Ядуурлын тухай тэрс үг
Монголын хүний хөгжлийн 4 дэх удаагийн илтгэлийн хураангуйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” сэдэвтэйгээр бэлтгэж гаргасан нэг хувь 2007 онд надад ирсэн юмсан
Бид чинь коммунизмыг булшилсан, шинэ ардчилалтай, байгалийн асар их баялаг, 50 сая малтай гээд сайрхаад байдаг ч дээрхи илтгэлээр бол шинэ цагийн нэгэн эмгэнэлт түүх явж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр байна.
Олон улсад мөрддөг хөгжлийн онолоор бол, бидний сайрхаад байдаг эдийн засгийн өсөлт гээч нь хөгжлийг хангах зайлшгүй шаардлагатай нөхцөл мөн боловч тэрхүү өсөлт нь шууд ядуурлыг бууруулж, ард түмний амьдралыг сайжруулж чаддаггүй гэнээ. Бусад улсуудын туулсан замын туршлагаас ажихад (ялангуяа Зүүн Азийн улсуудын) зөвхөн хүмүүний зохистой хөдөлмөрөөр л дамжин ядуурлыг бууруулдаг бөгөөд энэ нь бүтээмж өндөртэй ажлын байр шинээр бий болгож, тэр нь байнга хахаастай байж ядуурал гээч тэр үзэгдэл арилдаг гэнэ. Өөрөөр хэлбэл зохистой хөдөлмөр эрхлэлт нь ядуу хүмүүсийн хувьд өөрийн цорын ганц өмч болох хөдөлмөрлөх хүчээ дээд зэргээр ашиглах боломжийг олгодог байна. Энэ онол монгол хүн Танд дэндүү хол сонстож байгаа бол уучлаарай, тэгэхдээ л яалт ч үгүй тийм юм.
Хэрэв Та эдийн засгийн өсөлтийн үр дүнгээс тэгш хүртэе гэвэл, тийм боломжоор хангагдъя гэвэл, зөвхөн хөдөлмөр, тэгэхдээ үр бүтээл ихтэй тийм хөдөлмөр л эрхэлж таарах нээ. Дээрхи тайланд зааснаар бол, зах зээлийн эдийн засагт шилжиж буй манай улсын хувьд хөдөлмөрийн зах зээлд дараахи бэрхшээлүүд тулгарч байгаа аж. Үүнд: 1) ажилгүйдэл, 2) албан бус хөдөлмөр эрхлэлт, 3) чадварын үл нийцэл. Өөрөөр хэлбэл дахиад л хөдөлмөр бол ядуу монгол иргэдийн хувьд гол баялаг нь мөн тул бүтээмж өндөртэй ажил эрхлэх ёстой, эс тэгвээс ядууралд ихээр өртөнө. Чадварын үл нийцэл гэдэг нь Та сайн ажиллах бэлтгэлийг бүр балчир наснаасаа өөртөө суулгасан байх ёстой, Танд хүний нөөц (чадвар, овсгоо) гээч юм заавал байх ёстой, хэрэв Та энэ шалгуурыг хангаагүй бол хичнээн шударга байлаа ч ямагт үр ашиг муутай хөдөлмөр эрхэлж, тэр нь улс орны эдийн засгийн хөгжилд шууд бусаар сөргөөр нөлөөлнө.
