Цэргийн хүчээр төмөр зам барих Ерөнхийлөгч Х.Баттулгын санааг дэмжиж,тамгын газрынх нь дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө,Америкийн Невада муж улс дахь, "Хуверийн далан" хэмээн алдаршсан байгууламжийг "цэргийн хүчээр" хийсэн мэтээр "эндүүрнэ" билээ.Энэ бол нийгмийг төөрөгдүүлсэн том эндүүрэл төдийгүй Монголын эдийн засагт маш хортой үр дагавар бүхий аюултай эндүүрэл!

Хуверийн далан(Hoover dam)-г 1931 онд эхлээд 1936 онд дуусгасан.Яг Их хямралтай зэрэгцэн хэрэгжсэн,тэр хямралаас гарах зорилгоор хэрэгжсэн олон төслүүдийн нэг байсан.5000 гаруй цагаан арьст иргэдийг ажлын байраар хангасан төсөл юм.

Америкийн түүхэнд "Их хямрал" хэмээн нэрлэгдсэн эдийн засгийн гамшиг нь ажилгүйдлийн түвшинг 25 хувьд хүргэн,ажилгүй хүмүүсийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт дундачилж тооцвол бараг 60 сая хүнийг мөнгөн орлогын эх үүсвэргүй болгосон юм.Тэр үед ажлын байрны төлөө "алаан" болж байлаа.

Жишээ нь Хуверийн даланг барихад,хог хаях гэх мэт маш бага цалинтай ажил хийж байсан 30 орчим хар арьстныг эс тооцвол зөвхөн цагаан арьстануудыг л ажиллуулсан. Ази хүн ажиллуулахыг бүр хориглосон.Ийн ажлын байрны төлөө алалдаж байхад юун цэрэг,хоригдол мэтийн албадлагын хөдөлмөрийн хүчийг ашиглах,тэгэх тухай яриа ч байгаагүй.

Чухам Их хямралын үед л ажилгүйдэл нь нийгмийн төдий асуудал биш,цэвэр эдийн засгийг тодорхойлж байдаг макро тоо хэмжигдэхүүнүүдийн нэг нь мөн байжээ гэдгийг эдийн засагчид ойлгосон юм.

Зуун мянган хүн ажилгүй болно гэдэг бол үр хүүхдүүдийг нь тооцвол зах зээлээс дор хаяж хоёр зуун мянган хэрэглэгч төлбөрийн чадваргүй болно,нэг ёсондоо дор хаяж хоёр зуун мянган худалдан авагч"үхлээ"гэсэн үг.Сая хүн ажилгүй болно гэдэг нь дор хаяж хоёр сая худалдан авагч "үхээтэхлээ" л гэсэн хэрэг.Хоёр сая хэрэглэгч "үхээд" зогсохгүй,тэдний сарын цалин мэт орлогын эх үүсвэрээр хийгдэх зах зээл дээрх худалдан авалтын ачаар,хагас сар болон сарын мөчлөгтэй эргэлдэж байсан мөнгөний эргэлт буюу эдийн засгийн "цус"-ны эргэлт зогслоо гэсэн үг.Зах зээл дэх худалдан авагч "үхэх", эдийн засгийн "цус багадах"-аас болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг бизнес эрхлэгчид олноороо дампуурах бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гээд байгаа юм.

Тэгэхээр ажилгүйдлийн асуудал эдийн засгийн суурь асуудал аж.Ажилгүйдлийг хэрхэн бууруулах арга замын тухайд л эдийн засгийн дэг сургуулиудын хооронд үндсэн ялгаа гардаг.Кейнсчүүд,урт хугацаандаа тэртээ тэргүй үхэхээс хойш хэрэглэгээг өөгшүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах ёстой гэдэг бол хайекчууд, чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар ажилгүйдлийг бууруулна хэмээнэ,монетаричууд болохоор эдийн засаг дахь мөнгөний тоо хэмжээг ихэсгэж багасгах замаар асуудлыг шийднэ гэж зүтгэх жишээтэй.

Харин эдийн засгийн ямар ч дэг сургууль цэрэг,хоригдол зэрэг албадлагын хөдөлмөр эрхлэгчдээр бүтээн байгуулалт хийлгэхийг огт зөвшөөрдөггүй юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад цэрэг юм уу, эсхүл хоригдолуудаар бүтээн байгуулалт хийх,бизнесийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог нь зөвхөн энэрэнгүй ёсны үүднээс тэгээд байгаа юм биш.Ардчилсан болж харагдах гээд ч байгаа юм биш.

Гол нь жирийн иргэдийнхээ ажлын байрыг хадгалж буй хэрэг.Эдийн засгаа уналтаас хамгаалж байгаа явдал.


Венесүэлийн эдийн засаг сүйрэхэд хүргэсэн нэг том шалтгаан нь 80 мянган цэргээр зам,барилга,газар тариалан зэрэг салбарт ажил хийлгэсэн явдал.Хий гэснийг тушаалаар хийдэг үнэгүй шахам хямдхан цэргийн ажиллах хүчинд ажлын байраа алдсан ажилгүй венесүэлчүүд хотын гудамжаар дүүрэн хөглөрөхүйд;бензиний үнэ бараг нэг цент шахуу атал,орлогогүй "үхмэл" хэрэглэгчдээсээ болоод л угтаа үйлдвэр,үйлчилгээ,худалдааны салбар нь тэр чигтээ бүрэн дампуурсан даа.

Өнөөдөр манайд венесүэл маягийн сүйрэл рүү шилжилт хийгдэж эхэлсний шинж тэмдэгүүд илрээд байгаа.Ардчилсан хувьсгалаас хойш үзэгдээгүй маханд оочёрлох үзэгдэл гараад эхэлсэн,удахгүй долларын ханшийг тогтоож дийлэхгүй алдах гэж байна. Хятад нүүрсний худалдан авалтаа зогсоож,Оюутолгой төсөл гацвал Монгол сүйд болоход бэлэн.Сая,авто зам барьдаг компаниуд Ерөнхийлөгчөөс ажил гуйж бараалахсан байна билээ. 

Ерөнхийлгч,тамгын газрын дарга хоёр эдийн засгийн бодлого дээрээ эндүүрч болно.Тэр хоёр мэрэгжлийн эдийн засагчид биш.Улстөрийн шийдвэрийн эдийн засгийн аюултай үр дагаварыг олж харахгүй байж болзошгүй.

Ингэж ч байгаа нь Эрдэнэс Таван Толгойн ашиг 800 зуун тэрбумыг буцаан зарж цэргийн хүчээр төмөр зам барих тухай ярианаас харагддаг.

Гэтэл,сав л хийвэл эдийн засагч хэмээн өөрсдийгөө цоллох дуртай эдийн засгийн ухааны доктор, профессор, мастерууд бүр таг чиг.Эрх биш,чөлөөт зах зээлд шилжээд 30-аад жил болсон тул эдийн засгийн мэдлэгээ шинэчилж амжсан байлгүй дээ?! 

Зах зээлийн эдийн засгийн мэдлэг ёсоор бол цэргийн хүчээр төмөр зам барих нь улсын эдийн засгийг маш аюултай хямрал руу түлхэх үр дагавартай,макро эдийн засгийн буруу менежмент.

Энэ тухай манай эдийн засагчид мэдмээрсэн. Бас, Венесүэлийн жишээ бэлэхнээ байна шүү дээ?! З.Энхболд даргын эндүүрэл маш аюултай эндүүрэл шүү дээ! 

Хөөе! Эдийн засагчид аа! Та нар хаана байна вэ?