Ямбыг нь эдлээд ялаа үүрсэн бол гавьяа руу бүү өнгөлз, “Ах нар” аа!
Үүний хариуд яана гээч? Бид 1.7 тэрбум ам.долларын зээлийн хугацаагаа хойшлуулж өгөх нь. Дээр нь 1.6 тэрбум ам.долларын үнэ бүхий баяжмалаа урьдчилж авч зарах нь.
Үүр цайж байна…Тэд ингэж хэлэх дуртай. Гэхдээ шинээр үүр цайж байна…
Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн нээлт болж анхны тэсэлгээ хийлээ. Энэ өдөр Оюутолгойн анхны гэрээг хийсэн Ерөнхий сайд асанаас эхлээд олон хүн “догдоллоо”. Харин тэрсүүд миний хувьд тэс өөр бодол төрж байв. Мэдээж Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ гэдэг сайн мэдээ мөн. Улстөржүүлж харвал УИХ-ын сонгуульд улс төрийн нэг нам хоёр дараалан ялж нэгэн том үр дүнд хүрсэн ганц жишээгээр ч нэрлэж болох юм. Эхний дөрвөн жилийн эхний хагаст өнөөх “60 тэрбумынхан” бүтэлгүйтэл болгоноо өмнөх эрх баригчид руу чихэж, гай хөө тарьчихаад явсныг нь ам уралдан ярьж ам.долларын ханшийн зөрүүг гайхан шагширсаар Оюутолгойн хувьд лав юу ч хийж чадаагүй. Дараагийн хагаст нь арай сэргэж, Оюутолгой төслөөс яагаад үр ашиг хүртэж чадалгүй 13 жилийг үдсэнийхээ учрыг олж заримыг нь шоронд илгээж үзэв. Түүний зөв бурууг бүү мэд гэж өрөвдөлцсөөр өнгөрсөн ч үйл явдлын мөр одоо тодорч байх жишээтэй. Одоо гэдэг нь МАН-ынхны сонгуулийн ялалтын хоёр дахь хэсэг буюу 2020 оноос хойшхийг хэлж байгаа юм. Оюутолгойн гэрээг сайжруулах ажлыг зугуухан эрчимжүүлж элдэв муу сайн нэр зүүсэн Ажлын хэсгүүдийг байгуулж шахсаар Дубайн гэрээг цуцлах шийдвэрт хүрлээ. Цуцалчихаагүй, одоо хэлэлцээр үргэлжилж буй. Эцэслэн шийдэх гэхээр хууль эрх зүйн орчин нь бэлэн биш байгаа юм.
Хөрөнгө оруулагч тал тайлбараа тавихдаа “Монгол Улсын Засгийн газартай тохирсноор…” гэдэг. Үнэхээр ч Монгол Улсын Засгийн газартай л гэрээ байгуулсан юм чинь. Тэгэхээр тэр үед тохирсон Засгийн газарт “гомдох” минь зөв биз дээ. Гэрээ хийсэнд нь биш ийм гэрээ хийх гэж дээ…гэж харамсах иргэний гомдлыг хуулиар шүүхгүй байх.
Гэхдээ хэрвээ “ах нар” тэр үед сайн гэрээ хийсэн бол өнөөдөр энэ Засгийн газар, эдгээр залуус өнгөрсөн он жилүүдэд АМНАТ-аа бүрэн бүтэн авч, өнөөдөр нэмнэ гээд сууж байх байлаа. Хэрвээ “ах нар” тэр үед сайн гэрээ хийсэн бол өнгөрсөн 13 жилд бид баярлаж хөөрөөд байгаа 34 хувьд ногдох өрийг тэглэх бус, ашгаараа эмнэлэг сургууль ч атугай барьсан бол энэ хугацаанд хорт хавдраар алдсан хүний тоо арай цөөн байхсан болов уу? Хэдэн сайхан үйлдвэр бариад ажлын байртай болж, олон орон сууц барьж утаанаасаа салсан байх байсан боломж байсан болов уу? Тэртээх 2009 онд нэг иймэрхүү л юм амлаад байсан шүү дээ. Гэтэл бүх зүйл бахь байдгаараа.
Шинэ үе эхэллээ. УИХ-ын баталсан 103 дугаар тогтоолын дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, ТЭЗҮ-д алдаа дахин гаргахгүйгээр харилцан тохиролцсоноороо ирэх оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулна гэнэ.
Үнэндээ эргэлзээ ихтэй л дээ. УИХ-ын баталсан 103 дугаар тогтоол маань хаашаа янзын “юм” гарлаа? Нэмэлт өр үүсгэхгүй. Гэхдээ зардлаа 100 хувь хариуц гэсэн утгатай тогтоол баталчихсан.
Үүний хариуд яана гээч? Нэгэнт тэднийг төслийн нэмэлт санхүүжилт авч чадахгүй болгосон учраас бид 1.7 тэрбум ам.долларын зээлийн хугацаагаа хойшлуулж өгөх нь. Дээр нь 1.6 тэрбум ам.долларын үнэ бүхий баяжмалаа урьдчилж авч зарах нь. Маш харамсалтай байгаа биз? Нэмэлт санхүүжилтийн зээл авснаас ч өндөр өртөгтэй “улстөрийн шийдвэр” биш гэж үү?
