Монголын телевизийн зах зээлд зайлшгүй хэрэгтэй нэг мэргэжил гарч ирсэн нь хөлбөмбөгийн тайлбарлагч. Сүүлийн нэг жилд Дэлхийн аварга, Азийн аварга, Премьер Лиг, Бүндэс Лиг, Клубүүдийн дэлхийн аварга гээд олон ч тэмцээнийг бид үзлээ. Хөлбөмбөг сонирхогчид буурна гэж байхгүй болохоор телевизүүдийн өрсөлдөөн улам ширүүн болж, 2012 оны Европын аваргыг авбал нэр хүнд нь огцом дээшлэх нь ойлгомжтой. 2006 оныг бодвол үзэгчдийн мэдлэг харьцангуй дээшилж тааруухан тайлбартай бол хүлээж авч чадахааргүй голж шилэх болжээ. Тиймээс хөлбөмбөгийн сайн мэргэжилтэн гарч ирэх хойч үедээ доорх асуудлыг шийдэж өгвөл хөгжлийг нь арай урагшлуулж магадгүй юм.

    Манай улс шиг сонирхогчдын түвшиний, стандард тогтоогүй улс оронд спорт, тэр дундаа миний хөндөж буй хөлбөмбөгийг хүргэж буй сэтгүүлч, тайлбарлагч нарт маш их мэдэхгүй, эргэлзсэн зүйлс гарч ирж байна. Ямар нэгэн ном сонин, гарын авлага байхгүй учраас тайлбарлагчид өөрийн мэдлэг, үзэмжээр асуудалд хандана. Нэгдмэл байдал, нэг стандартгүй бол спортын сэтгүүл зүй, хөлбөмбөг өөрөө хөгжихгүй. Хөгжсөн ч удаашрах бөгөөд тэр дунд энэ олон талын өнцөгөөс харж үзэгчдэд дамжуулж байгаа нь мэдээллийн хувьд тун буруу юм. Тиймээс тайлбарлагч, сэтгүүлч, хөлбөмбөг сонирхогчиддоо, хөлбөмбөгийн гэх бүгдэд зориулаад сайжруулж, стандарчилж болох хэдэн зүйлсийг санал болгож, асуудал дэвшүүлж байна.

Нэгдүгээрт: Нэг тамирчин шар хуудас авах, эсвэл чөлөөт цохилт гүйцэтгэхээр өрсөлдөгчөө унагаавал тайлбарлагчид (бүгд ялгаагүй) “алдаа” гэж хэлдэг. Гэтэл дамжуулалтаа буруу хийх, цохих гэж байгаад зөрөх, хаалгач хааж болохоор бөмбөгийг хаалгандаа алдах, торгуулийн цохилтыг цохиод алдахад бид бас алдаа гэдэг. Тэс өөр хоёр нөхцөлд бид алдаа гэдэг нэг үгийг ашигладаг. Англиар эхнийг нь fault, сүүлийхийг нь mistake гэдэг. Тиймээс бид эхнийг нь “зөрчил” гэж нэрлэвэл зүгээр. Харин mistake нь алдаа. Хөлбөмбөг өөрөө гадны спорт учраас бидэнд эх хэл дээрээ стандартанд оруулах хэцүү байна. Хоёр өөр үйлдэл дээр бид нэг үг ашигладаг нь буруу учраас өөрчлөх нь хэрэгтэй гэж бодож байна. Эхэндээ сонин дасахгүй байх боловч ирээдүйд маш хэрэгтэй. Боловсрол телевизээр тайлбар хийж буй манай баг энэ хэллэгийг дараагийн шууд тоглолтуудаар хэрэгжүүлэхээ амлья. Сэтгүүлч, тайлбарлагч та бүхнийг ч бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэж байна.

Хоёрдугаарт: Тоглолтын цаг сунгах болон шүүгчийн мэдлийг цагийг мөн янз бүрээр хэлдэг. Ялангуяа шүүгчийн мэдлийн цагийг нэмэлт цаг гэж хэлэх нь түгээмэл байдаг. Extra time буюу Нэмэлт цаг нь хасагдах шатны тоглолтонд багууд тэнцсэн тохиолдолд сунгадаг 30 минутыг хэлнэ. Эхний хагас, тоглолтын төгсгөлд (нэмэлт цагийн үеүүдийн дунд мөн нэмдэг) нэмсэн цагийг Additional time буюу Шүүгчийн мэдлийн цаг гэж нэрлэвэл зохистой.

