УЛСЫН ТӨСӨВ БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ ТЭГШ ХУВААРИЛАХ ҮНДСЭН АРГА
Нийгмийн баялагийн тэгш хуваарилалтын зарчим алдагдаж, эрх мэдэл давамгайлж, шударга бус байдал газар авах нь УИХ дахь Улсын төсвийн хуваарилалтаас эхлэдэг болжээ.
УЛСЫН ТӨСӨВ БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ ТЭГШ ХУВААРИЛАХ ҮНДСЭН АРГА
УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш манай сонгогч олон нийгмийн сэтгэл зүйн том хүлээлттэй байсаар байна. Тэд энэ сонгуулийн үр дүнд бий болсон 126 гишүүнтэй Монголын шинэ парламент улс төрийн амьдралд ардчилал, шинэчлэлийн салхи оруулж, авилга, хээл хахуултай тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргаж, нийгмийн шударга ёсыг тогтооход эргэлт гаргана байх хэмээн хүлээсээр байгаа.
Шинэ парламентын өгөх эхний бөгөөд хамгийн хариуцлагатай шалгалт бол 2025 оны Улсын Төсвийг хэлэлцэж, батлах үйл явц бөгөөд түүнийг Монголын нийгэм анхааралтай ажиглаж байна.
Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайдын албыг найман жил хашсан, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Енс Столтенберг “Бид баян болохоосоо өмнө шударга ёсыг тогтоосон байлаа” гэж хэлж байсныг би байнга хэлэх дуртай. Яагаад гэвэл манайд шударга ёсыг тогтоож амжаагүй учраас улстөрчид нь эрх мэдлээ ашиглан, мөнгө хөрөнгөтэй орооцолдох нь хэвийн үзэгдэл байсаар байна. Нийгмийн баялагийн тэгш хуваарилалтын зарчим алдагдаж, эрх мэдэл давамгайлж, шударга бус байдал газар авах нь УИХ дахь Улсын төсвийн хуваарилалтаас эхлэдэг болжээ.
Аливаа улс орны нэгдсэн төсөв гэдэг бол тухайн улсын жилд олох орлого, гаргах зардлыг тооцож, олж буй ашиг, орлогоо нийт ард түмэндээ хэрхэн тэгш, хүртээмжтэй бөгөөд үр ашигтай зарцуулах вэ гэдэг бодлогын баримт бичиг байдаг. Тиймээс соёлт ертөнцөд бол улсын төсвийг нийгмийн баялагийг тэгш хуваарилах үндсэн арга гэж үздэг.
Улсын төсвийг Засгийн Газар оруулж, УИХ хэлэлцэн батлах ёстой ч манайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтсон нэгэн буруу зүйл бол үнэн хэрэгтээ УИХ-ын эрхэм гишүүд өөрсдийн эрх мэдлийг ашиглан дур зоргоороо хуваарилан баталж, зарцуулж ирсэн явдал юм. Бид УИХ-ын хэн нэг гишүүн нь Засгийн Газар, Сайд нараа, тэр ч байтугай Ерөнхий сайдаа гуйж гувшиж, дайрч давшилж, бүр болохгүй бол шахаж, дарамталж, өөрийнхөө сонгогдсон тойрогт илүү төсөв мөнгө тавиулж батлуулдаг нь ердийн үзэгдэл болтлоо гажуудсан төсөвтэй улс болсон байна.
Үүнийг засаж залруулах томоохон зорилтыг МАН-ын залуу удирдлагууд дэвшүүлэн тавьж, 2024 оны парламентын шинэчлэлтийг хийж чадсан билээ.
Гэтэл шинэ парламент маань ч буруу замаар будаа тээх шинжтэй болоод ирлээ. Засгийн газрын хийхийг зорьсон төсвийн шинэчлэлтийн бодлого ч харагдахгүй, улмаар алдагдаж болзошгүй болж байна.
