Ардчиллаа олигархаас аварч чадах уу!
Ардчиллаа олигархаас аврах боломжийг дарангуйлал руу алдчихалгүй байж чадах болов уу, ардчилагчид минь?
Шинэ оны дуудлага
“Прокурорын байгуулага “ногоон малгайтан”-уудаар дүүрчээ” хэмээн хуулийн ухааны нэгэн доктор дуу алджээ. Доктор дуу алдаад зогсоогүй. Аргаа барсан Ерөнхий прокурор нь “ажил хаясан” сурагтай.
Прокурор “ногоорсон” болохыг; С.Зоригоос эхлээд өөрийн найз “Хонх”-ынЦогтсайханыг хүртэл хөнөөсөн гэх зэрэг элдэв хэрэгт гүтгүүлэн, 20 гаруй жилийн турш мөрдөгдөн, прокурорын хяналт дор амьдарсан миний бие мөн хэлж чадна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, тамгын газрын дарга З.Энхболдын хэрэгжүүлсэн “прокурорын их сэлгээ”-гээр баахан залуус энэ тэндээс татагдан прокурорын ажилд очсон. Одоо тэд хуулийг түйвээн, ногоон малгайтан шиг л авирлаж байна.
Тэд, байгаа эрх мэдэлдээ эрдээд, дараа нь хуулийн дагуу ирэх хариуцлагаа ч санаж байгаа юм алга. Хууль мууль хамаагаа алдаж, ёстой л гурилдаж байна. Улс төрийн захиалгат ажилдаа улайрсан гэлтэй.
Өдгөө өмгөөлөгч нар хүнээ өмгөөлөхөөс илүүтэй, мөрдөн байцаалтанд хуулийг зөв хэрэглэхэд хяналт тавих гэж аргаа барж байна. Нэг ёсондоо прокуроруудад хуулиар ноогдуулсан ажлыг өмгөөлөгчид өмнөөс нь гүйцэтгэж байна. Прокурорууд мунхаг болоод зогссонгүй. Улс төрийн захиалга өгч байгаа улстөрчид ньбас цайрчихаж! Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, сонгуулийг луйвар болох сонгуулийн хуулийг хэрхэн “наймаалцсан”-аа хээв нэг яриад зогсож байна. Ардчиллын үлдсэн ганц “цучил”-ыг үгүй хийчхээд! З.Энхболд тэнэг хүн биш. Санаатай сонгуулийн хуулийг хориггүй явуулсан байх. Наймаанд оролцсон МАН нь бүр тэнэгтэх юм. Өөртөө “нүх ухсанаа” ойлгохгүй хаахалзаж байна.
“Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэгчээр Н.Энхбаярт зориулсан хууль нь эргээд, дор хаяж жидүүтсэн дөчин нэгэн УИХ-ын гишүүнийх нь толгой дээр буух эрсдэлтэй болсныг ухаарах ч үгүй байна.
Ирэх сонгуулиар Ардчилсан нам ялбал яана! Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад, жидүүтсэн дөчин нэгэн гишүүдийг шүүхээр яллана. Шударга ёс ингэхийг шаардаж л таараа. Аягүйдвэл, МАН болон МАНАН-д уурласан олон түмэн (хүмүүс, дотор уураараа санал өгөх магадлалтай байгаа!) МАХН-д 65-н суудал өгвөл яах вэ? Онолын хувьд боломжтой шүү дээ! Тэгвэл МАХН, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын хэрэг, мөн жидүүгийн хэргээр нь ял асуун МАН-ыг Үндсэн хуулийн дагуу хориглож мэднэ. МАН-ын жирийн гишүүд уугуул МАХН-даа эргээд л очно. Албан тушаал өгвөл хэнийг ч дагахад бэлэн залуучууд МАХН-ын батлахаа гайхуулаад гүйнэ. Тэдний хувьд ямар ч гарз үгүй.
Ингэж МАН олуулаа байгаадаа мөн эрдэж тэнэгтэж байна. Халуурсан олигархийн нам ингэдэг л юм аа. Афины олигархууд “Би ямагт ард түмнийхээ дайсан байж, чадлынхаа хэрээр тэдэнд хор хүргэх болно!” хэмээх тангаргийг бие биедээ өргөн сагсуурч байж сүйрч байсан билээ.