Гуравдугаарт: Чөлөөт цохилт, торгуулийн цохилт гэдэг тусдаа зүйл байдаг. Торгуулийн цохилт нь ганцхан байдаг бөгөөд торгуулийн талбай гэж нэрлэгддэг талбайд зөрчил гаргавал торгуулийн цохилт (11 метрийн) гүйцэтгэдэг. Харин бусад газар зөрчил гаргавал чөлөөт цохилт болно. Мөн дотроо шууд болон шууд бус гэж нэрлэдэг. Шүүгч шууд хаалга руу заавал шууд цохилт, гараа дээш нь өргөвөл шууд бус буюу хоёр хүрэлтээр гоол оруулах ёстой гэсэн заалтыг хэлнэ.

Дөрөвдүгээрт: Тамирчдын байрлалын асуудлыг бид нэг мөр болгох хэрэгтэй. Нийт хөлбөмбөгийн 18 байрлал байдаг. Довтлогчид дөрөв, хагас хамгаалагчид зургаа, хамгаалагчид долоо, хаалгач нэг байрлалтай. Англиар бүгд өөр, өөрийн гэсэн нэртэй бол манайд хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч гэсэн дөрвөн ерөнхий байрлал задрахаараа тун ойлгомжгүй болдог. Довтлогчийн дөрвөн байрлалыг central forward – төвийн довтлогч, second striker – туслах довтлогч, left winger – Зүүн жигүүрийн довтлогч, right winger – баруун жигүүрийн довтлогч гэх орчуулж болох боловч жигүүрийн довтлогчид дэндүү урт нэртэй болж байгаа нь хэрэглэхэд тун ярвигтай юм. Зөвхөн жигүүрийн хамгаалалчид дээр ч ийм хүнд хэлбэрүүд тулгарна. Left back – зүүн хамгаалагч, left winger back – зүүн жигүүрийн хамгаалагч гээд тусдаа хоёр байрлалыг бид адилхан нэг гэж ойлгодог. Гэтэл яг тактик талруугаа заавал хоюулаа байхаас аргагүй. Тиймээс 18 байрлалыг яаж буулгах вэ гэдэг чухал болоод байна.

Тавдугаарт:
Дараагийн чухал асуудал бол оноосон нэр. Одоогоор бид ямар нэгэн стандартгүй хуучин Оросын дүрмийг голчлон дагана. Улс орон хөгжиж дэвшихэд иймэрхүү зүйлсээс эхлэх ёстой. Ямарч хэлэнд гадаад нэр яаж дуудах вэ гэсэн дүрэм байдаг. Азаар гадаад нэр дуудах энэ салбар дэлхийд “залуухан” учраас зэрэгцээд явах боломж байгаа юм.

   Бидний аав, ээжүүд маань яриан дундаа Орос үг хавчуулдаг моодтой байсан бол манай үеийнхэн англи үг их ашигладаг. Гэхдээ энэ нь Англиа дагана гэсэн үг огт биш юм. Цаашдаа дэлхийд Англи хэл давамгайлах нь ойлгомжтой ч, өөрсдийн гэсэн хэл соёлтой ард түмэн ямар нэг улсыг дуурайх утгагүй. Харин өөрсдөдөө таарсан гадаад нэр дууддаг дүрэмтэй болох ёстой. Гадаад нэр дуудах гол дүрэм бол тухайн хэлийг байгаагаар нь дуудаж, бичих боломжгүй бол дөхүүлээд дуудах хэрэгтэй. Бүгдийг нь нэг дүрмээр дуудах боломжгүй учраас хэл болгонд дүрэм зохиож дуудахаас өөр аргагүй. Ихэнх улс орон ингэдэг. Тэгээд ч яг дуудах дээрээ тулвал тийм ч их дүрэм гаргах шаардлагагүй.

   Эхний ээлжинд хуучин сэтгэхүйгээсээ салах ёстой. Оросын е, у үсгээс татгалзаж чадахгүй байна. Тухайлбал Терри, Ливерпуль, Роуз гэх мэт. Эдгээр үгнүүд дээр е, о, у үсэг ярихдаа хэлдэггүй мөртлөө, бичсээр байгаа нь хуучнаасаа салж чадахгүй байгаатай холбоотой. Буруу бичиж зөв уншдаг гэж хэлж болно. Уншиж байгаагаараа бол Тэрри, Ливэрпүүл, Рөүз гэж бичнэ. Улс болгонд дүрэм зохиохгүй бол дараахи асуудалтай бид зайлшгүй тулгарна.

