Манайхан гэж юм юм руу үсчээд, алаагүй баавгайн арьс хуваах гээд, яг нарийндаа гарт баригдаад хийгээд байгаа үйлдвэрлэл бизнес гэж байхгүй, экспорт, валют болж үрждэг ажил үйлчилгээ байхгүй явсаар, тамын тогооны үлгэр хөвөрсөөр л.   Орос-Хятадын завсарт, бүр тодорхой ярьвал Дорнод Сибирь-Умард Хятадын хооронд манай банкууд “Оffshore bank”, эсвэл манай хилийн бүс нь “Тax heaven” болж болохгүй гэж үү?

 

Манайхан “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” гэдгийг уран сайхны мөрөөдөл талаас нь хий юм (бөөн мөнгө) нүдэндээ хараад хөөрцөглөөд байх юм. Гэтэл чухам тийм хишгийг олон арван жил хүртэж суугаа, дэлхийн хамгийн баян улс гэж байх юмаа. Лихтенштейн хэмээх тэр улсыг монголчууд төдийлөн мэдэхгүй, газрын зургаас ч олж зааж чадахгүй. Боловсролтой, дэндүү хэрсүү, цэгцтэй, чанга  35 мянганхан хүн  Төв Европын зүрхэнд Австри, Швейцарь гэх хоёрхон хөршийн завсарт байна.


Эд яаж баяжив гэхлээр  хамгийн бага татвараараа гадаадын компаниудыг даллан дуудаж чадсан, тиймдээ  ч офшорын бүс (зон) гэж алдаршсан, дэлхийд офшороор бизнес хийдэг нь Сан-Марино, Эмират, Монако, Мальта,  Андорра гээд дандаа жижиг улсууд, цаашаа нэг их олонгүй. Лихтенштейнд нэг хүн жилдээ хичнээн ам.долларын орлого олдог вэ гэдгийг тодруулах гээд би ертөнцийн олон сайтыг ухлаа, байдаггүй, тас нуучихаж. Ингэж нууцлагдмал баян амьдрах нь ямар ч утгатай юм, гэтэл манайхны “Эрдэнийн хувь”-ийн 50 мянган төгрөг нь монголчуудад 50 сая болж харагдаад л. Авахаасаа өмнө амаа цангатал ярьж сурталчлах нээ. Ингэж хий хөөрцөглөхийн өмнө Лихтенштейний хүн ард хэрхэн баяжих овсгоо гаргаж, ухаан сийлснээс нь суралцмаар.


Хэрэв манай улс 160 кв.км. нутагтай,  35 мянганхан хүн амтай, Улаанбаатар нийслэл нь 5 000 хүн амтай байсансан бол яах бол гээд Та төсөөлөөд үз дээ. Юун дэлхийн эдийн засагт байраа эзлэх, хөгжил дэвшил манатай, шууд сэтгэлээр унаад үхчихмээр. Үнэхээр жижгийн жижиг улс гэвэл ийм л улсыг нэрлэх байх. Эдний дэргэд бид чинь ёстой их гүрэн байхгүй юу, хэрэв хийж бүтээж чаддагсан бол!  


Монгол, Лихтенштейний хооронд  1998 онд дипломат харилцаа тогтоосон, 2002 онд Н.Багабанди айлчилсан гэснээс цааш  энэ улсыг судалсан мэдсэн, эдийн засгийн хөгжлийн нууцыг нь тайлбарлах хүн үгүй тул би зориглон бичлээ.    


Энэ бяцхан улс банкны элдэв махинацаар их алдартай. Бүр  дэлхийн II дайны үед төвийг сахинаараа нацистуудын дээрэмдэж олсон алт эрдэнэс, мөнгийг банкиндаа хадгалж үлдсэн ба нацистын бөөнөөр хорих газраас ажиллах хүчнийг үнэгүй авч хамаг ажлаа хийлгэсэн, нэгэнтээ банкиндаа байршсан бэлэн мөнгөтэй (улсын орлогын гуравны нэг банкны үйлчилгээнээс) тул түүнээ “чулуу болгох” талаар ард иргэд нь язганаталаа хөдөлмөрлөж, баялаг хангалуун амьдралын үзүүлэлтээр дэлхийд хушуучлах хэмжээнд яваа. Мөн Офшор улс болж дэлхийд жүжиглээд айхтар хөлжсөн юм байна.


