Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй!
Фашизм гээчийг, хууль зүйн өнцгөөс нь аваад үзвэл, үндэсний удирдагч, жолоодогч, фюрер гэх мэт дээд эрхийг барьж үндэсний хувь заяаг атгасан хүмүүсийн хүсэл зоригоос (Үндсэн хуулиас бус) л хууль урган гарах ёстой гэсэн үзэл санаа юм.
Фашизм айсуй! Энэ тухай би; 2018 оны 10 сард бичсэн “Монголд нэвтэрсэн Гитлерийн тэргүүн туршлага...”, 2019 оны 8 сард бичсэн “Хүрэлсүх улам бүр фашист Муссолини руу ойртож байна” нэртэй нийтлэлүүдээрээ сэрэмжлүүлж байв.
Сая батлагдсан сонгуулийн хууль миний болгоомжлол үндэстэй болохыг нотолж байна. Популистуудын бий болгоод буй блээфээр дүүрэн фейк ертөнцийг нэвтлэн харж чадах, түүх болоод нийгмийн ухааны боловсролтой хүмүүс эрхбиш үүнийг бас анзаарсан биз.
Харин бусад хүмүүс, сонгуулийн хууль ямар аюулыг наашлуулж буйг гадарлаа ч үгүй. Тэгэхээр, сая батлагдсан сонгуулийн хууль болон фашизмын хооронд ямар холбоо байгааг тодруулъя.
Фашизм гээчийг, хууль зүйн өнцгөөс нь аваад үзвэл, үндэсний удирдагч, жолоодогч, фюрер гэх мэт дээд эрхийг барьж үндэсний хувь заяаг атгасан хүмүүсийн хүсэл зоригоос (Үндсэн хуулиас бус) л хууль урган гарах ёстой гэсэн үзэл санаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссны дараа, энэ дайны гол гэмт хэрэгтнүүд болох нацистууд болон фашистуудыг шүүх болжээ. Гэтэл, шүүгчид тун амаргүй нөхцөл байдалтай тулаадхав. Учир юу гэвэл нацистууд, фашистуудын үйлдсэн гэмт хэргүүд нь тухайн үедээ өөрийн улсдаа мөрдөгдөж байсан холбогдох хуулиудад нийцэн үйлдэгдсэн байв. Нэг ёсондоо нацистууд, фашистууд хуулиа л хэрэгжүүлсэн аж.
Яаж яваад ийм байдалд хүрсэн юм бэ? Үндсэн хуулиас хуулийг “хулгайлах” боломжтой болсон үед ийм байдалд хүрдэг зүй тогтолтой хэмээн шууд хариулчихаж болно.
Гитлерийн дарангуйллын эрин үеийн Германд Веймарийн Үндсэн хууль хэмээн нэрлэгдсэн, маш ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр хэвээрээ байсан юм. Веймарийн Үндсэн хуулиар; хүнийг үндэс, угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоороо ялгаварлахыг хатуу хориглосон байдаг!
Гэтэл уг Үндсэн хууль нэгэн “цоорхой”-той байж. Тэр нь, онцгой байдлын үед засгийн газар руу хууль санаачлан тогтоох бүх эрх мэдэл шилжинэ хэмээх утгатай заалт аж.
Эл заалтийг ашиглан Гитлерийн засгийн газар, аугаа их Ари үндэстэнг дорд үзэн аюул учруулж буй олон улсын хуйвалдаантай тэмцэхийн тулд онцгой байдал тогтоох болсноо зарлав.
Тэгээд; еврей, цыган, хөжлийн бэрхшээлтэй иргэд, либераль, коммунист гэх мэтийн, герман үндэстний “ариун дээд байдалд хор учруулах дайснууд”-ыг устгах хуулиудыг засгийн газраараа угсруулан гаргав. Ийнхүү нацист хуулийн дагуу явагдсан, еврей хүүхэд хүртэл шатаасан, солиотой хядлага эхэлсэн билээ.
Дайны дараа, Гитлерийн эрин үеийн энэ солиорлоос сургамж авсан ардчилсан үзэлт германчууд, Веймарийн Үндсэн хуулийг сэргээхдээ: үндсэн хууль зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд халдсан хуулийг төр гаргавал, ард түмэнтэй байгуулсан нийгмийн гэрээгээ төрийн зүгээс зөрчсөн хэрэг мөн болох бөгөөд ийм тохиодолд германы ардтүмэн зэвсэгт бослого гаргах эрхтэй гэсэн заалтыг тус хуульд оруулжээ.
