-Үйлдвэрчний эвлэл, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн хоёрын тэмцлийн ялгаа үр дүн-

Доор  өгүүлэх сэдэвт дээрх хоёр гарчигын аль нь ч тохирох юм. Улс орны хэмжээгээр зохион байгуулалттай сөрөг хүчин байхгүй болохоор иргэдийн хувьд Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, Үйлдвэрчний эвлэлийг харж горьдож байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ хоёр иргэний ч юм шиг улс төрийн ч юм шиг байгууллагууд  томоохон тэмцэл шуугиан тариад тус бүрдээ намжив. Гэвч иргэдэд эргэлзээ байлаа.

Дээрх хоёр байгууллагын ард М.Энхсайхан, Н.Энхбаяр болон ирэх сонгуульд өрсөлдөх улс төрчид байна гэж  болгоомжилж байв. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний хувьд ялангуяа Улаанбаатарчуудын дэмжлэгийг авч чадаагүй дэмжих гэж байсан массыг тооромслуулсан нь “цаана чинь Мангаа байна” гэгчийн үлгэрээр айлгав. Ард нь Н.Энхбаяр байна. Н.Энхбаярын мэдээллийн хэрэгслүүд болох “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонинг хар л даа гэхэд хэн ч үнэмшин ухарч байлаа. Харин Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний тэмцэл үр дүнд гэхдээ зөв үр дүнд хүрсэн. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр сонгуулын хугацаанд 2,5 сая төгрөг өгнө гэсэн хоёр намын дарга зэрэгцэж суугаад 1,5 сая төгрөг өгөхөөр боллоо. Үнэндээ 1,5 сая төгрөгөө өгч амлалтаа биелүүлнэ гэдгийг МАХН-ын дарга Сү.Батболд телевизээр хэлсэн. Харин энэ үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хуруугаараа оролдоод сууж байсан нь одоо МАХН амласнаа өгч эхэллээ. Ардчилсан нам өгөх нь үлдлээ гэж  иргэдэд ойлгогдсон. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн хөдөөгийхнийг хамарсан жагсаалаас авахуулаад өлсгөлөнд хүрсэн тэмцлийн үр дүнд Засгийн газар цочихдоо 1,5 саяыг зайлшгүй өгч салахаас аргагүй байдалд хүрсэн хамгийн чухал хэсэг байв. Иргэний хөдөлгөөнүүдтэй тухайлбал амлалт нэхэх ард түмний холбоотой цуг явахаа илэрхийлж байсан Үйлдвэрчний эвлэлийн удирдагч С.Ганбаатар хөдөлгөөнүүдээс салаад төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалин нэмүүлнэ гэж  турхираад ирсэн. Энэ бол түүхэнд байгаагүй сонин шаардлага байв. Зөвхөн төрийн албаны эмч, багш нарын цалин нэмнэ гэсний утга нь одоо тайлагдаж байна. Төрийн албаныхны цалинг нэмж болохгүй. “Үйлдвэрчний эвлэл коммунизмын сургууль” хийж байна гэж намайг бичихэд баахан хүн харааж зүхэж байв. Төрийн албаны томчуул, дарга захирал, эмч, багш нартаа хайртай хүмүүсийн амыг асууж төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар төсвийн тодотгол сангийн яамнаас хийсэн тооцооноос танилцуулъя. Уг нь эрх баригчид амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний шаардлагаар сонгуулын хугацаандаа иргэн бүрт 2,5 сая төгрөгийг янз бүрийн аргаар өгч, ял салах тооцоо хийж байсан юм байна. 350 тэрбум төгрөг төлөвлөчихсөн жил сараар нь график хийж хуваагаад  байв. Гэтэл үйлдвэрчний эвлэл төрийн албаныхан, эмч, багш нарын цалинг нэмнэ гэснээр Засгийн газар хэлэлцээрт суусан болж тохиролцоонд хүрсэн дүр үзүүлэв. Уг нь жинхэнэ үйлдвэрчний эвлэл бол төрийн албыг цомхон, чадварлаг болго. Юун цалин нэмэх удирдлагын зардлыг хас, хувийн хэвшлийн ажилчдын цалинг адил нэм гэж тэмцэх ёстой.  Зөвхөн төрд ажиллагсад гэж явцууралгүй, хувийн хэвшлийн ч бай ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж цалингийн харьцааг эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэх байлаа. С.