БНХАУ-ын Даргын ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ю.Дэлгэрмаа Шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, гадаад бодлогын эксперт, Элчин сайд асан Дашдоржийн Баярхүүд асуулт тавьж дараахи хариултыг авчээ. Хариултыг анхны эхээр нь буулгав.


- БНХАУ-ын дарга ОХУ-д төрийн айлчлал хийлээ. Оросын судлаачид үүнийг жирийн бус айлчлал хэмээн тодорхойлсон байгаа. Яагаад жирийн бус гэх болов? Айлчлалын үр дүнг Та судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна?

Айлчлал ном дүрмээрээ болдогоороо болсон. Түүнийг тойрсон суртал нэвтрүүлэг ихэдхээрээ, ялангуяа айлчлалаас их зүйл хүсэн хүлээгээд ирэхээрээ “жирийн бус” гэсэн тодотгол хийгээд хөөргөчихдөг. Судлаачид ч биш хэвлэл мэдээллийнхэн. Тийм л үзэгдэл. Хоёр хөрш орны маань Төрийн тэргүүнүүд уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох баримт  бичигт гарын үсэг зурсныг яагаад “жирийн бус” гэж ойлгох ёстой юм. Орос, Хятадын худалдаа-эдийн засгийн харилцаанд тэнцвэргүй байдал ажиглагдаж, тэнцвэргүй хоёр түнш хэмээн барууны судлаачид, хэвлэлүүдийн бичдэгийг арай “жирийн бус” гээгүй байх. Айлчлалын үр дүн тодорхой байгаа шүү дээ. Арав гаран тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагаа өрнүүлэх учиртай эрх зүйн 40 хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ чинь тийм бага тоо, чамлахаар үзүүлэлт гэж үү? 

- Хоёр тал нийтдээ 40 гэрээнд гарын үсэг зурсан  байгаа. Эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд нэлээд анхаарал хандуулсан. Эдгээр гэрээнүүдийн талаар Та яриач?

Байгуулсан, гарын үсэг зурсан саяхны тэр 40 хэлэлцээр, мөн өмнөх гэрээ хэлэлцээрүүдийг тайлбарлаж ярина гэвэл энд цаг цаасны гарз болно. Орос-Хятадын хооронд 1992 оноос хойш өнөөг хүртэл хэдэн зуун, бараг мянга дөхсөн гэрээ, хэлэлцээр байгуулсан буюу хамтарсан төслийн баримт бичигт гарын зурсан байна. Нэг удаагийн дээд түвшний айлчлалаар л хорь, гуч, заримдаа дөчин баримт бичиг байгуулж байсан. Харин одоо тэр цаад мөнгөн дүнг нь ил зарладаг болсон нь онцлог юм. Хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг хангалттай тавьсан, харин түүний хэрэгжилт нь хамгаас чухал. Хэрэгжилтээр нь үр дүнг тооцох ёстой. Манай гадаад харилцаанд ч энэ мөн хамаатай. Байгуулсан гэрээ, хэлэлцээрийн тоогоор бус үр дүнгээр нь хоёр талын харилцааг үнэлэх хэрэгтэй.





- Хамтын ажиллагаа гэснээс Та Орос-Хятад хоёр яг хүссэнээрээ тэгж нягт хамтран ажиллаж байна гэж үздэг үү?

Улс төр, стратегийн салбарт энэ хоёр шиг зуузай холбосон түншүүдийг дэлхийд олж нэрлэхэд хэцүү. Тийм түншлэл нь манай улсад бүр ч их таатай гадаад орчин бүрдүүлж өгч байна. Энэ хоёр гүрний зөрчил мөргөлдөөнд татагдаж орж, хохирч хожиж явсан цаг тэр ээ хол ард хоцорсон. Харин одоо түншлэлийн хамтын ажиллагаанд нь хавчуулагдаад, улмаар нэр хүндтэй байраа эзлээд хамтран хоршоод явдаг цаг. Хамтын ажиллагаа гэснээс оросууд өөрсдөө эмзэглээд явдаг зарим хүчин зүйл бий. Хятадын гадаад худалдааны эргэлтэд Оросын эзлэх жин нөлөө 2.3-хан хувь байна гээд википедиад биччихсэн байгаа. Энэ нь гадаад худалдаанд нь эзлэх байр нь Оросын хувьд АНУ, Хонконг, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Австрали, Малайзын дараа 9 дүгээрт гэсэн үг. Энэ бол хэдэн жилийн өмнөх баримт. Одоо нэмэгдсэн эсэхийг мэдэхгүй.Сая Москвад явагдсан хэлэлцээний дараа Путин мэдэгдсэн байна билээ. Баруун чиглэлээр Орос нь Хятадад байгалийн хий нийлүүлэх боллоо, ОХУ нь нефть нийлүүлэх хэмжээгээрээ 2016 онд тэргүүлэх байранд гарлаа, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 27.3 сая тонныг нийлүүллээ, арилжааны контрактаар 52.5 сая тонныг худалдлаа, ингээд Оросын «Газпром», хятадын CNPC харилцан тохирсноор 2019 оноос «Сила Сибири» хэмээх хийн хоолойгоор Хятадад хий нийлүүлж эхэлнэ гэжээ. Нөгөө 10 тэрбум гэдэг дотроосоо ганцханыг нь салгаж аваад ингэж ярьж байгаа хэрэг л дээ. 

