АН гишүүдээ сөрөг намынхан юм шиг л харгислаж байна
Ардчилсан нам засаг бариад хоёр жил гаруй болсон. Ямар чиг л байсан АН Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалаа. Шинэчлэлийн гэх түүний удирдсан Засгийн газар сайнтай, муутай л байсан биз.
Ардчилсан нам засаг бариад хоёр жил гаруй болсон. Ямар чиг л байсан АН Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалаа. Шинэчлэлийн гэх түүний удирдсан Засгийн газар сайнтай, муутай л байсан биз. МАН-аас бусад намтай хамтарсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унасны дараа Ч.Сайханбилэг сөрөг хүчин байсан МАН-ыг багтаасан Засгийн газар байгууллаа. За ингээд сайдын суудлыг хүний, өөрийнхөд хуваарилах их ажил өрнөж, мэдээж урьд өмнө АН-ын сайд удирдаж байсан яамдыг АН-ын л хүн удирдах болсон. Ингэж АН-ыг онцолж байгаа нь учиртай.
АН-ын шинээр томилогдсон сайд нар өөрийн намын гишүүдийг сөрөг хүчин МАН сонгуульд ялаад нөгөө намдаа хайр найргүй хандаж байсан шиг харгислаж ажилгүй болгож байна. Ердөө л манай фракцын гишүүн биш гээд л гүйцээ. Бусад намаас томилогдсон сайд нарын тухайд дурдаад ч яахав. АН-ынхан ингэж өөрийн намын гэх хүмүүсийг фракцын ялгавраар ад үзэж байхад бусад намаас томилогдсон сайд нар яах нь тодорхой биз. Мэдээлэл цуглуулж явахад харин ч АН-ын сайд нар илүү халаа сэлгээ хийсэн нь харагдаж байна. МАН эрх барьж байхдаа төрийн албан хаагчдыг олноор нь халж байсан. Гэхдээ өөрийн намынхнаа бол хална гэж байхгүй. Харин ч бүр өөрийн намынхнаа ажилтай болгох гэж өрөөл бусдыг хайр найргүй ажилгүй болгож байлаа. Ингэж намчирхаж халах нь угаас зүйд нийцэх зүйл биш. АН гэтэл бүр гутамшиг болж байна. Хэрэв өөр намын хүнийг халсан бол намчирхлаа, үзэл бодол таарсангүй, бодлого нийцэхгүйгээс, өөрийн намын гудманд яваа нөхдөө ажилтай болгох гэлээ гээд олон тайлбар хэлж болно.
Ардчилсан намаас томилогдсон сайд нар салбарын яаманд нь ажиллаж байсан өөрийн намынхныг өөр фракцынх болохоор нь ингэж хоморголон халж байна. Одоо бол эрх баригчдыг шахаж зовоогоод байгаа нам алга.
Ажил хийх гэхээр нь саад болоод байх, буруутгах ямар нэгэн хүчин алга. Шулуун замаар ажиллаад байх нь гэтэл эндүүрэл байж. Одоо дотоодын тэмцэл дэндлээ. Намын ахмадууд, ардчиллыг дэмждэг хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн ч тэдэнд хоорондоо эв түнжингүй байх чинь ялагдах том эхлэл гэж анхааруулсан. Хоорондоо нялх хүүхэд шиг муудалцсанаас хамаг юм болдгийг мэдсээр байж албан тушаал, ялалтын амтанд ташуураад лааз өшиглөж явсан хүндхэн он жилүүдээ маш хурдан мартаж эхэлж. АН-ын сайд нарын халаа сэлгээний эхний тод жишээ ГХЯ. Гадаад хэргийн сайдаар АН-ын Пүрэвсүрэн очсон. Консулын хэлтэс гэж 40 гаруй хүнтэй газрыг тэр чигээр нь хөөгөөд явуулсан. Ердөө л Л.Болдын хүн болохоороо ажилгүй болчихов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаг солигдоход хэлсэн. “Шинэ сайд та нар сандал ширээтэй зууралдаж цаг авав, миний, чиний хүн гэж цаг алдалгүй шууд л ажилдаа ханцуй шамлан ороорой” гэж захиж байлаа. Энэ үгийг тоосонгүй. Нэг намынхан гэдэг нэг зорилгын төлөө зүтгэж, засгийн эрхийг авч өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө явдаг. АН үндсэн зорилгоо мартаж. Хууль зүйн сайд Д.Дорлигжав газрын дарга нараа хомроголон халжээ. Мэдээж Х.Тэмүүжин, Н.Алтанхуягийн томилсон хүмүүс л халагдсан нь тодорхой. Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 30 гаруй хүнийг халсан гэнэ. Ш.Түвдэндоржийн гэх хүмүүс үүнд илүү өртөж таараа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар өөрчлөгдөөгүй учраас дээрх салбарын яамдад халаа сэлгээ харьцангуй гайгүй. Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан учраас ийм байдал үүсэхгүй. Бусад нь бараг л бүгд төрийн албан хаагчдыг ажилгүй болгох их аян өрнүүлчихлээ. Төрийн албаны туршлагатай зарим нэг хүн халаа сэлгээний их шуурганд өртөх шахсан ч фракцын дарга нараараа хэлүүлж үлдсэн ганц нэг хүн байна.
