Зөвхөн жимс улбар шар өнгөтэй биш
улбар шар өнгө хөлбөмбөгийн сүүлийн 30 жилийн түүхийг чимжээ. Нидерландын шигшээг дэмждэггүй ч тэдний тоглолтыг үзэх үнэхээр сонирхолтой байдаг нь хөлбөмбөгийн түүхээс харагддаг.
Энэ үг 1974 оны Дэлхийн аваргад шуугиан тарьсан Ринүс Михэлсийн дасгалжуулсан Нидерландын шигшээ багаас гарсан юм. Үүнээс хойш улбар шар өнгө хөлбөмбөгийн сүүлийн 30 жилийн түүхийг чимжээ. Нидерландын шигшээг дэмждэггүй ч тэдний тоглолтыг үзэх үнэхээр сонирхолтой байдаг нь хөлбөмбөгийн түүхээс харагддаг. 1998 оны Дэлхийн аваргад Нидерланд – Аргентин тоглох гэж байхад бүгд л шүүрс алдаж байсан бол Франц – Итали гээд харьцангуй томчууд тоглох гэж байхад нөгөө тоглолт нь бүхний анхаарлыг татаж байлаа.... Өөр олон ч жишээ дурдаж болно. Тэдний тоглолтын арга барилаас хамаарч нэгэн хэвийн уйтгартай тоглолт гардаггүй бөгөөд “Голланд” л тоглоно гэвэл хүмүүс үзэхийн хүслэн болдог.
Skytel компанийн 2010 оны Дэлхийн аваргад зориулан гаргаж буй картан дээр тавигдсан, Нидерландын шигшээ багийн зураг.
Бидний хэлж заншиснаар Голланд буюу Холланд нь, Нидерландын 12 мужийн хоёр нь болох Өмнөд, Хойд Холланд муж болохоос ийм нэртэй улс байхгүй. Манайд Оросуудаа дагаад маш их түгээмэл болж бид Холландыг Оросуудаас орж ирсэн нэрээр нь Голланд гэж дуудаад сурчихаж. Израилын нийслэл Иерусалэм байтал Оросуудаас Тель Авив гэж орж ирсэнтэй ойролцоо юм. Дээр нь Холланд их “амбиц”-тай муж. Улсынхан хамгийн гол гол объектууд нь байдаг болохоор аргачгүй биз. Мөн үүн дээр албан ёсны бус сайтууд дээр байрласан Holland гэж нэрийг манайхан харсаар байгаад итгэчихсэн ч байж болох юм. Албан ёсны сайтууд дээр Netherlands гэж л байдаг. Нэрний асуудал дээр иймэрхүү үл ойлголцол байдаг ч одоо гол асуудалдаа орьё.
Нэхэлтийг (прэссинг) илт урагшилуулж, гүйцэтгэлээ ч сайн хийдэг баг бол Нидерланд. Ялангуяа 2008 оны Европыг аваргаар тодорхой харагдаж Франц, Итали гэсэн томчуудад өөрийн 16-д оруулах зай завсар тун ч хомс өгсөн. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд, нөхөрсөг тоглолтон дээр мөн л харагдсан. Эсрэг багийн хамгаалагчид нь давхар прэссингэд орсон учир урагш замбараагүй цөлж тоглолтоо алдаж, улбар шаруудын тэмпэнд өөрийн эрхгүй ордог. Тэдний тактик тодорхой боловч ур чадвар дээр дэндүү сурилсан учир зогсооход бэрх. Тактикийн төгс байдалд тулгуурлан, байрласан тоглолт голлон тоглодог багуудад хамгийн халгаатай. Зарим томоохон багууд шиг жижгүүдэд бүдэрнэ гэсэн ойлголт бараг байхгүй, хүйс тэмтэрээд л гарна. Гэхдээ хамгийн логикгүй юу ч тохиолдож болох хөлбөмбөгт үргэлж ялна гэж байхгүй. Испани, Нидерланд мэтийн багуудыг адилхан ур чадвар юм уу эсвэл арын байрласан, бөмбөггүй тоглогчдыг нэгийн эсрэг нэг хамгаалдаг багууд буулгаж авах тохиолдол бий. Мэдээж маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой бөгөөд ойрын жишээ гэвэл Аваргуудын лигийн хагас шигшээд Интэр, Барсэлонаг буулгаж авсанаас харж болно.
