Өнгөрсөн сонгуулиар нэг ч Худал мэдээлэл тараах гэмт хэрэг "гараагүй"
2020 оны сонгуулиар ганц ч ийм гэмт хэрэг "гарсангүй". Гэмт хэрэг гарсангүй гээд санаа зовоод байгаа юм байхгүй л дээ. Гэмт хэрэг гарах албатай ч биш, заавал хэн нэгнийг шийтгүүлэх гээд байгаа юм бол огт байхгүй. Гэхдээ огт хэрэгжихгүй, үйлчилж чадаагүй хуулийн заалт л анхаарал татаад байгаа юм.
Манай улс худал мэдээлэл, гүтгэлэгтэй тэмцэх зорилгоор Эрүүгийн хуульд "Худал мэдээлэл тараах" үйлдлийг гэмт хэрэгт тооцож (энэ талаар эндээс http://www.baabar.mn/article/khudal-medeelel-taraakh-gemt-khergiig-kherkhen-khuulichilsan-be дэлгэрүүлж үзнэ үү), бүр сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах үйлдлийг онцгойлон авч үзэж Эрүүгийн хуулийн 14.8-д "Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах" гэмт хэргийг тусгайлан оруулсан. Гэтэл 2020 оны сонгуулиар ганц ч ийм гэмт хэрэг "гарсангүй". Гэмт хэрэг гарсангүй гээд санаа зовоод байгаа юм байхгүй л дээ. Ийм хэрэг гарах албатай ч биш, заавал хэн нэгнийг шийтгүүлэх гээд байгаа юм бол огт байхгүй. Гэхдээ огт хэрэгжихгүй, үйлчилж чадаагүй хуулийн заалт л анхаарал татаад байгаа хэрэг.
Эрүүгийн хууль 14.8 дугаар зүйл. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 1. Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2. Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. |
Худал мэдээлэл хор уршиг ихтэй, түүнтэй тэмцэхгүй бол "харанхуй"-д амьдрахтай адил. Нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээж буй өрөөсгөл, гуйвуулсан, дэгсдүүлсэн, хуурамчаар үйлдсэн мэдээлэл сонгуулийн үеэр эрс нэмэгдэж ард иргэдийн чөлөөт сонголт, улмаар ардчилалд итгэх итгэл үнэмшилд ч сөргөөр нөлөөлж буй талаар амьтай болгон ярьж байгаа. Гэхдээ мэдээлэл тараасан болгоныг эрүүгийн хэргээр шалгаад байж болохгүй. Үүнд мэдээллийн боловсрол шаардлагатай нь ойлгомжтой.
2020 оны байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлд заасан “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” 11 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас есөн хэргийг хааж, хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн ч яллах дүгнэлт үйлдсэн хэрэг байхгүй байв. 2020 онд шүүхээр уг зүйл ангиар нэг ч хэрэг хянан шийдвэрлээгүй гэсэн дүн мэдээ байна. [1]
Үг хэлэх эрх, мэдээлэл түгээх эрхээ эдэлсний төлөө хүн хэлмэгдэж, хохироогүйд нь баярлаж байгаа ч жинхэнэ гүтгэгч, илт худал мэдээлэл санаатай тараагч нарт "завшаан" болсон юм биш биз.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 2-ноос 22-ны хооронд фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийг шинжилж үзэхэд 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв. [2]
ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой судалгаанд хамрагдсан мэдээллийн 76 хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв. Эдгээрээс зөвхөн 24 хувь нь сэтгүүл зүйн бүтээл байлаа. Сонгуультай холбоотой бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд 7-8 төрлийн арга ашиглаж байна. Эдгээрээс фейсбүүк хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн тулд хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, баримт нотолгоогүй мэдээлэл түгээх буюу хөзөр холих арга техникийг хамгийн түгээмэл ашиглажээ. Үүний дараа хэн нэгний үзэл бодлыг баримт мэтээр тунхаглах арга орж байна. Худал, төөрөгдүүлсэн мэдээллийг түгээж буй анхдагч эх сурвалжаас гадна зохион байгуулалттайгаар бусдад дамжуулах замаар ийм төрлийн мэдээллийн тархалтыг дэмжсэн байх магадлал фейсбүүкээр түгээсэн судалгаанд хамрагдсан нийт мэдээллийн есөн хувьд тогтоогдсон. Цаг үеийн мэдээллийн хэрэгслийн фейсбүүк хуудсаар ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр түгээсэн нийт мэдээллийн 62 хувьд нь хэн нэгэн нэр дэвшигч, улс төрчийн тухай дурджээ. Нэр дурдагдсан байдлыг хүйсээр авч үзвэл 40 хувьд эрэгтэй, эмэгтэй аль алиныг, 57 хувьд нь зөвхөн эрэгтэй, гурван хувьд нь зөвхөн эмэгтэй нэр дэвшигч, улс төрчийн талаар шууд болон шууд бусаар хамаатуулан дурдсан байлаа. Мөн өдөр тутмын сонин болон телевизээр түгээсэн сонгуультай холбоотой нийт мэдээлэл, сурталчилгааны 31 орчим хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийн тухай байв. Гэвч фейсбүүкээр түгээж буй хамгийн олон хүнд хүрсэн постын агуулгыг твиттерт хэрхэн хэлэлцсэнийг судлахад нэр дэвшигч эмэгтэйчүүдийг царай зүсээр нь эрэмбэлж, хочилж, ёжилсон текст, үл итгэсэн тайлбар түгээмэл байв. [3]
Сонгуулийн үеэр худал, төөрөгдүүлсэн мэдээлэл их түгж, тараагдаж байдаг. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэсэн зүйл байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах гэмт хэргийн өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авч шалгаж байгаа боловч шүүхэд шилжүүлсэн, шүүхээр шийдвэрлэсэн хэрэг гарсангүй. Энэ нь нэг талаар улс төрийн мэтгэлцээний эрх чөлөө, ардчилал, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний баталгаа тодорхой хэмжээнд оршин байгааг харуулж байгаа хэрэг. Гэхдээ илт худал гүжирдлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хоёр ялгаатай. Худал мэдээлэл нь ардчилал, үг хэлэх эрх чөлөөнд томоохон сорилт байна. Худал хуурмаг бол хор уршиг ихтэй зүйл. (Энэ талаар эндээс http://www.baabar.mn/article/khuuramch-medeelliin-khor-ayuul дэлгэрүүлж үзнэ үү.)
Иймд цаашид Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, улс төрийн сонгууль гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн мэтгэлцээний оргил үе байдаг, энэ цаг хугацаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж байгаа, мэдээлэл түгээж байгаа иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг уг заалтаар шалгах нь үг хэлэх эрх чөлөө, мэдээллийн эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлах, ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг тул уг заалтыг Эрүүгийн хуулиас хасах шаардлагатай юм, манай улс цаашид худал мэдээлэлтэй тэмцэх, худал мэдээллийн эсрэг хуулийн болон зохицуулалтын хариу арга хэмжээг сайжруулах, үг хэлэх, мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх шаардлагатай нь харагдаж байна.
Ашигласан эх сурвалж
[1] ННФ, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик, УБ., 2021 он
[2] Хэвлэлийн хүрээлэн, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторинг-2020
[3] www.pressinst.org.mn