Бид Ерөнхийлөгчийг хүмүүжүүлж чадсангүй
-Шаардлагатай бол Онцгой чуулган зарлаж үймээнд турхирсан гишүүдэд хариуцлага тооцъё-
“Бид ирээдүйн Ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” уриатай чөлөөт хэвлэл байж билээ...Гэтэл өнөөдөр харахад бид “Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүмүүжүүлж чадаагүй” юм байна. Одоогоос таван жилийн өмнө, 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Х.Баттулга “Жудагт Монгол” гэгч хөдөлгөөнийг толгойлон төв талбайд гарч ирж байсныг санаж байна. Тэр үеэр Х.Баттулга “Жудагт Монгол” цуглаан дээр УИХ-д дахин сонгож болохгүй хүмүүсийн нэрийг зарлаж сонгогчдын эрхэд нөлөөлөх гэж оролдож байсан. Зарласан 11 хүнээс нэг нь золгүйгээр төрийн ордонд нас барсан, гурав нь улс төрийн хоригдол болчихоод шоронд хоригдож байна. Зарим нь УИХ-ын гишүүнээр дахин хоёр ч удаа сонгогдчихоод ажиллаж байна /http://www.control.mn/i/1544/#.YJc8ry2caqA/.
Мөн энэ явдлын өмнөхөн 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг төмөр замын төслийн хэрэгжилттэй холбоотой хэргийг шалгах асуудалтай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах хоёр компанийн оффист Прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийх болоход өнөөх хөдөлгөөнийхөн болон том биетэй залуус нь, хамгийн гол нь өнөөдөр “үсдүүлж” хөөгдөөд байгаа Э.Бат-Үүл баатар санаа зовниод оччихсон л байсан. Тэгэхэд бас л “туслах эмэгтэйг аваад явчихлаа” гэж өр өвтгөхөө мартаагүй /http://eagle.mn/r/8294/. Одоо ч бас Баянхонгороос сонгогдсон эмэгтэй гишүүний эрүүл мэнд хамгийн түрүүнд эрсдэлд ороод байгаа бололтой. Танил “сценари” биш гэж үү?
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө, 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Жудагт монгол” хөдөлгөөний тэргүүн, Уламжлал академийн захирал, АИХ-ын орлогч дарга асан, МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням хэвлэлд “Жудагт Монгол хөдөлгөөн 2020 оны сонгуулийг зүгээр хараад суухгүй, идэвхтэй оролцоно гэсэн бодолтой багагүй ажил хийж байна”, “Монгол төрийг хөрөнгө мөнгөөр худалдаж авахыг санаархагч хэн нэгэнд биш маш хариуцлагатай хүмүүсийн гарт өгөх ёстой” гэхчлэн ярьж л байсан /http://www.unen.mn/a/100879/. Иргэн та яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсаар зочлоод үзээрэй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-нд төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын гишүүдтэй уулзах үеэрээ хэлсэн үгийг “Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна” гэсэн гарчигтайгаар нийтэлснийг хараад нүдэндээ итгэмгүй.
Төрийн тэргүүн нь “Монгол ялагдаж байна” гэж мэдэгдэл хийхийг хардаг азгүй улс аа, бид. Ийм том “бамбай”-тай “тэмцэгчид” ухрах байтугай ухаанаа алдчихдаг юм байна. Ерөнхийлөгчийг уулзаж, урам нэмсний маргааш нь буюу 2021 оны тавдугаар сарын 8-нд эмх замбараагүй байдал улам хүчирхэгжив. УИХ-ын гишүүн М.Тулгат “Ардчилсан нам устах гээд байхад юуны чинь өвчин зовлон?” гэж Ковидын эсрэг хуулийг зөрчиж буйг нь сануулсан сэтгүүлчийн асуултад хариулахдаа “загнав”. УИХ-ын гишүүн, одоогоор АН-ын дарга гэгдэж буй О.Цогтгэрэлийн компанийн логотой нэг бус хүн төв талбай дахь жагсагчид дунд байсныг “тус компанийн нэр хүндэд халдаж буй санаатай үйлдэл” гэцгээж байна. Гэхдээ үнэхээр тэдний ажилтан уу, “зүсээ хувилгаж төөрөгдүүлэх оролдлого уу” гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ. Харин яагаад орон нутгаас “О.Цогтгэрэл даргатай АН-ыг бүртгэхийг шаардаж Дээд шүүхэд хүсэлт гаргав? Энэ нь зохион байгуулалттай хэрэг биш гэж үү? Ийм хэрэг зохион байгуулсан УИХ-ын гишүүнтэй тооцох хариуцлага Монгол төрийн хуульд бий юу?
