ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?
- Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо.
- Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо. Энэ тоо дор хаяж таван тэрбум ам.долларт хүрсэн тохиолдолд бид “Айвенхоу Майнз”-ын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаал гэж хэлэх эрхтэй болох юм-
Монголын хөрөнгийн зах зээл дэлхийд “хамгийн жижиг зах” гэж нэрлэгддэг. Энэ нь нэг талаасаа Монгол Улсад юутай ч хөрөнгийн зах бий гэсэн ойлголт юм. Харин том, жижгийн тухайд ярих нь өөр асуудал билээ.
Зарим улс хөрөнгийн зах зээлээ бүр хаячихсантай харьцуулахад Монгол Улсад хөрөнгийн зах зээл оршин тогтнож, сүүлийн арван жилийн дотор 40 сая ам.доллараас 500 сая ам.доллар эргэлдүүлэх хэмжээнд хүртлээ хөгжжээ.
Хэдийгээр хорин жилийн өмнөөс өрнөсөн өмч хувьчлалын үндсэн зорилгоосоо гарч чадахгүй байгаа ч аажмаар хөгжиж буй хөрөнгийн зах зээлээ одоо шинэчилье гэдэг зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Өнөөдөр нийслэлд үргэлжилж буй Монгол Улсын эдийн засгийн форумаар хэлэлцэх асуудлын нэг хэсгийг ч чухам энэ асуудалд зориулахаар төлөвлөжээ.
Хөрөнгийн зах зээл гэж чухам юу вэ гэдэг ойлголт нь “Уг зах өмч хувьчлалын зорилгоосоо салахаар өөр ямар зорилготой болох вэ” гэх асуултын хариутай бараг утга ижил юм. Энэ нь бүдүүн тоймоор бол Нарантуултай л адил зах. Гэхдээ уг зах дээр гарснаар компаниуд өөрсдөдөө хуримтлал бий болгох, өөрт байгаа төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татах, оронд нь хувьцаагаа өгөх үйл ажиллагаа явуулна. Нэг үгээр бол хөрөнгийн зах зээл дээрээс үйлдвэрлэгчид, компаниуд мөнгө босгодог. Зах дээрээс хүмүүсээс хөрөнгөө гаргаж авна, оронд нь хувьцаагаа өгнө. Босгосон хөрөнгөөрөө үйлдвэрлэл явуулна. Дараа нь ашгаа хуваана, үүнийг нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах гэнэ.
Аливаа улс орнуудын хөрөнгийн зах зээл нь үндэсний компаниудаа хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой байдаг. Тухайн үйлдвэрлэгч ашиг орлого өндөр байгаад тэр хэрээр ногдол ашгаа хуваарилж байвал зах дээрх хувьцааных нь үнэ өснө. Хувьцааны үнэ өсч байна гэдэг нь босгож буй хөрөнгө оруулалтынх нь хэмжээ нэмэгдэнэ. Энэ бол өмнөхөөс том үйлдвэр байгуулах, өмнөхөөсөө илүү ашиг олох боломж, бас эргээд хувьцаа эзэмшигчдэдээ илүү их ашиг хуваарилах нөхцөл гэсэн үг. Томоохон үйлдвэр, дэд бүтэц, төслийг ганц хөрөнгө оруулагч, ердөө нэг банк санхүүжүүлэх боломж тэр бүр байдаггүй бол хөрөнгийн зах зээл дээр тухайн компани буюу үйлдвэрлэгч хувьцаа гаргаснаар олон хөрөнгө оруулагчийг татаж, шаардагдах хөрөнгө оруулалтыг босгож болно. Чухам ийм байдлаар үндэсний үйлдвэрлэл, эдийн засагт эергээр нөлөөлөх арга замыг л “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн хөшүүрэг” хэмээн томьёолсон биз ээ. Харин одоо хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг болох хэмжээнд шинэчилж чадах уу гэдэг асуулт хараахан хариултгүй байна.
