Зохиолын дууны үгийг задлан шинжилсэн фельетон

Зохиолын дуу гэж дасчихсан болохоос их сонин нэр. Бусад нь зохиолын биш, огт зохиогдоогүй дуу гэж бас байдаг мэт сонин нэршил. Зохиолын дуу мөн ч олон төрөл янз. Бүдүүн тоймоор бүлэг хэсэг болгох аваас замын зардалгүй хүний дуу гэсэн төрөл бий. “Тэгсхийгээд очно доо, хар гэрийнхээ гадаа үсээ самнаагүй, намхан бор, ганц бие ээж минь яг хүлээж байгаа, “Ээж ээ, хүү нь замын зардал олтол байж байдгийм шүү” гэсэн ерөнхий утга агуулна. “Нутгийн бэр, найзын хөөрхөн авгай минь, хөхний чинь товчинд хүрсэн ч биш дээ, хот явсан хойгуур хадамд гарчихаа юу даа, энэ чинь хөөе, хүлээсэн хоногийн тоогоор юу яая” гэсэн хүний эхнэрт санаархсан, эротик, порно маягийн бүлэг дуу бий. Байгалийн элдэв сонин хачин, аймшиг, айдсын чанартай хэсэг ч байна. “Сонсоод байх нээ аялгуу нь түрээд чанх дэргэд хүүхэд уйлах юм аа гэх буюу ...Гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй ээж...”гэх зэрэг нурууны голоор хүйт дааж, хар хөлс цутгачихмаар чөтгөр шуламтай дуу мөн их юм.

Элбэрэлт ээж, ачлалт аавыгаа, унаган нутаг, уул усаа ингэж сайхан дуулдаг үндэстэн монголоос өөр байхгүй байх. Даанч юм хэтрэхээрээ жаахан тиймхэн. Зохиолын дуунд голдуу л хөгшин, одой хүн шиг намхан, үсээ самнадаггүй, аягаа угаадаггүй, тэрлэгээ угаахгүй байсаар тэр нь хир даг болж хүндэдсэн, ганц гэрээрээ нутагладаг, цөөн хэдэн мал хариулдаг, өрх толгойлсон ээжүүд гарна. Аав нарыгаа болохоор уул шиг үлэмж биетэн, хангайгаас арай том гэж хэнхийтэл магтана. Биеийн хэлбэр, гадаад өнгө үзэмжээр тоочин дурьдаж, муу ижий минь гэж дотночлон хандахыг хэтрүүлээд, муухай ээжийн дүр ихэд элбэгшсэн байх юм. Их Д.Нацагдорж бараг зуун жилийн өмнө “Монголын үзэсгэлэнт сарангуа намайг төрүүлсэн ээжий Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээжий” гэж элбэрэлт эх хүнийг ухаан, үзэсгэлэнгийн дээд хэмээн бишрэн дээдэлсэн нь мөнхөрсөн билээ. Монголын сайхан ээжүүд зөвхөн малчин ч биш багш, эмч, доктор, дарга, сайд, жүжигчин, УИХ-ын гишүүн,  зохиолч, инженер, хуульч, нийгмийн зүтгэлтэн гээд эрдэм боловсролтой, авъяас чадвартай, үр хүүхэд төрүүлснээс гадна хийсэн бүтээсэн зүйлстэй, үлэмжийн чанар төгөлдөр билээ.

Хүйтэн булгийн усанд өдөржин шумбан тоглосон

Хөгжөөнт бага насаа дуулж явна аа, би...