- Орос, Хятадын хөгжлийн буюу хүчний зөрүү гэж байна уу?

Мэдээж Хятад бол ОХУ-ын геополитикийн гол түнш. Оросын албан бус сувгийн үздэгээр АНУ-ын экспансыг сөрөн зогсох гол холбоотон. Харин эдийн засгийн хувьд яг тийм түнш нь мөн үү гэдэгт английн ВВС харьцуулалт хийснийг тодруулбал: Оросын ДНБ 2016 онд 1.268 триллион доллар, Хятадынх 10.73 триллион буюу бараг 10 дахин их байна. Хятадын ДНБ 6.7 хувиар өссөн байхад Оросынх -0.6 хувиар буурсан байна. Оросын олон улсын харилцаатэй нэртэй хоёр эрдэмтэнСергей Луконин, Андрей Карнеев нараас ВВС эшлэснийг би давхар эшлэж байна. Луконины үздэгээр бол ашиг сонирхол яг нийлдэг салбартаа Орос, Хятад хоёр түншлээд байгаа болохоос ашиг сонирхол нийлдэггүй салбар гэж цаана нь бас байдаг юм байна. Хоёр тал бие биенээсээ юу хүсч байгаа гэдгээ ч таньсаар яваа, тэр нь эцэслэгдээгүй гэсэн байна. Хятадад түүхий эд нийлүүлдэгээр Орос бахархдаг бол бид ганц нийлүүлэгч нь биш шүү, бид хятадын зах зээлдмонопол байдалтай байгаа биш шүү хэмээн тэрээр төр засагтаа анхааруулсан байх юм. Карнеевын хэлснээр Оросын худалдааны гол түнш нь Герман байсныг Хятад аль хэдийнээ гүйцээд урд нь гарчихсан, гэхдээ харилцан худалдаа хийсэн оргил жил нь 90 тэрбум ам.доллараас давсан бол 2016 онд энэ дүн 69 тэрбум болж, харин Хятад-Америкийн худалдааны эргэлт 500 тэрбумыг давсан гэсэн байна.  

- Уучлаарай, нэг юм асууя. Таныг хятад судлаач гэдгээр чинь асууж байгаа шүү. Тэгш эрхт түнш гэж хятадууд Оросыг яг харж байгаа юу? 