Зорьж буй шинэчлэлийн гол агуулга нь хөрөнгийн зах зээлийг өмч хувьчлалын загвараар ойлгож ирсэн сэтгэхүйг арилгах зоримог алхмууд байх болов уу гэсэн хүлээлт хэдийнэ үүссэн байна. Мөн үүнтэй зэрэгцээд төр засгийн хэлж буй нь хийж байгаагаасаа ямагт зөрдөгөөс үүдсэн үл итгэл ч бий болжээ.
Хөрөнгийн зах зээлийн том, багыг тоймлож болох эргэлдэж буй мөнгөний хэмжээгээр нь баримжаалж үзвэл Монголын хөрөнгийн зах зээл үнэхээр жижиг юм. Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь бодит эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо гэж мэргэжилтнүүд дүгнэж буй.
Эргэлдэж буй мөнгөний хэмжээ дор хаяж таван тэрбум ам.долларт хүрсэн тохиолдолд бид “Айвенхоу Майнз”-ын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаал гэж хэлэх эрхтэй болох юм. Тэгээгүй тохиолдолд бид “Zegna” фирмийн костюмыг ТҮЦ-нд зарах гэж байгаатай л адил юм. Уг нь костюм хэрэгтэй юү, хэрэгтэй. Гэхдээ түүнийг хүн худалдаж авахгүй л бол дэмий, аль алиндаа зардал, чирэгдэл шүү дээ. Эцсийн үр дүн л чухал.
Тэгэхээр бид “ТҮЦ”-ээ томруулж, фирмийн бараа өлгөөд тавихад худалдан авагч орж ирдэг брэндийн дэлгүүр болгох хэрэгтэй байна гэсэн үг. Яг өнөөдөр шүүрч аваад ярилцаж буй шинэчлэлийн асуудал нь үнэндээ манай зах зээл оршин тогтнох уу, томорч Төв Азийн газрын баялагт түшиглэсэн, олон орны хөрөнгө оруулагчдыг далласан сайхан зах болох уу гэдэгт гарц олох эсэх тухай юм.
Хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн хөгжилтэйгээ уяж, алгуур боловч хөгжиж буй урсгалыг нь зөв тохируулж, хүчийг нь нэмж чадвал Монгол Улс Катар шиг баян орон болох боломж бий. Энэ бол Монголын хөрөнгийн зах дээр амжилттай яваа брокерын пүүсүүдийн санаанд багтаж буй төсөөлөл. Гэхдээ асуудал бий. Юу гэхээр Монголын хөрөнгийн зах зээлийг зөв жолоодох бодлого өнөөдрийн хувьд алга...
Эдийн засгийн хямралын сүүдэрт АНУ-д хэчнээн банк дампуурсан бэ. Тэр олон дампуурсан банкны эздийг бүгдийг нь шоронд хорьсон эсэх нь үнэхээр сонирхолтой. Банкууд дампуурсан нь тэнд эдийн засгийн хямрал бол энд энэ нь эрүүгийн гэмт хэрэг. Худалдагдсан хувьцааг нь үгүй болгочихож дөнгөж байгаа өнөөгийн эрх зүйн орчинд бол хөрөнгийн зах зээлийн нарийн ширийн options future, derrivative зэрэг ойлголтын талаар ярихад эртэднэ. Тухайн банк, эсвэл компанийн хувьцааг цаашид өснө гэж таамаглаж байвал одоо худалдаж авах шаардлагагүй зөвхөн option хийгээд орхиж болно. Харин таамаглал зөв байгаад ханш нь өссөн тохиолдолд захиалга өгсөн үеийнхээ хямд үнээр аваад өссөн үнээр нь зарж болно. Үгүй бол тэр чигт нь хаячихсан ч болно. Манай өнөөгийн үнэлэмжээр бол ийм тохиолдолд “юун банк дампууруулсан нөхөр вэ” гээд шоронд хийчих биз...