2000 оны эхээр намайг “олигархи” гэдэг үгийг хэрэглэхэд энэ үгийн утгыг мэдэх хүн тун цөөхөн байж. Даш-Ёндон тэргүүтэй цөөхөн философичид, мөн улстөр судлаачид л мэднэ. УИХ дээр “Төр улам бүр олигархижиж байна” хэмээдэхвэл “Олигархи гэж юу юм бэ? хэн юм бэ?” гэнэ. Зарим гишүүд “гадаадын чамин үг хэлж мэдэмхийрлээ” гэж унтууцна. Өнөөдөр энэ үгийг хүн бүр хэлдэг болсон. Гэхдээ, баян хүнийг олигархи гэдэг гээд шал буруу ойлгочихсон аж.
Олигархи бол төрийн нэг хэлбэр дүрс. Ардчилал ба дарангуйлал хэмээх төрийн хоёр хэлбэр дүрсийн дунд орших бас нэг хэлбэр дүрс юм.
Ардчилал бол олонхийн засаглал. Дарангуйлал бол нэг хүний засаглал. Харин олигархи бол цөөнхийн засаглал юм. Олигархи нь цөөнхийн засаглал төдийгүй, төрийг өөрсдийн бизнесийн хэрэгсэл болгосон тийм цөөнхийн засаглал гэдгээрээ онцлог.
Олигархи бол ард түмнээ мөлждөг төр. Олигархийн үед төрийн эрх мэдлийн гадна байгаа; баян, ядуу, капиталист, пролетари, малчин, тариачин, тэр бүү хэл ажилгүй хэнбугай ч мөлжигдөж байдаг. Төрд төлөх татвар болон авлигаар дамжин мөлжлөг явагдана.
Татварын орлогоор бүрдэх мөнгө хөрөнгийг жидүүтэн завшиж ,төрийн хүнд суртлаар рекэтлэн авлига авна. Энэ бүх нэмэгдэл зардал нь барааны үнэд шингэж байдаг тул ажилгүй хүн, хөхүүл хүүхэд, тэтгэврийн хөгшид ч мөлжигддөг. Гэхдээ, олигархийн мөлжлөгийн ачааны хүнд капиталистууд дээр л хамгийн түрүүн буудаг. Яагаад гэвэл олигархийн мөлжих баялгийг, чухам капиталистууд л манлайлан бий болгож байдаг юм!
Карл Маркс, капиталистуудыг ажилчдаа мөлжин баяждаг хэмээн гүжирдэж хүн төрөлхтний толгойг эргүүлж маш их гай тарьсан. Үнэндээ, өөрийнхөө гүтгэлгийг онолын хувьд батлах гээд чадаагүй юм шүү дээ!
Марксын онолыг үнэн гэж үзвэл, нэгэнт капиталист ажилчдаа мөлжөөд л баяждагахул зах зээлийн эрэлт унасан ч дампуурахгүй баян хэвээрээ байх ёстой болдог. Гэтэл эсрэгээрээ, капиталистын орлого нь ажилчдыг мөлжсөнөөс биш зах зээлийн эрэлтээс хамаардаг. Эрэлт ихтэй бизнес хийвэл орлого ихтэй байна, эрэлт багатай бизнес хийвэл дампуурна. Энд мөлжлөг ямар ч хамаагүй. Маркс үүний учрыг олохоор Энгельстэй хамтран “Капитал” хэмээх хоёр боть ном бичсэн. Гээд ч онолоо нотолж чадаагүй.
Хожим нь Эрнандо де Сото хэмээх Перугийн эдийн засагч, капиталистууд бол нийгмийн баялаг бий болгогч нар бөгөөд харин жинхэнэ мөлжигч нь олигархи, чухам тэдний гайгаар нийгэм хоёр анги болон хуваагдаж улсын хөгжил гацдаг хэмээн “Капиталын нууц” нэртэй бүтээлээрээ харуулсан ажгуу.
Өнөөдөр Монгол ардчилсан төртэй мэтээр иргэд нь эндүүрдэг. Үнэндээ Монголын төрийн хэлбэр нь олигархи болсон. Монгол ардчиллаас олигархи руу тайван шилжилтийг хэдийнээ хийсэн. Сонгогчид нь саналаа худалдах болсон тэр үеэс л энэ шилжилт эхэлсэн юм.
