ГАШУУНСУХАЙТЫГ ЗҮГЛЭХ ГАШУУДЛЫН ЦУВАА: ҮНДЭСГҮЙ МӨЧИР ҮЛ УРГАНА

Гашуунсухайтын боомт-Хятадын Баотайг зүглэсэн төмөр зам тавих тууз хайч­лах ёслолд биечлэн оролцохоос Сү.Батболд эмээжээ. Тавантолгойг ашиг­лах эрхийн бичгийг өвөрлөж, “улаан­тан, цагаантан” 13 олигархийг та­тан оролцуулсан анхны, гол зохион байгуулагч нь “Сү” биш өөр хэн байх вэ. Орондоо “морь унасан толгойгүй хүн” довтолгосон байна.

“Энержи ресурс”-ынхан “Луи Вуи­тон” брэндийн ширэн цүнхэндээ нан­диг­насан, С.Баярын гарын үсэгтэй, Зас­гийн газрын тогтоолтой төмөр зам та­вих тусгай зөвшөөрлийг чулуу бол­го­хоор яарч байгаа нь энэ юм. Ерөн­хийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас бүрддэг, Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн 2008 оны 4 дүгээр са­рын 8-ны хуралдааны шийдвэр, өөрийн­хөө биечлэн оролцсон зөв­лөм­жийг үл хэрэгсэж, давж заалдсан тусгай зөв­шөөрлийг С.Баяр “Энержи ресурс”-д олгожээ. ҮАБЗ-ийн 707 тоот зөв­лөм­жинд “Шинээр барих төмөр замын шу­гам чиглэл, хөрөнгө оруулалтын хэл­бэр, царигийн хувилбар зэргийг ОХУ, БНХАУ-ын төмөр замын байгуулла­гууд­тай санал солилцон тодорхойлж, хол­богдох тооцоо судалгааны хам­таар 2008 оны 8 дугаар сард багтаан” да­хин хэлэлцүүлэхээр заасан байсан юм. Дахин хэлэлцэх зөвлөмж шүүгээ­ний нүдэнд үлдэж,  “Энержи ресурс”-д тус­гай зөвшөөрөл олгосон Засгийн газ­рын 252 дугаар тогтоол үнс нурам, үхэл нулимс дагуулсан сонгуулийн ид халуурлын үеэр буюу 2008 оны 6 ду­гаар сарын 18-нд гарсан байна. На­рийнсухайтаас Шивээхүрэнгийн боомт­ чиглэн, Хятадын сүлжээнд нэгт­гэх тө­мөр зам тавих бас нэг тусгай зөв­шөөр­лийг “Монголын алт” компани хоёр сарын дараа С.Баяраас гардан ав­чээ. Тусгай зөвшөөрлийн тухай хуу­лийн 9.1.1-ийг илт зөрчсөн, Захиргааны шүү­хэд хандвал заргаа авч, хүчингүй болгоход хэцүү биш тогтоол. Хэн дур­тай нь хувийн төмөр зам тавьдаггүй,  тат­лаа, барилаа гэхэд заавал нийтийн эрх ашигтай нийцэж байх хуулийн заал­тыг хөндлөн огтолсон галт тэ­рэгний жим гэсэн үг.

Хаана ямар баялаг байгааг мэд­сэний дараа өртөг зардал багатай, түр­гэн шуурхай тээвэрлэх төмөр замын үнд­сэн шугам гарахаас биш Таван­толгой, тэр тусмаа Ухаахудагийнх бол нэг салаа мөчир нь л юм. Үндэснээсээ тасарсан мөчир ургадаггүй. Хятадыг түүхий эдээр хангах хугархай мөчир тавибал алдагдсан боломжийн өртөг нь зөвхөн Тавантолгойгоор жишээлэхэд, Сингапурын гурван жилийн ДНБ-тэй тэнцэх их баялгийг шүүрхий шанагаар алдаж асгаад дуусгана.   

