Монгол Улс, ЗСБНХУ/Орос Улс хоорондын 1989-1993 он хүртэлх харилцааны тухайд 1995 оны миний ажиглалт
Хэдхэн жилийн өмнө гэхэд л Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ), ЗСБНХУ-ын хоорондын харилцаа дотоодын бат бэх байдал, урьдаас тооцоолж болдог, хэлбэрэлтгүй чанараараа гойд байж, хоёр орны эрх баригчид уг харилцааг бүр 2005 он хүртэл төлөвлөх хэмжээнд хүрсэн мэт санагдаж байв. Энэ хооронд тус хоёр орны нийгэмд чухамхүү тэсрэлтийн чанартай өөрчлөлтүүд явагдаж, түүнээс үүдэлтэй шинэчлэлийн шуурга тэдгээрийн харилцааг ч мөн хамарсан юм.
Хэдхэн жилийн өмнө гэхэд л Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ), ЗСБНХУ-ын хоорондын харилцаа дотоодын бат бэх байдал, урьдаас тооцоолж болдог, хэлбэрэлтгүй чанараараа гойд байж, хоёр орны эрх баригчид уг харилцааг бүр 2005 он хүртэл төлөвлөх хэмжээнд хүрсэн мэт санагдаж байв.
Энэ хооронд тус хоёр орны нийгэмд чухамхүү тэсрэлтийн чанартай өөрчлөлтүүд явагдаж, түүнээс үүдэлтэй шинэчлэлийн шуурга тэдгээрийн харилцааг ч мөн хамарсан юм. ЗСБНХУ оршин тогтнохоо ольж, түүний оронд улс төрийн талаар бүрэн өөрчлөгдсөн Орос улс гарч ирлээ. Монгол улс шинэ Үндсэн хууль гаргаж, түүндээ өөрийгөө “тусгаар тогтносон ... улс”1 хэмээв. Орос, Монгол хёр улс хоёулаа зах зээлийн эдийн засаг, ардчиллын талаарх Өрнөдийн ойлголт төсөөлөл, улс төрийн олон ургальч үзлийг ямар ч эргэлзээгүйгээр баримтлах боллоо. Энэхүү шинэчлэл нь тус хоёр орон бие биеэ шинээр ойлгох болсон, мөн геополитикийн үнэлэмж, бий болсон нөхцлөөр тодорхойлогддог улс төрийн уламжлалт чиг шугамд тулгуурлан хоёр улсын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах найдлага төрүүлж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд тогтоод байсан улс төр, эдийн засаг, цэрэг, соёлын харилцаа дараах чиглэлүүдээр тодорхойлогдож байв. Үүнд:
- Аль аль нь марксизм-ленинизмийг үзэл суртлынхаа үндэс болгосноор намуудын харилцаа буюу ЗХУКН, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) хоорондын харилцааг хоёр талын бүх хэлбэрийн харилцаанаас дээгүүрт тавьж байсан.2
- Социалист орнуудын эвслийн хүрээнд ЗСБНХУ удирдан чиглүүлэх үүрэг, ролийг өөртөө авч байсантай холбоотойгоор Зөвлөлт-Монголын харилцаа анхнаасаа л шинж чанарын хувьд тэгш эрхтэй түншүүдийн харилцаа байгаагүй юм. Гэвч энэ нь тухайлбал, Монголын хувьд ямар ч ашиггүй байсан гэсэн үг биш билээ. Ингэснээрээ харин Монгол улс бие даасан гадаад бодлого явуулах нөхцөл боломж нь тун хязгаарлагдмал байв.
- БНМАУ-тай харилцахдаа ЗСБНХУ дэлхийн болон Азийн их гүрэн гэдэг утгаараа цөөнгүй тохиолдолд Хятадыг бас давхар бодолцдог байсан.
- Монголын талаарх Зөвлөлтийн бодлогод Оросын уламжлалт бодлогын чиг шугам ямагт давамгайлж байлаа. БНМАУ-ын талаар явуулж буй Зөвлөлтийн гадаад бодлогын үндсэн чиг шугамын тухайд тэр нь мөн л Хаант Оросын үеийн геополитикийн ойлголтод тулгуурладаг байв.
- Тус хоёр орны хоорондын харилцааг улс төрийн төвлөрлийн зарчмаар, өөрөөр хэлбэл хоёр талын Төв Засгийн газрын шугамаар гүйцэтгэж, урт хугацаагаар төлөвлөдөг байв. Энэхүү харилцааг хэрэгжүүлэх явцад бие даасан шинжтэй тусгай харилцаа үүсгэн явуулах орон зай бол гардаггүй байсан. Тухайлбал, ЗСБНА Буриад Улс, ЗСБНА Халимаг Улс3 болон Монголын хооронд тусгай харилцаа тогтоож болох байсан авч энэ нь туйлын доогуур хэмжээнд, Москвагийн байнгын хяналтан дор явагддаг байлаа.
- БНМАУ, ЗСБНХУ-ын эдийн засгийн харилцаа хэдэн арван жилийн турш хоёр орны улс ардын аж ахуйг уялдуулан зохицуулах үндсэн дээр явагдсан нь хэрэг дээрээ Монголын улс ардын аж ахуйг Зөвлөлтийнхөд бат бэхээр дөрлөгдөхөд хүргэсэн юм. Үүний улмаас Монгол улс эдийн засгийн хувьд тусгаарлагдан дэлхийн зах зээлд гарах гарцгүй болсон юм.
- Зөвлөлт-Монголын харилцаа хөгжихийн хэрээр БНМАУ Зөвлөлтийн ашиг сонирхолд улам бүр захирагдах болсноор эцсийн дүндээ Монгол улсын төрийн тусгаар байдал ихээхэн хязгаарлагдах болжээ. Гэсэн хэдий ч монголчуудын үзэж байгаагаар Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг буй болголцож, гуравдагч этгээдийн өмнө хамгаалж чадсан явдал Зөвлөлтийн гадаад бодлогын түүхэн гавьяа юм.4
- БНМАУ нь хэдийгээр Варшавын Гэрээний гишүүн орон биш ч гэлээ ЗСБНХУ-ын социалист цэргийн номлолд бүрэн автсан байв. ЗСБНХУ-тай цэргийн талаар хамтран ажиллаж, Монгол-Хятадын хилийн дагуу Зөвлөлтийн цэргийн томоохон хүчнүүдийг байрлуулсан явдал үүний илэрхийлэл мөн.
Харилцааны шинэ зарчим ба Монголын асуудлууд
Монголд явагдсан өөрчлөн байгуулалт, Зөвлөлтөд явагдсан перестройка-гаар БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох хоёр талын харилцаанд нэн ялангуяа 1989 оноос 1991 оны 3-р сар хүртэлх хугацаанд чанарын өөрчлөлт гарч, түүнд хоёр орны улс ардын аж ахуйд хэрэгжүүлэхээр чармайж буй шинэчлэлд тулгуурласан эдийн засгийн зорилго, агуулга давамгайлах болов.
1989 оны 7-р сард Москва хотноо болсон хоёр орны нам, төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаас гарсан санал санаачлагууд үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. БНМАУ, ЗСБНХУ-ын нам, төрийн тэргүүнүүд Ж. Батмөнх, М. С. Горбачев нарын хэлэцээрийн үеэр “БНМАУ, ЗСБНХУ-ын улс ардын аж ахуйг 1991-1995 оны ... төлөвлөгөөг зохицуулах”5-ний зэрэгцээ эдийн засаг, худалдаа, зээл, санхүү, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг үндсээр нь шинэчлэх асуудал өргөн хүрээтэй яригдсан байв. Монголын ашиг сонирхлыг урьдынхаасаа илүүтэйгээр харгалзан үзэх үүднээс БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа хамтарсан үйлдвэрүүдэд ашиг орлого хуваарилах механизмыг шинэчлэхийг Батмөнх шаарджээ.
Саяхан болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын тодорхой зүйлсээр яриа хэлцэл хийх, эдийн засгийн харилцааг хэрэгжүүлэх талаар албан ёсны тохиролцоонд хүрэхээр БНМАУ-ын Гадаад Харилцааны сайд Ц. Гомбосүрэн 1989 оны 9-р сард Москвад очлоо. Хэлэлцээрийн гол асуудлуудыг 1. хамтын ажиллагааны эдийн засгийн механизмыг боловсронгуй болгох, 2. хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх хэмээн тодорхойлжээ.
Хоёр талын хамтын ажиллагааны шинэчлэл Монгол улсын амин чухал эрх ашгийг үлэмжхэн хэмжээнд хөндсөн хоёр үндсэн асуудлыг шийдэх арга зам хайхыг Монголын Засгийн газраас шаардаж байлаа. Энэ нь нэг талаар БНМАУ-ын зүгээс ЗСБНХУ-д тавьсан их өр, нөгөө талаар Монголыг Хятадаас цэргийн хүчээрхамгаалахад ЗСБНХУ-ын гүйцэтгэх үүрэг ролийн асуудал байсан юм.
Тийм учраас Монголын талаас хэлэлцээрт оролцогсод Зөвлөлтийн талтай 9,5 тэрбум шилжих рублийн тухай яриа үүсгэх, тэрчилэн хэлэлцээрээр яригдах асуудлын тоонд уг өрийн хэмжээг бууруулах буюу цайруулах боломжийн тухай асуудал оруулахыг хичээж байлаа. Монгол талын хүсэлтэдМосква нэлээд биеэ барьж цэнэсэн байдалтай хандсан ч, өөрт тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлээс болж ЗСБНХУ-ын зүгээс БНМАУ-д шинээр зээл олгоно хэмээн тооцох хэрэггүй болохыг Монголын талд ойлгуулахаас өөр аргагүй гэж үзжээ. Тиймийн учир Зөвлөлтийн Элчин сайд В. И. Ситников 1990 оны 2-р сарын 26-нд намын “Үнэн” сонинд (Монголын) холбогдох өгүүлэл нийтлүүлэв. Түүндээ тэрээр 1980-1990 он хүртэл БНМАУ-ын хуримтлалын сан өрөнд бүрэн ороод байсан ч тус улс дээрх хугацаанд ЗСБНХУ-аас 4,5 тэрбум шилжих рублийн зээл аваад байгааг онцлон өгүүлсэн байлаа. БНМАУ-ын улс ардын аж ахуйн гол гол салбарын амжилт бүтээл энэхүү зээлтэй холбоотой байсныг Ситников зориуд цохон тэмдэглэжээ. ЗСБНХУ-ын тусламжтайгаар баригдсан үйлдвэрүүд эл хугацаанд нүүрсний 83 хувь, цахилгаан эрчим хүчний 95 хувь, цементийн 73 хувь, нийт тоосгоны 50 хувийг үйлдвэрлэж байгааг ч тэрээр мөн дурдсан байв. Уг өгүүлэлдээ Ситников, “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа хөгжүүлэхийг бид дэмжиж ... байна.”6 гэж бичсэн нь БНМАУ-ын зээлийн өрийн улс төрийн хэм хэмжээг шууд бусаар, битүүхэн түншсэн хэрэг байсан юм. Энэ нь өөр зээл олгогчдыг дэлхийгээс хай гэсэн санаагаа Улаанбаатарын Засгийн газрын хаягаар эв дүй муутайхан илэрхийлснийг бараг анзаарахгүй байхын аргагүй. Монгол улс төлбөрийн чадваргүй гэдгийг Москвад сайн мэдэж байсан болохоор Зөвлөлтийн Засгийн газар уг өр болон түүнийг барагдуулах арга замын тухай хэлэлцэж болох юм гэсэн дохиог Монголын талд өгсөн хэрэг билээ.
