МуриачГомбыг ширхэгчлэн шинжвээс хуруу гарын өндөгний үзүүрээс өөр чинхүү зөв ажилладаг эд эрхтэн үгүйд учирдан хүний нүдэнд ад болж, хөсрий газарт хамхуул байсаар нэгэн эринийг элээжээ. Бие сульдаа тул өчүүхэн үлээх салхинд тэсэхгүй мэт харагдавч ядам хурууны өндөг, чигчий хурууны үзүүрээр зуун хилийн ачааг даадаг билээ. Долоовор болон дунд хурууны үзүүрээр үүнээс даруй гуч дахин хүндийг өргөж дийлэх.

Дүүрэн хүнтэй автуус түүний ажлын байр агаад эрдэм төгс сарвуу нь алцгар хүүхний салтаан доогуур сүлжиж нусгай хүүхдийн сэвлэг дээгүүр давж нэг цонхоор гарч нөгөө цонхоор орон явсаар арван алхамын зайд буй сэрэмжит ардын цамцны цахилгааныг анзаарагдалгүй нээгээд доторхи эдийг сэмхэн төхөөрдөг шидтэй. 

Эр хүн өсөж хөгжих жамтай гэдгийг тэрбээр заримдаг тархиндаа сэтгээд дасал болж уйдсан автууснаас хальж нэгэн жижиг иргэний хөсгөнд эрдэм ухааныг сорьхоор шийдсэн ажгуу.

Энгийн эрэгчин этгээдүүд бүсгүй хүний томбойх  хөх ондойх өгзөгийг шинжиж хардаг атал МуриачГомбо эмэгтэй хүний товойх хэтэвч онгойх халаасыг сонжин шохоорхоно. Хүүхний нүцгэн гуя хасыг харсан эр  бэлэгсийн тээрхийнд цус юүлэгдэн хатуурдаг шиг МуриачГомбо ил хуль зоос үзвэл гарын хуруунуудад цус хуран байж ядаад гагцхүү үзсэн тэрхүү зоосыг чимхэн авч гэмээнэ сая нэг санаа амарч бие тавирдаг гэнэ.

Ямхын зузаантай нохойн хатуу ширийг бүдүүн зэс утсаар томж хийсэн хэтэвчиндээ наян жингийн алтан зоос нэжгээдийг агуулсан оготны арьсан хүрэмтэй очир эрдэнийн бэлзэгтэй нас жар шахсан чуганц иргэний хөсгөнд таван хүний зай эзлэн сууна.

Эзэндээ нэгэнт үл боолчлогдох МуриачГомбын мутар сарвуу чуганцын зүг сэмхэн гэтэх хэсэгхэн агшинд иргэний хөсөгний дуу хадаагч эмийн царайг үзэн  зүрхний лугшилт гэнэт тасалдаж сэтгэлийн жолоо түүний зүгт алдрав.

Эхний харцаараа үл таних бүсгүй хүнд учиг явдалтай болсон түүний тархины зуун түмэн эс нахиалан соёолж цэцэглэн дэлгэрээд мянган жил нойрссон эр хромсом нь нойрноосоо сэрлээ.

Өвлийн хүйтэн агаар таван төө зузаан михрооны хуванцар ханыг нэвт хайрах тул олон иргэний ам хамарнаас гарсан уур үүл мэт дэгдэж цонхны шил лугаа наалдсаар зузаан мөсөн (үнэндээ бол нэг ёсны хөлдсөн шүлс) давхаргыг бүрдүүлсэн ажээ. Энэхүү хөлдсөн ууран давхаргыг мунхаг хүмүүс хурц хумсаараа ховхлон элдэв зураг үйлдэн баясах төдийгүй гадагш харан ирэх газар буух буудлын баримжааг авдаг юм.

МуриачГомбын машид авъяаст мутар энэ удаад дэргэд хажуулах чуганцын түрийвч рүү гэтсэнгүй, минутанд мянгантаа цохилох зүрнийхээ лугшилтыг түр сатааруулах хэмээхдээ цээжин бие лугаа наалдмой.