Хөрөнгө хүч зарж, хайгуул судал­гаа хийж, Монголын хаана ямар баялаг байгааг нээж мэдсэний дараа төмөр замын Үндсэн шугам тодорхой болно. Тэр цагийг алдаж хүлээхгүй ч хята­дуу­дын угтуулан тавьсан төмөр зам руу най­ман боомтоороо нэгдсэн бод­лого­гүй, нэмүү өртөг шингээгүй, эцсий бү­тээг­дэхүүн болоогүй, хямд түүхийгээр нь гаргаад байвал шүүрэн шанагаар сүү утгахтай адил. Өнөөдөр нөөц нь тог­тоогдчихоод байгаа Ховдын Хө­шөөтөөс Увсын чанарлаг нүүрс, “Рио Тин­то”-гийн хав дарчихсан Говь-Ал­тайн хөрсөн доорх нууц, тэндээсээ Өм­нөговь, Дорноговийг чиглэсэн үндсэн магистраль байж болно. Мон­гол нуман хэлбэртэй төмөр замын үнд­сэн шугамын дүр зураг юм. Сайн­шандад босгохоор төлөвлөсөн хүнд аж үйлдвэрийн цогцолбортой Тавантол­гой, Оюутолгой, Нарийн сухайтыг хол­бочих нь өнөөдөртөө хамгийн зөв шийд­вэр. Өнөөдөр байгаа үндсэн ганц шу­гамтай нь холбох нь стратеги. Ямар бод­лого вэ гэвэл Орос, Европ, Солон­гос, Япон гэсэн олон худалдан авагч­тай, хэд хэдэн гарцтай болох аваас ганц Хятадын аманд орохгүй. Монго­лын арьс шир, ноос, ноолуурын үйлд­вэрийн хашаанд нь шарилж ургаатай, хаалганд нь цоож зүүгээтэй үлдсэний үндсэн шалтгаан нь ганцхан худалдан авагчтай байсных билээ. Дэлхийн ноолуурын зах зээл 18 орчим тэрбум дол­ларт хүрч байсан ба түүхий эдийнх нь гуравны нэгийг ямаанаасаа самнаж ав­даг монголчууд  биш италичууд дий­лэнх хувийг нь атгаж байна. Бид нэг кг ноо­луурыг арван доллараар өгч бай­хад италичууд тийм хэмжээний түүхий эдээр мянган ногооны хүрэм оёдог юм. Бугатти, Гуччи, Версаче гэх мэт итали шош­гоны үнэ цэнэ, нэмүү өртгийн ид шид.     


ТАВАНТОЛГОЙ БИШ ГУРВАН ТОЛГОЙ ҮЛДЭЖ, АЛГА БОЛСОН ТАЛ ЕЭВЭН


Өмнөговийн Цогтцэций сумын ну­таг дахь, Хятадын хилээс 240 км зай­тай  Тавантолгойн нүүрсний орд газ­раас Гурван толгой нь л монголчуудын мэ­дэлд үлдээд байна. Нүүрсний нэг хэ­сэг нь огт коксгүй бол “Энержи ре­сурс” Ухаахудаг хэмээх толгойг тасдан ав­чээ. Учиртай таван толгойгоос хасах нь утгагүй хоёр толгой, тэнцүү ашиггүй гур­ван толгой. Олигархиудын авсныг олонд нь  буцааж, төр мэдэлдээ авсан гэх боловч олборлох, тээвэрлэх, бор­луулах талаас нь авч үзвэл дөрвөн тол­гой баян нийт орлогын тавин хувийг ха­лааслахад бэлэн болжээ. Төрд 96, тэ­дэнд 4 хувь нь үлдсэн гэдэг нь тол­гой эргүүлэх тоо болохоос ард түмэнд тал еэвэн, түүнээс ч багыг үлдээсэн ов мэх нуугдаж буйг ойлгоё гэвэл хэ­цүү биш. Олон нийт математик со­нирх­доггүй ч дөрвөн аргын тоо бодож чад­на. Тавантолгойн хүрз нүүрсний дор хаяж тал нь “Энержи ресурс”-ийн ашиг, үлдсэн хугас нь үндэстэнд оног­дох, үүнээс ч муу хувилбар буюу үнс хог нь л ард түмэнд үлдэх аюул нө­мөр­чихсөнийг энгийн хялбар үндэс­лэлээр баталж болно.  

