Хууль ба журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад байгаа асуудал биш. Дэлхий нийтээрээ энэ асуудалтай тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон асуудлуудыг үүсгэж байсан. Хамгийн сүүлийн жишээ ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор системчилж цэгцэллээ. Их Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ ч энэ сэдэвт маш хатуу хандаж улс төрийн асуудал үүсгэж байсан. Улс төрийн талаасаа юу гэж үзсэн бэ гэхээр гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгресс төлөөлөгчийн танхимд байна. Үүнээс үүдэж АНУ-ын улс төр хямралд ороод байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлээ дийлэхээ больж, эрх зүйт ёс нь стандарт бус болох аюул нүүрлээд байна гэж үздэг. Онолын хувьд журмыг гүйцэтгэх эрх мэдлийнхний хуульчилсан акт буюу манай улсад бол нийтээрээ дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт гэж нэрлэдэг. Журам гэдэг нь гүйцэтгэх засаглалаас буюу Засгийн газраас тогтоож байгаа акт юм. Хуулийг хэн тогтоодог вэ? Ард түмнээс сонгогдсон, бүрэн эрхээ авсан эх үүсвэртэй тэр этгээд хууль тогтоодог.  Энэ бол парламентын засаглал. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг нь ард түмнээс шууд мандат аваагүй, шууд сонгогдоогүй, парламентаас үүсэлтэй, хуулийг хэрэгжүүлдэг субъект буюу Засгийн газрыг хэлдэг. Засгийн газар гэдэгт сайд, яам, агентлаг, агентлагийн шинжтэй байгууллагууд, Засаг дарга нар орно. Одоогоор “Бүх асуудлыг хуульчлах аргагүй, амьдрал баялаг шүү дээ” гэсэн тайлбартайгаар хуульчлахыг бус журам гаргахыг чухалчлаад байна. Гэтэл үүний цаана ямар том зөрчил нуугддаг вэ гэдгийг задалж харцгаая.

Засгийн газарт хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэхийг зөвшөөрч болох уу?

Үүнийг бүрмөсөн хориглодоггүй. Өөрөөр хэлбэл, бүх асуудлыг хуулиар зохицуулах ёстой гэх нь арай боломжгүй, хийсвэр дүгнэлт болно. Түүхээ харахад 1992 оны Үндсэн хууль, ардчилсан тогтолцоонд нийцүүлээд Монгол Улс 2000-2010 онд 400 орчим хуультай байжээ. Эрх зүйн тогтолцоогоо зах зээлийн нийгэмдээ нийцүүлэхийн тулд хуулиуддаа өөрчлөлт оруулах үйл явц эрчимтэй явагдаж байсан. Энэ явцад парламент хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газар буюу Гүйцэтгэх засаглалд хууль батлах замаар шилжүүлж, үүнийгээ журам болгож байв. Хууль батлахын оронд тухайн асуудлыг салбарын сайд нь, агентлагийн дарга нь журамлаж зохицуулна гэдэг үгийг хуульд бичиж үүгээрээ хууль тогтоох эрх мэдлээ журам нэрийдлээр Гүйцэтгэх засаглал руу шилжүүлээд байсан гэсэн үг. Гэтэл 2020 оноос хойш орон нутагт эрх мэдлийг шилжүүлж эхэлсэн. Хуульд “энэ журмыг ИТХ батална”, эсвэл “журмыг Засаг дарга батална” гэж хуульд заах байдлаар эрх мэдлээ шилжүүлдэг. Судалгаанаас үзэхэд харьцангуй цөөн хэрэглэгдсэн байдаг. Хогны асуудал, муур нохой устгах, мөн сумын ИТХ-д малын хөлийн татвар ногдуулах эрхийг журмаар тогтоохыг хуульчилсан байдаг. Малын хөлийн татвар ногдуулах асуудлыг журмаар, тэр тусмаа сумын ИТХ шийдэж болдог юм уу? Энэ бол хэтэрхий том эрх мэдлийг шилжүүлсэн хэрэг.
Хамгийн олон журмыг БХБЯ баталжээ
Салбар тус бүрээр нь авч үзье. Улсын нэгдсэн бүртгэлд буюу ХЗДХЯ-нд бүртгэлгүй 433 журам яамдын түвшинд байна. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш мөртлөө мөрдөгддөг гэсэн үг. Агентлагууд дээр 95, Засгийн газрын бус бие даасан агентлагууд болон Санхүүгийн зохицуулах хороонд 66, Сонгуулийн ерөнхий хороонд 10, Монголбанкинд 36, Үндэсний статистикийн хороонд 10 журам гэхчлэн нийт  Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн газар гэх мэт зөвлөл, хороод дээр бүртгэлгүй 100 гаруй журам мөрдөгдөж байна. Гэтэл тэдгээр зөвлөл, хороодын баталж мөрдүүлдэг журмаар үнэ тогтоох гэх мэт том эрх мэдэл хэрэгждэг байх юм.
Анхаарал татсан жишээ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хоёр нийт 100 гаруй журмаар улс орны мөнгө, санхүүгийн асуудлыг зохицуулаад байгаа явдал. Яагаад гадаадад мөнгө хэвлүүлэх журам, үнэт цаасны бүртгэл, арилжаатай холбоотой журам тухайн хуульдаа бүрэн тусгагдаад хэрэгжиж болохгүй гэж? Журмаар зохицуулаад он удаан жил яваад байгаагийн цаана юу нуугдаж байна вэ, ямар хууль, хүний эрх зөрчигдөж байгаа зэрэг нь яах аргагүй анхаарал татдаг. Яамдын хувьд гэхэд хамгийн олон журамтай нь БХБЯ 146, Сангийн яам 88, ХЗДХЯ 91 журам батлаад мөрдүүлж байна. Энэ бол өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн судалгаа юм.

