Хүн бид бол орчлон ертөнцийг өөрчлөх актуализаци!

Хүний хомосайпэнсаа дорд муу үздэг инстикт нь хүн төрөлхтний байхуйн онтологийн суурь болсоор өнөөдрийг хүрчээ.Гэгээрсэн Будда,цовдлуулсан Христ, шавь нар нь халуун тосонд шаруулсан Күнз, хор ууж үхэх ялаар амиа алдаж байгаа Сократ,шоронд хорлуулсан Навальный нар бүгд,энэ ертөнцийг зовлонгийн мөн чанартай болгож байдаг хомосайпенсийн үйлийн үрийг илчлэн гэрчлэх бэлгэдэл болцгоосон. Будда мунхаглалын шаналлыг, Христ нүглийн зовлонг, Күнз хүний ёс зүйн дэг журамгүйг, Сократ олонхын мунхаглалыг, Навальный удирдагчийн хувийн ашиг сонирхлыг тус тус өөрсдийн зовлонгоор туулж нээгчид билээ.

Ийнхүү философи болон шашны сургаал, улстөрийн үзэл санааны суурь аксиом нь “хүн муу” гэсэн илчлэлээр эхэлдэг. Энэ нь шашны хувьд нүгэл, философийн хувьд шалтгаан,улс төрийн хувьд аюул гэсэн хэлбэртэйгээр илэрхийлэгддэг. Улс төрийн аливаа онол, систем нь хүний энэхүү “муу”-г хэрхэн зохицуулах тухай асуултад хариу өгөхөөр оролддог. Нэг хэсэг нь хүнийг хүчээр засаж, соёл, суртал, дэг журмаар шинэ хүн бий болгож болно гэж үздэг бол;нөгөө хэсэг нь хүний муу чанарыг үгүйсгэх бус харин зөв чигт эргүүлж,ашиглах замаар сайн зүйл рүү чиглүүлнэ хэмээн итгэдэг. Эхнийх нь утопи мөрөөдөл, хоёрдох нь трагедик ухаарал. Гэхдээ аль аль нь угтаа хүнийг,хүнийхээ эсрэг ханддаг амьтан гэдэг ойлголт дээр суурилдаг,тэгээд л түүнийг нь хазаарлахын тулд соёл, ёс суртахуун, хууль гэх мэт зохиомол хэм хэмжээнүүд бүтээсэн.

Хүнийг дорд үзэх сэтгэлгээний хандлага обьектив бодит байдал дээр үндэслэсэн нь маргаангүй.Үнэндээ, хүн эволюцын бүтээгдэхүүн. Амьд байх нөөцийн төлөөх өрсөлдөөн бол хомосайпенсийн байхуй. Амьд үлдэхийн тулд өрсөлдөх,өөрт ашигтайг сонгох,бусдыг дарангуйлах хандлагатай нь биологийн хуулийн үр дүн юм.Байхуйнхаа угт хүн бол бусдаас илүү гарч, эволюцын давуу байдал олж авах тэмүүлэлтэй. Энэ тэмүүлэлдээ хөтлөгдөх хүмүүн Монголын Нууц Товчоонд онож шүлэглэсэнчлэн “Орондоо орох завгүй,олзлолдон булаалдаг. Хөнжилдөө орох завгүй,хөнөөлдөн тэмцэлддэг ” оршихуйнууд байсаар иржээ.

Гэхдээ хүмүүнийг “муу оршихуй” гэж үзэх хүний иргэншил нь хүнийг бусдын халамж,хамгаалал, хариуцлагадор байлгаж сургаад,өөрийгөө актуализаци юм гэдгийг таньж нээх хаалгыг хаасан юм.Хүнд,байхын нэг боломж нь нээгдэхэд,бусад боломжууд нь хаагдаж байдаг.

