Ц. Сэдванчиг: Засгийн газрын Ажлын хэсэг,“Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагын тууштай байдалд итгэж байна
Миний нэрийг ашиглаж “Рио Тинто”-д илгээсэн захианы агуулгаа өмнөх Засгийн газрууд хэрэгжүүлээгүй учраас 8 жилийн дараа дахин хэлэлцээрт орж байна
УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигтай ярилцлаа. Одоогоос найман жилийн өмнө “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жин Себастиан Жак-д Оюутолгой төслийн санхүүжилтийн талаар илгээсэн захидал хожим нь түүнийг уг албан тушаалаас огцруулах шалтгаан болсон гэдэг. Гэвч найман жилийн дараа буюу өнөөдөр Монгол Улсын Засгийн газар уг захидалд дурдсан асуудлуудаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орж буй учраас тэрхүү захиаг эргэн сануулж ярилцахаар урьсан юм.
-Монгол Улсын Засгийн газраас томилогдсон, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрээ үргэлжлүүлж буй энэ нөхцөлд найман жилийн өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 19-нд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жин Себастиан Жак-д илгээсэн таны захидлыг олж харах нь сонирхолтой байна. Тэрхүү захиа очих үеийн нөхцөл байдал, яагаад бичсэн талаар ярьж өгнө үү?
-Найман жил гэдэг багагүй хугацаа. Энэ талаар дурсан, урьж ярилцаж байгаад баярлалаа. Захиа тойрсон асуудал 2013 оны долоо, наймдугаар сар буюу наадмын дараахан болсон явдал. Наадмын өмнөх өдөр Баяжуулах үйлдвэрээ нээж, экспортын анхны ачилтаа хийж Оюутолгой компани орлого олж эхэлсэн юм. Тэр хүртэл тухайн үеийн УИХ, Засгийн газар, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд бүгд л төслийн ажлыг хурдтай, саадгүй явуулахын тулд тууштай дэмжиж байсан юм шүү. Түүнээс өмнө буюу 2009-2013 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Оюутолгой төсөл зөвхөн зарлага л гаргаж байсан. Ил уурхайг ашиглаж Баяжуулах үйлдвэрээ барьчихлаа. Цаашдаа далд уурхайг оруулахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай зээл авна. Танай Засгийн газраас зээл авахыг дэмжсэн захиа хэрэгтэй гэдэг асуудлыг хөрөнгө оруулагч талаас хэдэн сар дамжин тавьж ирсэн.
-Яг хэн нь тийм санал тавьж байсан юм бэ?
-“Рио Тинто”-гийн талаас. Хэн нэгэн хүн биш хөрөнгө оруулагч талд төслийн санхүүжилтэд зээл авахыг дэмжсэн захидал хэрэгтэй байсан тухай яриад байна л даа. Олон улсын банк,санхүүгийн 15 байгууллагаас авах зээлийн нөхцлүүд нь үндсэн гэрээ, холбогдох хууль дүрэм зөрчсөн мөн зээл олгогч нарт танилцуулсан санхүүгийн загвар тооцоолол нь ирээдүйд манай талыг их хэмжээний өр зээлийн дарамтад унагах өндөр зардал шингээсэн байсан.
-Ингээд зээл авахтай холбоотой Засгийн газраас явуулах захиаг хөрөнгө оруулагч талд та явуулсан. Та “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх, ерөнхий захиралд энэ захиаг бичсэнээсээ болж ажлаа өгсөн, тийм үү?
-Намайг энэ захиаг дур мэдэн явуулсан болохоор халагдсан гэдэг. Энэ захиа бол нэг компанийн захирал дураараа явуулчихаар хэмжээний агуулгатай захиа биш. Тэр үеийн манай салбарын сайд, Ерөнхий сайдын түвшинд олон сар ярилцаж захианы төслийг би бэлтгэж, миний нэрээр “тухайн үед зээлийн нөхцлүүдийг хүлээн авах боломжгүй” тухай 6 зүйлээр тайлбар хийсэн захиа юм шүү дээ.Үүнээс хойш сарын дараа би ажлаа өгсөн.