Офшор гэснээс  манайханд төдийлөн танил биш. Бараг би анх хэвлэлд бичиж байж магад. “Offshore company”, “Оffshore investment”, “Оffshore fund”, “Оffshore bank”, “Оffshore construction” гэх мэтээр олон улсын эдийн засгийн ухаанд олон ойлголт бий бөгөөд эдийн засгийн илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах, хэмнэлт хийх, мөн татвараас зайлсхийх (“Тax heaven” буюу “Татварын диваажин” гэх хоч нэр ч бий) зорилгоор offshore-ын үйл ажиллагааг жишээ нь дээрхи нэр бүхий хэсэг улс явуулдаг. “Татварын диваажин” гэхлээр маш бага татвар хураадаг, эсвэл огт татвар төлдөггүй хууль зүйн зохицуулалт үйлчилдэг. Гаднын өөр улсын иргэн тэрхүү “Татварын диваажин” буюу офшорт компаниа бүртгүүлж, өөр газар олсон орлогоо офшорт шилжүүлж татвараас зайлсхийх арга түгээмэл. Жишээ нь Нидерландын “PHILIPS”-ын төв компани Карибийн тэнгисийн нэгэн офшор арал дээр бүртгэлтэй байсан ба ингэснээр тус корпораци ихээхэн хэмжээний татвар төлдөггүй байсан түүх саяхных юм.


Ийм жижигхэн хэрнээ (35 мянга нэг зуун хүн) дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэнтэй ана мана үзэлцээд, хамаг мөнгийг нь ховх сорчих шахаад буй шинэхэн баримтыг  энд би ихэд олзуурхав. Герман ба Лихтенштейний хооронд заяатай л дайн дэгдвэл  заан, шоргоолжны үлгэр болох нь гарцаагүй, гэвч цаадуул нь жижгээ үл голон германчуудын амин чухал судсыг атгажээ. Германдаа татвараас зугтаасаан бизнесчид (1000 гаруй хүн) орлогоо нуун Лихтенштейний банкинд аваачиж хадгалуулаад байх нь Германы санхүүд гэнэтийн цохилт болжээ. Герман нь татвараас жилдээ 30 тэрбум  орчим евро олдог байтал нэг мэдэхнээ 8 тэрбум еврог татвараас зайлсхийгчид нь энэ бяцхан улсын банкны бүтцэд аваачаад байршуулчихаж. Ингээд маргаан дэгдэх нь тэр.  Deutsche Post хэмээх шуудангийн захирал нэг сая еврог Лихтенштейний нэг банкинд сэмхэн хадгалуулсан хэргээр эрүү үүсгүүлээд байна.  Яг одоо Германы прокурорын газар, Холбооны тагнуулын алба нь Лихтенштейний санхүүгийн нууцыг тайлах гэж махаа идэж байна.  Лихтенштейнийн банкны тогтолцоо маш нууцлаг байгааг ил болгохыг Ерөнхий сайд А.Меркель өөрөө шаарджээ. Хэрэв банкныхаа нууцыг үл дэлгэж гэмээж нь Лихтенштейнийг Европоос шахаж, ганцаардуулна (евроизоляц) гэх хүртлээ заналхийлэв.

Лихтенштейний LGT хэмээх банкны хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Германы тагнуулынхан олж авснаар, эндхийн офшорын бүсээр дамжин татвараас зайлсхийсэн гадаадын иргэд дэлхийд ил болжээ. Лихтенштейний  дансанд ганц Герман бус Швед, АНУ, Британи, Франц, Итали, Испани,  Норвег, Финланд, Дани, Канад, Австрали, Шинэ Зеландын баячууд мөнгөө  байршуулсан байж. Нэрсийн жагсаалтыг зарим орны татварын албад худалдан авч байгаа бололтой. Энэ нь ч бас нэг төрлийн бизнес юм байна. Жишээ нь лихтенштейний LGT банкнаас иргэдийнхээ нуун дарагдуулсан мөнгөний дүнг олж авахын тулд Их Британи улс 100 мянган фунт стерлинг төлсөн мэдээ байна. Татвараас зайлсхийгчдэд том боломж олгодог Лихтенштейний банкны тогтолцоо нь Альпийн уулсын буйд оршин буй 35 мянгахан хүн ардыг хэдийнэ алдаршуулан дэлхий дахинаараа тийшээ анхаарал хандуулаад байна.  Лихтенштейний араас Монако, Андорра гэхчлэн офшорын улсууд мөн ад үзэгдэх төлөвтэй.  

