Хүүхдийн нулимс
Жишээ-1 Өвөрхангай айм гийн Уянга сумын нутагт алт ухдаг нинжа нарын дунд нэг сонин “заншил” дэлгэрчээ.
-Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөрт зориулав-
Жишээ-1 Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт алт ухдаг нинжа нарын дунд нэг сонин “заншил” дэлгэрчээ. “Алтны нүхний амсар дээр хүү хэд уйлуулвал алт их олддог”, “Өнчин хүүхдийн нулимсыг алт дагадаг” гэх яриа хаанаас ч юм гарчээ. Тэгээд нинжа нар хотоос өнчин ядуу, тэнэмэл хүүхдүүдийг үрчилж авах, ажил хийлгэх нэрийдлээр авч яваад өглөө болгон нүхний амсар дээр зодож уйлуулаад ажилдаа ордог болж... Энэ тухай Хүүхдийн төлөө газрын дарга надад ярьж өгч би түүнийг нь “Өдрийн сонин”-д ажиллаж байхдаа бичиж байлаа. Бараг долоон жилийн өмнө юм даа...
Жишээ-2 Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаал хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ.
Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ... /2006 он /
Жишээ-3 Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ. “Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж маань ч ирэхгүй юм. Өвөө маань нас барчихсан. Надад хайртай хүн энэ дэлхий дээр байхгүй. Би амиа хорлоно” гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгүүр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын үгийг сонсоод “Надад ч аав, ээж байхгүй. Тэр хоёр аль хэдийнэ салчихсан. Надтай хамт амьдарч байгаа эмээ миний эмээ биш шүү дээ. Аав, ээж хоёр ерөөсөө ирдэггүй. Надад ч хайртай хүн байхгүй. Хоёулаа адилхан юм байна. Би чиний найз юм чинь чамтай хамт үхье” гээд саарьтаж халтартсан гараараа найзынхаа нулимсыг арчив. Аравхан настай хоёр хүү ийн ярилцаад хүний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгүй айлын хашуу руу орж байшин дээр авиран гарав. Хоолойгоо боож амиа хорлохоор шийдсэн тэдний гарт мяндсан цагаан утас нэжгээд байлаа. Байшингийн хөндлөвч модноос утсаа уяад хоолойдоо углав. Нээг, хоёрын, гурав аа… Үсэрчихлээ. Азаар нэгнийх нь хоолойд боосон утас даалгүй тасарч хүү газарт ойчив. Эргээд хартал найзынх нь хөл агаарт сарвалзаж хоолойд угласан мяндсан утас улам чивчирч царай нь минчийн хүрэнтэж байлаа. Хүү найзынхаа хөлөөс нь дээш өргөж “Миний найзаа битгий үхээч ээ, яанаа авраарай, миний найз үхлээ ш дээ” гэж тэнхээ мэдэн орилон уйлахад хажуу айлын залуу гүйж ирэн утсыг таслан хүүг буулган аваад түргэн тусламж дууджээ. Хоолой нь боогдсон хүү ухаангүй эмнэлэгт хүргэгдэж найзыгаа үхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хүү шоконд орон яахаа ч мэдэхгүй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав… Энэ бол Баянхошуунд болсон явдал /2008 оны 3 сар /
Жишээ-4 Ээжийг нь ажилдаа явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин, дөрвөн настай хүүгээ өдөржин хазаж, хоолойг нь боож тамласан хэрэг гарч олон хүний зүрхийг шимширүүлэв. Үүнээс яг нэг жилийн өмнө төрсөн эцэг нь таван настай хүүгээ заазуурдсан хэрэг гарч нийгэмд айдас төрүүлж байсан юм. /2013 он /
Жишээ-5 Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд ээж хоёртоо зодуулж Гэмтлийн эмнэлэгт тархи нь гоожсон, хамаг бие нь хөх няц болж ирээд амиа алдсан. Хөөрхий бяцхан охины араас өр нимгэн монголчууд Чингисийн талбайдаа цуглаж зул өргөн гашуудаж сайн төрлийг олоосой хэмээн залбирсан. /2015 он/
Жишээ-6 Гуравхан настай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алджээ. СХД-ийн оршин суугч 42 настай Б гэгч этгээд согтуугаар агсан тавьж хүүхдээ зодон тарчлааж алсан нь тэр. Жаалхүүг яаралтай ЭНЭШТ-д аваачсан боловч түргэн тусламжийн машинд амиа алдсан юм. /2015 он /
Өөрийнхөө өмнө нь бичиж байсан нийтлэлүүдээс уншсан бүхний зүрх зүсэм муухай мэдээллийг түүвэрлэн оруулсан минь учиртай. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 30. Энэ өдрийг дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр болгон тэмдгэлдэг. Манай улсад ч Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар 2006 оноос тэмдэглэх болжээ. Тэмдэглэх яах вэ. Тэр бол өөр хэрэг. Харин томчууд бидний тархинд “Хүүхдийг зодож шийтгэж болохгүй” гэсэн “тэмдэг” дараагүй цагт энэ хүчирхийлэл байсаар л байх болно. Ялангуяа монголчууд бид “Эцэг эхдээ тоосоо гөвүүлэхгүй бол сайн хүн болохгүй”, “Монгол хүнд зодуур хэрэгтэй” гэсэн хүй нэгдлийн үеийн сэтгэхүйгээ орхиогүй цагт дээрх аймшигт хэргүүд давтагдаж л тарна. Давтагдсаных нь дараа бид зул өргөн жагссаар л байх уу. Аймшигт гэмт хэргүүд ердөө л хүүхдээ зодохоос улбаатай гэдгийг ойлгох цаг болоогүй юм уу.
Томчууд бид хүний эрх ярьж хэрэв хэн нэгэн биед нь хүрэх юм бол уурлаж сүйд майд болдог. Тэгсэн атлаа өөрийнх нь гарын дор, биеэ хамгаалах чадваргүй бяцхан хүүхдэд эр бяраа гаргаж, нулимсыг нь цувуулдаг балмад зангаа орхиж тэднийхээ сэтгэл оюунтай ярилцах ёстой. Хүүхдээ зодно гэдэг ичгүүртэй бас жигшүүртэй хэрэг. “Зодоод, зодоод алчихна гэж юу байхав” гэж бодож суугаа эцэг эхчүүдэд би Баянхошуунд болсон хоёр хүүгийн амиа хорлох гэсэн хэргийг зориуд сануулан бичсэн юм шүү. Та хүүхдээ зодоод арай ч алчихгүй байдаг юм байж. Тэгвэл хүүхэд чинь танд гомдоод амиа хорлох, гэрээсээ оргон зугтах, сэтгэхүйн хүнд дарамтад орж сэтгэл гутралд автаж магдагүй юм шүү. Орчин үеийн оюунлаг хүн та хэрэв хүүхдээ зодох юм бол өөрийнхөө ургийн баганыг хөрөөдөж байна л гэж бодоорой. Хүмүүс минь хүүхдээ зодохгүй, тэднийгээ дарамтлахгүй ганцхан олдох бага насыг нь гэгээн дурсамжаар дүүрэн байлгах нь эцэг, эхчүүд бидний үүрэг шүү дээ. Хүүхдээ хайрлацгаая. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 30 шүү.