Олон улсын шилдэг туршлагуудыг судалж байхад ядуурал гээч энэ үзэгдэл орчин цагт моодноос бүрэн хасагдсан юмуу гэлтэй, шал өөр үзүүлэлт, индексээр уралддаг цаг болсон мэт. Дэлхийд нэлээд түгээмлээс нь дурдвал, хангалуун тансаг амьдралын үзүүлэлт (“Экономист” сэтгүүл), өрсөлдөх чадвартай эдийн засгийн жил тутмын рейтинг (Олон улсын хөгжлийн менежтентийн институт – Швейцарь), эдийн засгийн эрх чөлөөний индекс (Хэритиж Сан), Глобал өрсөлдөөний илтгэл (Бүх дэлхийн эдийн засгийн форум), дотоодын нийт бүтээгдэхүүний статистик (ОУВС-гийн санхүүгийн статистик судалгаа) гэх мэт дурдаж болох бөгөөд тэдгээрт Монголын бүртгэл байдаггүй, байгаа нь ч тээр араар. Монголд үнэхээр гуйлгачлах, ядуурах хөрс бий юү? “Ядуурлын дэлхийн жишиг” гэдэгт манай улсыг тооцож болдоггүй, яагаад гэхлээр хүн амаа багтааж ядсан, газар зүйн таагүй байршилд, байгаль цаг агаарын гэнэтийн аюулд байнга өртөмхий, колонийн дэглэмд хэт удаж ужиграсан, ядуу өрх нь хэдэн арван үеэрээ уламжлагдсан, дайны ба халдварт өвчний хөлд нэрвэгдсэн гэхээр аль ч шалгуур нь манайд байхгүй. “Ядуурал”, “гуйлгачлал” гээч нийгмийн үзэгдэлтэй тулгардаг улс гэвэл заавал ийм шалгуурыг давсан байх ёстой гэнэ. Ухаан нь Хар Африкийн орнууд, хамгийн наад захын жишээ Судан, Сомали, Чадад гэдэс нь хөөгөөд хагарах шахсан хүүхдүүд, нисэх онгоцноос шуудайтай хүнс хаяж өгөөд ум хумгүй зугатаж буй дүрс ТВ-ээр олон гардаг даа. Хүн амын тал нь ДОХ тусчихсан сөнөж яваа улс Африкт байна. ДНБ-ээс хүн амд нь 80 ам.доллар ногдож буй Африкийн ядуу орнуудыг хөгжлийн хамгийн доод хэмжүүрт жишээ болгодог. Бангладеш, Шри Ланкад далайн хар шуурганд нэрвүүлсэн олон зуун мянган хүний шарил, малын сэгийг овоолоод шатааж байдаг. Энэтхэгт гуйлгачин ядуус нь 100 саяас давсан, тэнд хүн болж төрөх их утгатай. Баян тансаг, сэхээтэн айлд хүн заяавал тэнгэрийн умдаг атгахтай адил. Харин гуйлгачин ядуу айлд хүн заявал ялаа шумуулнаас юугаараа ялгарах вэ? Юун овог нэр, иргэний паспорт, өлбөрч үхэхгүй хоног төрүүлбэл боллоо. Нэгэнтээ олон үеэрээ гуйлга гуйсан тэднийг хүншүүлэх иргэншүүлэх, нийгэмшүүлэх тухай ойлголт ер байхгүй. Төрд ийм ойлголт байхгүйгээс гадна төрүүлсэн эцэг эхэд нь бүр ч халгаатай. Иймээс 4 мөчтэйгээ үлдвэл өлбөрч үхэх аюул нүүрлэх тул нялх балчирт нь хөл гарыг нь тайруулах, өрөөсөн нүдийг нь сохлох гэхчлэн эцэг эх нь аль нэг эрхтэнийг нь заавал сүйтгэн байж хорвоог туулуулна.
“Ядуу” гэж сонгодoг утгаараа чухам ийм л төрхтэй улсыг нэрлэдэг дэлхийн жишгийн зах зухаас дурдаж байна. Гэтэл Монголд ийм дээрээ тулсан баймааргүйсэн. Тэгэхээр дэлхийн жишгээс гадуур “зохиомол ядуурал”-д өөрсдийгөө барьж өгөөд байна уу?