Нийт нөөцийн 25 хувь нь “Ухаа­худаг”-т ногдох ч цаг хугацаа, үнэ тог­тоох зарчмаараа дийлэнх олонхи би­дэнд алдагдалтай, хэт цөөнх тэдэнд ашиг­тай гарна. Тавантолгойгоос галт тэр­гээр 10 сая, ачааны машинаар 2 сая тонн нүүрс  тээвэрлэх нь жилийн дээд хэмжээ. Олборлох, зөөвөрлөх нь хэм­жээ хязгааргүй эд биш. Тэр бүхний яг тал хувь нь “Ухаахудаг”-ийн эрхийн би­чиг өвөрлөгсдийн мэдлийнх. Зас­гийн нүүрснээс тонныг нь 10 доллараар хямд өгнө, хүрз хатгаад л хаяанд байгаа Хятадын хил рүү түүхийгээр нь зөөхөөр зэхэж буйгаараа тэд да­вуутай. Өнөөгийн үнээр жишээ авъя. “Энержи ресурс” 10 сая тонн нүүрсийг тус бүрийг нь 58 доллараар Хятадад нийлүүлнэ. Ухаахудаг 400 сая тоннын нөөцтэй. Дөчин жилд ухаж дуусгаад 24 тэрбум доллар олох ба Монголд газрын сорви-онгорхой нүх, байгалийн бохирдол үлдэнэ.            

     

ДӨЧИН ЖИЛИЙН ДАРАА: 2049 ОН


Ноён хутагт, 18 дугаар зууны их сэт­гэгч Данзанравжаа ирээдүйд энд их  балгад үүснэ, хойч үе маань уурын тэрэг хөлөглөнө хэмээн урьдчилан харж, өнөөгийн Сайншандын хот бай­гуулалтыг 150 гаруй жилийн өмнө ба­раг тэр чигээр нь зурж дүрсэлсэн нь му­зейд нь бий. Говийн хөрсөн доорх их тэнгис далай нүдэнд харагдаж бай­на гэсэн нь бидний үед нөөц нь  тог­тоогдсон газрын гүний ус юм. Урд талд Күн­зийн гэр бий. Энд миний гэр бий. Бид өв соёл, оюун ухаанаа хөгжүүлж байж туурга тусгаар үлдэж чадна гэсэн хичээл зүтгэл бүхэн нь энергийн хил хязгаарыг тогтооход зориулагджээ. Энэрэнгүй үзэлтэн, цаг, орон зайн хязгаарыг давсан оюун ухаант энэ хүн яагаад Сайншандыг товлон зурж, тодорхойлон дүрсэлсэн бэ?

Сайншандад хүнд аж үйлдвэрийн комплекс барьж босгох нь улс төр, эдийн засаг, нийгмийн гурван тулгуур­тай шийдэл гэж болно. Төмөр зам дэр мод­той хос цувимал төдий зүйл биш. Түү­хийнхээ туршид түүхий эд ний­лүүл­сэн наймаанд мөнхөд хохирсон түү­хийг төгсгөх бололцоог ашиглах уу, үгүй юу гэдэг салаа замын эх. Ашиглаж чадвал боломж нь хавтгайрсан цаг үеийн сорилт болсон замын уулзвар.

Атга шороог алт болгох гэдэг нь эц­сийн бүтээгдэхүүн гаргах боловсруу­лах үйлдвэр. Нүүрснээс коксыг нь ял­гаж авбал, нэг ёсондоо өрмийг нь заг­саавал тонн нь өнөөдөр 400 шахам дол­ларт хүрч байна. Харин түүхий шо­роотой нь зөөвөл 60 доллар. Таван­тол­гойн 6,7 тэрбум тонн нүүрсээр тоо­цоход тооны машин гацахаар зөрүү гар­на, монгол хүний аваагүй цалин, олоо­гүй ашиг, сураагүй боловсрол, унаа­гүй машин, амьдраагүй сууц гэж жаг­саавал шингээгүй баялгийн ал­дагдсан боломжийн өртөг нь үе үеийнх­ний хувь заяагаар хэмжигдэнэ.

Гурван сая хүний хувь заяагаа сон­гох нөхцөл нь ардчилал боловч өгөө­жийг нь гурав дөрвөн толгой эд­лэхийн урхаг ужгийн урьдчилсан тоо­цоо гарчээ.