Дэлхийн аваргын өмнө Нидерландын бүрэлдэхүүн хүчирхэг байгаа ч шилдэг тоглогчид нь ихэнхдээ байрлал нь давхцаж өнгөн талдаа хүчирхэг байдалтай харагдаж байна. Хөлбөмбөгт олон сайн тоглогч гэхээсээ илүү, байрлал бүрт жигд сайн тоглогчид байсанаар л дүгнэдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд жигүүрийн довтлогчдыг тун сайн бэлтгэн гаргаж байгаа нь сайн ч, яг цэвэр төвийн довтлогчоор тоглох тамирчин Рүүд ван Нистэлроойгоос хойш гарч ирэхгүй байгаа нь яг л Португал шиг. Мөн төвийн хамгаалагч, хаалгачын байрлал дээр сулхан харагдаж байна. Ахмад туршлагатай хаалгач Эдвин ван дэр Сар (39 настай) шигшээ багаасаа зодог тайлсан ч Маартэн Стэкэлэнбург, Хэнк Тиммэр нараас одоо ч гэсэн илүү хэвээрээ л байна. Манчэстэр Юнайтэдад ямар “хөнгөн шингэн” найдвартай тоглолт үзүүлж байгаагаар харж болно. Төвийн хамгаалалтан дээр Дэлхийн хэмжээний байтугай томоохон багуудад тоглодог ур чадвар өндөртэй тоглогч алга. Үүнийхээ улмаас л 2008 онд Оросуудад хожигдсон. Арын хамгаалалтаас тоглолт унших, байрлал нөхөлтийн ур чадвар дээр алдаа гарсан нь тодорхой харагдаж Аршавины Оойер дээр удаа дарааллан хийсэн тоглолтыг Хиддинк урьдчилсан бэлтгэсэн байлаа. Түүнчлэн төвийн хамгаалагчдын ур чадвараас хамаарч алсын дамжуулалт хийх хувилбаргүй, хагас хамгаалалтын бүсээр заавал дамждаг нь жижиг ч гэсэн сул тал. Дээр нь нэмээд булан, чөлөөт цохилтыг мөргөх тал дээр дутагдал байдаг нь Нидерландын төвийн хамгаалагчид довтолгоонд үр бүтээл тун муутай гэдгийг харж болно. Одоо бүгдээрээ Дэлхийн аваргад оролцох тамирчдыг байрлал бүрт зоогоод үзий.
“Нисдэг Голланд”-уудын хаалгачаар Аяксын Стэкэлэнбург сонгогдох магадлал хамгийн өндөр. Баруун хамгаалагчаар Жонни Хэйтинга, Халид Булахруз, “нялх” Грэгори ван дэр Виел гээд нэр дэвшигчид олон байгаа бол төвд Андрэ Оойер, Иорис Матийсэн, зүүнд ахлагч ван Бронксхорст тоглох болов уу. Мөн Хэйтинга, Булахрузын нэг нь төвд тоглож болох юм. 4-5-1 гэсэн хувилбар сонгогдох магадлал өндөртэй бөгөөд ван Боммэл, дэ Ионг нар цэвэрлэгчээр Роббэн баруунд, ван дэр Ваарт плэймэйкэрээр, Шнайдэр зүүнд, төвийн ганц довтлогчоор Кюйт тоглож болох юм. Роббэн, ван Пэрси хоёр хамт гарахаар прэссинг илт сулардаг учир Евро 2008 дээр 2-ууланг нь сэлгээнд суулгаж байсан. (бага зэргийн гэмтэл нөлөөлсөн) Хунтэлаар ганц довтлогчоор тоглоод ван дэр Ваарт, Шнайдэр нарын нэг нь сэлгээнд байж ч болох юм. Гэхдээ хамт тоглохоороо илүү бүтээлч, прэссингэд давуу талыг нэмдэг. Шнайдэр зүүнд тоглоод төв рүү орохоор араар нь нүүрний шугамыг дуустал багийн ахлагч гүйдэг нь одооны Английн шигшээтэй төстэй. Түүнчлэн Нидерландын залуухан шигшээд хүч нэмсэн хүн бол яах аргагүй ван Боммэл. Түүний төвийн шугамын ур чадвартай, туршлагатай тоглолт багийн тоглолтыг улам чанаржуулж байна. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд Бэрт ван Марвийкийн шавь нар зуун хувийн амжилт үзүүлсэн нь Байерн Мюнхэний (Марк ван Боммэл) тоглогчтой салшгүй холбоотой.
...Далайчдын дунд “Нисдэг Голланд” гэж сүнстэй хөлөг онгоцны домог дундад зууны үеэс тархаж, “Нисдэг Голланд”-тай таарсан хөлөг онгоц ямар нэг аюулд өртдөг байсан учир далайчид таарахаас эмээдэг байжээ...
Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “ Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.