-Тэр үед миний санаж байгаагаар анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д заасан 5.1 тэрбум ам.долларын зардал 7 тэрбум гаруй ам.доллар болж өсөөд, гэрээг өөрчилнө гэхээр л манай талд урьдчилгаа болгож өгсөн 250сая ам.доллараа нэхэж шахдаг байлаа шүү дээ. Та “Рио”-д захидал бичээд ажлаа өгсний дараа хэвлэлд “Монгол Улс 24 тэрбум ам.долларын өрөнд унаж магадгүй” гэснийг найман жилийн дараа буюу саяхнаас хөрөнгө оруулагчид зөвшөөрч хэвлэлд хэлж эхэллээ. Энэ өрийг тухайн үед та Засгийн газарт тайлбарлаж байсан уу? Үүнийг л захиа бичих үндэслэл байсан болов уу гэж боддог.
-Гурван ч сайдын хамтарсан тушаалаар анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг анхан шатны баримттай тулгаж шалгах 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багтаван сар гаруйн хугацаанд ажиллаж байсан тэдний дүгнэлтийг харж амжаагүй би ажлаа өгсөн. Ер нь Засгийн газар анх гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монголын талын өгөөж 53 хувь буюу 30 тэрбум гаруй ам.доллар, хөрөнгө оруулагч талын өгөөж 47 хувь буюу 25 тэрбум гаруй ам.доллар байхаар танилцуулж УИХ-аас зөвшөөрөл олгосон 57 дугаар тогтоолыг батлуулсан байдаг. Тэгэхээр “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайд төслийн санхүүжилт авахаар санхүүгийн байгууллагуудад тавих зээлийн нөхцлүүдийг зөвшөөрчихвөл дээрх өгөөжийн харьцаа өөрчлөгдөж Монгол Улсад хохиролтой болох тодорхойгүй бөгөөд эрсдэлтэй асуудлыг УИХ-д танилцуулах шаардлагатай гэж тайлбарладаг байсан. Санхүүжүүлэгч нарт төсөлд шаардлагатай нийт зээлийн дүнг 24 тэрбум ам.доллар гэж танилцуулсан байдаг. Тэр зээлийн шугам нээгдмэгц эхлээд 4 тэрбум ам.доллар, дараа нь 6 тэрбум ам.доллар гээд явахад богино хугацаанд Монгол Улс 10-аад тэрбум ам.долларын өрөнд унах тооцоо харагдаж байсан. Хөрөнгө оруулагчид анхнаасаа л зээлийн асуудлыг дангаараа буюу Оюутолгой компанийн ТУЗ-ийн саналын авахгүйгээр Лондонд шийдээд, зээлдэгчидтэй тохирсон байсан. Тухайлбал, 2012 оны 12 дугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл Лондонд очиж зээлдүүлэгчидтэй хийсэн уулзалт дээр нь Монгол Улсын хууль, талуудын гэрээг зөрчсөн зээлийн нөхцөл ярьж байна шүү” гэсэн байр сууриа илэрхийлсэн байдаг ч хөрөнгө оруулагчид тоогоогүй юм. Тэр хөрөнгө оруулагч талын Засгийн газраас хүсээд байсан дэмжлэгийн захиа буюу /Comport letter/ гэгч нь бодит агуулгаараа тэр зээлийг авахыг Засгийн газраас зөвшөөрсөн бичиг юм. Ингээд Засгийн газрын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу би уг захианы төслийг бэлдсэн. Засгийн газар хянаад намайг явуул гэсэн. Дараа нь үүнээс болж намайг “Ажлаа өг” гэсэн. Ажлаа өгсний дараа би “Миний нэрийг ашиглаж Рио Тинтод явуулсан захианы агуулгаа Засгийн газар хэрэгжүүлэх ёстой” гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан.
-Таны захидалд дээр ярьсанчлан их хэмжээний дүнтэй хэлцэл хийхдээ ТУЗ болон Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй дараалал алдагдсан, зөвхөн 66 хувийнхны эрх ашгаар шийдвэрлээд байгааг шүүмжилсэн. Яг энэ алдааг “Дубайн гэрээ” гэгддэг санхүүжилтийн төлөвлөгөөн дээр давтсан гэж ойлгож болох уу?
-Дубайн гэрээ нэртэй төслийн санхүүжилтийн төлөвлөгөө гэгчээр далд уурхайд 15 банкнаас урт хугацаатай зээл авахыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Би ажлаа түүнээс өмнө өгсөн учраас яг ямар дарааллаар явсныг сайн мэдэхгүй.
-Тэр үед л Н.Алтанхуягийн Засгийн газар таныг ажлаас чөлөөлөх бус, таны захидлыг дэмжиж ажилласан бол Монголын тал бага алдах, ногдол ашиг авахаас эхлээд одоогийн энэ Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн яриад байгаа бүх асуудлыг тэр үед шийдчих боломж байсан уу?