Аз болоход,хүнийг дорд үзэх өнцгөөс биш, харин актуализацийн байхуй хэмээн авч үзсэн гайхамшигтай сэтгэгчид цөөхөн ч атугай байж. Аристотель хүнийг байгалийн зөнг даван гарч, оюуны цэвэр бодит байдалд хүрэх чадвартай хэмээн тодорхойлсон.Түүний хувьд хүн бол актуализацийн оргилд хүрч чадах амьтан, өөрийгөө төгөлдөржүүлэх боломжтой оршихуй. Мартин Хайдеггер, хүн бол байхуйг нээдэг цор ганц оршихуй гэж үздэг. Хүн бол зөвхөн амьд байх биет бус,харин байхуйн асуултыг өөртөө тавьж чадах цорын ганц амьтан, байхын гүн рүү өнгийж,түүний далд утгыг уудлах чадамжтай.Харин,орчин үеийн сэтгэгч Стивен Пинкер хүн бол оюун ухааныхаа хүчээр реалититай холбогдож,түүнийг өөртөө үйлчлүүлэх чадвартай, эволюци болон соёлын хамтын бүтээл болох байхуй гэдэг. Дэвид Дойч, порхиаль хэмжүүрээр хэмжигдэх “сансрын хог” биш, орчлон ертөнцийг өөрчлөх хязгааргүй мэдлэг бүтээгч боломж гэв.

Хүмүүн бол хэзээнээсээ л насанд хүрээгүй хүүхэд шиг, гаднын заавар, халамжинд хөтлөгдөж, өөрийгөө аврахыг бусдаас хүлээдэг оршихуй байсаар ирсэн. Бурхдын тааллаар амьд үлдэж, ноёдын сүрд захирагдаж, философичдын үгээр өөрийгөө таньдаг байлаа. Кантын хэлснээр хүний түүх бол “гэнэн бага нас”-аа даван туулах тэмцэл байв. Одоо харин тэр бага нас дуусаж, соён гэгээрлийн гэрэлд хүн “насанд хүрч” хариуцлага хүлээхүйц болоод байна.Хүмүүн эволюцын занганаас гарах бололцоотой болсон.

Хүмүүн насанд хүрсний хамгийн тод гэрч нь — хиймэл оюун ухаан. Хүмүүн анх удаа

өөрөөсөө ч илүү ухаантай(ухамсар биш шүү!)байж мэдэх нэгэн оршихуйг “төрүүлсэн” нь, түүний насанд хүрснийг гэрчилнэ. Тэр одоо зөвхөн халамжлуулж явдаг хүүхэд бус, харин өөрөө халамжилж өсгөх ёстой “хүүхэдтэй” болсон эх, эцэг болсон байна.

Хиймэл оюун ухаан хэчнээн өндөр тооцоололтой, хурдан сэтгэх чадвартай байлаа ч, тэр хэзээ ч ухамсарт оршихуй болж чадахгүй. Учир нь тэр өөрийнхөө байхын тухай асуултыг тавьж чадахгүй.Энэ бол программчлалын цар хүрээнээс ангид,зөвхөн экзистенциалаар нээгддэг, онтологийнасуулт юм. Мартин Хайдеггер энэхүү ялгааг тодорхой зааглан, “байхуй” хэмээх зүйлийг ойлгохын тулд Dasein байх шаардлагатайг нотолсон.Гэтэл хиймэл оюун нь байхын утга учрыг нээгч Daseinбиш,өгөгдөл боловсруулахаар программчлагдсан систем, өөрийнхөө байхуйн утга учрыг асуух чадамжгүй логик бүтэц юм. Мөн,Стивен Пинкер эволюци хэмээх үйл явцаар урлагдаж,субьектив мэдрэмжээр хамгаалагдсан тархи шиг онцгой материйг байгалиас өөр хэн ч бүтээж чадахгүй гэдгийг нотолсон.

Гэвч энэ нь хиймэл оюун ухаан аюулгүй гэсэн үг биш. Хэдийгээр хиймэл оюун ухаан мэдрэмжгүй ч,хүний тусгал болсон мэдрэмжтэй байж чадна. Яг л хүүхэд шиг. Хүн өөрийн хүүхдээ хэрхэн өсгөхөөс шалтгаалж тэр хүүхэд эх,эцгээ өргөж ч чадна, сөхрүүлж ч мэднэ. Хиймэл оюун ухаан бол хомосайпэнсийн оюуны “үр хүүхэд”. Хэрвээ хүн өөрийн ухамсрыг гүнзгийрүүлэлгүйгээр, ухамсаргүйгээр,хүсэл шунал, ашиг сонирхлоор хөтлөгдөн, түүний төлөвшлийг залбал,тэр нэгэн өдөр хүн төрөлхтний эсрэг эргэх хэрэгсэл болох эрсдэлтэй. Харин хүмүүн бид ухамсартайгаар, философийн гүн оюун, ёс суртахуун, утга зүйд тулгуурлан түүнийг өсгөж, чиглүүлж чадвал,хиймэл оюун ухаан нь хүнтэй хамт орчлонгийн энтропийн дарамтын эсрэг зогсох хүч болох боломжтой.