Журам доторх завхрал, түүнийг дагуулсан хардлагууд

Жишээ нь  ХЗДХЯ-ны баталж мөрдүүлдэг Гадаадын иргэн харьяатын газартай холбоотой журмууд байна. Гадаадын иргэн манай улсад оршин суухдаа хэрхэн бүртгүүлэх, визийн хугацаа нь дуусвал яаж албадан гаргах зэргийг хуулиас дээгүүр, гадаадад зорчих эсэх хүний үндсэн эрхэд халдан журмаар зохицуулсан байгаа юм. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр дээрх асуудалд холбоотой болон нийт 20 гаруй, мөн тус яамнаас баталж мөрдүүлдэг 91 журмын талаас илүүг нь цэгцэлж холбогдох хуульд тусгаж заагаад, тэдгээр журмыг хүчингүй болгохоор хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан боловч шинэ парламент байгуулагдсан учраас буцаагдсан аж. Мөн түүний цуцалсан журмаас иргэдэд хамгийн ойрын жишээг дурдахад жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болгосныг сануулъя. Тухайлбал, 2015 оноос хойш есөн жил мөрдөгдсөн энэ журам нь жолоочийн оноог хасах, хасаад дууссан жолоочийн эрхийг дуусгавар болгохоор заасан нь нэг буруутай үйлдэлд оноо хасах, эрх хасах, торгуулах зэргээр давхар шийтгэвэр, шийтгэлүүдийг давхардуулан оноож байсан нь Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж байсан төдийгүй эрх зүйн зарчим алдагдсаны тод жишээ. Уг журам хэрэгжих хугацаанд ямар хэмжээний торгуулийн орлого оров? Оноо хасах эсэхийг шийдэж буй тээврийн цагдаагийн эрх мэдлийг хэн хянах вэ, оноо хасуулсан жолооч нь жолооны сургалтад дахин хамрагдаад, эрхээ сунгах, үүний зэрэгцээ сургалтдаа заавал суухгүйгээр 100 мянган төгрөг төлөөд үнэмлэхээ авах зэрэг нь хэнд ашигтай байв гэхчлэн олон хардлагыг төрүүлдэг.  зэрэг хардлага төрүүлж завхрал, хийдлүүд нэлээд гарч байжээ. Цаашилбал татварын байгууллагынхан эсвэл төрийн өмчит компанийн удирдлагууд төлөвлөгөө давуулан биелүүлсэн гэх үндэслэлээр хэн нэгнийг, хэсэг бүлэг хүнийг шагнадаг асуудал мөн л журмаар зохицуулагдаж байна. Төлөвлөгөөгөө биелэх бүрэн үндэслэлээс нь зориуд доогуур төлөвлөөд шагнаад байдаг байж болох уу? 

Энэ мэтчлэн журмыг хавтгайруулах нь хууль тогтоох эрх мэдлээ хуульд бичиж байгаад хууль тогтоох эрхгүй субъектуудад өгч буй маш том зөрчил юм. Энэ завхарлыг анхны 126 гишүүнтэй парламент сайтар цэгцлэх нь тулгамдсан, зөв сэдэв мөн. Дахин хэлэхэд энэ бол зөвхөн Монголд бус дэлхий нийтийн өмнө тулгараад буй асуудал бөгөөд дараагийн удаад бусад улс оронд “хууль ба журам” хэрхэн зохицуулагддаг вэ, яаж хуульчилж асуудлаа даван туулсан талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.