Гэвч ЗСБНХУ цаашдаа ч монголчуудыг хамгаалах цэргийн хүч хэвээр байх уу гэдэг нь үүнээс хэд дахин эмзэг асуудал юм. ЗСБНХУ нь БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгож байгаагийн улмаас Монголыг хамгаалах үүрэг ролиосоо бүрмөсөн татгалзах болов уу гэсэн сэтгэгдэл Улаанбаатарын зарим улс төрчдөд төрөөд байв (энэ нь ЗХУ-ын Ерөнхийлөгчийн 1989 оны 5-р сард Хятадад хийсэн төрийн айлчлалд дүгнэлт хийсэнтэй ч холбоотой байж магадгүй). Сүүлдээ дэлхийн шатрын аварга Г. Каспаров Playboy (“Плейбой”) сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагатаа бүр ЗХУ “Монголыг Хятадад худалдах санаа зөгнөлтийн” тухай ярьсан нь монголчуудын үзэж буйгаар үндэсний хэмжээний айдас төрүүлэхүйц маш эмзэг асуудлыг хөндсөн юм. Уг асуудал ямар эмзэг байсныг өдөр тутмын Үнэн сонинд дээрх мэдээ гарсны дараа Монголын хэдэн мянган иргэд ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг гардуулсан баримт харуулав.7 ЗХУ-ын Гадаад Явдлын яам эцэстээ өөрийн байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй гэж үзсэн бололтой, тус яамны төлөөлөгч Г. Герассимов “Г. Каспаровын хэлсэн үг ЗСБНХУ-ын албан ёсны байр суурьтай огт нийцэхгүй байна”8 хэмээн мэдэгджээ.
ЗСБНХУ-ын Засгийн газар БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг хичээж буйгаа харуулах үүднээс бүр 1987 оны 4-р сард “БНМАУ-д түр хугацаагаар байрлуулсан Зөвлөлтийн цэрэг”-ийн (тэднийг албан ёсоор ингэж нэрлэдэг байв) бүрэлдэхүүнд байсан буудлагын бүрэн моторжуулсан нэг дивиз болон хэд хэдэн тусгай ангийг эргүүлэн татсан байв. Монголын Засгийн газрын хүсэлтээр 1990 оны 3-р сарын 1-2-ны өдрүүдэд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Монголоос цэргээ бүрэн татах тухай хэлэлцээр хийгджээ. Уг хэлэлцээр улс төрийн маш ээдрээтэй нөхцөл байдалд явагдав. МАХН-ын Засгийн газар сөрөг хүчнийх нь зүгээс тулгасан засгийн эрхээ шилжүүлэн өгөх, бараг цаг тутамд өсөн нэмэгдсээр буй улс төрийн дарамт шахалтанд туйлын хүчтэй ороод байлаа.Ийм нөхцөлд Засгийн газар Зөвлөлтийн цэргийг хурдан татуулснаар дотоод улс төрийн байдлаа өөрт ашигтайгаар тогтворжуулж чадна хэмээн найдаж байсан аж. Одоогоор хичнээн хүндрэл бэрхшээлтэй байлаа ч ЗСБНХУ цаашдаа Монгол улсыг хамгаалах цэргийн хүчин хэвээр байх болно гэдэг итгэлтэйгээр Монголын Засгийн газар хэлэлцээрийг шамдуулж байсан юм.
Эдгээр яриа хэлцлийн үр дүнд Зөвлөлтийн тал БНМАУ-д байрлуулсан цэргээ 1991 (байлдааны ангиуд) буюу 1992 он хүртэл (хангамжийн ангиуд) бүрэн эргүүлэн татах үүрэг хүлээх тухай протоколд хоёр тал гарын үсэг зурав.
Эхний шатанд 1989/90 онуудад цэргийн 75 хувь, өөрөөр хэлбэл 50.000 хүнийг, 2-р шатанд 1990 оны 5-р сарын 15-наас 8-р сарын 1-нийг хүртэл нийт 26.800 бие бүрэлдэхүүн бүхий байлдааны гурван ангийг 436 танк, 375 их буу, 400 хуягт тээвэрлэгчийн хамт Сайншанд, Чойр, Багануур, Дорнод орчмын нутгуудаас татан гаргажээ. Протоколын дагуу Зөвлөлтийн цэргийн 50 хуаран, нисэх онгоцны 7 буудал, орон сууцны 136 барилга, хангамж үйлчилгээний 54 цэгийг Монголын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн ба Зөвлөлтийн үлдэгдэл цэргийг тэднийг буцаан татах хүртэл Монголын улс ардын аж ахуйд ажиллуулах үүрэг хүлээлгэсэн байна.
ЗХУКН-ын удирдан чиглүүлэх үүрэг ролиос татгалзсан нь
ЗХУКН, МАХН хоорондын харилцаа 1990 он хүртэл БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондох хоёр талын төрийн харилцаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв. Хоёр намын Төв Хороод хэдэн арван жилийн өмнөөс гадаад, дотоод бодлогынхоо стратегийг боловсруулж, тэдгээрийг батламжлан өөр хооронд нь уялдуулж ирсэн юм.
Гэвч 1990 онд Монголд явагдсан улс төрийн шинэчлэл гүн гүнзгий өөрчлөлтөд хүргэсэн билээ. 1990 оны 4-р сарын 10-13-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотноо хурлдсан МАХН-ын Онц Их хурлаас гарсан санал санаачлагууд үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ. Их хурал МАХН-ын удирдлага дотоод улс төрийн хурц ширүүн байдалд хариу өгч, улс төрийн шинэ үндэс зарчим тогтоох гэж оролдож буйн илэрхийлэл болов. МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Г. Очирбат Их хурлыг нээж хэлсэн үгэндээ БНМАУ, ЗСБНХУ хоорондын харилцааны асуудлыг сөхөж тавьсан боловч МАХН, ЗХУКН хоёрын хэлхээ холбооны талаар тоймтой зүйл тэрхүү үгэн дотроос нь олдсонгүй. Их хурлын үеэр төлөөлөгчид намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталжээ. Урьд өмнө нь МАХН-ын хөтөлбөрийн чанартай баримт бичгүүдэд ЗСБНХУ болон ЗХУКН-тай тогтоосон “эвдэршгүй” харилцааг ямагт хөдөлбөргүй, дээд зарчмаа болгон тунхагладаг байсан бол шинэ баримт бичигт тэр талаар ганц ч үг цухуйлгаагүй байв. Улс төрийн шинэ чиг баримжаа нь юуны өмнө БНМАУ, ЗСБНХУ хоорондын харилцааг ирээдүйд дан ганц төрийн түвшинд зохицуулж байх гэсэн сэтгэлгээний үр дүн юм. Гэвч Монгол төрийн дотоод бодлогын хувьд гэвэл МАХН тухайн үедээ өөрийн эрх мэдлийн монополийг тодорхой хэмжээнд хадгалан авч үлдэх нь мэдээж гэдгийг иш үндэс болгож байлаа.
МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Г. Очирбат 1990 оны 5-р сард өгсөн нэгэн ярилцлагатаа анх удаа ЗХУКН-тай хамтран ажиллахад хүндрэл бэрхшээл гарч байгаа тухай хөндөн ярьжээ. Тэрээр, “Манай намуудын харилцаа ямар ч асуудалгүйгээр хөгжиж ирсэн гэвэл үнэнд үл нийцнэ гэдэг нь ойлгомжтой.”9 гэж мэдэгдсэн байв. Одоо бол намууд хоорондын харилцаанд тэгш эрхийн асуудал чухал байгааг Очирбат анхааруулаад, “Хамтын ажиллагааны түүхийн харилцан сонирхсон асуудлыг шинэ сэтгэлгээний үүднээс дахин авч үзэх нь манай намуудыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх үйлсэд тус дөхөм болно гэж бодож байна.”10 хэмээн шаарджээ. Үүгээрээ тэрээр энэ үеийг хүртэл огт шийдэгдээгүй байгаа, 30-аад онд Монголд явагдсан сталинист хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндсөн гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байв.
Москвад болсон 1990 оны дээд хэмжээний уулзалтын дүн
ЗХУ-ын Засгийн газрын урилгаар МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Г. Очирбат, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. Очирбат нар 1990 оны 5-р сард Москвад айлчиллаа. Төлөөлөгчид монгол төрийн толгойд чухамхүү чанарын өөрчлөлт гарсны амьд биелэл болсон бөгөөд МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга хэдэн арван жилийн дараа анх удаа БНМАУ-ын Төрийн тэргүүн (Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга)-ий албыг давхар хашаагүй нь энэ байв. Москвагийн хэлэлцээрийн хувьд энэ нь Зөвлөлт-Монголын харилцааны түүхэнд анх удаагаа төрийн болоод намын хэрэгт тодорхой зааг ялгаа гаргана гэсэн үг байсан юм.
Төрийн хэлэлцээрийн гол төвд эдийн засгийн, ялангуяа хоёр талын эдийн засгийн харилцааны механизмын бүтцийг шинэчлэх асуудлууд оршиж байв. Хоёр тал бие биетэйгээ өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг эргэн харж хянах, тэгэхдээ холбогдох зүйл заалтуудыг өөрчлөх буюу нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл бүрмөсөн хасах, хоёр тал эдийн засгийн талаар харилцахдаа дэлхийн зах зээлийн үнэд шилжих, ирэх таван жилийн төлөвлөгөөнд бүхий л экспортыг валютаар хийх, өрийн асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэхээр харилцан тохиролцжээ.
Үүнээс гадна Монголын тал өөрийн зүгээс нийлүүлж буй түүхий эдэд илүү өндөр үнэ төлөхийг шаардаад, БНМАУ-д ажиллаж байгаа Зөвлөлтийн мэргэжилтний тоог цөөлөхийг хүсэв. 1990 оны тухайд БНМАУ-ЗСБНХУ хоорондын нийт бараа солилцоог 1,2 тэрбум рубльд хүргэхээр болжээ.
Монгол улсын Засгийн газар Зөвлөлтийн талд хамтын ажиллагааны байж болох чиглэл болгож БНМАУ-д зэс хайлуулах үйлдвэрүүд барьж өгөхийгсанал болгов. Энэхүү санал нь түүхий эдээ эхлээд өөрийн оронд боловсруулж, ийм байдлаар дэлхийн зах зээл дээр илүү ашиг олох гэсэн тус Засгийн газрын санаа бодлоос улбаатй юм. Испанийн “En Portada” (“Энь Портада”) телевизэд өгсөн нэгэн ярилцлагатаа Төрийн тэргүүн П. Очирбат БНМАУ урьдынх шигээ зөвхөн ЗСБНХУ-ыг л өөрөөсөө түүхий эд авдаг цорын ганц орон хэмээн үзэхгүй гэдгээ ойлгуулав. Тэр бүү хэл Монголд түүхий эд боловсруулах бааз суурийг бий болгохын тулд ЗСБНХУ-д гаргадаг түүхий эдийнхээ хэмжээг ойрын хугацаанд бууруулах хэрэгтэй байгаа аж.
