Гучин жилийн тэртээх “интернационалч идэвхи”
“Цаг үе” сэтгүүл – Зөвлөлт Холбоот Улс дахь өөрчлөн байгуулалтын салхийг Монголд нэвт үлээлгэхэд энэ сэтгүүлийн оруулсан хувь нэмэр асар их ээ гэж би хаана ч, хэзээ ч, хэнд ч хэлнэ.
- Өнөөдөр бол хөгтэй гэхээр барахгүй, бүр инээдтэй хэнээтэй явдал
“Цаг үе” сэтгүүл – Зөвлөлт Холбоот Улс дахь өөрчлөн байгуулалтын салхийг Монголд нэвт үлээлгэхэд энэ сэтгүүлийн оруулсан хувь нэмэр асар их ээ гэж би хаана ч, хэзээ ч, хэнд ч хэлнэ. Монголчууд маань дор бүрнээ сэтгэлийн их хөөрөлтэй, социализм маань зөв үү, буруу юу, ингэж ингэж нурах юм биш байгаа гэх таамаг, ажиг, түгшүүрийг төрүүлэхэд энэ жижиг сэтгүүл түүхэн биш юм аа гэхэд тодорхой хувь нэмэр оруулсаан.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 137-р тусгай тогтоолын дагуу намын үүрүүдэд ухуулгын гарын авлага маягаар тараах ямар нэгэн сэтгүүл бодож ол гэсэн үүргийг дээрээс өгч, М.Баяртогтох бид хоёр бодож бодож “Цаг үе” хэмээн нэрлэсэн нэг хэвлэлийн хуудас сэтгүүл гаргахаар саналаа дээшээ өглөө. Баяртогтох бид хоёрыг төвхнөөд даан удаагүй байтал С.Баяр маань нэмэгдээд бүл нэмлээ. М.Баяртогтох “Монголпресс” агентлагийн Ерөнхий редактор, С.Баяр ахлах редактор, би редактороор томилогджээ. “Монголпресс”-ийн дарга нь МРТУХ-ны орлогч дарга Д.Чимэддорж гуай юм гэнэ.
Ингэж л М.Баяртогтох, С.Баяр, Д.Баярхүү гурав “Монголпресс”-ийн шавыг тавьж, “Цаг үе” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргасан юм. “Цаг үе” гэдгээ улаанаар бичсэн, хөх хүрээтэй, нүүрэн дээрээ гарчиг нь бичээстэй жижиг сэтгүүл сард 3 удаа, 10 хоногтоо 1 удаа хэвлэгдэж намын үүрийн дарга нарт очиж, ухуулга суртал нэвтрүүлэгт ашиглагдаж эхэлсэн түүх ингэж эхэлжээ. Тухайн цагтаа их л эрэл сурал болж, олдоц муутай, үнэд орж байсныг санаж байна. Энэ маань ингэхэд Монголын түүхнээ, Монголын хэвлэлийн түүхнээ олон улсын асуудлаар хэвлэгддэг анхны сэтгүүл байсан юм. Хэрэв томруулж авч үзвэл Монгол Улсын түүхнээ анхны хэвлэлийн агентлаг нь “Монголпресс”, түүний анхны редактор нь би юм. Тэгэхээр яаж ч үгүйсгээд түүхэнд нэрээ үлдээж таарч байна.
1986 оны хавар (4 дүгээр сарын 15) болсон нэгэн хөгтэй явдлыг энд дурсая. Тэр үедээ тэгж их сүржигнэж байснаас бус өнөөдөр бол хөгтэй гэхээр барахгүй, бүр инээдтэй хэнээтэй явдал л даа. Ливи улсыг терроризмыг өөгшүүлж байна гэж үзээд Америкийн нисэх хүчин Британи дахь баазаасаа хөөрч бөмбөгджээ. Триполи, Бенгази хотууд, Каддафийн өргөө өртөж хүний амь нас сүйджээ. Манай улс мэдээж СССР-ийг дагаад л Ливийн талд баттай зогсож эсэргүүцлээ илэрхийлэх боллоо. Хэрэв Улаанбаатарт АНУ-ын Элчин сайдын яам байсан бол гадна нь цуглаан зохион байгуулах ч юм уу, ГЯЯ дээр дуудаж эсэргүүцлийн ноот өгөх байлаа. Даан ч тэр нь байхгүй, манай улс АНУ-тай дипломат харилцаагүй. Одоо яахав. Хэнд эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэх вэ?
Намын Төв Хороон дээр ярьж ярьж Улаанбаатар дахь Их Британийн Элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлэхээр шийдэв. Нэгэнтээ Америкийн империализмын хамсаатан, түрэмгийлэлд нутгаа ашиглуулж хамсан оролцсон гэж үзжээ. Хэнээр эсэргүүцлээ илэрхийлүүлэх вэ? Монголын олон нийтийн төлөөлөл болгон манай “Монгопресс” агентлагаар эсэргүүцлийг нь хүргүүлье. Яахаараа ч хэвлэлийн агентлагийг сонгож авсан юм, бүү мэд. Ингээд манай Ерөнхий редактор М.Баяртогтох, хэлмэрчээр Д.Сүхжаргалмаа нар консулын дэнж дэх ЭСЯ руу нь автобусаар хүрч очлоо. Сүхжаргалмаа нь айж ичээд, орохгүй гээд Баяртогтох нь аашилж загнасаар бараг хүчээр чирч авч орсон, ороод ч хэл нь эвлэж өгөхгүй сандаргасан юм байх. Гэтэл аав нь ГЯЯ-ыг толгойлоод Британийг харааж хардаж суугаа хэрэг шүү дээ. Манай хоёрыг тэгж сүржигнэхэд англичууд хөх инээд нь хүрээд, Элчин сайд нь:
- За тэр яахав. Наашаа суу. Кофе уу. Танай тэр “Монгопресс” агентлаг чинь тэгээд юу хийдэг юм гэж асуусан гэв.
Англичуудын өмнө бид очкоов алдаж байгаа нь тэр гэж би бодож суулаа. Ер нь манай Монгопресс агентлагийг Улаанбаатар дахь дипломат корпусынхан ихэд сонирхож хэлхээ холбоо тогтоохыг зорьж байсан юм. Урилга заллага ч их ирдэг байлаа. Ялангуяа Чучхейн үзэл суртлаа дэлгэрүүлэх хатуу зорилготой БНАСАУ-ын ЭСЯ байнгын харилцаа тогтоолоо. Ли Хен, Ан Сен Ир гэж миний дотно найзууд тэр үед тэнд ажиллаж бид бүр гэр бүлээрээ найзалдаг байлаа. Лаосын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Сумпет манай гэргийтэй МУИС-д хамт суралцаж төгсгөсөн гээд бид Лаосын ЭСЯ-ны байнгын зочид боллоо. Унгарын ЭСЯ-ны Д.Сабо, Л.Кути, БНАГУ-ын ЭСЯ-ны Удо Хаазе, Синьхуа агентлагийн сурвалжлагч Сун Чэнпин, Ли Жяхао нар, Вьетнамын ЭСЯ-ны Ле Динь Тао, Нгуен Ван Тхат, Чехословакийн ЭСЯ-ны Ю.Мартоник, Я.Мегис гээд тэр үеийн олон найзаа нэрлэж байна. Тэд бол гадаад харилцаа, дипломат алба руу намайг хөтлөхөд нөлөө үзүүлсэн гэж би бодож явдаг. Тэднээс дипломат албаны гал тогооны нарийн ширийн зүйл чамгүй сурч авсан даа.