Сэтгүүлч хоригдож байна
-Ардчилсан Үндсэн хуулийн өдөрт-
Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө юун түрүүнд сэтгүүлчдэд ирэхдээ чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг бий болгохын хамт өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх чөлөө, зарим талаар “ял” мэт үүргийг давхар оноосон юм.
Ардчилал төрөөс цалинждаг чөлөөт хэвлэл байх боломжгүйн зарчмыг тунхаглан 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас батлахдаа яг энэ одоогийн цаг үеэс эргэн харахад хэвлэл мэдээллийг төрийн аливаа дэглэм, үзэл суртлаас хамгаалах үндсэндээ цор ганц гэж хэлж болох үзэл баримтлалыг нэвт шингээсэн юм.
Төрийг хянах, төрөөс үл хамаарах чөлөөт үзэл бодол бүхий чөлөөт хэвлэл байхуйн нэг мөн чанар нь эдийн засгийн хувьд оршин тогтнох санхүү, орлогын үндэс нь төрөөс үл хамаарах ёстой гэсэн зарчмыг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар тунхаглаж, тус хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу төр, засгийн нэр бүхий хэвлэлийг хувьчилснаар зарчим төгс ялсан сан. Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргах нь жинхэнэ утгаараа зах зээлийн зарчимд шилжин хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаа төгс ялж, Монгол Улс чөлөөт хэвлэл бүхий ардчилсан улсын хэв шинжээ олов.
Чөлөөт хэвлэл бол чөлөөт бизнес юм
Харин өнөөдөр ардчилсан Үндсэн хуулиа баталсны ойн баярын өдрөөр “сэтгүүлч хоригдож буй” тухай сануулах шалтгаан, магадгүй үүрэг надад байх ёстой.
Тийм ээ, Өнөрөө даварсаан... Яагаад гэхээр тэр баяжсан.
Үндсэн хуулиар чөлөөт хэвлэл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх нь ардчиллын суурь зарчим болж хуулиар баталгаажсанаас хойш хэвлэл мэдээлэл бизнес болсон юм. Бизнесийн зарчмаар бол хамгийн сайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн эрэлттэй бөгөөд ашиг орлоготой байх нь зүй ёсны шалгарал гэдгийг хүлээн зөвшөөрөөд ардчилсан Үндсэн хуультай он чацуу хугацааг бид нийгмээрээ туулж явна. Баяр хүргэе, яагаад гэвэл баярын өдөр шүү дээ.
Гэхдээ сэтгүүлчийнхээ хувьд би дотроо эмзэглэлтэй байна.
Нэр бүхий сэтгүүлчийг цагдан хорьсноос хойш үйл явдал өрнөх зуур анхны эхлэл цэгээс хойш олон юм мартагдаж, нөгөө шүүхийн нэр хүнд яалаа гэж асуухдаа тултал минь асуудал хэдэнтээ сургийн үзүүрт хувирч амжлаа. Түүний хувийн болон түүний эрхлэн гаргаж буй мэдээллийн хэрэгслийн орлого, санхүүжилтын эх үүсвэрийг шалгахдаа цагдаагаас анх мэдээлсэнчлэн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэх гомдлыг нотлон батлах, эс бөгөөс үгүйсгэхийн тулд зүй ёсны байх гэж бодсон ч цагдан хориог дахин сунгах шүүхийн шийдвэрийн талаарх албаны мэдээнээс харвал мэдээллийн хэрэгслийг “татвараас зайлсхийсэн” хэрэгт бас давхар шалгаж байгаа аж. Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагууд, тэр дундаа төрийн яам, тамгын холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр дуудан асуултын логикоосоо авахуулаад л “дарамтлуулж байгаад мөнгө өгсөн” гэдэг зүйл хэлүүлэхийг хүсэж байгаа бололтой.
Ардчилсан Үндсэн хуулиар дахин зохион байгуулагдсан Монголын өнөөгийн нийгэм хуулиар хориглоогүй аливаа бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүнээс ашиг орлого олох эрх чөлөө бүхий либерал зах зээлийн зарчмаар шүүгдэн дампуурах нь дампуурч, тэсэх нь тэсэж үлдсэн чөлөөт хэвлэлийг орлогынх төлөө өнөөдөр шалгаж байгаа бол ардчиллаас ухарья. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн гучин жилд өдий төдийгөөрөө дампуурч, элгээрээ элс рүү шурган орохыг үзсэн. Хэрэв хэвлэл мэдээлэл орлогожихыг үзэж чадахгүй нийгмийг хүсэж байгаа бол эргээд 90 он руу ухарья. Хэвлэл мэдээлэл төрөөс санхүүжиж, түүний эрхтэн дархтануудын магтаалын хөргөөр хоор дуу дуулаж, хулгай зэлгийг нь ч марьтя. Үүнийг монголчууд лав хүсээгүй гэдэгт итгэлтэй байна.
