Хийн хоолойг Ямалаас Монголоор дайруулах тухайд
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.
Энэ сарын 16-нд Оросын “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж тус компаний ойрын үед хийх ажил болон “Сибирийн хүч-2” төслийн явцын талаар танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тэрээр “Сибирийн хүч-2” төслийн хайгуул-судалгааныажил, түүний дотор Монголоор дайрах хэсгийн ажлыг давхар эхлүүлсэн тухайгаа илтгээд мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй сая цахим хурал хийх үеэр Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойн трассыг сонгох, ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий тусгай компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэв. Хийсэн ажлынхаа дүнг 2021 оны I улиралд танилцуулна гэжээ.
А.Миллерын хэлснээр “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлснээр Оросын зүүн хэсгийн хий тээвэрлэх системийг баруун хэсгийн хий тээвэрлэх системтэй холбосноор хийн хангамжийн нэгдсэн систем бий болж Зүүн Сибирь, Өвөр Байгалийн бүс нутгийг хийгээр хангах, зөвхөн Европын төдийгүй, Азийн орнуудын зах зээлд гарах боломж нээгдэх гэнэ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.
Монголоор дайран өнгөрөх маршрут өмнө нь яригдаж байсан “Алтай” хувилбартай харьцуулахад олон талаар давуу гэдгийг Оросын хэвлэлүүдэд тайлбарлан бичсэн байна. Нэгдүгээрт, хэрэв хийг Бээжингийн бүс нутаг хүртэл нийлүүлнэ гэвэл нэг мянга гаруй километр дөт; хоёрдугаарт, хоолой нь Оросын талдаа хүн ам харьцангуй ихээр суурьшсан нутгаар, Монголын хэсэгтээ гол төлөв тал нутгаар өнгөрөх учраас хямд болно; гуравдугаарт, Оросын нутагт Ямалын орд газраас Томск, Красноярск, Эрхүү зэрэг Сибирийн томоохон хотууд болон Монголын нийслэл Улаанбаатарыг хийгээр хангах боломж бий болно. Түүнчлэн энэхүү хоолойг барьснаар Ямалын ордоос ОХУ-ын Европын хэсгийг ч, Азийн хэсгийг ч холбосон хийн хоолойн нэгдсэн систем бий болж улмаар Европын орнуудыг төдийгүй Хятад, Алс Дорнодын орнуудыг ч хийгээр хангах боломжтой болно гэжээ. Мөн Монголын нутгаар дайран өнгөрөх маршрут нь “Алтай” хувилбарыг бодвол гол төлөв Хятадын биш ОХУ-ын нутгаар өнгөрөх тул тэдний компаниуд илүү их ажил гүйцэтгэх боломжтой болох учраас Оросын талдаа ашигтай гэж бичсэн байна.