Зүгийн муу зүүн урд зүгт салаа зам тавьсан 40 жилийн дараа: Фран­цын газар нутагтай тэнцэх Монгол ул­сын Өмнөговь аймаг Хятадын түүхий эдийг ханган нийлүүлэх хязгаар нутаг болжээ. Тавантолгойд 500 монгол бага цалинтай ажил хийж байна. Хятадын эдийн засгийн өсөн нэмэгдсэн хүчин ча­дал зүй тогтлын дагуу цэрэг-улс тө­рийн эзлэн түрэмгийлэх бодлого болж ху­вирав. Эдийн засаг нь эрчим хүч­ний эх үүсвэрээр ангаж цангадаг энэ орон дэлхийн нүүрсний хамгийн том им­портлогч байхаас татгалзлаа. Жиш­гийн дагуу төмөр замаар хил тогтоосон ба 20 жилийн өмнө эрдэнэс баялаг агуулсан их говийн газар нутаг уг нь Монголын мэдэлд байсан юм. Уурхайн тоос тортог Монголын үлдсэн нутгийг элс­ний нүүдлээр дарсаар байна. Азийн “Африк” гэж хочлогдсон энэ орон баялгийн хараалд өртөж, авлига, хээл хахууль, иргэний зөрчил мөр­гөл­дөөн, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж, олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүртдэг билээ.


САЙНШАНДАД ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН КОМПЛЕКС БОССОН 40 ЖИЛИЙН ДАРАА

     

Данзанравжаагийн зөн совин биелж, Сайншандад хүнд аж үйлд­вэ­рийн комплекс-орчин үеийн хот өн­дийн босчээ. Дэд бүтцийн үндсэн су­дас болсон төмөр зам тавих, үйлд­вэ­рийн цогцолбор  босгох төслийг хэрэг­жүүлэхдээ эцсийн бүтээгдэхүүнээр дараа төлөх, байгуулсан гэрээ хэлц­лээ баталгаа болгох замаар монгол­чууд хөрөнгө олж чадсан юм. Хамгийн гол нь баялаг, боломж хоёрыг монгол­чууд ашиглаж, үндсэн эрх ашиг, ст­ра­тегийн том зорилго дээрээ нэгдэж чад­сан билээ. Зэс, алт, нүүрс зэрэг их баял­гийн бассейнтай шууд холбогдсон төмөр замыг тавихад хэрэгтэй 10 тэрбум долларыг ийм замаар босгосон юм. Нэмүү өртөг буй болгох шат дамж­лага бүрээс төсөвт татвар, иргэнд аж­лын байр, бизнесийн ашиг орлого нэ­мэгд­­жээ. Дөрвөн зуун мянган хүн ажилд орсон байна. Шинэ цахилгаан станц нь орд газрыг эрчим хүчээр хан­гаж, Монголын төмөр зам тээвэр­лэл­тийн зардлын дийлэнхийг авч үлддэг. Хайлуулсан зэс, боловсруулсан нүүрс­нээс ган бөмбөлөг, арматур хийц үйлд­вэр­лэж, төмөрлөгийн салбар хөгжжээ. Тө­мөрлөгийн үйлдвэ­рийн хаягдлаар үйлдвэрлэсэн цемент, хөн­гөн блок, гипс орсон сууцанд мон­гол­чууд амь­дарч, гаргаж авсан битумаар нь 6000 км зам тавьсан юм. Хүнд үйлд­вэрийг да­га­сан элдэв хангамж, үйл­чил­гээ­ний биз­нес, банк санхүү, холбоо ха­рил­­цаа­наас эхлээд ажлын хувцас, ха­руул хам­гаалалтын үйлчилгээ хүртэл хөг­жиж, хотод эмнэлэг, сургууль, спорт, орон сууцны хороолол олноор бариг­дан, тэр хэрээр ажлын байр бий болсон бай­на. Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүр­сийг түүхийгээр нь Хятадад өгөл­гүй эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэрлэс­нээр гу­рав дахин их орлого, хорь дахин их аж­лын байр нэмэгдсэн юм. Өр­сөл­дөөний бо­ломжийг ашиглаж, олон улс оронд эц­сийн бүтээгдэхүүн экспорт­лох нэгдмэл ст­ратеги нь улс төр, эдийн засгийн ха­раат бус үндэсний аюлгүй байдлыг бэх­жүүлж, гурван хүн тутмын нэг нь нэн ядуу, ядуу амь зууж байсан нийгмийнхээ асууд­лыг шийдвэрлэх бололцоог ол­гожээ.


“АВЛИГАЧДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭЖ, АРД ТҮМНИЙ НУРУУГ БӨХИЙЛГӨВ ҮҮ?”