2000 он гараад байх үест Хятад нь Оросыг тэгш эрхт түнш гэж харж байсан бол Орос нь Хятадыг глобал түвшний холбоотон хэмээн үзэж байсан. Хятад нь Оросын чиглэлд аж ахуйн экспанс хөгжүүлэхийг зорьж, тэр утгаараа Оросыг эдийн засгийн харилцаанд гүнзгий татан оруулж, тэр нь даамжирсаар өнөө хүрсэн. Харин Орос нь Хятадыг АНУ ба өрнөдтэй сөргөлдөхдөө “хөзөр” маягаар ашиглахыг зорьсон нь  шувтан бүтэлгүйтсээр өнөө хүрсэн байх магадлалтай. Хятад бол улс төр, эдийн засаг хоёрыг ямагт тусад нь авч үздэг, оросууд хольж хутгадаг. Энэ нь тэр хоёрын түншлэлд учрах нэг бэрхшээл байж бас болно. Хятадын хэвлэлд яг ингээд биччихээгүй ч ерөнхий хандлага нь тийм юм. Оросоос аль болох ихээхэн түүхий эд авахыг Хятад 15 жилийн турш чармайж, хариуд нь аж үйлдвэрийнхээ бараагаа Орос руу түлхүүхэн нийлүүлсэн бол одоо бүр даамжирсан.  Оросын хилийг дөхүүлэн түүхий эд боловсруулах үйлдвэр, харин оросууд нь хил рүүгээ дөхүүлж түүх эд олборлох үйлдвэр байгуулж ажиллуулж байна. Ойн зах зээлийн салбарт гэхэд л оросын ой модны экспортын 64 хувийг хятад худалдан аваад, түүгээр нь барилгын материал, картон хийгээд Төв Ази, Европ, Монгол, бүр АНУ руу экспортолж байна. Хятадтай бизнес эрхлэе гэвэл хятадуудаас өөрсдөөс нь суралцах, хятадын тоглоомын дүрмээр харьцах шаардлагайг оросууд тэр бүр ойлгохгүй. Эдүгээ Хятад язганатал хөдөлмөрлөөд хэд хэдэн салбарт дахин үйлдвэрлэл явуулах гэж байна. Барилгын салбарыг энд жишээлж болно. Барилгын ажлын хамгийн том талбай дэлхийд аль вэ гэхэд хэн ч Хятадыг заана. Даян дэлхийн орон сууцны ба дэд бүтцийн барилгын ажлын талаас илүү нь Хятадад ногдож байна. Харин Орост барилгын салбар үүнээс олон дахин бага, бас зогсолт ихтэй. Техникийн асуудлаа шийдэж чаддаггүй. Орост жилдээ барьж босгодог орон сууцыг Хятад нь нэг 7 хоногт гүйцэтгэдэг, Москва-Сити хорооллыг барихын тулд оросууд 10 жил зарцуулсныг Хятадад 5 өдөрт барьж босгодог, 1990-ээд оны турш ноцолдож байж бүтээн байгуулсан Москва-Петербургийн засмал зам Хятадад 8 өдөрт бүтээгддэг, Шанхайн боомтод ачдаг буулгадаг ачааны хэмжээ даацыг Оросын бүх боомт нийлээд гүйцэхгүй, Орос нь 2016 онд нефтиэ экспортлоод $119.6 тэрбумыг олсон бол Хятад нь гар утас зараад $138.8 тэрбумыг олсон, ийм ялгаа зөрүү цаашдаа нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй гэх махан тоонууд Таны асуултын хариултыг бэлээхэн хэлээд өгч байна. 

- Сүүлийн үед нэлээд яригдаж байгаа “Нэг бүс нэг зам” төсөлд ОХУ-ыг хамруулах болсон гэсэн. Яагаад эхэндээ ОХУ-ыг уг төсөлд хамруулаагүй юм бол?

Оросын өөрийнх нь байр суурь, жин нөлөө ана мана, энэ тэнцүү байх бололцоог хятадуудад олгохгүй байх магадлалтай. Орос бол түүхий эдийн нийлүүлэгч байсаар байдаг, харин Хятад шинэ технологийн бааз руу аль хэдийнээ шилжчихсэн. Энэ талаар Оросыг сонирхох нь багассан, тэр байдлаас болоод “Бүс ба зам” руу Орос сүүлдэж нэгдсэн байх магадлалтай. Гэхдээ одоо бүрэн эрхт түншийн хувиар энэ том төсөлд явж байгаа шүү дээ. Энд би нэгэн чухал эшлэл авъя. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээр дурдсануудыг бүхэлд нь үгүйсгэсэн, үгүйсгээгүй бол эерүүлж зөөллөжээ гэж ойлгогдох мэдэгдлийг 2017.05.15-нд Бээжинд хийжээ.Тэрээр “Нэг бүс-Нэг зам” (Бүс ба зам) хэмээх форумд оролцоод Хятадын Төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа Хятад нь Оросын эдийн засгийг хучихгүй, эзлэн авахгүй хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

- Бид аль нэг юмнаас айж суудаг тийм улс биш. Хятадын үйл ажиллагаа ч тэгж айлгахад чиглээгүй.
- Москва Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. 
- Сансарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг би хэлж байна.
- Бид сансарт үнэхээр амжилттай хамтран ажиллаж байна.
- Энэ хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүх боломж нь байна.
- Хятадад манай пуужингийн хөдөлгүүр нийлүүлэх талаар ярилцлаа гэжээ.

Логикийн үүднээс авч үзвэл Владимир Путины ярьснаас ганцхан дүгнэлт хийхээр. Юу гэвэл Хятадад нийлүүлэх, худалдах, гийгүүлэх гайхуулах юмаа ОХУ бүрмөсөн барсан, хамгийн сүүлчийн нөөцний салбар болох сансрын техник, технологи руугаа орсон, түүнээс цаана үзүүлэх харуулах, худалдах юм байна уу гэж айдас төрөхөөр ярьсан байна.  