БНМАУ-ЗСБНХУ-ын эдийн засгийн харилцааг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлуудыг 1990 оны 7-р сард болсон Зөвлөлт-Монголын Засгийн газрын Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тэгш эрхт комиссын 38-р хуралдаанаар авч хэлэлцэв. Мөн хуралдааны үеэр уул уурхай, эрчим хүчний аж ахуй зэрэг цогцолбор сэдвүүдэд онцгой анхаарал хандуулжээ. Өрийн асуудлаар явуулсан яриа хэлцэл Монголын талд хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрч чадсангүй. 1990 оны 7-р сарын 29-нд Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга Д. Бямбасүрэн өрийн асуудлын тухайд энэ хооронд олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудаас ч тусламж авч болох юм гэж мэдэгджээ.
Шинэчлэлийн давалгаа
Энэ зуур 1990 оны турш Монголд өрнөсөн улс төрийн шуурган давалгаа Зөвлөлт-Монголын харилцаанд ч нөлөөлөхгүй байж чадсангүй. Тус орны улс төрийн дотоодод явагдсан шинэчлэл нь Дорнод Европын социалист улсуудад болсон үйл явцын шууд бүтээгдэхүүн юм. Богино хугацааны дотор Монголд туйлын идэвхтэй, бас гадны дэмжлэг бүхий сөрөг хүчний хөдөлгөөн үүсэн бүрэлдсэн билээ. Сөрөг хүчин төлөвших үйл явцын нэг онцлог шинж нь дөнгөж байгуулагдаад удаагүй байсан иргэний хөдөлгөөнүүдээс маш хурдан хугацаанд Монголын Ардчилсан Нам (МоАН), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН) болон Монголын Социал-Демократ Нам (МСДН) зэрэг улс төрийн намууд байгуулагдсанд оршино. Сөрөг хүчин МАХН-ын эрх мэдлийн монополийг ихээхэн ганхуулав. Гэхдээ тэд МАХН-ын талд тэр болгон хатуу чиг шугам баримтлагчид (Hardliner)-тай тулгарч байгаагүй гэдгийг хэлэлгүй өнгөрч болохгүй. БНАГУ байгуулагдсаны 40 жилийн ойн баярт оролцож явахдаа социалист систем амь тавин тийчилж байхыг нүдээр үзсэн нам, төрийн тэргүүн Ж. Батмөнх улс төрийн сөргөлдөөн туйлдаа хүрсэн үед ч ард түмнийхээ эсрэг цэргийн хүч хэрэглэхийг анхнаасаа л үгүйсгэж, улс төрийн буулт хийхийг илүүд үздэг тийм уян хатан бодлогыг Монголд хэрэгжүүлэхийг оролдож байлаа.
МАХН хүнд байдалд оржээ. Нэг талаар тэрээр нийгмийн амгалан байдлыг сахиулах үүднээс буулт хийх боломж хайж байлаа. Чухамхүү тус намын гишүүдийн ухамсарт нийгмийн амгалан байдлыг алдагдуулах нь Монгол улсын цаашдын тусгаар тогтнолд аюул учруулж болно гэдэг үзэл бат шингэсэн байдаг. Нөгөө талаар өөрт нь заналхийлж буй эрх мэдлээ алдах аюулыг тодорхой хязгаарт барьж байх ёстой болжээ. Тийм учраас Засгийн газрын кабинетэд юуны өмнө яамдын 1-р орлогч сайд нарын, мөн сайд нарын өөрсдийнх нь түвшинд ч сэмхэн бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн юм. Эдгээр арга хэмжээ нь тактикийн шинжтэй байсан бөгөөд шинэ сонгуулиар МАХН-ын боловсон хүчний эгнээнээс урьд нь төдийлөн нэрд гараагүй улс төрчдийг баталгаатай гаргаж ирэхэд чиглэж байв. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамыг татан буулгаж, түүний оронд Нийгмийг Аюулаас Хамгаалах Газар гэдгийг байгуулсан нь мөн л тактикийн сэтгэлгээтэй холбоотой болов уу. Гэвч улс төрийн шийдвэрлэх өөрчлөлт 1990 оны 9-р сарын эхээр болсон парламентийн сонгуулиар л хийгдсэн юм. Тэрхүү сонгууль олонхийн зарчмаар (мажоритер систем) МАХН-д ашигтайгаар явагдсан ч гэлээ залуу сөрөг хүний хувьд томоохон ялалт боллоо. Ямартай ч Монголын иргэдийн 24,33 хувь нь МоАН-ын төлөө, 5,52 хувь нь МСДН-ын төлөө, 5,98 хувь нь МҮДН-ын төлөө тус тус саналаа өгсөн байна. Сонгогчдын 61,74 хувь нь МАХН-ыг дэмжсэн байлаа.11
ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч М. С. Горбачев Монгол улсын Ерөнхийлөгчид уг албан тушаалд сонгогдсоныг нь тохиолдуулан ихэд даруухнаар (хуучин ЗХУ-ын төрийн цахилгаан утасны сүржин үгнүүдтэй харьцуулахад ч гэсэн) баяр хүргэжээ. Баярын цахилгаанд: “Зөвлөлт-Монголын бүх талын хамтын ажиллагаа манай хоёр орны ард түмнүүдийн тусын тулд шинэчилсэн үндэс суурийн дээр цаашид ч хөжин бэхэжнэ гэдэгт бид итгэл төгс байна.”12 гэсэн байв. Мэндчилгээнд оруулсан “нөхөр” гэдэг үг л тус хоёр орон урьд нь бие биетэйгээ хавьгүй илүү ойр дотно холбоотой байсныг сануулж байлаа.
Тэр байтугай Монгол улсын Ерөнхий сайдаар Д. Бямбасүрэнг томилогдоход урьд нэгэн цагт заавал нийтлэгддэг асан Зөвлөлтийн баярын цахилгаан Монголын өдөр тутмын сонинуудын 1990 оны 9-р сарын 11-ний дугаарт огт гарсангүй. Түүний оронд МАХН-ын өдөр тутмын Үнэн сонин нүүрэн талдаа ердөө Хятад улсын дарга Ян Шанькунийн баярын цахилгааныг хэвлэсэн нь саяхны 1990 оныг хүртэл Монгол-Хятадын харилцаа ямар түвэгтэй байсныг бодохул шинэ үзэгдэл болсон юм.
Энэ үед Монгол болон ЗСБНХУ-ын удирдлагуудын хооронд санал бодлын ноцтой зөрүү буюу үл итгэх байдал бий болоод байсан нь илэрхий. Ерөнхийлөгч П. Очирбат сонгогдсоныхоо дараахан Москвад суугаа Монголын Элчин сайд Ц. Гүрбадамыг эргүүлэн татаж, түүнийг эдийн засгийн асуудалд гаршсан мэргэжилтэн Н. Мишигдоржоор орлуулсан нь анхаарал татдаг.
Үнэндээ ч Москвад эдийн засгийн түвэгтэйхэн хэлэлцээрүүд хийгдэх гэж байлаа. Асуудал хоёр талын эдийн засгийн харилцааг зах зээлийн эдийн засгийн механизмд оруулахад оршиж байсан юм. Яриа хэлцлүүдийн дүнд Москва хотноо 1990 оны 12-р сарын 4-нд дэлхийн зах зээлийн үнийг баримтлах болон 1991 оны 1-р сарын 1-нээс эхлэн төлбөр тооцоог валютаар хийх зорилго бүхий “Худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ механизмд шилжүүлэх тухай хэлэлцээр”, “Төлбөр тооцоо харилцан хийх тухай хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурсан байна. Энэ хоёр хэлэлцээрийг байгуулснаар худалдаа, эдийн засгийн харилцаанд анх удаа зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг үндэс болгосон билээ.
1991 оны 1-р сард Москва хотод айлчилсан сөрөг хүчний гол улс төрч С. Зориг тэргүүтэй Ардын Их Хурлын Парламентийн бүлгэмийн төлөөлөгчид ч гэсэн ярилцагч түншүүдтэйгээ юуны өмнө өрийн асуудал зэрэг эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярьжээ. “Өрийг бид үгүйсгэхгүй байгаа.” гэж Зориг мэдэгдээд, үүнтэйгээ холбогдуулан өрийн нийт хэмжээг дахин нягтлах, тэгэхдээ Монгол улсын эдийн засгийн бодит боломжийг ч харгалзан үзэхээс бүх зүйл хамаарна гэдгийг онцолсон байв. Тэрээр бас: “Ер нь өрийн асуудал зөвхөн эдийн засгийн биш улс төрийн асуудал болоод байна.”13 хэмээн анхааруулж байлаа.
Өрийн асуудлын талаарх Монголын улс төрчдийн үзэл бодол ердийн хэвшил болсон ёс журамд төдийлөн нийцэхгүй байсан бөгөөд БНМАУ-ын өрийг социалист орнууд бараг л тэгэх ёстой юм шиг цуцалдаг асан өмнөх үеийн горьдлого найдвараар дүүрэн байв. Тухайлбал, БНАГУ-д шинэчлэл явагдсаны дараа Монгол улсын Засгийн газраас авч явуулсан анхны арга хэмжээнүүдийн нэг нь Л. де Мазьерээр толгойлуулсан тэр үеийн Засгийн газраас Монголын өрийг бүрэн цуцалж өгөхийг хүссэн явдал байсан юм.
Ерөнхийлөгч П. Очирбат 1991 оны 1-р сард АНУ-аас буцаж явах замдаа Москвад М. С. Горбачевтай уулзав. Хоёр талын албан ёсны мэдэгдлээр (statements) бол уг товч айлчлалын үеэр зөвхөн “Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн боловсронгуй болгох тухай” л ярилцсан аж. Үнэн хэрэг дээрээ хоёр улс төрч геологи хайгуул, барилга, хамтарсан үйлдвэрүүд болон бараа солилцооны салбарын өдий төдий асуудлыг амжуулсан байжээ. Тэгэхдээ сүүлчийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг биелүүлэх ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байгаагаа хоёул илэрхийлсэн байна. Ингээд ойрын үед авч явуулах арга хэмжээний каталогийг өндөр түвшинд боловсруулан гаргахаар тогтжээ.
Монгол улсын Ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн Москвад хийсэн айлчлал
Ерөнхий сайд Д. Бямбасүрэн Зөвлөлтийн ижил албанд зүтгэгчтэйгээ дээр өгүүлсэн арга хэмжээний каталогийг гаргахаар бүр 1991 оны 2-р сарын 8-н гэхэд Москвад очлоо. Мөн Дэд Ерөнхийлөгч Р. Гончигдоржийн богино хугацааны айлчлал үүнд нь хүч нэмэрлэв.
Ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн ЗСБНХУ-д хийсэн албан ёсны айлчлалаас Монголын ард зон их зүйлийг хүсэн хүлээж байлаа. Нэгэн санал асуулгаар түүнд оролцогсдын 57 хувь нь уг айлчлал “Монгол-Зөвлөлтийн харилцааны зарчмуудыг боловсронгуй болгон сайжруулна” гэдэгт найдаж байгаагаа, 78 хувь нь “өрийн асуудлыг” нааштайгаар шийдвэрлэнэ гэж хүлээж буйгаа (уг асуудал хүмүүсийн ухамсарт бат нот шингэснийг энэ тоо харуулна) тус тус илэрхийлсэн байна.
Д. Бямбасүрэн, Р. Гончигдорж нарыг ЗСБНХУ-д айлчлахын өмнөхөн Монголд сталинист хэлмэгдүүллийн үед14 зарим монголчуудын туулсан зовлонгийн тухай материалууд нийтлэгдсэний дараа Зөвлөлтийн эсрэг таагүй зүйлс нилээд яригддаг болоод байлаа. Р. Гончигдоржийг ЗСБНХУ-ын Дэд Ерөнхийлөгч Г. И. Янаев, Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга А. И. Лукянов нартай ярилцах үеэр БНМАУ-д Зөвлөлтийн эсрэг үзэл байгаа эсэх тухай яриа хөндөгджээ. Тэгэхэд нь Р. Гончигдорж (өөрөө Монголын Социал-Демократ Намын гишүүн) “ийм үзэл манайд байхгүй” гэж хариулаад, харин өнөө үед монголчууд юу бодож санаж байгаагаа ил тод илэрхийлдэг болсныг нуусангүй.
Ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн ЗСБНХУ-д хийсэн айлчлал М. С. Горбачевтой хийсэн уулзалтаар эхлээд Ерөнхий сайд В. С. Павловтой хийсэн яриа хэлцлүүдээр үргэлжлэв. Хэлэцээрийн явцад Монголын тал Зөвлөлтийн ч, Оросын ч түншүүдтэй харилцах боломжтой болохын тулд яриа хэлцлийг хосолмол байдлаар явуулахыг хичээж буй нь анзаарагдаж байлаа. ЗСБНХУ-ын хөгжил ойрын үед хаашаа явах нь мэдэгдэхгүй байсан болохоор ингэх нь ч ойлгомжтой байсан юм. Тийм учраас Монголын тал гэрээ хэлэлцээр хийхдээ тэдгээрээр тохиролцсон зүйлс ЗСБНХУ цаашдаа гэрээний түнш байхаа больсон тохиолдолд Орос улсад шууд хүчин төгөлдөр байх талыг бодолцсон юм. Д. Бямбасүрэн Москвад айлчлах үеэрээ гарын үсэг зурсан “БНМАУ, ЗСБНХОУ-ын хоорондох найрамдал, сайн хөршийн харилцааны тухай тунхаглал” мөн энэ чиглэлд хийгджээ. Монголын талын хувьд Зөвлөлт-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан явдал онцгой ач холбогдолтой юм. Ийм маягаар харилцах нь Казахстан зэрэг “түр зуурын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсууд”-ыг ч мөн хамаарч байсан тул дээрх чухал баримт бичгийг зөвхөн ЗСБНХУ-ын Засгийн газартай л байгуулж болох байсан билээ. Хамтын ажиллагааны үндсэн гол чиг шугамуудыг нэгтгэн тодорхойлсон уг санамж бичиг дараах хэсгүүдээс бүрдэж байв. Үүнд:
- худалдаа, эдийн засгийн харилцааг боловсронгуй болгох;
- зээлийн өр;
- Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрүүд;
- БНМАУ-д буй Зөвлөлтийн үйлдвэрүүд.
Монголын тал онцгой анхаарал хандуулаад байсан өрийн асуудлын тухайд богино хугацааны дотор хоёр талын хамтарсан комисс байгуулж өрийн нийт хэмжээг шилжих рублиэс валютад шилжүүлэн тооцох боломж бүхий итгэлцүүр олж тогтоохоор болжээ. Тэгэхдээ “ЗСБНХУ-тай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааны үйл явцын дунд ийм өр үүсэх болсон нөхцөл, тэрчилэн уг өрийн бүтцийг харгалзан үзэж” өрийн хэмжээг бодитойгоор дахин үнэлэх хэрэгтэй байгааг тов тод илэрхийлэв. Д. Бямбасүрэн Москвад хийгдсэн хэлэлцээрүүдийг маш үр дүнтэй боллоо хэмээн үнэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр бидэнд төрж байгаа сэтгэгдэл бол ЗХУ, Орос улсын удирдлагын дээд төвшинд Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын харилцааны асуудлууд бодитой шинэлэг байдлаар хандаж байна гэсэн дүгнэлт хийх бололцоо олгож байна.”15 гэжээ.
1991 оны 2-р сараас эхлэн БНМАУ-ын дотоодод өрнөж буй улс төрийн үйл явдлууд Зөвлөлт-Монголын харилцааны чанарт хүчтэй нөлөөлж эхлэв. МАХН-ын 20-р Их Хурлаас мөрийн хөтөлбөрийн шинэ баримт бичгүүдийг батлан гаргалаа. Намын шинэ дүрмээр намын доторх “Монгол Ардын Нам (МАН)-ын уламжлал, шинэчлэлийн төлөө жигүүр”16, мөн “Ажилчны жигүүр”-ийн үйл ажиллагааг зөвшөөрөв. Гэхдээ Их Хурлын хамгийн чухал үйл явдал гэвэл урьд өмнө нь намын удирдлагын өндөр болон дээд албан тушаалд ажиллаж байгаагүй цоо шинэ боловсон хүчнүүд тус намын удирдлагад гарч ирсэн явдал болов уу. Энэ утгаараа Намын Их Хурал өмнө нь хатуу баримталдаг асан нам, төрийн албыг нэг хүн давхар хашдаг уламжлалыг эвдсэн чухал эргэлт болжээ.
Үүний дараахан 1991 оны 9-р сард Монголд “Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль” гарлаа. Энэ хуулийн үйллэх хүрээ нь “1. БНМАУ-ын Ерөнхийлөгч, 2. БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын дарга, 3. Бүх шатны шүүхийн дарга, орлогч дарга, шүүх коллегийн гишүүд болон шүүгч нар, 4. Бүх шатны прокурор, мөрдөн байцаагчид, 5. БНМАУ-ын Зэвсэгт хүчний болон Цагдаагийн байгууллгын байнгын бие бүрэлдэхүүн, Улсыг аюулаас хамгаалах хийгээд Засан хүмүүжүүлэх байгууллагын албан хаагчид, 6. БНМАУ-ын Гадаад харилцааны бүх дипломат ажилтнууд, 7. Төрийн хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд болон хэвлэлийн ажилтнууд”17-ыг тус тус хамарчээ.
Тэгэхээр эдгээр үйл явдал буюу энэхүү тодорхой хууль Зөвлөлт(Орос)-Монголын харилцаанд хэрхэн нөлөөлөв?
ЗСБНХУ-д номенклатурагийн дийлэнх нь албан тушаалтайгаа зууралдсаар байхад Монголд улс төрчдийн шинэ залуу үе гарч ирээд байлаа. Тэд хуучин номенклатурагийн хэвлийд өсч бойжсоны учир чанарын хувьд улс төрийн шинэ элитийн хэмжээнд хүрээгүй ч гэлээ хувийн хэлхээ холбоо (Зөвлөлтийн тэргүүлэх улс төрчидтэй олон жилийн танил талын сүлбээтэй г.м.) болон бусад албан шахалтаас (намын сахилга баттай холбоотой нийтлэг үзэл суртлын бааз суурь г.м.) ангид, цоо шинэ өөртөө итгэх итгэл, улс үндсээ гэх сэтгэлтэйгээр аливаад ханддаг байсан юм. Гадаад бодлогодоо шинэ үзэл баримтлалтай болох боломжийг төдийгүй түүнийгээ түргэвчлэх шаардлагыг бий болгосон шинэчлэлийн уур амьсгал энэхүү нөхцөл байдлын онцлог байв. Зөвлөлт-Монголын харилцааны сайн, мууг хичнээн ярилаа ч ирээдүйд чухам ямар улс Монголыг хамгаалах хүчний үүрэг өөртөө хүлээж болох вэ гэдэг стратегийн чанартай гол асуудлыг бодох ёстой болоод байсан юм. Энэ асуудал өнөөдрийг хүртэл тавигдсаар байгаа боловч хараахан шийдэгдээгүй байна. Монголын шинэ улс төрчид (МАХН-ын ч гэсэн) Өрнөдийн чигийг баримтлах нь улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд үүнд Япон улс онцгой үүрэг гүйцэтгэж эхлээд буй нь эргэлзээгүй.18 Умард хөршийн тухайд гэвэл, МАХН ч гэсэн бүр 20-р Их Хурлынхаа үеэр Орос улсыг (өөрөөр хэлбэл урьд өмнөх шигээ ЗХУКН-ыг бус, харин ЗСБНОУ-ын КН-ыг!) илүүтэй дотночлон үзэж байв. ЗСБНОУ-ын КН-ын Төв Хянан Шалгах Комиссын дарга Н. С. Столянов тус Их Хуралд оролцож, Ерөнхийлөгч П. Очирбат болон бусад хүмүүс түүнийг хүлээн авсан нь дээрхийн нэг илрэл мөн.
1991 онд Москвад болсон цэргийн эргэлтийн үр нөлөө
1991 оны 8-р сарын 18-21-нийг хүртэлх хугацаанд Москваг тойрсон төвийн нутгуудад болсон цэргийн эргэлт Зөвлөлт-Монголын харилцаанд
Ерөнхийлөгч П. Очирбат ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч М. С. Горбачев болон Оросын Ерөнхийлөгч Б. Н. Ельцин нарт дөнгөж 8-р сарын 22-нд, өөрөөр хэлбэл эргэлт дарагдсанаас хойш мэдэгдэл илгээж, түүндээ эргэлт хийх оролдлогыг буруушаасан байв. Үүний зэрэгцээ эл мэдэгдэл нь монголчууд хосолмол байдлаар хэлэлцээр хийх аргаа амьдрал дээр үргэлжлүүлэх гэж хичээсээр буйн тод илэрхийлэл боллоо. ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчид “... сайн хөрш, тэгш эрхийн зарчмуудад тулгуурласан Монгол-Зөвлөлтийн харилцаа бидний хүрсэн тохиролцооны үзэл санааны дагуу шинэчлэгдсэн үндсэн дээр цаашид хөгжинө”19 гэсэн өөдрөг сэтгэлтэй байгаагаа онцолсон бол Оросын засгийн газарт “Монгол, Оросын бүх талын харилцаа БНМАУ, ЗСБНХОУ-ын хоорондын найрамдал, сайн хөршийн хамтын ажиллагааны тухай энэ оны хоёрдугаар сар байгуулсан хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу цаашид ч хөгжинө”20 хэмээн бат итгэж буйгаа илэрхийлжээ.
