Бид яах гэж амьдардгийг сануулахаар ирсэн...
Жаргалтай залуу аав ээж удахгүй мэндлэх хүүхдээ хүлээнэ. Бас гэдсэнд байхаас нь шинжлүүлнэ. Шинжлэх ухаан хөгжсөн учир бүр хөврөл байхаас нь тодохойлдог болж. “Сайхан байнаа, сайхан хүүхэд байна. Тэр хараач хүү байна” гэх эмчийн үг хэчнээн сайхан билээ.
Азгүй тохиолдол
Жаргалтай залуу аав ээж хоёр удахгүй мэндлэх үрээ хүлээнэ. Хэвлийдээ байхаас нь шинжлүүлнэ. Ээж нар хүүхдээ эрүүл байгаа даа гэж санаа зовних нь эртнийх. Лус савдагаа гомдоосон юм биш байгаа гэж айна. Өнөөдөр лусаас гадна элдэв шатамхай дэгдэмхий үнэр, дуу чимээ, нийгмийн стрессээс болоод ургийн бойжилт улам хүндэрсэн ч элдэв витамин, эмчийн чадвар, эхо томограф гээд олон боломж бий болжээ. “Сайхан байнаа, сайхан хүүхэд байна. Тэр хараач хүү байна” гэх эмчийн үг хэчнээн сайхан билээ. Гэвч хичээгээд ч болдоггүй нэг гэм байна.
Хүнд 23 хос хромосом байдаг. Гэтэл 21 дэх хос хромосом нь хоёр биш гурвалсан гажуудал үүсэх тохиолдол байна. Энэ бол Дауны хам шинж. Өөр хүчин зүйл бас байдаг ч нэн ховор. Энэ гажуудлын шалтгааныг хэн ч олж тогтоогоогүй. Эмчлэх арга ч одоогоор байхгүй. Бүр урьдчилан сэргийлэх ч арга байхгүй. Ямартай ч маш цөөн тохиолдол бүртгэгдсэнийг эс тооцвол эх эцгийн онцлогоос шалтгаалдаггүй, удамшдаггүйг тогтоожээ. Энэ бол зүгээр л нэг... тохиолдол.
Ийм хүүхдүүд жирийн хүүхдээс хөгжлөөрөө 5-10 жилээр хоцордог. Бие нь өсөвч зан нь хэвээрээ. Царай зүсээрээ ч өөр. Гадуурхагдах зүйл ажиглагдаг нь ийм шалтгаантай. Үеийнх нь хүүхдүүд цовоо цолгин дэгэж, суралцаж байхад тэд чадахгүй...
Энэ гажуудлыг эрт оношлох боломжгүй ажээ. Хүүхэд биежээд хүний төрхөнд орсны дараа буюу жирэмсний зургаа дахь сараас нь л илрүүлж болно гэдэг. Азгүй ч юм шиг...
Азтай тохиолдол
Гэхдээ дэлхий нийтийн хандлага өөрчлөгдсөн. Тэдний зан төлөв, сурах суралцах нь төдийгүй сэтгэл зүрх нь ч бас нялх, цагаанаараа үлддэг. Хайрлах сэтгэлийг нь юутай ч зүйрлэшгүй. Тэд хүнийг тэврэх, тэврүүлэх дуртай. Уурлаж уцаарлахаа мэдэхгүй. Хүн тэдэнд сайн хандвал ер бусын ээнэг, дотно сэтгэлээр хариу барина. Дөлгөөхөн тэр амьтдыг удаан ажиглаж суувал та тайвшрана. Хорвоогийн зовлон зүдгийг түр ч гэсэн мартана.
Хэн ч тайлж чадаагүй байгаа, бидний гажуудал гэж нэрлэх (үнэндээ хайр биш зовлон тарьж явдаг бид өөрсдөө хэдийнэ гажуудсан ч юм билүү) энэ хувь заяаг өдгөө дэлхий нийтэд онцгойлон авч үзэх болжээ. Ихэнх гэр бүл тэднийг бурханы бэлэг хэмээн хүлээж авч байна. Гагцхүү тэднийг таних, үл гадуурхах, өөрсдийг нь ба гэр бүлийг нь хооронд нь холбох, тусгайлан цаг гаргаж анхаарах л хэрэгтэй. Бид тэртэй тэргүй илүүдсэн мэт цацаж л явдаг цаг хугацааг.
Монголд...
Энэ зорилгоор Монголын Дауны холбоо анх байгуулагдсан. Одоогоор Монголд дауны хам шинжтэй хэдэн хүүхэд байгаа талаар нарийвчилсан тоо үгүй. Тийм насанд хүрсэн хүн лавтай нэг л хүн байгаагаас өөр мэдээлэл алга. Энэ нь тэдний дундаж нас бага, эсвэл гэр бүл нь ичиж нэрэлхээд бусдаас нуудаг гэх мэт шалтгаанаас үүднэ. Харин холбоонд бүртгэлтэй гэвэл 300 гаруй хүүхэд. Гэр бүлийн амьжиргаа дунджаас доогуур байдалтай нь тал хувийг эзэлнэ. Хөдөө орон нутгийн гэр бүл мөн тал хувийг эзэлж байна.
Сүүлийн үед холбооноос зохиосон хамгийн дорвитой арга хэмжээ нь дөрвөн жил тутамд зохиогддог Дэлхийн тусгай олимпод оролцсон явдал. Энэ жил Монголоос анх удаа 14 хүүхэд Лос анжелэст болсон тусгай олимпод оролцоод иржээ. Баяр баясал, хайр ээнэгшлийн онцгой мэдрэмжтэй хүүхдүүдийн хувьд энэ бол баярт үйл явдал юм. Мөн одоо тэдний шинэ жил 12-р сарын 15-нд болох гэж байна. Баярлуулах бэлэг, үзүүлэх арга хэмжээг олны дэмээр, бүрэн дүүрэн зохион байгуулахад бэлэн болжээ. Үүнд оролцож сайхан сэтгэлийн гараа сунгасан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сумьяабазар, мөн Терра Экспресс компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанбагана, Грийн Сити, Абико, Шангри-ла Монгол, Бат Солюшн партнерс компаниудад талархаж байна. Өөрсдөө хайраар дутаж, мөнгөний эрхшээлд орсон хүн төрөлхтөнд гадуурхагддаг ч амьдралынх нь утга учрыг сануулахаар ирсэн энэ хүүхдүүдийн баяр баяслын үр сайхан сэтгэлтнүүдэд эргэж ирэх болно.
Тэднийг таньж мэдэхэд тань зориулж энэ богинохоон видеог тавьлаа. Та заавал үзээрэй. Таны сэтгэлийг цэлмээж, өдрийг тань гэрэлтүүлэх болноо.
https://www.youtube.com/watch?v=JA8VJh0UJtg&feature=player_embedded
Ха ха ха
Зочин
Уншигч
хүн
Ганболд
erdee
Зочин
munkhuu
Зочин