Үүгээр өмнөх “ах нарын” гэрээ дүнгээ тавиулаад дуусах ёстой. Харамсалтай. Зүйрлэвээс “ах нар” тухайн үед баяр хөөр болон “Ланд круйзер-300”-ийн “УАЗ 469” машин авчихсан бол одоо энэ залуус “Та нар хуурсан байна, бид “Ланд круйзер-300” авах ёстой байсан. Одоо авъя” гэсээр ард иргэдийнхээ өмнөөс хохирол нэхэж ажилласан нь өнөөдрийн үр дүнд хүргэв.
Энэ эргэж ирсэн 34 хувьд алга ташихаас өмнө өнгөрсөн 13 жилийн дотор бид юу алдав. Хүний амьдралын 13 жил гэдэг бол урт хугацаа. Зүйрлэвээс, 10 настайдаа сургуулиа хаяад явсан хүүхдийг 13 жилийн дараа эргэж ирэхэд нь бид маш таатай орчинд сайн багш сургуульд суралцаж, хажуугаар нь төрөл бүрийн сонгон секцт суралцаж боловсорсон 23 настай иргэний хэмжээний боловсрол, чадвар нэхээд яах юм бэ? Алдагдсан цаг хугацаа ийм л байдаг. Дээр нь энэ хооронд хэдэн үйлдвэр, эмнэлэг сургууль барих боломжийг алдав? Энэ хугацаанд агаарын бохирдлоос үүдэж хорт хавдраар өвчилсөн хэчнээн хүн эмнэлэг, эм тарианы хүртээмжгүй байдлаас болж нас барав, өдий олон жилд яагаад Гэмтлийн эмнэлгээ, Түлэнхийн төвөө барьчихаж чадаагүй юм бэ гэхчлэн муу муухай уурхаг бүхэн алдагдсан 13 жилийн хугацаа, төрийн буруу шийдвэр, алдаатай гэрээний үр дүн.
Гэтэл нөгөө талд нь хэн, хэний хэдэн тэрбумын нууц хөрөнгө илэрч ял эдэлсэн билээ. Тиймээс “Ямбыг нь эдлээд ялаа ч эдэлсэн ах нар гавьяа хүртэх гэж бүү чихэлд” гэж тэр үеийн “ах нарт” сануулах ёстой. Өнөөдөр тэдний зарим нь “34 хувийг буцааж авах амархан байсан”, “Гүний уурхайн ажил хаашдаа эхлэх л байсан шүү дээ” гэцгээж байна. Эсвэл тэр залуусыг сайн ажиллалаа гэж магтаж байна.
Залуусыг бүү хөөргө. Гавьяа руу бүү өнгөлз гэж тэдэнд хэлье!
Үнэхээр тийм амархан байсан юм бол яагаад Монгол төрийн хамгийн өндөр эрх мэдлийг өгөөд байхад тийм муу гэрээ хийсэн юм бэ. Тэр бусад иргэнээс илүүрхэж эрх мэдэл авсан “элитүүд”, “МГИМО”-чууд сайн гэрээ хийчихгүй яасан юм бэ? Яагаад хөрөнгө оруулагчидтай солилцсон саналууд, гэрээнүүд чинь ил тод байгаагүй юм бэ? Өнөөдөр яагаад Хөрөнгө оруулагчид, Засгийн газрын Ажлын хэсгийнхний хоорондын харилцаа ил тод, нээлттэй байж болоод байгаа юм бэ? Ялгаа байгаа биз?
Тэр магтаад байгаа залуус чинь та нарын орхиод явсан “цоорхой дээвэртэй байшин”-г дээрээс нь ус гоождоггүй дээвэртэй болгож, дотоод заслыг нь хийж хэсэг удна. Хамгийн сүүлд тавилга тавьж тохижуулах хүртэл мөн ч хол зай байна. Та нар ийм л ажил хийчихээд “нисцгээсэн”. АМНАТ татварыг Эрдэнэт үйлдвэр шиг авч чадсан бол өнөөдөр бид АМНАТ-ын хэмжээгээ нэмнэ гээд давшилт хийж болох байсан. Зөвхөн АМНАТ-ын ялгааг эндээс харж тунгаана уу.
Одоо нэгэнт гүний уурхайн ажил эхэлсэн. Зогсож болохгүй. Их улстөржилт, алдар хүндийн мөрөөдлөө холуур байлгаж мэргэжлийн хүмүүс, хариуцлага хүлээсэн багийнхнаас холуур байх нь зүйтэй. Шинэ ажил дөнгөж эхэлж байна. Энэ шинэ үеийнхний гай ч, гавьяа ч өмнөхөөс тусдаа, шинэ цаг тооллоор явах учиртай. Тэгж байж тохирсон хариуцлагаа хүлээж гавьяагаа үүрэх болно. Дахин хэлэхэд “Ямбыг нь эдлээд ялаа үүрсэн бол гавьяанд наалдах гэж бүү чихэлд, ах нар аа!”