Монголын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб болж буй үйл явдалд зориулан 1991 оны 8-р сарын 30-нд хэвлэлээр тусдаа мэдэгдэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь анхаарал татдаг юм. Түүндээ Монголын Ардын Цэргийн цөөн тооны ангиуд ЗХУ-д цэргийн эргэлт гарсан өдрүүдэд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орсон тухай өгүүлсэн байлаа. Гэхдээ энэ нь байлдааны техникийг галт хэрэгслээр хангасан, эсвэл цэргийн хөдөлгөөн хийсэн гэсэн үг биш гэдгийг тодотгохыг дээрхтэй холбогдуулан хэвлэлээр мэдэгдэл хийгчид чухалчлаад, харин ЗСБНХУ-тай залгаа Монгол улсын хилийг хамгаалахтай холбоотой ийм арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байсныг сануулсан байв. “Монголын ардын цэрэг хэзээ ч, ямар ч тохиолдолд ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэхгүй”21 гэж Ерөнхий штаб онцгойлон мэдэгджээ.
Монголын цэргийн удирдлага ЗХУ-ын Зэвсэгт хүчний Дээд командлалтай уламжлалт нягт холбоотой, мөн дээрх цэргийн эргэлт ЗХУ-ын нийслэл Москва хотын төвөөс хальж чадаагүй зэргээс үзвэл Ерөнхий штабын энэхүү мэдэгдэл өөр санаагаар хийгдсэн байж тун болзошгүй санагдана. Энэ нь тухайлбал, цэргийн эргэлтийг төлөвлөгчид анхандаа, уг эргэлтийн явцад бидэнд мэдэгдэж буй мэт санагдаж байснаас огт өөр газар нутгуудыг хамруулах бодолтой байжээ гэсэн үг байж ч болох юм.
Энэхүү цэргийн эргэлтийн үр нөлөө хоёр талын харилцаанд гүн гүнзгий туссан билээ. Гүйцэтгэх засаглалыг тухай тухайн Зөвлөлт Бүгд Найрамдах Улсууд болон тэдгээрийн хүчний төвүүдэд бодитойгоор шилжүүлэн байрлуулснаар (үүнд Орос улс болон Казахстан зэрэг Дундад Азийн улсуудыг онцлон дурдах нь зүйтэй) ЗХУ-ын Засгийн газрын байгууллагуудын ач холбогдол сүүлийн жилүүдэд тэртэй тэргүй доройтолд орох буюу эргэлзээ төрүүлээд байхад Зөвлөлтийн албан байгууллагууд одоо бол ердөө нүд ирмэхийн зуурт хэрэг дээрээ ямар ч ач холбогдолгүй болжээ. Төвлөрсөн засаглал бүхий олон үндэстний ЗСБНХУ-ын төлөөлөгчид хийгээд коммунист үзэл суртлыг баримтлахаа нэгэнт больж, үндэсний болон салан тусгаарлах сонирхолд автсан жигүүрийн төлөөлөгчдийн хоорондох тэмцлээс сүүлчийнх нь Оросын Ерөнхийлөгч Б. Н. Ельциний удирдлага дор ялагчаар тодрон гарсан ажгуу.
Өмнө нэгэнтээ өгүүлсэнчлэн, Монголын Засгийн газрын одоогийн тулгараад буй асуудлын гол нь түрүүчийн гэрээ, хэлэлцээрүүдийг үндсэндээ Москва дахь ЗХУ-ын Төв Засгийн газартай хийж байснаас, тухайн Зөвлөлт Бүгд Найрамдах Улсуудтай бараг хийж байгаагүйд оршиж байлаа. Гэтэл эдгээр гэрээний олон нь Монгол улсын амьдрах чадварын баталгаа болж байсан болохоор тус орны хувьд амин чухал ач холбогдолтой байсан юм. Тэгэхээр уг гэрээнүүдийг ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагч болох магадлалтай Орос улсад шилжүүлэх хэрэгтэй болжээ.
Цэргийн эргэлтийн үзүүлсэн үр нөлөөг судлан шинжлэх явцад орхигдуулсан нэг асуудал бол Монгол, Зөвлөлтийн (Оросын) улс төрчдийн хоорондын хувийн харилцаа ихээхэн алдагдсан явдал мөн. Монголын талд төрийн гол гол албан тушаалтнууд дараачийн үедээ халаагаа өгч, нам ба төрийн албыг ялгаж зааглах ажил бодит зүйл болоод байв. Орос улсад тэгвэл Зөвлөлтийн дарга ангийн үлэмжхэн хэсэг нь Оросын төрийн аппаратад шилжин очиж чадсангүй. Эдгээр хүчин зүйлс хувийн хэлхээ холбоогоороо дамжуулан хэлэлцээрийн үр дүнг өөрт ашигтай болгох замаа засах Монгол талын боломжийг хязгаарлахаар үл барам яваандаа хоёр талын харилцааг илт бууруулахад хүргэсэн байна.
Монголын үйлдвэрүүдэд сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх, Монголын хүн амыг өргөн хэрэглээний бараагаар хангах зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн түвшинд хэлэлцээр хийхээр Монгол улсын Шадар сайд Ц. Пүрэвдоржийг 1991 оны 9-р сарын эхээр Москвад очиход албан ёсны тохиролцоонд хүрэх боломж бараг байсангүй.
1991 оны 12-р сарын 21-нд Алма-Атагийн Тунхаг батлагдан гарсны дараа Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл байгуулагдсанаар ЗСБНХУ олон улсын эрх зүйн субъектийн хувьд оршин тогтнохоо болилоо. Энэ үйл явдал болохоос бүр өмнө БНМАУ бие даах алхам хийж буй хуучин Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудыг олон улсын эрх зүйн үүднээс хүлээн зөвшөөрч, тэдэнтэй дипломат харилцаа тогтоож хэлсэн юм. Ийнхүү 1991 оны 9-р сард Латви, Литви, Эстони улсуудтай, 1992 оны 1-р сард Азербайджан, Армян, Белорус, Грузин, Киргиз, Молдав, Таджикстан, Туркмен, Узбекстан болон Украйн улсуудтай тус тус дипломат харилцаа тогтоожээ.
Монгол-Оросын харилцаа эрчимжсэн нь
1992 оны 10-р сард Монголын талаас Оростой тогтоосон харилцаагаа эрчимжүүлэх оролдлого хийгдэв. Юуны өмнө Монголын эдийн засагт Зөвлөлтийн техник, технологи давамгайлж байснаас шинэ сэлбэг хэрэгсэл яаралтай нийлүүлэх шаардлагатай болсон зэрэг эдийн засгийн зайлшгүй шалтгаанууд Монголын Засгийн газрыг ийм алхам гарцаагүй хийхэд хүргэжээ. Энэ утгаар нь Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц. Гомбосүрэнгийн 1992 оны 10-р сард Москвад хийсэн айлчлалд онцгой ач холбогдол өгч байлаа. Ц. Гомбосүрэнгийн 1992 оны 10-р сарын 20-нд Оросын Засгийн газрын Тэргүүний орлогч Е. Гайдартай хийсэн хэлэлцээрээр хоёр талын Засгийн газрын үйл ажиллагааг дараах зүйлст голлон чиглүүлэхээр болов. Үүнд:
- хоёр орны эдийн засгийн өнөөгийн байдлыг бодолцон харилцан нийлүүлэх үндсэн нэрийн барааг солилцох;
- зээл тооцооны балаисжуулсан хэлбэрийг ашиглах;
- гаалийн талаар хамтран ажиллах, харилцан туслалцах;
- хөрөнгө оруулалтыг урамшуулах, хамгаалах;
- хил орчмын худалдааны хэлэлцээ22
зэрэг гэрээ-эрхийн үндсэн баримт бичгүүдийг боловсруулах ажлыг түргэвчлэхэд голлон чиглүүлэхээр болов.
Орос улсын Дэд Ерөнхийлөгч А. В. Руцкой түүнийг хүлээн авч уулзахдаа Оросын Засгийн газар “хөрш хоёр орны ард түмний уламжлалт, найрсаг харилцааны нааштай бүхнийг бататган хөгжүүлэх нь бидний ёс суртахууны үүрэг юм.”23 байгааг цохон тэмдэглэжээ. Орос улсын Ерөнхийлөгч Б. Н. Ельцин Ц. Гомбосүрэнтэй хийсэн ярилцлагатаа өөрийн нь орон цаашдаа Монголтой харилцахдаа их гүрний бодлого явуулахгүй, хоёр талын харилцааг ардчилахыг эрмэлзэнэ гэсэн бодолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 1930, 1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн учрыг олоход туслах архивын материалуудыг Монголын талд гаргаж өгөхөд Орос улс бэлэн байна гэлээ. Олон улсын практикт өрийг гуравдагч этгээдэд шилжүүлэх явдал байдгийг Б. Н. Ельцин дурдаад, Монгол улсын Оросын өмнө хүлээсэн үүргийг битүүхэн сануулж24, хоёр орны гадаад валютын байдал хүндхэн байгааг өгүүлэхийн сацуу Оросын тал Монголоос мах, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн хамтарсан үйлдвэрүүд барьж байгуулахыг хүсч байгааг илэрхийлсэн юм. Ийм зүйлс нийлүүлэхийн үндэс нь хоёр орны худалдааны балансыг тэнцвэржүүлэх явдал мөн болохыг тэрээр анхааруулсан байна. Түүнээс гадна ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагчийн хувьд Орос улс Монголтой байгуулсан нэг зуу гаруй гэрээ хэлэлцээрийг шалгаж, дахин боловсруулсны дараа үргэлжлүүлэхэд бэлэн байна хэмээн Оросын Ерөнхийлгч нэмж хэлжээ.
Монголын төр засгийн Ардын Эрх сонины 1992 оны 10-р сарын 27-ны дугаарт өгсөн ярилцлагатаа Ц. Гомбосүрэн мөн Орос улсын Гадаад Харилцааны сайд А. В. Козыревтой хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнгийн тухай ярьсан байна. Энэхүү хэлэлцээрийн гол үр дүн нь дараах зүйлст оршиж байв. Үүнд:
- хоёр орны гадаад валютын нөөц хомс байгаатай холбогдуулан бартер-мини-клирингийн худалдааны талаар тохиролцох;
- чөлөөт худалдааны гэрээ байгуулахад бэлтгэх;
- БНМАУ-ын өрийн асуудлыг авч үзэх мэргэжилтний баг бүрдүүлэх;
- цэргийн техник болон боловсон хүчнийг сургаж бэлтгэх салбарт хоёр орны цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл зохих техник хэрэгслийг БНМАУ худалдан авах болон Монголын цэргийн мэргэжилтнүүдийг Оросын цэргийн дээд сургуулиудад сургаж бэлтгэх.