гэдэг дуу биднийг жаахан байхад мөн түгээмэл байж билээ. Ямх охин, сүүлэнхүү, хуруун чинээ банди гэдэг нь юм болов уу, булгийн усанд яаж багтдаг юм болоо гээд жигтэйхэн гайхдаг сан. Булгийн усанд далд орохоор жижигхэн байж боллоо гэхэд хэрхэн яаж өдөржин шумбадаг байна аа? Умбаж шумбасан гэсэн бол толгойгоо уснаас ил гаргаад л, буцаж ороод л гэж ойлгож болохсон. Зөвхөн шумбасан, тэгэхдээ өдөржин гэхээр нь гайхаж гайхаж “Аан, усан доогуур явагчийн тусгай хэрэглэлтэй хүүхэд байна шүү дээ” гэж тааварлан атаархдаг байж билээ.

Цэн цэнгийн алтан бөгж нь хө

Сарвуунд тогтохоо байх нээ хө

Цэрвүү алсаас таныгаа санасаар

Цээжний махаа барах нээ хө...

Буйлан хажтай мөнгө бугуйвч нь

Бугуйнд тогтохоо байх нээ хө...   

Мах шулаад ч байгаа юм шиг, анатомийн хичээл ороод ч байгаа юм шиг яс харжигнаж, хавирга хэрзийсэн дуу байгаам аа. Хүн нь тураалд ороод зогсохгүй морио ч бас бага идүүлнэ.

Өдрийн цогиотой өндөр борыгоо

Өлийг нь тааруулж сойё доо, хө...

Анатомийн хичээл шиг дуу гэснээс анагаах ухааны, эмч хүний эрдэм чадлыг илтгэсэн дуунууд ч бий. “Зүрхийг чинь цоо ширтээд...” гэж дуулна. Зүрх сэтгэлийг гэвэл өөр хэрэг. Яг зүрх гэдэг эрхтэнийг нэвт ширтэж байгаа биз. Рентгений эмчийн дуу.

Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гундтал ханилахдаа уйдахгүй ээ, хань минь ээ...

Зүрхний мэс засалчийн дуу. Зүрх сэтгэлийг нь гижигдэх биш хайртай хүндээ зүрхний мэс засал хийж эдгээсэн, хагалгааны үеэр тэсэлгүй зүрхийг нь гижигдэж өхөөрдсөн алтан гартай эмч хүн байгаа биз дээ.

Хос хоёр багана шиг

Хорвоог хамтдаа туулъя даа...

Хос хоёр гэдэг бол дөрөв. Эхнэр нөхөр хоёр тус тусынхаа амрагийг нэмээд дөрвүүл хамтдаа хорвоог туулна аа гээд зөвшөөрчихсөн байгаам шүү.

Дуучин Дэлгэрмаа ингэж дуулж байна.

Дэлхийн буурал толгодын өөдөсхөн

Дэлгэр чулууны намхан уулс минь дээ...

Дэлхийн буурал толгод гэдэг ямар нэг атлас, ийм ангиллын нэр томъёо бол алга. Толгодоос намхан уул, бүр өөдөс ч биш өөдөсхөн уул гэвэл шуудай шороо овоолсон дайны л жижигхэн зүйл болчихно.

Дэнж хотойлгон төрүүлсэн

Дэндүү ачтай миний л ээжий...

Ямар сонин төрөлт вэ? Дэнж хотойтол наадна уу гэхээс тэгж нижигнүүлэн пижигнүүлэн амаржина гэж юу байхав. Үй олон наадамчид, морьдын туурай, хүчит бөхчүүдийн барилдаан бүгд нийлэхийг дэнж хотойтол гэж зүйрлэнэ. Нэг бол маш том хүүхэд төрж, ор битгий хэл газар цөмрөх дөхсөн. Эс бол наадмын өдөр баахан бяртай хүүхэн бөхийн талбай дээр цуглаад, дэвж шаван, гуя хасаа чад падхийлгээд ухасхийн хурдалж, бяралхан дүлцгээн  нэгэн зэрэг төрж нярайлаад дэнж хотойлгосон байна.