Шинэчлэл хийхийг зоригсод юун түрүүн эрхзүйн орчныг тэрхүү шинэчлэлийнхээ хөрс суурь болгон өөрчлөх нь тодорхой байна. Харин шимтэй сайн хөрс бүрдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болчихжээ. Учир нь хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Тэд өөрсдийн эрх ашигт хуулийг илүүтэй нийцүүлэх, эрх мэдлээ нэмэгдүүлэхийг гол баримтлал болгож буй бололтой. Мөн бусад салбарт удирдлагыг хэрхэн яаж томилдог билээ яг тийм л жишгээр асуудлаа сайн мэддэг мэргэжлийн хүнийг бус намдаа үнэнч байсан, үгэнд сайн ордог хэн нэгнийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах төвшинд нь томилоод байвал хөрөнгийн захын ирээдүй төдий л гийхгүй болов уу. Товчхондоо бол огт бодлогогүй шахам урсгалаараа явж ирсэн энэ салбарт яг одоо бодлого л ус агаар шиг үгүйлэгдэж буй юм.
Үндэсний компаниудаа хөрөнгийн зах дээр гарах үйл явцыг дэмжсэн, улмаар хөрөнгө оруулалт татаж үйл ажиллагаагаа тэлэх, томрох нөхцөлийг нь бүрдүүлэх цогц бодлого хараахан алга. Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй 400 орчим компани байдаг ч нэлээдгүй нь ажиллахаа байжээ.
Хамгийн сүүлд гэхэд “Спирт бал бурам”, “НИК” компаниуд хөрөнгийн захаас өөрсдийн хүсэлтээр гарчээ. MCS, Петровис компаниуд дээрх охин компаниудынхаа хувьцааг боломж олдсон дээр нь зах дээрээс хэт хямдаар салгаж байгаа аж.
Уг нь толгой компаниудыг нь бодлогоор, наад зах нь татвараар дэмжсэн бол дээрх байдал үүсэхгүй байх байсан биз. Тэд дарамт, шахалт байсан гэсэн тайлбар ч хэлж байгаа аж. Ер нь өрөнгийн зах дээрээс компаниуд гарна гэдэг хөрөнгө оруулагчдыг цааш нь түлхэх асар сөрөг нөлөөтэй. Зүй нь хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагчдыг татахын тулд ажилладаг.
“Спирт бал бурам” компани жилд хамгийн дээд тал нь гурван тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан мэдээлэл бий. Энэ бол бага шатлалын татвар төлөх хязгаарт хүрээд зогссон гэсэн үг. Үнэндээ бол компаниуд татвараас орлогоо нуудаг. Уг нь орлогоо бодитоор тайлагнаад 10 хувийн татвар төл гэвэл жинхэнэ ашгаа ил гаргаад ирэх боломжтой. Тухайн компанийн ашиг өндөр байх тусам хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах ашиг ч нэмэгдэнэ, энэ хэрээр хувьцааны ханш ч өснө, дахин хувьцаа гаргаад бүр том үйлдвэр байгуулсан ч болно. Энэчлэн компаниудыг хөрөнгийн зах дээр гарч, хөрөнгө оруулалт татахыг нь хөхиүлэх бодлогыг санаж сэдэхийг л шинэчлэл гэх ёстой.
Харин шинэчлэлийн үр дүнд Монголын хөрөнгийн зах томорч, үндэсний компаниуд зах дээрээс хуримтлал, хөрөнгө босгох эрмэлзэл, итгэл сэргэх ёстой. Хамгийн гол нь хувьцаа худалдан авагчид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, брокер, дилерүүд энэ зах дээр аз, эз сорин дээр тоглодог байх чухал.
З.БОРГИЛМАА
Oyutan Setguulch
Зочин
Sodhuu chi durak
Зочин
Sodhuu boliyoo
sam dream
broker
Зочин
Зочин
Зочин
Зочин