Үзээд үзээд сар гиймээр, хараад хараад од гялалзмаар санагдсан тэрхүү дуу хадаан зоос тоолон хураагч эмийн онцгой төрхийг цонхонд тогтсон хөлдүү мөсөн давхарга дээр өөрийн мэдэлгүй урлав аа.

Буух өртөө нэгэнт өнгөрсөн хэдий ч суудалдаа орь ганцаар үлдэн өөдөөс нь гөлрөх үл таних эрээс цэрвэсэн хүүхэн өгүүлрүүн,

      - Юун гажуу харцаар эгц ширтэв чи намайг, үтэр гарч од. Эс бөгөөс дараагийн зогсоол хүрэхэд нэмж хэдэн зоосыг төлөхтүн.

Гэхэд, МуриачГомбо хэдэн муухай халтар янчааныг халуу шатсан хавтгай алгаараа индүүдэн толийлгоод онц үг хэлж чадалгүй сэтгэлт хүүхний урдаас сарвайлаа. 

Жаран иргэн орж гаран явсаар жаран цагийг барахад ч гэсэн өөдөөс нь нэвт гөлөрсөөр суух МуриачГомбыг Ко хүүхэн удаан тэвчсэнгүй "өвчтэй солиотой мал юм чи өөр зүг ширт" хэмээн өшиглөн буулгахад тэсгим хөлдүү асфальтан зам дээр хацарны арьс нь ховхорч наалдан байсан ч гэнэтийн дурлалдаа бадарсан МуриачГомбо өвдөлтийг огт үл анзаарна.

"Энэ ер нь юун амьтан зэвхий царайг минь тэгтлээ сонжих болов" хэмээн Ко хүүхэн  жаахан бодолхийлэн сууснаа цонхны мөсөн давхарга дээр урласан өөрийн хөргийг олж хараад зогтуслаа. Урьд төрөлдөө олон эрсийн засааг үхүүлж явсан нүглээсээ үүдэн энэ насны гай барцад нь биедээ хэтийдэж эрийн тэнгэр харьсан өөрийг нь ингэтлээ тоосон ганц эрэгчин хүмүүнийг өшиглөн буулгасандаа туйлаас харамсаж үс гэзгээ шатаамаар санагдах аж. 

Дараа өдөр нь долоон нар тэнгэрт мандаад бүгчим агаартай байсны улмаас михрооны цонхонд хүмүүсийн амьсгал цан хүүрэг болж тогтсонгүй. Өчигдөрийн эр дахин орж ирээд өөрийг нь зурах гэвэл эс бүтэх хэрэг болно хэмээн Ко хүүхэн ихэд шаналаад, арван хувин архийг таван амьсгаагаар ходоод руугаа юүлэн арван цаг михроон дотроо амьсгалахад сая нэг хумсанд торохуйц мөс цонх лугаа бүрхлээ. Одоо өөрт сэтгэл алдарсан өнөөх эрийг дахин орж ирэхийг хүлээх үлджээ.

Михрооны жолооч харин зуун жил эмэгчин амьтны энгэрт жаргаагүй хагсарсан этгээд тул Ко хүүхнийг зургаан сар ээрч хоргоож буй юмсанж. Угтаа бэлэгсийн учир үйлд л санаа тавихаас биш хүний нандин ариун сэтгэлийн талаар огт бодолгүй уг хүмүүнд Ко ихэд дургүй аж.

Тэнгэрт мандсан долоон нар ар араасаа жаргасаар бүрэнхий айсуй. МуриачГомбо даанч эндүү буудал дээр гучин зургаан цаг Ко хүүхний михроог ширтэн хүлээсээр цөхрөнгөө барахын даваанд хүсэн хүлээсэн иргэний хөсөг нь утаагаа хаялан зогсоод хавтсан хаалганы цаанаас сэтгэлт хүүхэн цухуйж уянгалаг хоолойгоороо өртөө зарлах. Энэ л мөчийг гучин зургаан цаг нүд цавчилж үл зүрхлэн хүлээсэн МуриачГомбо бусад иргэнээс өрсөн Ко гийн чанх өөдөөс харан суув.

