“Ерөнхийлөгч амладаггүй юм”
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар юу бодож байна вэ гэсэн асуултад иргэд өөр өөрсдийн үнэлэмжийн хэмжээнд хэдэн янз хариулт хэлсний дотор дугаар хорооны нэгэн иргэн “Ерөнхийлөгч амладаггүй л байхгүй юу?” гэх хариулт өгчээ.
-Төрийн бодлого, хууль, шийдвэр хүссэн хүсээгүй МАН-ын олонх бүхий УИХ, Засгийн газраас л гарч таарна. Харин түүнийг нь улс төрийн ашиг хонжоогоор гацааж, нураагаад байхааргүй Ерөнхийлөгч сонгогдчихвол төрөөсөө их зүйл хүлээж буй иргэдэд /энэ дунд тэтгэврийнхэн, бизнесийнхэн бүгд багтана/ л хэрэгтэй биз-
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар юу бодож байна вэ гэсэн асуултад иргэд өөр өөрсдийн үнэлэмжийн хэмжээнд хэдэн янз хариулт хэлсний дотор дугаар хорооны нэгэн иргэн “Ерөнхийлөгч амладаггүй л байхгүй юу?” гэх хариулт өгчээ.
Түүний зөв биз. Учир юу гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч хууль тогтоох эрх мэдэл бүхий парламент дотор саналын эрхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүн биш. Ингээд бодохоор түүнд мөрийн хөтөлбөр буюу амлалт байхын хэрэг юун гэж адарсан иргэний үгэнд үнэний хувь бага ч гэсэн байгаа л хэрэг. Хэдий тийм ч төрийн тэргүүн болох хүнд мөрийн хөтөлбөр эс юм гэхэд бодлого, бодол, үзэл санаа, алсын хараа байх ёстой гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Харин мөрийн хөтөлбөр буюу амлалт нь парламентын олонх болсон намд, түүний байгуулсан гүйцэтгэх засаглал-Засгийн газарт зайлшгүй байх ёстой “библи” нь. Тэрхүү үзэл баримтлалаа эрх баригчид мөрдөж, хэрэгжүүлж баймааж түүнийг нь төрийн бодлого гэж хэлэх боломж бүрдэнэ. Ирэх жилүүдэд энэ улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдрал чухамдаа төрийн бодлогоос хамаарна гэж үзэж байгаа тэрхүү бодлого хэний гарт байхыг бид аль жилийн өмнөх сонгуулиар шийдэж, Монгол Ардын Намд өгсөнийг мартаагүй биз дээ. Тэгэхээр одоо болж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас хамаараад ойрын хэдэн жилдээ төрийн бодлого орвонгоо өөрчлөгдчих юм шиг хүлээлт үүсээд байгаа нь зүгээр сурталчилгаанд хэт автсан хөөрөл байх. Төрийн бодлого, хууль, шийдвэр хүссэн хүсээгүй МАН-ын олонх бүхий УИХ, Засгийн газраас л гарч таарна. Харин түүнийг нь улс төрийн ашиг хонжоогоор гацааж, нураагаад байхааргүй Ерөнхийлөгч сонгогдчихвол төрөөсөө их зүйл хүлээж буй иргэдэд /энэ дунд тэтгэврийнхэн, бизнесийнхэн бүгд багтана/ л хэрэгтэй биз. Нөгөө талаар УИХ, Засгийн газар нь Ерөнхийлөгчийн санал, санаачилга болгосон хууль, шийдвэр, бодлогын алхмыг боомилоод байхааргүй эв түнжинг эрхэмлэх эрмэлзэл бас л чухал.
Энэ хоёр талын эв гав нийлж байж ирэх жилүүдэд тогтвортой байдал гээч бидний хүсээд буй нөхцөл байдал бүрдэнэ. Чухам ийм л шалтгаанаар өнөөдрийн эрх барьж байгаа МАН-д нь тааруулаад М.Энхболдыг дэмжинэ гэсэн “шалтгаан” ялангуяа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн дунд зонхилж буйг сошиал хэрэглэгчдийн ил тод илэрхийлсэн байр сууриас анзаарч болно. Хэдийгээр Ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараагаас намын харьяаллаасаа татгалзах боловч яагаад заавал Үндсэн хуульд парламентад суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр заасны нэг учир шалтгаан нь үүнд бий.
УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл болох гурван нэр дэвшигчийн “Хэнийг нь яагаад сонгож болохгүй вэ” гэдэг хэлэлцүүлэг өрнөсөөр байтал сонгуулийн сурталчилгааны хоног хугацаа шувтарч, “хэнийг нь яагаад сонгох ёстой вэ” гэдэгт иргэд бараг л хариулт олж чадсангүй. Чулуун байлдаан гэдэг шиг нэг нэгнийхээ тархи толгой руу чулуу нүүлгэлцсээр байгаад мөрийн хөтөлбөр, бодлогын мэтгэлцээн ч үгүй дуусч байна. Залхсан иргэд сүүлдээ “Ерөнхийлөгч юм амладаггүй” гэж хэдэрлэхдээ хүрэв. Ер нь мөрийн хөтөлбөрөөр ч яах юм бэ, жилийн өмнөх сонголтоор шийдэгдчихсэн зүйлийг дахин шаардахаа ч больё. Өөдөө өөдөөсөө хэрсэн бух шиг хоёр улс төрийн хүчнийг мөргөлдүүлж, дахиад гацаа, түгжээ үүсгэж байхаар УИХ-д дэмжлэгтэйгээр нь МАН-ыг л сонгох нь маньд өлзийтэй байж мэдэх нь?!