Төрийн бодлого шатахуун импортлогчдын гарт шийдэгдэх ёсгүй
Сарын өмнөөс шатахууны үнэд төр оролцохгүй болсон. Одоо шатахууны үнэ импортлогчдын гарт шийдэгдэнэ. Харин төрийн бодлого тэдний гарт шийдэгдэх ёсгүй.
Монгол Улсын жилийн шатахууны хэрэглээ хоёр сая орчим тонн болдгоос үүний 60 гаруй хувийгдизель түлшний хэрэглээ эзэлж байна. Уул уурхай, зам, барилга, газар тариалан гээд бүтээн байгуулалтын салбарт ашиглагддаг хүнд даацын, том оврын машин механизмын түлш болох дизелийн хэрэглээжилээс жилд нэмэгдсээр энэ хэмжээнд хүрчээ.
Монголд дээрх салбарууд дулааны улирлын цикльтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл уул уурхай, зам барилга, газар тариалан зэрэг салбарт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд тохиромжтой улирал маш богино. Тийм богино хугацааны цикльтэй боловч хүн хүчний тоо, тэрэг техникийн оролцоо, хамаарал асар ихээр шаардагддаг эдгээр салбарт шатахууны нөөц хадгалалт маш чухал зүйл. Энэхүү нөөцийн 20 хувийг бүрдүүлж ирсэн дотоодын дизель түлш үйлдвэрлэгчдийг төрийн хуулиар зах зээлээс шахаж гаргаад хагас жил болж байна. Дизель түлшний үйлдвэрлэлийн гол түүхий эдийн импортод Онцгой албан татвар ногдуулах тухай хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долдугаар сарын 9-нд УИХ-аар баталж, наймдугаар сарын 1-ны өдрөөс мөрдөн хэрэгжүүлж эхэлснээр үндэсний үйлдвэрлэл тэг зогсолтод ороод байгаа юм.
Стратегийн чухал бүтээгдэхүүн болох бензин шатахууны хэрэглээ маань 100 хувь гадаад зах зээлээс, шулуухандаа ганц улсаас хамааралтай байсаар ирсэн нь монголчуудын хувьд хамгийн эгзэгтэй нөхцөл байдал. Аль болох энэхүү хамаарлыг багасгах, дотооддоо шатахууны үйлдвэр байгуулах нь бидний сүүлийн 30 жилийн амбици байгаагүй сэн билүү?! Ялангуяа монгол төрийн бодлого тийшээ тэмүүлж ирсэн гэж ойлгож байтал хачирхалтай нь одоогоор төр өөрөө хууль гарган боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг боомиллоо. “Москва нэг өдөр баригдаагүй” гэдэг шиг газрын тос боловсруулах үйлдвэр нэг л өдөр үлгэрийн юм шиг өндийхгүй нь ойлгомжтой. Хүний нөөц, техник технолог гээд өмнөх бэлтгэлд хугацаа хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэрлэл цааш хөгжих эхний алхам болж буй үндэсний үйлдвэрүүдийг яагаад ингэж чангалах болов?
Өрнөж буй үйл явдлуудыг харвал “төр бодлогоор хийж буй” гэхээс илүүтэй “огт бодлогогүйгээр” ийм алхам хийгээд байх шиг. Өөрөөр хэлбэл ашиг сонирхол нь дотоодын үйлдвэрлэлтэй зөрчилдөж буй шатахуун импортлогчдын ил цагаан лоббид хөтлүүлж, тэдний зах зээлийг хамгаалахын тулд гаргасан хууль гэдгийг хэлэх хэрэгтэй. УИХ, Засгийн газар үеийн үед шатахуун импортлогчдыг сонсож, татварын хөнгөлөлт, үнийн алдагдлыг нөхөх төсөв гээд аль таатай нөхцөл бүрийг тэдний талд хуульчлан шийдэж ирсэн нь энэ удаад ч давтагдсан гэсэн үг.
Өнөөдөр шатахуун импортлогч топ таван компани алслагдсан аймгуудыг хямд үнэтэй шатахуунаар хангах нөхцөлөөр импортын 70 орчим хувиа 0 татвартайгаар оруулж ирж байгаа ч орон нутагт бензин түлш нийслэлийнхээс ч үнэтэй хэвээр байгаа юм. Үүгээр юуг хэлэх гэж байна вэ гэвэл бусад бүтээгдэхүүн импортын бараа, бүтээгдэхүүнээс онцгой хөнгөлөлттэй нөхцөлийг олгосоор ирсэн ч монголчуудын хувьд нефть бүтээгдэхүүн үргэлж эмзэгтэй, эгзэгтэй сэдэв байсаар байх болохыг л бүх зүйл нотолсоор байна. Шийдэхгүй л бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Шийдэл нь боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэх, Сайншандын үйлдвэрээ дуусгах. Гэвч энэ бүхэн бүтэхгүй, түүхий тос байхгүй, түүхий тос үйлдвэр рүү татах шугам барихгүй гэх мэт үгс УИХ-ын чуулганы танхимд хэлэгддэг яригддаг боллоо. Энэ бол бодлого биш харин ч эсрэгээр төр бодлогогүй болохын л нотолгоо.
Огт газрын тосны нөөцгүй атлаа газрын тос боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж, шатахуун экспортлогч болсон улсын жишээ Солонгос, Сингапур. Бэрхшээлийг давж илүү том бэрхшээлээ шийдэх нь л бодлого биз дээ?
Үнэндээ Монгол Улс шатахуунаар нэг улсаас хараат биш хэдхэн компаниас л хараат болчихсон байгаа үнэнийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.
Үнийг нь үгсэн тогтоодог, алдагдлаа бусдаар төлүүлдэг, өрсөлдөөн бий болгох, өөр орлох үйлдвэрлэл хөгжүүлэх гэсэн бүхнийг “хаалгадаг” тэдний сонирхол, санаархалд эцэс гэж байх ёстой. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан суган доогуур шургуулсан /хаврын чуулган хаах өдөр/ Онцгой албан татварын өөрчлөлт судалгаа гэхээс илүү “дотоодын найрка” гэдэг цуу ярианд үндэслэн гаргасан болохыг, дотооддоо шатахуун үйлдвэрлэл хөгжүүлэх эрхэм зорилготой илт зөрчилтэй болохыг Засгийн газар залруулна гэж найдаж байна. Сарын өмнөөс шатахууны үнэд төр оролцохгүй болсон. Одоо шатахууны үнэ импортлогчдын гарт шийдэгдэнэ. Харин төрийн бодлого тэдний гарт шийдэгдэх ёсгүй.
Иргэн
зочин
Зочин
zochin
Баатар