Ко хүүхэн ч энэхүү эгшинийг л үгүйлж байсан тул царайд нь оч бадраад "Өчигдөр өшиглөж хөөсөнд өршөөгөөрэй, нар жаргахтай уралдан орж ирэхийг чинь хүлээлээ" хэмээн аальгүйьтээд энгэр хэсгээ задгайлан тарвасын чинээ дэлэнгээ цухуйлгахад сандарч тэвдсэн МуриачГомбо үнэн сэтгэлийн үгсээ өчив,

-Өлөн ходоодтой үрсээ ундлах гэж зүдэрсэн эх хүний эцсийн зоосыг ч өрөвдөлгүй суйлдаг. Түмэн өдрийн хөдөлмөрөө шингээсэн эрдэмт хүний бичгийн ажлыг ч тоолгүй шатаадаг. Гучин жил ургуулсан эмэгтэй хүний сайхан гэзгийг ч хайрлалгүй хайчилдаг үнэхээрийн муу сэтгэлтэн билээ би. Гэтэл урьд өдөр үзэсгэлэнт чиний гоо төрхийг үнэнхүү азаар олж хараад үлбэгэр бие минь чангарч үзээрийн сэтгэл минь засрав. Миний санаа ийм, чиний санаа бодол хэрхэх эсэхийг би магад мянган жил ч хүлээмүү.

Ийм яриа өрнөхийг чагнах ахуйд жолоочийн тэсгэл барагдаж сэтгэлт хүмүүсийн өчил харилцааг таслан "Хурдан ачсан хүмүүсийг буулгаад цааш хоёул зугаалъя" хэмээн Ко хүүхэндээ хандаж чангаар чарлав. Энэхүү үгийг сонссон даруйд МуриачГомбын царай тавгүйтэж гундуухан болохыг хараад Ко хүүхэн ч юм дуугарч чадалгүй хэсэг зуурхан тээнэгэлзлээ. Бүх иргэн буусны эцэст МуриачГомбо, Ко хүүхэн хоёр л биесээ ширтэлцэн үлдэж, жолооч этгээд харин "Соёолонхон жороолсон Согоон чихтэй үүлэн хээр Солонгоронхон туяарсан Сонихон хээтэй үйтэн хуар" хэмээн цоглог дуугаа амандаа аяланхан дараагийн өртөөнд дөхсөөр.

Бүрэнхий цагт олон ардын хөсөг тэрэгнүүд дээр дороо давхралдан хойно урдаасаа шахцалдан ихэд бөглөрч гацах тул өртөө газрыг хороохын төдийд хоногийн хугацаа алдах аж. Гэнэт жолооч этгээд дороо хавчигнан сууж ядан байснаа, "Энд ингээд бөглөрч байх хооронд би явж морь үзээд ирье" гээд хаалгаа саван гарч харанхуй байшингийн булан бараадаад, уур савсалзуулан байж илүүдэл шингэнээ нэгэн байгууллагын хана руу цацаж мөсөн давхарга үүсгэх дээ орь дуу тавих юм гэнэ. Ко хүүхэн МуриачГомбод хандаж,

-Эр хүн чи зүрх зоригтой аваас бүсгүй намайг аваад явагтун, эс бөгөөс дараагийн өртөөн дээр бууж од. Жолооч этгээдийн уур суунаглуулж морь үзэх тавхан хормын дотор хурдхан шийдээ гарга, хэмээн тулгахын завдалгүй МуриачГомбо жолоочийн бүхээгт орж жолооны хүрдийг огцом эргүүлэн урсгал сөрөн сүлжсээр бөглөрөлгүй газарт ирж амар сайхан цэнгэлийг эдэлвээ. Манан суунаглуулж мөс тогтоож буй азгүй жолооч этгээд түмэнд загнуулан цагдаагийн бүдүүн мунаар тавантаа түншүүлэн байж арай ядан амь голтой мултран зам дээр ирэхэд хөсөг унааг нь хүүхэнтэй нь хамт муриачин этгээд аваад явсан байлаа.