Өнөөдөр Монголд, хуулийг ойлгох фашист маягийн ойлголт газар аваад байна. Тодруулбал, Үндсэн хуулиас бус, хууль санаачлах эрхтэй этгээдүүдийн хүсэл зоригоос л хууль урган гардаг мэт буруу ойлголт хууль тогтоогчид дунд газар аваад байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс (хуулиас) хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн... баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гээд, хуулиуд нь Үндсэн хуульд заавал нийцсэн байхаар заажээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн хоёругаар бүлгийн арван зургадугаар зүйлд тоочсон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх зорилгоор л хууль гарах ёстой хэмээн Үндсэн хууль зарлигдсан гэсэн үг. Энэ шаардлагад хууль нийцэж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц хяналт тавьж, шаардлага хангаагүй хуулийг хүчингүй болгох үүрэгтэй аж.
Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль ёсоор бол хуулийн уг сурвалж нь Үндсэн хууль мөн, хууль зөвхөн тэндээс урган гарна. Хууль гагцхүү Үндсэн хуулийн хүсэл зоригт нийцэх ёстой авай.
Өнөөгийн УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар Үндсэн хуулиа ерөөсөө ойлгодоггүй. Санаатай ойлгодоггүй юм шиг байгаа юм. Тэгээд тэд, хууль өөрсдийнх нь хүсэл зоригоос урган гарч, түүнд нийцнэ хэмээн үздэг бололтой.
Ийм байдлын нэг тод жишээг; Баасанхүү, Аюурсайхан нарын гишүүд, сонгуулийн хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг хэр дэвшүүлэхгүй байх заалт оруулж, түүнийг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дэмжиж баталснаархарууллаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглочихоод байхад шүү дээ!
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг заалтыг эсэргүүцэж мэдэгдэл хийхдээ “Энэ бол Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй” хэмээжээ.
Энхбаярын зөв юм. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ял эдэлж дуусаад гэм зэм нь цайрсан иргэнийхээ эрх, эрх чөлөөгөө хууль ёсоор эдэлж байгаа нэг иргэндээ зориулж хууль гаргаж болохгүй. Хүнийг шүүхээр яллачихаад дахин хуулиар яллаж болохгүй.
Гэм зэмгүй иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцсан шүү дээ! Гэтэл, гэм зэмгүй учир шүүхээр яллаж болохгүй болохоор нь эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхийг хориглосон хууль санаатай гаргаж байгаад, төр нь иргэнээ яллаж байна шүү дээ!
Тэр тусмаа, Энхбаяртай “өс санан өрсөлдөж” явдаг, түүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй Баасанхүүгийн санаачилсан заалтыг УИХ дэмжин баталж байна. Үүгээрээ УИХ нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хориглосон хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа юм.
Баасанхүү “би хууль санаачлах эрхээ ашигласан, яадгийм” гэж таахалзаж сууна. Энэ бол Монголын төр Гитлерийн төр шиг цагаандаа гарсныг илтгэж байна!
Энхбаярт тохиолдсон явдал нь Монголын төр, ашиг сонирхол нь хатгавал иргэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ юман чинээ үл тоон зөрчих хүмүүсийн гарт байгаа юм байна гэдгийг харуулж байна! Тэд, фашистууд шиг Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар, ард түмэнтэй хийсэн гэрээгээ цуцлах юм байна! Фашизм айсуй гэдэг маань ийм учиртай.
Н.Энхбаярын улстөрөөс хол байгаасай гэдэг хүн цөөнгүй байдаг. Би тийм хүмүүсийн нэг нь!
Гэхдээ өнөөдөр Монголын төр, фашизмд үүд хаалгаа нээхээр зэхэж байна. Архи үйлдвэрлэгчдийг сонгуульд оруулахыг хориглох санал гарч байх үеэс л, бас уул уурхайн бизнес эрхэлдэг этгээдүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох санал гарч байх үеэс л УИХ дээр фашист үзэл санааны сураг дуулдаж байсан юм. Харин өнөөдөр сураг биш, хууль болчихлоо!
Энэ маягаар хууль санаачлагчид цаашаа даварвал удахгүй, хятад цус холилдсн хүмүүсийг, улмаар магадгүй казах иргэдийг нэр дэвшүүлэхийг хорилосон хууль гарч мэднэ. Тийм түүх бий.
Феодал болон баян нударганыг төрд зүтгэхийг хориглож байсан түүхтэй юм шүү! Хятадын эрлийз иргэдийг төрийн алба эрхлэхийг хориглосон нууц шийдвэр социалист төрийн үед гарч байсан түүхтэй юм шүү!
Хууль тогтоогчдыг ингэж давруулахгүйн тулд Н.Энхбаярын эсрэг гаргасан хуулийн эсэргүүцэн эвсэж тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ ардчилсан үзэлтэй хүн бүр тэмцэх хэрэгтэй! Фашизмын эсрэг эвсэн тэмцэх хэрэгтэй!