   Michael – Ийм нэртэй Англи, Америк хүн байвал бид төвөггүйхэн Майкл гэж уншдаг. Гэтэл яг ингэж бичсэн Герман нэрийг Майкл гэж Англиар уншиж болохгүй. Германаар Михаэл гэж уншихгүй бол Майкл Шумахэр болчихно. Charles – гэсэн нэрийг Англиар Чарльз, Францаар Шарль, Германаар Харлэс, гэж дууддаг. Зарим славян нэрэнд бүр Карл болдог. Хэрвээ Англиар дуудахдаа тулвал Bud гэдэг Монгол нэр Баад болно. Тэгэхээр хэл болгонд унших дүрэмтэй болох ёстой. Энд тийм олон хэл орохгүй. Англи, Герман, Франц, Испани, Португал, Түрк болон Азийн Хятад, Солонгос гэсэн хэлнүүд эхний ээлжинд байхад болно. Харин дуудаж болохгүй нэрсийг бид өөрсдийн үсгээр давхардуулж тэмдэглэхээс өөр аргагүй. Английн th,t болон Хятад дөрвөн авиа, Вьетнам, Мьянмарын тэр олон авиаг тэмдэглэх үсэг байхгүй учраас нэг үсгээр тэмдэглэхээс өөр аргагүй юм.

   Мэдээж оноосон нэрний асуудал бол зөвхөн хөлбөмбөг, спортоор хязгаарлагдахгүй. Тиймээс энэ бүхнийг цэгцэлж стандартад оруулах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.

   Миний бие Бриттаникад ажиллаж байхдаа Испаний хэлний унших дүрмийг боловсруулж үзсэн юм.

Guillermo – Гильермо            lle - лье
Villa – Вилья                           lla - лья
Castillo – Кастильё                 llo - льё
Villus – Вильюс                      llus - льюс
Tavarelli – Таварэлли            lli – лли
Francisco – Франсиско          cis - сис
Gijon – Хихон                          Gi – Хи                                     
Gerard – Хэрард                     Ge – Хэ
Garrido – Гарридо                   Ga – Га
Gonzalez – Гонсалэс              Go – Го
Guillermo – Гильермо             Gui – Ги
Guagua – Гуагуа                     Gua – Гуа                                                                       
Guigou – Гигу                         gou – гу
Guerron – Гэррон                   Gue - Гэ
Joaquin – Хоакин                     J – Х                                             
Reyes  - Рэеэс                        ye – еэ
Puyol – Пүёол                        yo – ёо
Ayala – Аяала                        ya - яа
ñez – Нуньес                      се - нье
Acuсa – Акунья                       сa - нья
Bolaсos – Боланьос                сo – ньо
Luque – Лүкэ                           que – кэ                 
Joaquin – Хоакин                   qui - ки
Zaragoza – Сарагоса              Z –С                      
Hernandez – Эрнандэс           He – Э
Hierro – Иерро                        Hie – Ие
Riera – Риера                         ie – ие
Garcia – Гарсиа                       ia – иа
Abreu  - Абрэу                        eu - эу
Guardiola – Гуардиола            iо – ио

Харин “X” үсгийг унаган Испаниар “Х” гээр дууддаг бол Баск, Каталон үндэстнүүд Ш, Ч хоёр үсгийн дундуур дууддаг.

Xavi – Шави                              X – ш      Каталон              
Etxeberria – Эчэбэрриа           tx -  ч       Баск
Xeres – Хэрэс                           X – х        Испани

     Төгсгөлд нь нэмж хэлэхэд Касийяс, Вийя гэж хэлэх нь аман яриа бөгөөд англи хэл Америкт очоод хувирсантай адил Испани хэл Латин, Өмнөд Америкт очиж хувирч –ийя- гэж дуудах болсон бөгөөд энэ нь уугуул Испани хэлэндээ нөлөөлж аман ярианд –ийя-, илья гэж дууддаг боловч бичгэн хэлээр заавал илья гэж бичдэг юм.