Уг нь аймгуудаас ирсэн тэдгээр бичиг нь Улсын Дээд шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 22-нд “Ардчилсан намын даргыг цахим бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтүүд юм. Гэтэл шүүхээс С.Эрдэнийг тус намын даргад тооцсон шийдвэр гарсан. О.Цогтгэрэлийн талаас 21 өмгөөлөгчтэй оролцож шүүх хурлыг хойшлуулж буй талаар удаа дараа мэдээлэл гарсан. Эцэст нь Сонгуулийн ерөнхий хороо хугацаа өгч, тухайн хугацаанд багтаж С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн. Хүчээр бүртгээгүй, Ардчилсан намын удаа дараагийн цахим хурлуудаас гарсан шийдвэр л энэ. Тус намын дотоод асуудал. Гэтэл намын дотоод асуудлаа дэвэргэж төв талбайд цар тахлын хөл хорионы үеэр өлсгөлөн зарлаж, хууль тогтоогчид нь энэ бүхнийг эхэлсэн. Эхнээсээ эмэгтэй гишүүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээ дуулдлаа. Ийм үймээн самуунд эмэгтэйчүүдийг “ашигладаг”, тэдний амь нас, эрүүл мэндээр “барьцаалдаг” бараг уламжлалт гэмээр хийц эндээс харагдаад байна. УИХ-ын дарга биеэр очиж уулзаад “өлсгөлөнгөө зогсоохгүй бол хамт өлсгөлөн зарлая” гэлээ. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хүсэлт илгээлээ.
Хамгийн аймшигтай нь “Ардчиллын алтан хараацай” гэгддэг Э.Бат-Үүл баатарын биед халдаж, үснээс зулгаахыг үзэв. Яг дэргэд нь дунд хэрийн насны хоёр эмэгтэй олс татах тэмцээнд орж буй аятай Ардчилсан намын тугийг булаалдаж, уур омог нь хяналтаас нь гарсан нэгэн залуу Ардчилсан намын далбааг урж тасдав.
Монгол Улсын жирийн иргэд өнөөдрийг хүртэл ардчилал, эрх чөлөөнд хайртай, тэр хэрээрээ Төрийн хуулийн дор амьдарч, тэр ч байтугай хүмүүний амьдралын наад захын хэрэгцээгээ хүртэл Цар тахлын үеийн хууль тогтоомжийг дагаж хөл хориулаад тэсэж байв. Гэтэл тэр хүндлээд мөрдөөд байгаа хуулийг нь санаачилдаг, боловсруулдаг, баталдаг хүмүүс хууль зөрчихийг хараад тэдний хамгаалалт дор хууль зөрчиж эхэллээ. Хэний буруу вэ? Хөргийг нь ажлын өрөөндөө залдаг,төрийн наадам эхлүүлж, он солигдох мөчид үгээ хэлдэг энэ улсын хамгийн том эрх мэдэлтэн, айлаар бол “аав” нь гэгддэг Үндэсний Эв нэгдлийн илэрхийлэл нь хууль зөрчсөн хууль тогтоогчидтой уулзахдаа “Монгол ялагдаж байна” гэж цөсийг нь хөөргөсөн нь ч үүнд нөлөөллөө. Тэд хуулиас эмээхийг больж хяналтаа алдсандаа Үүл баатарын буурал тэргүүнд халдаж, Ардчилсан намын тугийг урж тасдан, аль болох ардчилалд хайртай хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх муу муухайг хийлээ. Маргааш юу хийхийг ч таашгүй. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох ёстой. Үймээн самуунд уриалсан, зохион байгуулсан байж болзошгүй хууль тогтоогчидтойгоо эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй. Эсвээс “халдашгүй эрхээр бамбайлсан” тэд цаашид юу ч хийж мэдэхээр байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлд “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” гэж заалт бий. Ялангуяа 43.1.8-д “гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх”, 43.1.11-д “...хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж доромжлох”, 43.1.12-т “бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах” гэхчлэн өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаанд уриалж оролцож буй эрхэм гишүүдийн үйлдэлд яг оносон хуулийн заалт байна. Энэ хуулийг 2020 оны тавдугаар сарын 7-нд буюу яг нэг жилийн өмнө тэд баталсан. Юуны өмнө тэдгээр гишүүдийг бүрэн эрхээс түдггэлзүүлэх буюу ямар нэг байдлаар хариуцлага тооцохгүй бол энэ байдал давтагдах магадлал тун өндөр. Тэр ч байтугайУлсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлд Онцгой чуулган зарлах тухай заалт ч энэ асуудалд хамаарч болохоор байгааг анхаарна уу!