Лихтенштейний банкны энэ үйл ажиллагаа бүр 1926 оны хууль тогтоомжоор явсаар өнөө хүрсэн ба дэлхийн II дайн тэдэнд томхон боломж олгож, нацистуудаас нэг нь ч хадгалуулсан мөнгөө авч чадалгүй хоцорсон аж. Харин одоо Европын нэг гэр бүлийн гишүүний хувьд хэдий жижиг улс боловч цааш ингээд хожоод байх нь халгаатай тул удахгүй, энэ 3 дугаар сард 1926 оны тэр хуулиа өөрчлөхөөр зэхэж байна. Өөрөөр хэлбэл 1926-2008 онд 82 жилийн турш европчуудын мөнгийг эргүүлж эргүүлчихээд, одоо Европын Холбооны банкны тогтолцооноос суралцъя, Шенгений бүсэд оръё гэж заль гаргаж байна.   

Лихтенштейний банкны тогтолцоог энд нуршаад байх нь чухал бус, эндээс нэгэн дүгнэлт хийе. Хүн ам нь 35-хан мянга, ийм цөөхүүлээ байж 82 сая хүн ардын (ХБНГУ) мөнгө санхүүг бужигнуулж, 8 тэрбум еврог нь эргэлдүүлж яаж чадаж байна вэ? Ямар гээч увидас, овсгоо, мэргэжил вэ? Үүнийг монголчууд судалж үзэж болохгүй гэж үү? Үндэсний мөнгөн тэмдэгт байхгүй, монгол хүнийхээр бол гарын салаанд багтаад ирэх хэмжээний дэндүү цөөхүүлээ, манай нийслэлд бол нэг хороо хорины хүн ам шахуу  байж яаж ингэж чадав аа?   Бид тэдэн шиг ажиллаж хөдөлмөрлөж болохгүй гэж үү?

Зөвхөн банкны хүүн дээр л тоглоод ингээд баяжчив уу гэтэл үгүй юмаа, нөгөө 35 мянга чинь. Тоног төхөөрөмж, хиймэл шүд, хиймэл шүдний эд анги, хүнс, шуудангийн марк үйлдвэрлэх талаараа энэ 35 мянган хүн дэлхийд алдаршиж, жишээ нь шаазан шүдний үйлдвэрлэлээр гэхэд л  дэлхийд ганцаараа хушуучилж яваа гэсэн мэдээлэл байна. Экспортын гол бүтээгдэхүүн нь машины, химийн  аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, нэхмэл,  шавар шаазан, хиймэл шүд гэнэ. Банкны үйлчилгээнээс орлого олохын сацуу цаана нь ийм их зүйлээр дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг гэхлээр  энэ 35 мянган хүнд амрах, цэнгэх цаг ер гардаг юм болов уу гэхээр.  Жижиг орон хэрнээ жижиг хөрш Швейцарьтайгаа эдийн засгийн нягт харилцаатай байж ирсэн, тэдний мөнгийг хэрэглэдэг, хөдөө аж ахуйд нь 35  мянгынх нь гуравхан хувь ажилладаг хэрнээ жимс, ногоо, сүү гэхээр бас ч үгүй гайгүй үзүүлэлттэй. Бүр  1950-иад онд Лихтенштейнийг хөгжингүй, аж үйлдвэржсэн улсад тооцох болсон. Бага татвартай тул гадаадын бизнесчид  ийшээ  томхон хөрөнгө оруулдаг гэхчлэн, арааны шүлс асгарахаар баримтууд ар араасаа хөвөрч байна.


Банкны үйлчилгээ, офшорын бүсийн үйл ажиллагаа нь жижиг чулуугаар том чулуу цохиж зовлогоо зовоохгүй мөнгө олдог хамгийн (бараг үнэмлэхүй) мэргэн арга нь гэхээр юм.  Гэтэл ганц банк бус, олон салбарт экспорт хийдэг гэхлээр жижиг атлаа маш том (хүн амд нь хувааж үзвэл) эдийн засаг энд байх шиг.


Тэгэхээр миний хэлэх санаа, санал бол бид ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү гэдэг өмнөх нэг нийтлэлийн  санаагаа давтая.  Оffshore bank, Оffshore zone  болсноор бид асар их мөнгө хүүдийлэх боломжтой.

 

                                          Анхны эх хувь нь “Жижиг чулуугаар том чулууг...” гэсэн гарчгаар     

                                          “Үнэн” сонины 2008.02.28  № 040 /21014/ дугаарт хэвлэгджээ