Намын босго, сонгогчдын саналыг худалдаж авах өөрийн хувийн мөнгөтэй хүн л одоо УИХ-ын гишүүн болдог болсон. Дэмжигчдийн хандиваар сонгуульд оролцдог хүн гарын арван хуруунд багтахаар цөөрсөн.
Тойрог дээрээ амьдардаг гишүүн УИХ-д нэг ширхэг ч байхгүй. Ийм байхад тойргоо төлөөлсөн “ард түмний элч” хэмээн тэднийг үзэх нь утгагүй. Хөрөнгийнхөө хүчээр эрх мэдэл олж авсан баячуудаас л үндсэндээ УИХ бүрдэж байна. Үүнийг л Олигархи (цөөнхийн төр) гэдэг юм.
Олигархи, нийгмээ мөлжин амьдарч байгааг уул уурхай, Хөгжлийн банк, ЖДҮ-ийн хэрэг зэрэг ар араасаа угсарсан олон хэргүүд нотолж байгаа. Цаашдаа ч мөлжлөг улам бүр хүчээ авах нь гарцаагүй. Нэн ялангуяа чөлөөт зах зээл хумигдах тусам мөлжлөг улам бүр нэмэгдэнэ. Төр данхайгаад байгаа учир энэ.
Олигархи мөн чанараараа ард түмнээ мөлжигч төр учир мөлжлөгөө зогсоож чадахгүй. Энэ байдал явсаар олигархи төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг үгүй хийнэ. Дээрээс нь хууль хүчний байгууллагууд, тухайлбал прокурорын байгууллага “ногоорч” эхэлсэн нь нэрмээс болно. Прокурорууд дунд “эрхэм дээдэс прокурор Вильфор” мэт прокурорууд зөндөө болсон. Үүнийг олон түмэн гадарлаад эхэлсэн. Прокурор олигархид үйлчлэх явдал эрээ цээрээгээ алдан, улс төрийн хүчирхийллийн гар хөл болон аархахуйд олны төрд итгэх итгэл “газарт унана”. Прокурор төрийн инститүцийнхээ хувьд хэдийнээ хямарчихаад байгаа!
Төрийн эргэлт хийж засгийн эрхийг хүчээр булааж авна гэдгээ шууд зарлаж буй улс төрийн хөдөлгөөний цуглааныг, төр нь эсэргүүцэж чадахгүй, цагдаа нь угтаж үйлчилж байгааг харвал төр хүлээн зөвшөөрөгдөх байдлаа нэгэнт алдаж эхлээд байна. Эгзэг нь таараад талбай дүүрэн хилэгнэсэн олон түмэн гараад ирвэл олигархи нурахад бэлэн болсон бололтой.
УИХ-аар сая баталсан сонгуулийн хууль олигархи унах нөхцөлийг бүрдүүлчих шиг. Нэг шатны сонгуульд, сонгогчоор олон санал өгөхөд хүргэдэг тогтолцоо нь сонгуулийг луйвар болгодог. Төрийг луйвраар байгуулах гэсэн аливаа оролдлого тухайн хэлбэрийн төр нь хүлээн зөвшөөрөдөх чадамжаа алдсаныг илтэгдэг. Улмаар ард түмнийг хувьсгалт бослого руу түлхэнэ. Жишээ нь, ирэх 6-р сарын 30-нд болох УИХ-ын сонгуулиар мөнөөх ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон 41 гишүүн дахин гараад ирвэл бөөн үймээн самуун болох нь гарцаагүй. Олигархи төр нурах хувьсгалын эхлэл болж мэднэ!
Тэр үед, үүссэн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч өөртөө ашигтайгаар эргүүлэн ерөнхийлөгчийн засаглал тогтоох уу? эсхүл ардчилагчид ашиглан ардчиллаа олигархаас аврах уу? гэсэн салаа зам дээр Монгол орон ирнэ.
Ардчиллаа олигархаас аврах боломжийг дарангуйлал руу алдчихалгүй байж чадах болов уу, ардчилагчид минь?