- Орос, Хятад хоёр 65 тэрбум юанийн сантай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулсан.  Хоёр тал худалдаагаа рубль эсвэл юаниар хийдэг болох талаар дахин ярилцсан. Энэ нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх үү?

Мэдээж энэ тоо бидэндээ бол ахадсан, дэндүү аварга тоо л доо. Харин  тэр сан болоод Орос-Хятадын худалдаа дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх, ганхуулах, шийдвэр гарахад эргэлт өгөхөөр биш болов уу. 2016 онд Орос-Хятадын худалдаа 69 тэрбум ам.доллар байсан бол Хятад-Америкийнх 500 тэрбумыг давсан гээд би дээр эшлэлээ шүү дээ. Тэгэхлээр харьцуулалт бэлээхэн энэ байна.   

- Манай хоёр хөрш энэ удаад ч цэрэг-техникийн салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлнэ гэдгийг онцолсон байгаа.  Энэ салбарын хамтын ажиллагаа аль зэрэг ирээдүйтэй вэ? 




Энэ бол шинэ зүйл биш ээ. 1993.11.11-нд хоёр БХЯ-ны хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар ийм хамтын ажиллагаа эхэлсэн юм билээ. Орос-Хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны улс төрийн ач холбогдлыг Оросын тал ихээхэн үнэлж бичдэг. Орос нь 2014 оны Крым, Донбассын явдлаас хойш олон улсын зүгээс санкц тавиулж, өрнөдтэй харилцаагаа хурцатгасан. Хариуд нь НАТО бэхжиж байна. Ойрхи Дорнод, Афганистанаас бодит аюул Орос руу ойртож байна. Хуучин СССР-ийн гишүүн байсан Гүржтэй харилцаагаа тасалсан. Нагорно-Карабах, Днестр мөрний зүүн эрэг гээд Оросын эрх ашгийг хөндөж буй халуун цэгүүд байна. Энэ өнцгөөс авч үзвэл дэлхийн хүчирхэг гүрэн болж яваа Хятадтай цэрэг-техникийн харилцаагаа хөгжүүлэх нь Орост стратегийн ач холбогдолтой. Тэгэхдээ энэ нь цэргийн холбоотон гэсэн үг хараахан биш. Холбоотны эрэлд яваа ОХУ-ын хувьд Хятадын хариулт таагүй сонсогдохоор юм. Хятадыг холбоотноо гэж нэрлэх тусам Бээжингийн албан ёсны тайлбар дагалдаж байна. Оростой холбоотны ямар ч харилцаа байхгүй, ерөөсөө БНХАУ-д цэрэг-улс төрийн холбоотон гэж байхгүй хэмээн давтан тэмдэглэдэг. Эдүгээ энэ хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь хэд хэдэн зорилго чиглэлтэй. ШХАБ-ын хүрээнд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэж байна. Олон улсын терроризмын эсрэг ажиллагаанд бэлтгэж байна.Хятадын армийг бэхжүүлэх, шинэчлэн зэвсэглэх, хүн хүчнийг нь сургахад Орос оролцож байна. Оросын гадаад худалдааны үлэмж хувийг зэвсэг техникийн экспорт эзэлдэг гэдэг утгаараа Орос-Хятадын худалдаанд цэрэг-техникийн хамтын ажиллагаа гол байрыг эзэлнэ. Даян дэлхийд тараагаад байдаггүй хүчирхэг зэвсэг, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцоо Орос Хятадад худалдаж байна. Оросын лицензээр СУ-27 хэмээх онгоц Хятадад үйлдвэрлэдэг болсон. СУ-33, СУ-35, ИЛ-76, ИЛ-78 гээд олон онгоцуудаар Хятадын агаарын цэрэг бэхжсэн. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Орос-Хятадын цэргийн хамтын ажиллагааг үечлээд 1992-1999 оныг нэгдүгээр үе, энэ үед зэвсэг худалдаж эхэлсэн үе, хоёр дахь үе буюу 1999-2004 оныг зэвсгийн технологийн арилжаа руу шилжсэн, Орос өөрийн улсын өрийг дарахын тулд зэвсэг ихээр нийлүүлж, хариуд асар их валют олж ирсэн үе, гурав дахь үе буюу 2004 оноос өнөөг хүртлэх үе гэж хувааж үздэг юм билээ. Тэгэхлээр Таны асуултад дурдсан тэр ирээдүй гэдэг энд тодорхой байгаа бус уу?