Монголын Гадаад Харилцааны сайдын айлчлалтай шууд залгуулан БНМАУ-ын Батлан Хамгаалахын сайд С. Жадамбаа Оросын Засгийн газартай цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тхай хэлэлцэх зорилгоор Москваг зорьжээ. Түнш хоёр яамдын хооронд анхандаа Зөвллтийн цэргийг Монголоос эргүүлэн татахтай холбоотой эдийн засаг, санхүүгийн асуудлуудын тухай гэрээнд гарын үсэг зурахаар тохирсон байжээ. Гэвч Оросын Батлан Хамгаалахын сайд Умард Оссетийн хямралт бүсэд яаралтай очих хэрэг гарсны улмаас хоёр сайд уулзаж чадсангүй. Оросын Батлан Хамгаалахын 1-р орлогч сайд А. А. Кокошинтой хийсэн хэлэлцээрээр гэрээний талаар нэгдсэн тохироонд хүрээгүй учир ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Батлан Хамгаалахын сайдуудын уулзалт хийлгэхээр болжээ. Оросын төрийн Дэд тэргүүн Е. Гайдартай хийсэн ярилцлагын үеэр хоёр тал тус хоёр орны хооронд цэргийн хамтын ажиллагааны тухай гэрээ буюу хэлэлцээр байгуулах тухай санааг цэгнэн үзсэн байна.
Орос-Монголын Ерөнхийлөгч нарын 1993 оны дээд хэмжээний уулзалт
Монголын Гадаад Харилцааны болон Батлан Хамгаалахын сайд нарын айлчлал 1993 оны 1-р сард Москвад болох Орос-Монголын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зорилготой байжээ. Монгол улсын Засгийн газар энэхүү уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч Б. Н. Ельциний Хятадад хийсэн айлчлалын явц, үр дүнг ихээхэн анхааралтай, бас түгшүүртэйгээр судлан шинжилж байв. Оросын гадаад бодлого нь аюлгүй байдлын бодлогынхоо нэгэн адил тодорхой үзэл баримтлалгүй, урьдаас тооцоолохын аргагүйн дээр түүнийг геополитикийн нөхцөл байдлын дагуу яаралтай тодорхойлох шаардлагатай болсон, тэрчилэн Москвагийн бодлогоос болж хөсөр хаягдсан хуучин Дорнодын эвслийн орнуудын жишээ Улаанбаатарт айдас хүйдэс төрүүлж байсан нь үндэсгүй ч зүйл биш байсан юм. Бээжинд хийсэн Ельциний айлчлалын үр дүн тодорхой болмогц Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М. Энхсайхан “Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, шинэ үе шатанд гарч байгаа нь аливаа гурав дахь орны эсрэг чиглээгүй гэж хоёр тал мэдэгдсэнийг Монгол улс бусад улс орны адил сайшаан хүлээж авсан. Энэ хоёр улсын дунд оршдогийнхоо хувьд манай орон гурван талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх үндсэн дээр худалдаа-эдийн засаг, экологи, соёл болон хүмүүнлэгийн салбарт хөгжүүлэх сонирхолтой байна.”25 гэж мэдэгджээ.
Орос-Монголын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт 1993 оны 1-р сарын 20-21-ний өдрүүдэд Москва хотноо болов. Ерөнхийлөгч П. Очирбат, Б. Н. Ельцин нарын хэлэлцээрийн үеэр өнгөрсөн хугацаанд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг хянан үзэж шинэчлэн боловсруулах буюу хүчингүй болгох, Орост амьдарч буй монгол иргэд ба Монголд амьдарч буй орос иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн актуудыг бэлэн болгох, тэрчилэн Орос улсын Ерөнхийлөгчийн Монголд айлчлах төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх болон соёл, эрүүлийг хамгаалах, мэдээлэл солилцооны салбарт зориулсан гэрээ хэлэлцээрүүдийг бэлтгэхээр харилцан тохирчээ. Үүнтэй холбогдуулан Б. Н. Ельцин шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, цэргийн хэргийн болоод цэргийн техникийн салбаруудыг хамтын ажиллагааны онцгой талбар гэж нэрлэсэн байдаг юм. Ерөнхийлөгч нар өөрсдийн биеэр уулзахдаа Зөвлөлтийн цэргийг Монголоос буцаан гаргасантай холбогдох өмчийн шийдвэрлэгдээгүй асуудлууд, мөн санхүүгийн хэрэг явдлын талаар ярилцжээ. Хоёр тал өрийн асуудлыг яаравчлахгүй хэмээн тохиролцоод энэ салбарт шийдвэр гаргахад бэлтгэх хоёр талын ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Хэлэлцээрийн үеэр тухай тухайн салбар чиглэлийн дарга тэргүүлэгч нар “Гаалийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “1993 оны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай протокол” болон “1993 оны төлбөр тооцооны тухай хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурлаа.
Хоёр Ерөнхийлөгчийн хооронд хийгдсэн хэлэлцээрийн гол үр дүн бол “Монгол улс, Оросын Холбооны улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”26-нд гарын үсэг зурсан явдал мөн.
Хоёр Ерөнхийлөгч уг гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажлын үеэр Оросын талын шахалтаар нэгэн мэдэгдэл хийсэн бөгөөд түүнд “хуучин ЗСБНХУ, БНМАУ-д 1930, 1940-өөд онд гэм буруугүй олон хүний амь насыг бүрэлгэн, хоёр орны ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол учруулж, үй олноор нь хоморголон хэлмэгдүүлж байсанд хоёр улсын Ерөнхийлөгч нар гүнээ харамсаж байна. БНМАУ-д энэхүү хэлмэгдүүлэлт нь тэр үеийн Зөвлөлтийн удирдагчид, Коминтернийн шууд даралт, шахалтаар эхэлж, түүнд Зөвлөлтийн зөвлөхүүд оролцож байсныг баримт, хэрэглэгдэхүүн гэрчилч байна. Үүний улмаас Монголын ард түмэн туйлын хүнд хохирол үзсэн бөгөөд ялангуяа сэхээтний давхарга, онцгой зүдгүүр эдэлж, санваартан нар нийгмийн нэг хэсгийнхээ хувьд хэрэг дээрээ устгагджээ. Монгол улсын олон иргэн ЗСБНХУ-д хэлмэгдэн цаазлагдсан юм. Үүний хариуцлага өнөөгийн Орос улсад холбогдолгүй юм.”27 гэсэн байв.
Энэхүү мэдэгдлийн зорилго тов тодорхой, Монголын хувьд ашиггүй байсан юм. Учир нь, Орос улс ингэснээрээ хэлмэгдүүллийн хохирлыг барагдуулах буюу нөхөн төлбөр хийлгэх гэсэн Монгол талын бүхий л шаардлагаас зайлсхийж болж байхад нөгөө талд нь нэхэмжлэгчийн хувьд ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагч Орос улсад шилжин ирсэн БНМАУ-ын өр хэвээр байх болжээ. Монголын Их өр хойшдоо Орос-Монголын харилцаанд магадгүй тухайн үедээ Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн гүйцэтгэж байсан үүрэг ролийг гүйцэтгэж мэдэх юм.
Хорин жилийн хугацаатай, мөн тухай бүрт нь тав таван жилээр сунгах боломжтой байгуулсан дээрх гэрээнд Орос-Монголын хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалах, аюулгүй байдал, байгаль экологи, тээвэр, холбоо, мэдээлэл болон хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлэхээр заажээ. Тэрчилэн бүс нутгийн чанартай хоёр талын аюлгүй байдлын тогтолцоог тодорхой хэмжээгээр буй болгох гэж оролдсон нь нэн чухал зүйл юм. Гэрээнд энэ тухай тусгахдаа “Талууд бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй бөгөөд нөгөө Талын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын эрх ашигт харшилсан ямар нэг гэрээ, хэлэлцээрийг гуравдагч орнуудтай байгуулахгүй байх үүрэг хүлээнэ. Аль ч Тал өөрийн нутаг дэвсгэрийг нөгөө Талын эсрэг түрэмгийлэл буюу аливаа хүчирхийлэл үйлдэх зорилгоор гуравдагч улсад үл ашиглуулна. Гадаадын цэрэг, цөмийн болонүй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлэхгүй байхад чиглэсэн Монгол улсын бодлогыг Оросын Холбооны Улс хүндэтгэнэ.”28 гэжээ.
Өнгөрсөн, ирээдүй хоёроо цэгнэн харахуй
Москвагийн үзэж буйгаар Монгол улс хэдэн арван жилийн турш ЗСБНХУ-ын гео-стратегийн концепцийг даган баримтлах үүрэг бүхий хөрш орон явж иржээ. Монгол бол Зөвлөлтийн цэргийнхэн тусгайлан халхавчилсан пуужингийн бүс, хамгаалалтын нэмэгдэл шугам байрлуулан Хятадаас жийргэлсэн цэргийн бамбайн үүрэг гүйцэтгэж байв. Гэтэл ЗХУ-д өөрчлөн байгуулалт (перестройка) явагдаж, түүнтэй холбоотойгоор аюулгүй байдлын бодлогын асуудалд өөрөөр хандах болсон, тэгэх тэгэхдээ юуны өмнө ЗСБНХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа сайжирснаар цаашдаа Зөвлөлтийн цэргийн томоохон хүчийг Монголд байлгаад байх зайлшгүй шаардлага үгүй болжээ. Түүнээс гадна ЗСБНХУ-ын БНХАУ-тай явуулж байгаа хамтын ажиллагаа стратегийн шинжтэй болжэхэлсэн тул Зөвлөлтийн удирдлага Хятадаас тавьдаг гол шаардлагуудын нэг болох Монголоос цэргээ татах асуудлыг зайлшгүй хүлээн авахад хүрсэн байна.
Гэхдээ цэргээ буцаан татах эдийн засгийн үндэс зонхилсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Зөвлөлтийн тал хэдэн арван жилийн өмнөөс цэрэг байрлуулсан зардлынхаа ихэнхийг өөрөө хариуцаж ирсэн билээ. Харин Зөвлөлтийн цэргийн дээд зиндааныхан Монголоос цэргээ татахыг анхнаас нь л эсэргүүцэж байсан юм. Тэр ч байтугай ЗСБНХУ-ын Батлан Хамгаалахын сайд асан маршал Д. Язов зэвсэглэлийг хорогдуулах үйл явц Зөвлөлтийн цэргийг бусниулж байна гэж ерөнхийд нь үзэж байсан бөгөөд түүний энэ үзлийг хуучин Монголд байрлаж байсан ЗСБНХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнууд мөн хуваалцаж байлаа.
Нийгмийн өөрчлөн байгуулалтын шатанд хоёр талын харилцаа тус хоёр улсын аль алинд ихэд “эдийн засагжиж”, анхандаа хоёр орны улс ардын аж ахуйг бүр хэтийн ирээдүй хүртэл интеграцчилж, хамтран ажиллах чиглэлийг баримталж байсан авч сүүл рүүгээ зах зээлийн эдийн засгийн болон хуурамч зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг нэвтрүүлснээр эдийн засгийн амьдралыг тодорхойлогч элементүүд бие даах замд орж, улсын тлөвлөгөөний хүрээнээс халин гарсан тул аяндаа зогсонги байдалд орж эхэлсэн юм. ЗСБНХУ задарсан хийгээд хоёр талд элит хэсгийн халаа сэлгээ хэд хэдэн удаа явагдсан нь хоёр талын харилцааг сүйрлийн байдалд аваачжээ. Монголын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дэхь Зөвлөлтийн техник, технологийн давамгайлал хэн бүхний нүдэнд ил байсаар атал монголчууд үндсэрхэх үзлээ ялангуяа оросуудад ид илэрхийлэн хөөрч байсан үед Монгол улсын Засгийн газар алдаа гаргаж, Зөвлөлтийн техникийн мэргэжилтнүүдийг бүгдийг нь эргүүлэн татахыг шаардан, түүнийгээ ч хэрэгжүүлсэн билээ. ЗХУ-аас сэлбэг хэрэгсэл нийлүүлэх явдал зогссон, Монголын тал засвартай холбоотой асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэх чадваргүй байдал нь яваандаа Монголын аж үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн парк тасралтгүй унахад хүргэв. Үүний гор ч удалгүй гарч, үйлдвэрлэлийн сул зогсолт зэргээр илэрлээ.