Ганбаатар эдийн засагч хүн учраас үүнийг сайн мэдэж байгаа. Гэтэл эмч багш нарыг урдаа барин төрийн албаныхныг харж үзнэ  гээд улайрав. Төрийн албаны цалинг нэмнэ гэхээр Засгийн газар нааш харж уйлж, цааш харж инээж байгаад хүлээж авалгүй яах вэ. Төрийн албаныхны цалин нэмэх төсвийн тодотголыг авч үзье. Цалингийн нэмэгдэлд Засгийн газар бидний татварын мөнгөнөөс бүгд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна. Төрийн алба хашигчдын цалин С.Ганбаатарын буянаар аравдугаар сарын 1-ээс 30 хувиар нэмэгдэнэ. Төрийн алба хашигчид гэдэгт УИХ-ын гишүүдээс эхлээд хэт нүсэр Яам тамгын газар төрийн том том агентлагууд, нийслэл, аймаг, сум дүүргийн Засаг даргын тамгын газрууд бүгд хамрагддаг. Эмч, багш, ажилчид жүжигчид цалингаа нэмүүлнэ гэж бамбай болон жагссан болохоос цаана нь өнөө төрийн хөрөнгө захиран зарцуулдаг том гаруудын ажил болж таарч байна. Нэг саяас дээш төгрөгийн сарын цалинтай 18 мянган хүн. Төсөв захиран зарцуулах эрхтэй машин унадаг 5435 дарга байна. Удаан ажиллагсдын нэмэгдэлтэй 500 мянган төгрөг авдаг 26 мянган хүнд сурталтан зүгээр суугч түшмэдүүд байх. Баахан дээд тушаалын офицер, цагдаа, тамирчин, урлагийн дарга нар төр бордож байдаг.  Эдгээр хүмүүсийн цалинг 30 хувиар нэмэх юм байна. Цалин нэмэгдсэний хэмжээг товчхон тодруулахад сая төгрөгийн цалинтай, унаатай авлигачдын цалин 30 хувь буюу 300 мянган төгрөгөөр нэмэгдэхэд 150 мянган төгрөгийн цалинтай асрагч, сувилагч, сургуулийн туслах ажилчдын цалингийн нэмэгдэл 50 мянган төгрөг болж байна шүү. Төрийн албан хаагчид эмч, багш нарын нэрийн өмнөөс жагсаж цалинг нэмүүлж үр дүнд хүрсэн. Үйлдвэрчний удирдагч маань саяхан 500 айлын орон сууц авна. Үйлдвэрчний гишүүддээ авч өгнө гэсэн гэрээнд гарын үсэг зурж байгаа харагдсан. Төрийн албан хаагчдын цалинг нэмүүлж чадсаны шагнал байх гэж бодогдсон шүү. Иргэний хөдөлгөөнөөр эхэлсэн үйлдвэрчний эвлэлийн залуу удирдагч С.Ганбаатар овсгоо, самбаатай, бас тэмцэх чадвартай, зоригтой, сайн ярьдаг төдийгүй бичихдээ ч гайгүй нэгэн. Хэнд хэдийд туслахаа яаж УИХ-д гарахаа сайн мэднэ. Төрийн албаны цалинг дээр дооргүй нэмчихсэн болхоор 165 мянган хүн тэдний гэр бүл ирэх сонгуульд түүний төлөө гар өргөж  л таараа. Дээр нь орон сууц хувиарлах болж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш эрх баригчид руу хандсан жагсаал цуглаан болоогүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын улс төрийн шуурга ямар үр дүнд хүрэв. Амлалт нэхэх ард түмний холбоо парламентийг тараах үл биелэгдэх шаардлагадаа сатааралгүй  2,5 сая дээрээ хатуу зогссон бол ард түмэн хожих байсан юм.  Харин Үйлдвэрчний эвлэл  эмч, багш, жүжигчид нараар бамбай болгож төрийн албаны цалинг нэмүүлснээр эрх баригчид их хожив, Тэмцэгч багш эмч нар бага хожив. Тэмцлийг манлайлсан үйлдвэрчний эвлэл өөрсдийгөө ч тэтгээд авав. Хамгийн хорлонтой нь улс төр зохион байгуулалттай ямар ч сөрөг хүчингүй дээрээ тэмцэгчдийг дэмжих иргэдийн итгэл унтарч учираа олохоо болилоо. Одоо Монголын нийгэмд үзэл бодол улс төрийн намуудаар биш. Төрийн алба хаагч ба төрөөс мөнгө авч амьдрагсад, ямар ч орлогогүй ядуус гэдэг бүлэглэлд хуваагдаад байна. Харин төрийн албаны цалин тэтгэврийн нэмэгдэл, хувийн хэвшлийг дэгээдээд унагачихсан гэдгийг сануулах хэрэгтэй байх аа. Жагсаал тэмцлийн дөрөвдүгээр сарын шуургыг дүгнэхэд Г.Уянгын талыг иргэд дэмжсэн бол иргэд 2,5 саяыгаа авч салах байсан. Харин С.Ганбаатарын талыг илт олонхи дэмжсэнээр төрийн албанд ажилагсад дээр дооргүй цалингаа нэмүүлж төгсөх шив.