Энэ салбарт бизнес эрхлэх, ажил олгогч байх амаргүй. Учир нь хэвлэл мэдээлэл онлайн худалдаа огт биш. Уул уурхай бүр биш. Уул уурхайд ажиллах хүчний зардал нийт зардлынх нь 1-5 хувийг эзэлдэг бол хэн нэг авьяастай хүний нуруун дээр бүтдэг креатив салбарт үйл ажиллагаа явуулахад зардлынх нь 90-аас 100 хувь нь хүний зардал байдаг. Ажиллах хүчний цалин хөлсний тэр зардал дээртөлдөг нийгмийн даатгалын 24 хувь, эрүүл мэндийндаатгал, хүн амын орлогын албан татвар, тэгээд аж ахуйн нэгжийн бусад татваруудыг тооцоод үзэхээр хэвлэл мэдээлэл маш өндөр өртгөөр бүтдэг. Монголд уул уухайгаас бусад салбар, тэр дундаа креатив салбар хөгжихөд маш хүнд хаалт болсон хууль эрх зүй, татвар, мөнгөний бодлого үйлчилсээр ирсэн юм.
Сэтгүүлчид баримт “хогийн сав”-наас олддог хялбар эд биш...
Уг нь үүний төлөө сэтгүүлч хөдөлмөрлөдөг, эр зориг гаргадаг.
Сэтгүүлчид “шантааж” хийдэг гэдэг хэлц яриа, хэвлэлийнхэн “худалдагддаг” гэх буруутгал олон жилийн хэвлэл мэдээллийнхнийг дагалдаж, шүүмжлэмтгий мөн чанар бүхий чөлөөт хэвлэлийнхний үгийн гүнд эрх ашиг нь хөндөгдсөн албаны тушаалын болон мөнгөний эрхтэн дархтанууд дээрх хэлцүүдийг ашиглан “сэтгүүлчид худлаа бичдэг” гэх ойлголтыг нийгэмд цацан өөрсдийгөө уснаас хуурай авч гарах арга саам болгохыг санаархдаг нь ердийн л юм болж. Сүүлдээ “шантааж хийх”, “худалдагдах” гэдэг дам хар яриа хуулийн хэлэнд хөрвөж, ойрноос эрүүгийн гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх нэр томьёо руу хөрвүүлэгдэн орж ирэх боллоо. Үнэхээр ийм гэмт хэрэг сэдсэн бол сэтгүүлчээ өмгөөлөх нэр, нүүр над алга. Харин гэхдээ ардчилсан Монгол Улс маань нийтийн эрх ашгийг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хувьдаа давуу байдал, ашиг хонжоо олж авсан эрхтэн дархтан гэмт үйлдлийнхээ төлөө ямар мэдээллийг ямар үнээр нуун дарагдуулж байна вэ гэдгийг шалгаж тогтоодог шүүх, цагдаатай байхыг шаардах эрхтэй.
Төр, төрөөс томилогддог, цалинждаг бүх субъектүүд эцэстээ “хэвлэл мэдээлэл” гэдэг дундаа нэг “дайсан”-тай болж байгаа аж. Хэвлэлийнхний дунд худал цуу тарааж, нэгнээ өмгөөлж хамгаалах зоригийг нь мохоож, дуу хоолойг нь дарж, элдэв арга сэдэж байгаа ч энэ бүхэн тийм хол явж чадах болов уу? Учир нь хэвлэл мэдээллийнхэн олуулаа. Хэн нэгнийг нь “тавин хэдэн гэмт үйлдлээр шалгаж байна” гэж цуурахад айгаад намсхийх нь таарч мэдэх ч “хүний үйлдэл бүрийг хэрэг болгодог цөвүүн цаг иржээ” гэж адрах нэгэн захаас аван олдоно оо. Олон нийтийн төлөө явах сэтгэл зүй хүн бүрт байгаад байдаггүй. Тэдний сайн сайхны төлөө дуугарах, тэмцэх эр зориг бол бүр ч ховор чанар. Сэтгүүлчдэд харин нийтлэг байдаг хувийн зан чанар нь шударгын талд зогсох, олон нийтийн төлөө дуугарах эр зориг, сэтгэл зүй байдаг юм. Хэвлэлийн эрх, эрх чөлөөгөө алдвал бусад зөрчигдсөн эрхийнхээ төлөө тэмцэх зам үлддэггүй. Тиймийн учир ардчилсан Үндсэн хуульд тунхагласан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө мандтугай.
DR. ADITYA
зочин
Зочин
УУЛ
Ц.Цэрэнбадам