Монгол талын өр нэг хэсэгтээ Орос, Монгол хоёрыг холбосон цорын ганц хэлхээс болж байх шиг санагдаж байлаа. Монголын тал энэ хооронд өмнө нь ЗСБНХУ-тай тогтоон бэхжүүлсэн харилцаагаа түүний хууль ёсны залгамжлагч Орост дамжуулан хэрэгжүүлэх гэж ихэд хичээсэн юм.
Орос-Монголын харилцааг сэргээх анхны идэвх санаачлага Монголын талаас гарсан ч гэлээ мөн удалгүй Москва ч бас ийнхүү сэргээх хүчтэй сонирхолтой байгаагаа илэрхийлж эхлэв. Хоёр тал юуны өмнө урт хугацааны хамтын ажиллагааг буцаан хэвшүүлэх сонирхолтой байлаа. Ингэх дорвитой шалтгаанууд ч бас байсан юм. Москвагийн хувьд Сибирийн өмнөд болон дорнод бүсийг хүнсний бүтээгдэхүүнээр хангана гэдэг томоохон асуудал байв. Энэ бүс нутагт газар тариалан, мал аж ахуй урьдын адил тааруухан хөгжжээ. Монгол улс их хэмжээний мах, гурил (Оростой хил залгаа нутгуудын газар тариалангийн үйлдвэрлэл явагдаж буй нөхцөлд) эдгээр нутгуудад нийлүүлж чадах байлаа. Өнгөрсөн үед ч гэсэн Монголоос мах нийлүүлэх ажиллагаа, тухайлбал Сибирь дэхь Оросын буюу Зөвлөлтийн цэргийн хангамжид чухал үүрэг гүйцэтгэж байсан.
Тэгвэл Монголын хувьд эдийн засгаа авч гарахад зайлшгүй шаардлагатай зүйлс Сибирийн аж үйлдвэрт их байв. Хамгийн чухал нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт буюу бартерийн арилжаанд тулгууран хийж үндсэндээ болдогт байсан бөгөөд Монголын өмнөд хөрш БНХАУ болохоор юм бүхэндээ хатуу валют шаарддаг байлаа. Тэгэхээр тус хоёр улст дахин бие биедээ ойртох боломж олгосон зүйл нь эдийн засгийн хүрээллээс эхтэй прагматик үйлдлүүд юм.
Гадаад бодлогын хүрээнд Монголын хувьд умард хөршийн харилцаатай холбоотой бас нэг шинэ хүчин зүйл нэмэгдэв. Тус улсын Засгийн газар Орос, Хятадын нутагт амьдардаг монгол угсааны үндэстэн ястнуудыг тодорхой хэмжээгээр “ивээлдээ авах үүрэгтэй” гэдгээ цухалзуулж эхэлснийг Оросын хэвлэлд 1992 онд нилээд болгоомжилсон байдалтай авч үзсэн байдаг. Оросын Начало сэтгүүлд тухайлбал “Орос улс Монголтой 2000 км урт хилээр хиллэдэг. Манай хоёр орны хоорондын харилцаа маш түвэгтэй үедээ ороод байна. Хуучны холбоотон улсын шинж чанар алдагдав. Монгол Улс улам бүр дэлхий нийтмйн бодлогын нэг сувьект болж байна... Орост ч, Монголд ч ардчилсан үйл явц өрнөж буй. Орост салан тусгаарлах хандлага бий болж байхад Монголд огт эсрэгээр Нармай Монголын үзэл санаа өндийж ирэв. Энэхүү үзлийн нэг элемент нь Хятадын ч, Оросын ч тусгаар нутгуудыг салгах гэсэн оролдлого юм. Нармай Монголын үзэл бол утга агуулгын хувьд тус бус нутгийн тогтвортой байдлыг хөндсөн ихээхэн ноцтой асуудал мөн.”29 гэж бичжээ.
Монгол улсын Засгийн газар монгол үндэстэн ястнуудыг “ивээлдээ авах үүрэг”-ийг гадаад бодлогынхоо гол чиг шугамын нэг хэмээн үзэж байх шиг санагдаж байлаа. Ямартай ч Монгол улсаас Оросын Холбооны улсад суугаа Элчин сайд Н. Мишигдорж 1993 оны дундуур гэхэд л “Холбооны гэрээг хүндэтгэн үзэх үндсэн дээр ОХУ-ыг бүрдүүлэгч БНУ-тай тал бүрээр харилцаа хөгжүүлэхэд зохих ёсоор анхаарч байна. Эл харилцаа нь соёлын өв уламжлал, хэл, зан заншил, аж төрөх ёс, нутаг дэвсгэрийн байршил ойролцоо БНУ (тухайлбал, Буриад, Халимаг, Тува, Алтай, Якут)-тай илүү идэвхтэй байгаа билээ.” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ үүгээрээ тэрээр “Холбоог далимдуулан хөзрөөр наадах” мэтийн өөр алсын санаа агуулаагүй гэдгээ онцолжээ.30
Монгол, Орос хоёр улсын хооронд 1993 оны 1-р сард байгуулсан гэрээг хоёр талын харилцааны шинэ эхлэл болсон гэж бүрэн дүүрэн үнэлж болно. Монголын хувьд уг гэрээ тэр бүү хэл амин чухал харилцааны олон улсын эрх зүйн үндэс болж байсан бол Москвагийн үзэж байгаагаар тус бүс нутаг дахь Оросын ашиг сонирхлыг бэхжүүлэхэд чиглэсэн зохицуулах хэрэгсэл, стратегийн сэтгэлгээ нь эргэн сэргэж байгаагийн илэрхийлэл болж байв. Энэхүү сэтгэлгээнд цэргийн бодлого хоёрдугаарт тавигджээ гэх үндэс тун бага гэдэг нь илэрхий харагдаж байсан юм. Дээрх гэрээний оршил хэсэгт “Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газрын хооронд 1921 оны 11-р 5-нд байгуулсан Хэлэлцээр нь хоёр орны хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ...”31 гэж оруулсан нь цаанаа бас чиг бодолтой хийгджээ. Үүнд уг гэрээг Орос-Монголын харилцааг анх эхэлсэн тэр гарааны цэгтэй нь холбох гэсэн гэрээлэгч талуудын санаа тов тодорхой. Гэвч Монгол орон тусгаар улс болж хараахан чадаагүй байсан тэр цаг үеийг эргэн санахуй энэхүү гарааны цэг нь тийм ч маргаангүй зүйл биш юм. Тус орон 1945 онд АНУ, ЗСБНХУ, Их Британийн хооронд байгуулсан Ялтын хэлэлцээр, түүний дараачаар Хятад улсаар хүлээн зөвшөөрөгдсөний дараа л сая бүрэн тусгаар тогтнолоо олж авсан билээ.
Гэрээг 1921 оны хэлэлцээртэй холбох гэснийг бас Монгол улсыг хамгаалагчийн үүрэг ролио Москва орхиогүй юм байна гэж тайлбарлаж ч болохоор байгаа юм. Алс Дорнодын асуудлаар мэргэшсэн Оросын нэг мэргэжилтэн энэ талаар ямар бодолтой байгаагаа Монголын хэвлэлд илэрхийлэхдээ “... Зөвлөлтийн халхавч үгүй болсноор Монгол нь Хятад, Япон хэмээх хөрш хоёр орныхоо улс төрийн бодлогын обьект болсон юм.”32 гэсэн байв. Чухамхүү энэ байдал Орос улсыг Монголын талаар баримталж буй байр сууриа хянан үзэж өөрчлөхөд хүргэсэн байх.
Хүнийхээ хувьд Оросын улс төрд ердөө шилжилтийн үеийн нэг дүр л байж болох авч цаад учир нь Оросын цэрэг-эдийн засгийн цогцолбортой холбоотой байдаг Жириновский саявтархан монголчуудад Засгийн газрынх нь сониноор дамжуулан өнөөгийн дэлхий ертөнц, түүнд эзлэх монголчуудын байр суурийн талаар тайлбарлахдаа “Социалист орнуудын тэргүүлэгч гүрэн ЗХУ задран бутарсан нь дэлхийн улс төрийн тогтолцоонд ‘Америкийн зуун’ эхлэх боломж олголоо... Мэдээж, ЗХУ, коммунизм балран унасан нь АНУ болон түүний холбоотнуудад туйлын ашигтай ч цаашдаа шинэ лидер буюу тэргүүлэх улс гүүрнүүд бий болох таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм. Юуны өмнө нэгдсэн Герман Улс Европт зонхилох байр сууриа хадгалах зорилгоор АНУ-ын цэрэг, эдийн засгийн нөлөөг түрэн гаргах бодлого явуулна. Хуучин Югославын мөргөлдөөний ар талд Германы Бундесвер байгаа... Өмнөд Ази, Ирак, Иран зэрэг улсууд “Арабын” буюу лалын шашинт орнуудын эв нягтралыг бэхжүүлэх цэрэг, улс төрийн талаар АНУ-тай сөргөлдөх, дэлхийн газрын тосны зах зээл дээр “ноёрхох” эрхтэй байх бодлого явуулж байна. Шинээр тусгаар тогтнолоо олсон Казахстан, Узбекистан, Азербайжан улсууд “Тюркийн Их Холбоо” үүсгэж (нийт 60 сая гаруй хүнтэй), Турк тэргүүтэй шинэ лидер болж эхэлж байна. Түүнчлэн Энэтхэг Улсыг энд заавал дурдах ёстой. Эртний түүх, соёлт Жагарын орон 10 жилийн дараа стратеги-тактикийн пуужинтай хүчирхэг орон болно хэмээн цэргийн мэргэжилтнүүд үзэж байна. Энэтхэг Улс эвсэлд нэгдээгүй орнуудын дунд их нэр хүнтэй, Азид идэвхтэй бодлого явуулдаг болохоор “шинэ лидер” орон болох нь тодорхой. Ази, Номхон далай бус нутагт Япон улс, Хятад гүрэн ихээхэн нөлөөтэй нь хэн бүхэнд ойлгомжтой. Миний бодоход энэ нь нэн ялангуяа Монголчуудад ихээхэн хамааралтай ...”33 гэжээ.