2025 оны Улсын төсвийн хэлэлцүүлэгийн явцаас харахад эрхэм гишүүд маань төсөв бол нийгмийн баялагийн тэгш хуваарилалтын үндэс гэдгээ ойлгохгүй байгаа нь илт харагдаж байна. Тэд өөрсдийн “ах нараа” дуурайж тойрог бүртээ 5 Тэрбум төгрөгийн “хувийн төсөв”-тэй болох сонирхолоо гозолзуулж эхэлжээ. Арга ч үгүй биз. Тэгэж төсвийн луйвар хийж “амьдарч”, түүнийхээ ачаар олон давтан сонгогдож ирсэн “ах нар” нь дэргэд нь хатгаад, хавираад сууж байхад. Тэдгээрийн нэг Ц.Даваасүрэн УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны дарга гээд ахиад л төсвийн луйвар хийж, өөрийн тойрогт нэг аймгийн бүх сумдад Бяслагны үйлдвэр барих олон Тэрбум төгрөгийн төсөв хийчихээд сууж байна. Тэрээр өөрийн “хулгайгаа” нуухын тулд “Манайх төрийн зохицуулалттай эдийн засагтай байх ёстой! Төрийн зохицуулалттай эдийн засагтай байх ёстой учраас би бяслагийн үйлдвэрийг санаачилж, Хөвсгөлийн бүх суманд бариулж байгаа!!” гэж олон нийтийн сүлжээгээр ичих ч үгүй бичиж, сонгогч олныг “Нохой хуцаж л байг… Би барилж байгаа бариулна” хэмээн доромжилж сууна.
Энэ мунаг, муйхар үйлдлийг хараад дуугүй суух эрх иргэн надад алга. Эрхэм гишүүн, тэгээд болоогүйээ Байнгын Хороон дарга нь сонгогч биднийг хэрхэн дорд үзэж, дур зоргоороо аашилж буйг төсөв батлаж буй УИХ-ын эрхэм гишүүдийн сонорт хүргэж байна.
- Их Британийн Ерөнхий сайд асан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер “Татвар төлөгчдийн мөнгө гэж байхаас төрийн мөнгө гэж байдаггүй” гэж нэгэнтээ хэлснийг эрхэм гишүүн Ц.Даваасүрэн Сангийн Яаманд олон жил ажилсан хүний хувьд хамгийн сайн мэдэж байх л учиртай.
Гэвч тэр үүнийг ор тас мартсан бололтой. Татвар төлөгчдийн мөнгө яагаад зөвхөн Таны тойрог, Таны аймаг, Таны сумдад баялагны үйлдвэр болох ёстой юм бэ? Яагаад бусад тойрог, бусад аймаг, бусад сумдад хуваарилж болдоггүй юм бэ? Энэ бол Ц.Даваасүрэн та УИХ-ын Байнгын Хорооны даргын хувиар Засгийн Газар, магадгүй Сангийн сайд, Ерөнхий сайдад шахалт үзүүлэн байж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар өөрийн тойрогт татвар төлөгчдийн мөнгийг завшиж буй гэмт хэрэг. Үүний төлөө Та огцрох ёстой.
- Ц.Даваасүрэн Та “төрийн зохицуулалттай эдийн засаг”-т их хайртай бололтой. Тиймээс ч Монгол Улсын Үндсэн Хуулиас дээгүүр “ёстой, ёстой” гэсэн мэдэгдэл хийдэг болжээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавдугаар Зүйлд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. …Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан нь Монгол Улс “төрийн зохицуулалттай эдийн засаг”-тай орон гэсэн үг биш. Ингэж Үндсэн Хуулиа хүртэл гүйвуулан тайлбарлаж, төсвийн луйвар хийх эрх Танд байхгүй байлтай. Эрхэм гишүүн гуай! Хоёрдугаарт, Та сайн эдийн засагч, туршлагатай парламентч хэдий ч Монгол Улс ямар эдийн засагтай байхыг “!” тэмдэг тавин байж анхааруулж, Монгол Улсын Үндсэн Хуулийг гажуудуулан тайлбарлах эрх Танд огт байхгүй. Энэ эрх гагцхүү Үндсэн Хуулийн Цэцэд хамаардаг учиртай байхаа. Та үнэхээр Цэцээс дээгүүр толгойтой, биеэ тоосон хүн болжээ.
- Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд муу ч сайн ч 30 гаруй жил болж байна. Хаана бяcлагны үйлдвэр байгуулбал ашигтай вэ гэдгээ манай бизнесийн салбарынхан, хувийн хэвшлийнхэн маань мэддэг болчихсон. Дэлхийн брендийг монгол сүүгээр хийдэг “Хонин нуга” гээд бяслагны үйлдвэр Сэлэнгэд ажиллаад эхэлсэн гэсэн. Та дуулсан л биз. Үр ашигтай гэж үзвэл хувийн хэвшлийнхэн маань Хөвсгөлд ч бяслагны үйлдвэр баричихна даа. Үүнд төрийн, чухамдаа татвар төлөгчдийн мөнгийг зарах шаардлагагүй. Танд тийм эрх байхгүй. Цаг үе нэгэнт өөр болсон шүү. Эрхэм гишүүн Та ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Зүгээр л сонгогчид биднийгээ дамшиглаж байгаа биз дээ…
- Төсөв гэдэг бол баялагийн тэгш, шударга хуваарилалтын үндсэн арга болохыг хамгийн сайн мэдэх ёстой хүн УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны дарга байх учиртай. Тэгээд түүнийгээ УИХ-ын бусад гишүүддээ тулган мөрдүүлэх ч үүрэгтэй байдаг байх.
Гэтэл баялагийн тэгш хуваарилалтын тухай гажуудсан ойлголт олон нийтийн дунд, түүний дотор УИХ-ын эрхэм гишүүдийн дунд байсаар байна.
Тиймээс баялагийн тэгш, шударга хуваарилалт яригдаж эхэлмэгц олон нийтийн анхаарлыг уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг “тэр тэр тэдэн орд газартай”, “30 гэр бүл” гэх мэтээр нэрлэн олон нийтийг турьхирчихдаг хуучин аргаа Та санагалзаж байх шиг байна. Үүний ард өөрсдөө татвар төлөгчдийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр зарцуулж, хэдэн зуун тэрбумаар төмөр зам барьж ашиглаж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэтийн хүмүүсийн ашигладаг PR технологи улам явуургүй болж байгаа гэдгийг Та өөрөө ойлгоод улмаар эрхэм гишүүддээ хэлж ойлгуулаарай даа!
Энэ бүхний эцэст эрхэм гишүүн Таныг хэрээс хэтэрсэн шуналаа барьж, 2025 оны Улсын Төсвийн төсөлд оруулсан саналаа татан авна гэж найдаж байна.
2025 оны Улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын хуралдаан болон олон нийтийн дунд өрнөж буй олон маргаантай асуудлыг бүгдийг хөндөхийн энэ удаа хүссэнгүй.
МАН-ын Дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын УИХ-аас хамаарах хамаарлыг багасгаж, төсвийн болон бусад эрх мэдлийг боломжийн хэмжээнд бэхжүүлж, 1990 оноос хойших Ерөнхий сайд нарт байгаагүй давуу талыг Засгийн Газартаа бий болгож чадсан билээ.
Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдсэн гол ололтоо улам бэхжүүлж, 2025 оны төсвөө ил тод, нийгмийн баялагийн тэгш, шударга хуваарилалтын шинэ үлгэр жишээ болохуйц байлгахад өөрөө биеэчилэн анхаарч, Их Бүтээн байгуулалтын 14 Мега төслүүдээ оновчтой төлөвлөж, хамгийн гол нь Улсын 2025 оны төсвийн энэ мэт үр ашиг муутай урсгал зардлыг дорвитай танаж, төсвийн алдагдлыг багасгаасай гэж олон нийт Засгийн Газраасаа хүлээсээр байгааг хэлэх юун.
ОББЭЭ, Доктор Б.Энхмандах
2024 оны 11 сарын 7.