Ингэж фракцаараа хуваагдаад энэ нам цааш явах уу. Зөвхөн үзэл бодол нийлдэг гэж нэг фракцын хүнээ ажилд авдаг. Үнэн хэрэгтээ гарын доор гэж, өөрийн гэх хүнээ төрийн ажлын туршлага, чадварыг харгалзалгүй ажилд авч байгаа гэнэ. Үзэл бодол гэснээс нэг намынхан нэг л үзэл баримтлалтай баймаар. Харин АН-ынхан фракцаараа хэсэг бүлгээрээ хуйвалдаж албан тушаал ашиг сонирхлоороо хэсэг бүлэг болж хуваагдсанаа “Үзэл бодлын уралдаан байгаа нь ардчилалтай байгаагийн шинж” гэж ирээд л тайлбарладаг. Тэгээд фракцын ахлагч нь нөгөө фракцын ахлагч нартай тохироо найраагаа ярина. Бялуугаа хэрхэн хуваахаа шийднэ. Хэрэв бялуунаас бага хүртсэн эсвэл амтгүй хэсгээс хүртсэн бол дахиад л нөгөө улстөржилт, засаг унагаах хор найруулга, хэн нэгнийхээ томилсон хүнийг унагах их ажил өрнүүлнэ дээ. Ингэж АН-ын дотоод хагарал, тэмцлийн золиос болж халагдсан хүмүүс яагаад халагдсаныхаа учрыг олж, ажил хийх эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Ер нь эрх чөлөөнийхөө төлөө сонор соргог байхгүй бол нэг л мэдэхэд нэг хүн, нэг фракцын дарангуйлал бий болчихдог. Энэ чиг рүүгээ л АН яваад байгаа. Бид өмнө нь “Нэн шинэ хэлмэгдүүлэлт бий боллоо” гэж бичиж байсан. Ажлаас учир шалтгаангүйгээр гэнэт халагдсан хүмүүс ийм нэртэй холбоо байгуулж тэмцлээ үргэлжлүүлбэл яасан юм. Хэрэв хууль бусаар төрийн албанаас халагдсан хүмүүс хууль ёсны эрхээ эдэлж, тэмцэж чадвал ингэж бөөнөөр нь хэлмэгдүүлдэг явдал зогсоно. Нэг нам нөгөөгөөр солигдож эрх барих байтугай нэг нам доторхи фракц солигдоход ингэж үй олноор нь хална гэдэг Монгол төрийг хорлож байгаа хэрэг биш үү.
Ирэх онд сонгууль болно. Аль нэг нам нь ялах л байлгүй. Дахиад л халаа сэлгээ болно. Хоёр жил тутамд төрийн албан хаагчдыг ингэж үй олноор нь халаад байхаар Монголын төрд тогтвортой байдал гэж байх уу. Өөрийн намаас томилогдсон сайд ажлаас халаад байхад АН-ын гишүүд ядаж намдаа хандаж болдоггүй юм уу. Хэн нэгэн даргын хүн, тэрэнтэй хамтарч ажиллаж байсан хүн, манай фракцынх биш гэж ажлаас нь халаад байна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ маягаар АН цааш явбал фракц гэсэн заадал болгоноороо салах болох нь. Ойрын өдрүүдэд АН-ын хагарал, фракц хоорондын зөрчил дээд цэгтээ тулж байгааг намын аймаг, дүүргийн намын хороодын нөхөн сонгуулийн үйл явцаас харж байна. Энд тэндгүй жагсаал суулт хийж, сүүлдээ цагдаа хүчний байгууллага хүртэл талцаж байгаа хоёр талын нэгнийх нь талд орчихсон явж байх жишээтэй. Зарим нь мөнгө төгрөг тарааж байна л гэнэ. Зодоон цохиондоо хүрлээ л гэнэ. Ердөө л аль фракц өөрийн хүнийг анхан, дунд шатанд цаашлаад ҮЗХ-д олноор нь оруулж ирэх вэ гэдэг тулаан өрнөлөө. Бүтцийн хувьд намууд бараг л адил. Гэвч АН шиг ингэж өөрөө өөрсдийгөө хэмлэж, барьж идэж байгаа нь бий билүү. Цаг хугацаа хүлээхгүй. Дараагийн сонгууль хаяанд ирлээ. АН харин олон фракцын зодооноо эртхэн зогсоохгүй бол дандаа эрх барих боломж ард түмэн өгдөггүйг нэг санаарай. Ард түмэн зодолдож, хэрэлдэж, булаалдсаны чинь төлөө сонгохгүй, хийсэн бүтээснийг чинь л нэхэх болно.