Хятадаас айх монголчуудын айдас өнө эртнээс уламжлалтай, одоо ч тэр хэвээрээ байгаа бөгөөд Японд тавьж буй найдлагын тухайд гэвэл 1993 оны явцад сулрах тийшээ хандсан гэхэд болно.34
Дотоод сэтгэлийн холбоо ба улс төр
Монголчуудын Орос орныг гэх сэтгэл өнөөгийн эдийн засгийн болоод бусад харилцааны байдлын бидэнд төрүүлж буй итгэл үнэмшлээс хавьгүй хүчтэй юм. Энэ холбоо наад зах нь энэ зууны эхээс уламжлалтай бөгөөд монголчуудад ямагт эерэг сэтгэгдэл төрүүлсээр иржээ. Оросуудаас өөр ийм хэмжээнд холбогдсон ард түмэн гэж монголчуудын хувьд байхгүй. Жишээ нь, өмнөд хөрш хятадуудтай харилцах харилцаанд л гэхэд дотоод сэтгэлээрээ тэднээс ихээхэн хөндий байдаг нь маш эртний түүхэн үндэслэлтэй юм.
Социалист тогтолцоо нуран унасан явдал өнгөцхөн харахад Монголд оросуудыг гэх сэтгэлд нь ан цав суулгаж, тэр нь улам гүнзгийрч байгаа мэт санагдана. Сталины үед Монголд болсон үйл явдлын талаар гарсан нийтлэлүүд, зарим хүмүүсийг хувь хүнийх нь хувьд гутаан доромжилсон, улс төрийн талаар бусдад толгойгоо мэдүүлэхээ больсон, одоо л өөрөө өөрийгөө хариуцаж, чөлөөтэй шийдэж байх цаг ирлээ гэх гэнэт бий болсон, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй мэдрэмж, тэрчилэн мөн л ЗСБНХУ-ыг даган дуурайсан үзэл суртлын, зарим талаар тэсвэрлэшгүй үхширмэл үзэл баримтлал зэргээс гадна өөр олон тооны хүчин зүйлс 1990 оны орчимд ид хүчээ аваад байсан үндсэрхэг, юуны өмнө оросуудын эсрэг уур амьсгал үүсэхэд нөлөөлсөн ч гэлээ тэр нь тун удалгүй юу ч биш болж замхарсан билээ.
Монголын хүн амын дотор 1993 оноос хойш 1990 онтой харьцуулбал Орос орон хийгээд оросуудад хандах хандлага үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд энэ нь давын өмнө эдийн засгийн гүн хямрал, түүний үр дагаварт нийгмийн янз бүрийн давхаргыг хамарсан хувь заяатайгаа эвлэрэх фаталист маягийн үзлээс үүдэлтэй юм. Энэ зуур цөөнгүй тооны монголчууд оросуудтай адилхан хувь заяатай тулгарлаа гэж үзэх болсныг социологийн судалгаагаар явуулсан санал асуулгууд ч нотолдог билээ.
Ардчиллыг үзэх монголчуудын үзэл оросуудынхтой төсөөтэй. Ардчиллын тухай Өрнөдийнхний ойлголтыг хүлээн авах үйл явц туйлын удаан, өчүүхэн бага алхмаар явагдаж байна. Үүний учир нь уг үйл явц ерөөс улс төрийн соёлын өөрийнх нь органик өсөлтөөс илүү хурдан явагдаж чадахгүйд оршино. Өрнөдийнхөн ч гэсэн өөрчлөн шинэчлэгч, ардчилагч гэдгээр нь ихэд хүндэтгэн өргөмжилдөг Б. Н. Ельцин өргөн төлөөлөлтэй санал асуулгуудаар монголчуудын хувьд саяхан болтол Оросын ардчилсан үзэлтний сонгодог жишээгээр ямар ч маргаангүйгээр тодорч, Өрнөдийн парламентчдийг бодвол түүнтэй үг хэлээ амархан ололцоно гэцгээж байсан бол түүний шинэчлэлийн үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн засаглалаар дамжуулан улам их эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гэсэн эрмэлзэл зэрэг нь хуучин дарангуйллын загваруудыг дэндүү санагдуулах болсон учраас Монголд одоо түүнд эргэлзэх нь улам нэмэгдэх тийшээ ханджээ. Гэвч урьдын адил асар их данхар бүтэцтэй Монголын төрийн аппаратын ажилтнуудын дунд “хүчнүүдийн чөлөөт тоглолт”-оос эрх мэдлийн төвлөрөл рүү явахыг хүсэгчид ямагт байсаар ирсэн юм.
Монголд явагдсан сүүлчийн чөлөөт сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сайд, орлогч сайд нарын дийлэнх нь энэ намын эгнээнээс гарсан байна. Тэд бараг бүгдээрээ ЗСБНХУ-д боловсрол эзэмшсэн тул бараг бүгдээрээ оросоор ярьдаг. Тэгэхээр Оросын ардчиллын хувь заяа Монголын нийгмийг цаашид ардчилах явцад нөлөөлөхгүй байж чадахгүй гэж хэлэхэд болохгүй гэх газаргүй юм.
Гэвч. Монгол улс Европын бодлогын хавсралт хэвээр үлдэх үү?
Quo vadis, Mongolia? (Монгол орон чи хаашаа явна вэ?)
(1995)
© Udo B. Barkmann
1 Монгол улсын Үндсэн хууль, Улаанбаатар 1992, 3-р тал.
2 М. Дүгэрсүрэн, Яардаггүй атлаа хожимддоггүй байх хэрэгтэй, Ардын эрх, 1993.01.09.
3 Халимагууд (торгууд, дөрвөд, хошууд) болон буриадууд нь монгол үндэстэн ястны тоонд ордог.
ЗСБНА Буриад Улс: Нийслэл: Улаан-Үд (монголоор Улаан-Үүд), Нутаг дэвсгэр: 351.000 хавтгай дөрвөлжин км, Хүн ам: 1.049.000 (үүнээс 421.000 нь буриад, 1990 оны байдлаар). Буриад улс нь 1992 оноос эхлэн Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтаж байна.
ЗСБНА Халимаг Улс: Нийслэл: Элст, Нутаг дэвсгэр: 75.900 хавтгай дөрвөлжин км, Хүн ам: 325.000 (үүнээс 174.000 нь халимаг, 1990 оны байдлаар). Халимаг улс нь 1992 оноос эхлэн Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтаж байна.
4 Ю. В. Сталины шахалтаар 1945 оны 2-р сарын 11-ний Ялтын хэлэлцээрт Монголын статусын тухай дараах заалтыг оруулсан юм. Үүнд: “Гурван их гүрэн – Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн удирдагчид Зөвлөлт Холбоот Улс Герман бууж өгч, Европт дайн дууссанаас хойш хоёроос гурван сарын дараа Холбоотнуудын талд Японы эсрэг дайнд
1. Гадаад Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын статус кво-г хадгалан үлдээх ...” (Советско-монгольские отнощения, 2/1, Москва, Улаанбаатар 1979 –ыг үз).
Үүнтэй холбогдуулан Хятадын хүсэлтээр БНМАУ-д 1945 оны 10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулахад БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий иргэдийн 98,4 хувь нь тус орны тусгаар тогтнолын төлөө саналаа өгснөөр Монгол улсыг Хятадын зүгээс олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх зам нь шулууджээ. Бүгд Найрамдах Хятад Улс Монголыг 1946 оны 1-р сарын 5-нд олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөв.
5 Нөхөр М. С. Горбачев, Ж. Батмөнх нар уулзав, Үнэн, 1989.07.27.
6 В. И. Ситников, Зөвлөлт, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэтийн төлөв, Үнэн, 1990.02.26.
7 Г. Каспаровын тухай дахин ярьсан нь, Үнэн, 1990.01.05.
8 Мөн тэнд.
9 Өөрчлөн байгуулалтаас өөр зам байхгүй, Үнэн, 1990.05.13.
10 Мөн тэнд.
11 Үнэн сонины 1990.05.04-ний дугаарыг үз. Монголын парламент (Улсын Их Хурал) дахь суудлын хуваарилалт: МАХН 357, МҮДН 6, МоАН 16, МСДН 4, нам бус 39, Залуучуудын Эвлэл 9 суудал тус тус авчээ.
12 Үнэн, 1990.09.07. Ардын Эрх, 1990.09.08.
13 Найрамдалт харилцаа байх ёстой, Ардын Эрх, 1990.01.18.
14 U. B. Barkmann, Erste Anmerkungen zu einem traurigen Kapitel mongolischer Geschichte – die dreißiger Jahre, Asien, Afrika, Lateinamerika 20(1993), 1043-1062-р талууд.
15 Айлчлал үр дүнтэй боллоо, Ардын Эрх, 1992.02.19.
16 МАХН-ын ХХ Их Хурал, Улаанбаатар 1991.
17 БНМАУ-ын Хууль – Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Ардын Эрх, 1991.09.05.
18 U. B. Barkmann, Zu den mongolisch-japanischen Beziehungen der letzten Jahre, Asien, Deutsche Zeitschrift für Politik, Wirtschaft und Kultur, 1(1994), Hamburg, 31-45-р талууд.
19 ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч нөхөр М. С. Горбачев Танаа, Ардын Эрх, 1991.08.23.
20 ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч нөхөр Б. Н.Ельцин Танаа, Ардын Эрх, 1991.08.23.
21 БНМАУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдэл, Ардын Эрх, 1991.08.30.
22 Егорь Гайдар хүлээн авч уулзав, Ардын Эрх, 1992.10.23.
23 А. В. Руцкой хүлээн авч уулзсан нь, Ардын Эрх, 1992.10.23.
24 Ельцин, Гомбосүрэн нарын уулзалт, Ардын Эрх, 1992.11.03.
25 Бүс нутгийн эрх ашигт нийцэж байна, Ардын Эрх, 1993.01.06.
26 Монгол улс, Оросын Холбооны улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Засгийн Газрын Мэдээ, № 5(66), 1993 оны 2-р сарын 1-р долоо хоног.
27 Монгол Улсын Ерөнхийлөгч, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл, Ардын Эрх, 1993.01.22.
28 Монгол улс, Оросын Холбооны улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Засгийн Газрын Мэдээ, № 5(66), 1993 оны 2-р сарын 1-р долоо хоног.
29 Дорно дахин тун амаргүй, Начало 33(1992) дугаараас, монгол орчуулга нь Ил Товчоо сонины 1993.02.01-10-ны дугаарт.
30 Н. Мишигдорж, Монгол, Оросын харилцаа шинэ цагийн босгон дээр, Засгийн Газрын Мэдээ, 36(1993.06.25)
31 Монгол улс, Оросын Холбооны улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Засгийн Газрын Мэдээ, № 5(66), 1993 оны 2-р сарын 1-р долоо хоног.
32 Дорно дахин тун амаргүй, Начало 33(1992) дугаараас, монгол орчуулга нь Ил Товчоо сонины 1993.02.01-10-ны дугаарт.
33 300 долларын үнэтэй ярилцлага, Ардын Эрх, 1994.02.10.
34 Zu den japanisch-mongolischen Beziehungen der letzten Jahre, ASIEN – Deutsche Zeitschrift für Politik, Wirtschaft und Kultur (Januar 1994) 50, 30-44-р талууд.