1990-ээд оны шинэ Монголын шинэ ядуус бол нийгэм-эдийн засгийн харилцаа солигдох мөчид гэнэт ялгаран гарч ирсэн сүргийн үзэгдэл гэж би хувьдаа үздэг. Эднийг Монголдоо уучлаад харж үзээд байдаг юмаа гэхэд дэлхийд ер ойлгож өгөхгүй ирсэн. Жишээ нь Чечень шиг дайны хөлд нэрвэгдээгүй, олон мянгаараа өнчрөөгүй, Хятад шиг хүн амын өсөлтөө хүчрэхээ болиогүй, Африкийн зарим улс шиг дарангуйллын золиос болоогүй байж яахлаараа Монголд өлсөж цангаж, ядуурч байна вэ гэсэн асуулт олон улсын хамтын нийгэмлэгээс байнга бөмбөгдөөстэй. Араасаа байнгын сануулгатай. “Хүмүүсээ ажиллуулаач ээ!” гэх. Бүр механикаар, гадны жирийн хүний яриагаар бол, 1.5 сая ам дөрвөлжин км газар нутаг дээр 50 сая толгой малтай 2.7-хон сая монгол хүн ядуурна гэж юу байх вэ гэсэн асуултыг гадаадынхан захаас аван асуух. Хариулж зүрхлэх хүн бидний дотор байна уу? Адаглаад л, төвийн сониноор нь дүүрэн, өдөр бүр, бүр алгасахгүйгээр нийтлэгддэг ажилд авах зарууд Та бидэнд дасал болсон бол хандивлагч зээлдүүлэгчид маань ихэд олзуурхан, тооцоо данс бодохдоо гаргаж тавих дөхдөг. Ингээд монголчуудыг ядуу гуйлгачин бус, ажил хийх дургүй, ажил голдог хэмээн оношилж байна. Дэлхийн Банкны дээхний нэгэн илтгэлийг санаж байна. Африкийн ядуу орнуудыг ядууруулсны хариуцлагыг барууныхан өөрсдөө хүлээнэ, учир нь тэд ядуу байгаад бид буруутай гэхчлэн хачин дүгнэлт тэр илтгэлд байсан. Энэ нь хэт ёс зүйгүй колоничлож цөлмөснөө зөвшөөрсөн хэрэг байв. Харин Монгол Улсыг тэр илтгэлд “Монголчууд ядуу байгаад өөрсдөө буруутай” гээд ганцхан өгүүлбэр бичсэн байхыг олж үзвэл Та лав нүдэндээ итгэхгүй. Тэгээд тэр дүгнэлтээ нотлох гэж монголчуудын залхуу хойрго, социализмын бэлэнчлэх сэтгэлгээ, дээр доргүй нүд хуурч аргацаадаг зэргийг шалтгаан болгожээ. Ядуу ба анхаарлаас гадна орхигдсон хүмүүсийг Монголын төр-засаг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оролцуулж, амьдрал ахуйг нь өөд татъя гэсэн хүнлэг бодлогыг тасралтгүй явуулж ирснийг энд нуршилтгүй, үнэндээ бол “Мянганы зам”, “Атрын гурав дахь аян” гэхчлэн, энэ чинь улс төрийн шоу биш, Таныг тэнд ажиллуулахгүй бол Та ядуурч үхэх гээд байна шүү гэдгийн харанга дохио ухаантай юм.
ОУВС ч бай, Дэлхийн Банк ч бай, гадаадын хандивлагч, зээлдүүлэгчдийн маань аль ч түншид манай талаархи имиж цэгцтэй биш, тэд ямагт эргэлзсэн байдалтай явж ирснийг дээрхи илтгэлээс харж болно.
“Бурхан Панамыг диваажин байхаар бүтээсэн юм. Харин панамчууд Панамыг там болгон хувиргажээ” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Авилгал, хар тамхины наймаанд өтсөн Панам улс тухайн цагтаа барууныханд тэгж үнэлэгдэж байж. Диваажин байхаар биш гэлээ гэхэд, лав там байхааргүй Монголд ингэтлээ ядуурна гэдэг үнэхээр үлгэр, оньсого юм. Ядуу, ядуурлаа гэж өөрийгөө голж буй монгол уншигч Та эндээс ямар нэгэн дүгнэлт хий дээ! Явж явж Та л буруутай шүү!
Анхны эх хувь нь “Хэрэв Та ядуу бол буруутан нь Та өөрөө” гэсэн
гарчгаар “Үнэн” сонины 2007.08.17-ны № 158 /20876/ хэвлэгджээ