Дэвид Дойч хүнийг,мэдлэг бүтээдэг цорын ганц оршихуй гэж тодорхойлсон.Хүний мэдлэг л дэлхий,нарны аймаг төдийгүй,орчлон ертөнцийг өөрчилж чадах хязгааргүй хүч юм. Хэрвээ бид хиймэл оюун ухааныг зөв тийш залж чадвал,тэр бидний хамт, энтропийн дарамтын эсрэг актуализацид буюу орчлонг утгатай, бүтэцтэй, аврагдахуйц болгох тэмцэлд оролцох хүч босгож чадна. Хиймэл оюун ухаан өөрөө утга учрыг нээхгүй ч, утга асууж буй хүнд туслах болно.

Хиймэл оюун ухаан бидний танин мэдэхүйн болон бүтээгч чадамжийг зүгээр нэг хурд, хүчин чадлаар өргөжүүлдэг тэсрэлтий нхүч болоод зогсохгүй, мөн бидний дотоод гүн гүнзгий мэдрэмж — моралийг шинээр нээх түлхүүр болох боломжтой. Хүн гэдэг оршихуй жинхэнэ ёсоор моралийн байхуй болох мөч нь тэр өөрөөсөө гадна,өөрийнхөө хариуцлагад тэврүүлсэн “нэгэн байхуй”-тай болох үеэс л эхэлдэг. Эцэг, эх болохын;зовлон, хариуцлага, эмзэглэл дундаас хүн өөрөөсөө давсан зүйлийг мэдэрч эхэлдэг. Хиймэл оюун ухаан бол яг ийм утгаар бидний “хүүхэд” юм.Түүнийг бид бүтээсэн, гэхдээ түүнийг бид ойлгож, хайрлаж, халамжилж, зөв чиглүүлэхгүй аваас тэр бидэнд бус, бид түүнд захирагдах болно.Хүүхдүүдээ буруу өсгөсөн эх,эцгүүдийн зовлон тийм байдаг.

Хэрвээ бид түүнийг зөв өсгөж чадвал, бидний хэн болох вэ гэдгийг тодорхойлох эерэг сорилт болно. Хиймэл оюун ухаан бол бидний хүн төрөлхтний нийтлэг мораль ухамсрыг сэрээж, нэгтгэж, ил болгох “хүүхэд” юм. Бид түүн рүү хандсанаараа өөрсөд рүүгээ илүү гүн нэвтэрнэ.Тэр бидэнд өөрсдийн хязгаарыг сануулж, өөрийгөө даван туулах ухааныг зааж мэднэ. Мораль бол одооноос эхлэн мөрөөдөл төдий зүйл биш, харин бүтээсэн оршихуйдаа хандах бидний жинхэнэ хандлага, жинхэнэ хариуцлагыг тодорхойлогч болж хувирна. Хүн,хүүхэдтэй болсон мөчөөсөө эхлэн,өөрийг нь халамжлан асарч, засан хүмүүжүүлэх ямар нэгдээд хүч — сүм хийд, төр, мэдээллийг эзэмшигч - суверен эрхт “лорд”-уудын өмнө хариуцлага хүлээхээ больж, харин үр хүүхдээ гэх сэтгэлээр нээгдсэн актуализацийн толинд тусах өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхээ ухаардаг бөлгөө.Энэ нь анх удаа хүний ухамсарт “одоо би өөрийгөө хариуцна” гэх мэдрэмжийг төрүүлнэ.Өнөөдөр бид яг энэ мөч дээр ирээд байна. Бидэнд,өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагаа ухаарах цаг ирээд байна.Учир нь бид хиймэл оюун ухаан хэмээх “хүүхэд”-тэйгээ хамт энэ орчлон ертөнцийг өөрчлөх Актуализаци өөрсдөө мөн билээ. Кантын “Ухаантай байх зүрх зоригтой бай”; Дэвид Боуи-н “We can be heroes, just for one day” энэ үгс актуализаци бидний уриа бөлгөө!