“Энержи ресурс” нь Хятадын “Шин­хуа Энержи”, Монголын “MCS”, улс төрч­дийн хамсал юм. 2008 оны сон­гуульд МАХН, АН-ын аль нь ч биш “Энер­жи ре­сурс” ялалт байгуулсан. Энэ компанийн Мон­голын талынхан Ерөн­хий сайд, УИХ-ын дэд дарга, Эдийн засгийн байнгын хо­рооны дарга, УИХ, Засгийн газрын ги­шүү­дээс бүр­дэнэ. Эрх тушаал дээр эд мөнгө гэж дав­хар хүч бий. С.Баяр тө­мөр зам та­вих тусгай зөвшөөрөл олгож, Сү.Бат­болд чухам үүний төлөө сайд нарын тан­химыг толгойлж, Н.Алтанхуяг туу­зыг нь хайчилж, Ц.Элбэгдорж ташуур өгөн уухайлж байна. Том бялуунаас ба­га хэрчимтэй үлдэхийг хүсэхгүй байж бол­но. Гагцхүү өчигдөр, өнөөдөр, мар­гаашийн гурван цагийн хэлхээс, улс төр, эдийн засаг, нийгмийн гурван хү­чин зүйлс дээр тулж түшин ший­дэх­гүй бол төсөөлснөөс ч илүү гарз хо­хирол, олз омог хүлээгдэж салаа за­мын эх билээ. Гашуунсухайт биш Сайн­шандын чиг­лэлд түүнээс ч дотно жур­мын нөхөд нь нэгдэж байна. Ц.Эл­бэгдоржийн журмын нөхөр, МоАХ-ны дарга Х.Баттулга Сайн­шан­дын чиглэл, хүнд аж үйлдвэрийн цог­цолборын үзэл баримтлалыг тол­гойлж бай­гаа хүний нэг. Х.Баттулга эрх биш Монголын өм­нөөс барилдаж, тө­рийн далбаа нами­руулж явсан тамир­чин, мөнгийг ал­даж, хурааж явсан най­мааны ухаанаар ч илүү. Ц.Элбэгдор­жийг дэмждэг байлаа гээд Хятадыг тэт­гэнэ, Монголыг сөх­рүүлнэ гэсэн үг биш. Түү­хий эдээ үнэд хүр­гэх, монголчууд эх орондоо сай­хан амьдрах түүхэн бо­лол­цоог алд­сан сайд гэж хараалган үл­дэ­хийг хү­сэх­гүй. Эх сурвалжийн мэ­дээлс­нээр Га­шуунсухайт, Сайншанд гэсэн эсрэг тэсрэг чиг шугаман дээр эртний хоёр андын хооронд хэрүүл маргаан гар­чээ. Х.Баттулгын бэлтгүүл­сэн, теле­виз бүрээр цацагдсан нэвт­рүү­лэг Ц.Эл­бэгдоржид амласныг нь са­нуулж, унагасан ам, уриалсан үгээр нь ша­хаж бай­на. “Эрдэнийн хувь”, МоАХ-д данс­тай, Ц.Элбэгдоржийг дэмждэг УИХ-ын ги­шүүд бараг тэр чигээрээ “Төрөөс ба­римтлах төмөр замын бодлого”-ыг эх­лээд батлахын төлөө дуугарч бай­гаа юм.    

Үндэсний аюулгүй байдлын зөв­лө­лийн тэргүүнийх нь хувьд, “Ашигт малт­ма­лыг ард түмнээсээ асууна, ард тү­мэнд хүргэж өгнө” гэж андгайлж, “Үйлд­вэржилтийн бодлого”-ыг АН-ын хө­төлбөр болгон зарласных нь хувьд ч Ц.Элбэгдоржоос ам асууна. Ав­ли­гач­дын нурууг тэнийлгэж, ард түмний ну­рууг бөхийлгөх үү, ард түмэнтэй биш авли­га­чидтай амь нэг үлдэх үү?

Төрийн бодлогын залгамж чанар, зан­гидсан аргамжаа ч гэж бий. Ерөн­хийлөгч Н.Энхбаярыг толгойлж байхад гар­гасан “нэг улсын аманд орохгүй, олон гарцтай байх, аль болох эцсийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэх” ҮАБЗ-ийн хү­чинтэй шийдвэрийг шүүгээнээс нь гаргаж, төрийн залгамж чанар, улс ор­ны эрх ашиг хэлсэн үгээ бодвол Ц.Эл­бэгдорж ухрах эрх үгүй. Нүүх үү, үл­дэх үү? гэдэг уран үгийн гарчиг биш улс орны эрх ашиг.


Д.БОЛДХУЯГ