Ээж нь дэнж хотойлгон нярайлдаг юм чинь аав нь бас ер бусын хүн байж таарна

Аагим халуунд хүрэл бурхан шиг

Аньсага нээж харуулдсан аав минь дээ   

Их сонин айл. Хүйтэн, халууныг яг заадаг термометртэй, агаарын хэмээс хамааран нүдээ аньж нээдэг автомат тохируулгатай, хүрэл бурхантай айл юм. Аав нь бурхантайгаа усны дусал шиг адилхан царайтай бөгөөд хоёул халуун өдөр нүдээ нээж сэрүүцнэ, хүйтэнд аньсага буулган бүлээцдэг зантай.

“Зүрхний бяцхан шувуухай” хэмээх Дэлгэрмаагийн дуулдаг бас нэг сонин дуу байна.

Мөнгөн дальтай дуучин эрвээхэй

Мөрөөдлийн тэртээд дэвэн бүжнэ...

Уг нь бол дуучин эрвээхэй. Энэ удаа зөвхөн тэртээд бүжиглээд байгаа учраас дуу нь сонсогдохгүй байна, хоолой нь өвдсөн ч байж болно.

Согоо нь эрхлэх амгалан чөлөөнд

Солонгорох үүрээр шүүдэр буулаа...

Солонго гэдэг байгалийн үзэгдлийг манай хүндэт шүлэгчид дуртай цагтаа гаргаж, дургүй нь хүрэхээрээ өөрчлөх юм аа. Нар гараагүй байхад солонго татаад унаж байх жишээтэй.

Чинболор, Энхмэнд нарын хослон дуулсан “Гэгээн гуниг” дуунд:

Аньсаганд торсон нулимсаа залгин

Аюулхай цээжиндээ цагаан гуниг тээдэг дээ...

гэсэн иогчин хүний мөр байна. Нүдний аньсганд торсон гэхийг бодоход хатуулаг ихтэй, ихээхэн өтгөн нулимс гарчээ. Торж тогтчихоод нааш ч үгүй, цаашаа ч үгүй байсан нулимсаа яаж залгисан байх вэ? Шүлс биш нулимс залгина гэдэг амаргүй. Хэлээ нүдэндээ хүртэл цогнойлгон сунгаад, голоор нь хумбайлган нугалж байгаад нулимсаа ам руугаа оруулж хоолой давуулан залгих иогийн хүнд төрлийн үзүүлбэрт тооцогдоно. Манай дуунуудад нулимс хүртэл олон өнгө будагтай. Хайрын нулимс цэнхэр өнгөтэй гэж дуулцгаана. Хардлагын нулимс тэгэхээр хар өнгөтэй байж таарна.

Оюумаа ингэж дуулж байна аа.

Гэзэгний үзүүрийн томоогүй салхи минь

Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг дээ...     

Гэзэгний үзүүр хавийн салхи гэж юу байх вэ. Салхинд гэзэг нь хийсээд хамарт нь хүрэхээр гэрийнх нь үнэр ханхийгээд байна аа гэдэг бол гэрээсээ явснаас хойш толгойгоо угаагаагүй, үнэр танар нь болохоо байсан хүний л дуу байна.

Шанхны туяатай хонгор нарнаас

Сэтгэл минь дандаа түрүүлээд очдог доо...

Нарны биш шанхны туяа?! Үсийг сайн угааж арчилж байхгүй удсанаас шарлаж гундаад өнгө алдсаны шинж.

Зүггүй хязгаар алслан алслаад

Зүүгдээд дагадаг аавдаа үнсүүлэхэд...

Хүүхэд нь аавыгаа биш аав нь хүүхдээсээ зүүгдээд дагаад байхаар чинь зүггүй хязгаар мөн байлгүй яах вэ. Зохиолч Д.Гармаа гуайн “Аав цэцэрлэгт орсон нь” гэдэг тун хөгжилтэй сонин зохиол санаанд буулаа.

Зохиолын дууны үг ийм байгаад зохиогоогүй дууны үгээ сайтар бодож тунгаана гэдэгт найдна.


Д.БОЛДХУЯГ