьддаа ч, дараа нь ч эзнийхээ стрээсийг тайлах учиртай буянтай амьтан байжээ. Ингэж сайхан уйлах боломж тэр бүр олдох ч биш дээ. Тэр охин нь ч бас бардам дүр эсгэх, байнга aз жаргалтай харагдах гэхдээ чамгүй л стрээсэнд ордог болсон байх. Амьдралд гараад нэг ч их удаагүй байгаа юм.

Охин цаг орчим уйлаад явлаа. Шээфтэй хоюулаа үлдээд би дугай зогсоод байлтай биш хэллээ дээ: "10 жилийн өмнө надад бас ийм явдал тохиолдоод, нэг хавны гөлөг... " гэтэл шээф үг таслан, "аан Монголд уу, тиймүү? Гэхдээ Шуга бид 2 бол хамт хооллож, хамт байж, хамт унтдаг, хамт зугаалдаг байсан юм" гэв. (Шээф байтугай миний нүдэнд хотны захад хажуудаа нэг банхар суулгачиxсан зогсож байгаа би харагдаж билээ. Монголд хоторхуу юм байдаг, машинархуу ч юм байдаг, гар утасархуу, ipadархуу, дискорхуу ч байгаа гэдгийг яаж хэлүүлвэл ойлгох хүмүүс юм бол доо. МОНГОЛОО ДЭЛХИЙГЭЭР НЭГ СУРТАЛЧЛААД ИРДЭГ манайхаан, та нар юу сурталчлаад байна даа? )

Орой намайг явахад шээф "одоо бид ахиж 2 долоо хоног хүнд байдалд байгаад гайгүй болох байх даа" гэж их л шимширсэн хоолойгоор хэлж билээ.

Харин бага охин, ээж 2 юу ч болоогүй юм шиг харагдаж байдаг шүү