-Миний харамсаж явдаг зүйл тэр шүү. Тухайн үед төр, засгийн удирдлагууд нэг байр суурьтай, хэлж ярьж байсандаа хатуу зогсож тэр захианд тайлбарласан зургаан асуудлыг шийдээд явсан бол “Дубайн гэрээ” ч төрөхгүй, одоогийн Ажлын хэсэг ч найман жил өнгөрсний дараа яг тэдгээр асуудлыг шийдэх гээд цаг хугацаа алдаж суухгүй байхсан гэж бодож байна.
-Нэг дурсамж сөхье. 2013 оны 2-р сарын 1-нд, УИХ-ын чуулган дээр та Оюутолгой төслийн талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа хөрөнгө оруулагч тал “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оюутолгой төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид Рио Тинто танайд нэг цент ч өгөхгүй” гэсэн байдаг. Ийм дарамт хэр их ирж байв?
-Таны хэлсэн тэр өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон. Хөрөнгө оруулагч талхэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд бүрэн мониторинг хийдэг учраас тэр танилцуулгыг болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр суурийг харсан. Үүний дараа Хувьцаа эзэмшигчдийн хурал болов. Тэр хурал дээр Лондонгоос “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал, ноён Хардинг ирж оролцсон бөгөөд сонин юм их болсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчид Оюутолгой компанийн байранд хийнэ гэхэд манай Засгийн газрын гурван гишүүн Төрийн ордонд хийнэ гэж зөрнө. Дундыг бариад Их тэнгэрт тэр хурлыг хийсэн. Сонин сонин үйл явдал тэгэхэд их болсон. Тэгэхэд л таны асуусан дээрх үгийг хэлсэн юм. Бүр “Цаашид Оюутолгой төсөлд нэг цент ч өгөхгүй” гэж тодорхой хэлсэн. Хамгийн айхавтар нь тэр үед Хардинг захирал “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурийг харлаа. Ярилцаж тохирсноосоо их өөрчлөгдсөн байна. Би найман жилийн өмнө ганц хүүгээ ослоор алдахдаа л ингэж гутарч, гашуудаж байсан” гэсэн юм. Тэр маш нөлөөтэй хүн байсан.
-Гэтэл найман жилийн дараа буюу өнөөдөр Засгийн газраас УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг томилогдон хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байна. Үр дүнгийн мэдээллийг сонсоход анхных гэх олон ахиц дэвшил гарч байна. Хөрөнгө оруулагч тал Засгийн газраас хүлцэл өчлөө, цар тахлын хүнд үеийг давах туулахад зориулж, гүний уурхайн ажил удааширсан нь бидний буруу гээд “ногдол ашгийн урьдчилгаа” өгье гэлээ. Ногдол ашиг хуваарилаагүй байж ногдол ашгийн урьдчилгаа өгч буй нь “хачирхалтай” боловч хэлэлцээр үр дүнтэй л яваа. Таны бодол, үнэлгээг сонсмоор байна?
-Намайг ажиллаж байх үед бол хөрөнгө оруулагч тал хэлэлцээрийн үеэр Засгийн газарт мөнгө санал болгож байгаагүй. Тухайн үед андуураагүй бол ТЭЗҮ ёсоор 2018 онд далд уурхайг ашиглалтад оруулж 2021 онд ногдол ашиг хуваарилахаар байсан. Одоо явагдаж байгаа хэлэлцээртдалд уурхайд авсан санхүүжилттэй холбоотой ногдол ашиг хуваарилах хугацаа хэт ухарсныг наашлуулах тухай яриа болж байх шиг байна. Мөн 34 хувьд ногдох өр /2.4 тэрбум доллар гэх шиг болсон/-ийг тэглэх чухал асуудал ч нааштай яригдаж байна гэж ойлгож байгаа. Одоо хэлэлцээр хийж буй Засгийн газрын Ажлын хэсгийнхэн ч, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлага ч өндөр боловсролтой залуус учраас мэдлэг, мэдээлэл сайтай, асуудлын мөн чанараа ойлгож тууштай ажиллаж байгаа санагддаг. Улс төрийн эр зориг, эх оронч хандлагынхаа хувьд миний найман жилийн өмнө бодож, сэтгэж, ажиллаж байсантай тун ойрхон санагдаж байгаа учраас итгэж байна. Гэхдээ тэд багагүй эрсдэл хүлээж ажиллаж байгаа учраас санаа, сургамж болох болов уу гэсэндээ таны хүсэлтийг авч ярилцлага өглөө.
-Танд баярлалаа.