Хувь хүн бизнесээ хийхэд саад болдоггүй, элдэв зохимжгүй дүрэм журмаар багладаггүй, зөнд нь орхидог тогтолцоог цэгцлэе. Цэгцтэй цомхон чадварлаг рационал саруул эрүүл тогтолцооны нөхцөлд хараат бус бие даасан шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллага үнэн зөв ажиллах боломж бүрдэнэ. Хуулийн байгууллагууд нь хүний эрхийг хөсөрдүүлэлгүй хамгаалах ариун тангарагтай байх учиртай юм билээ.
Дэлхийн улс үндэстний түүх цагаанаасаа хар нь их, сайнаас муу нь, сайхнаасаа муухай нь ахиу юм уу даа гэлтэй, гэлтэй ч биш ээ! Ерөөс тийм. Тэр л түүхээрээ бид бахархсаар. Хуучинтайгаа зууралдсаар, өнгөрснөө санагалзсаар...
Манай Монголын засаглал дандаа ямар ч үзэл санаагүй буруу номын халдвар, халдлагыг дуртай шүүрч авах юм даа...Дээр өгүүлсэн вирусын болоод суртаалын халдварыг уухайн тас шүүрэн авч мунхаглалд идэгдэн эрх мэдэл, ноёрхлын гаж дон тусаад эдгэрэхээргүй болжээ.
Өнөөгийн эрх баригчид МАНАН-гийнхны эрийг нь бөлдөгдөн, эмийг нь салтаадаж боолчлон хараандаа байлгадаг. Энэ нь цаанаасаа эрх чөлөөнд атаархагч оросын даалгавар. Даалгавраа их сайн давуулж биелүүлж түүнийгээ төрийн 3 гулзгайд халдаасан нь улам нотлогдсоор л байна. Эхний туулай 8 жил төр барихдаа боломжийн дөнгүүрдүү ажилласан. Дараах туулай нь 4 жил төр барихдаа Монголыг нуралт уналт руу аваачиж харин өөрөө хамсаатнуудтайгаа нийлж хармай хотоо бохир мөнгөөр улам цулайлган дүүргэж, хариуд нь харин Монгол ялагдаж монгол хүний тархи бохирдсоор л...
Хагацашгүй сайн хүндээ хэлшгүй муу үгийг бүү гэж нэг том философи байдаг. Харин би бээр хагацашгүй дархан эрх чөлөөнийхөө төлөө хэлэх ёстой үнэн үгээ хэлнэ. Миний дотны байсан нэгэн дүү хүү намайг “Та насаараа Галаагаараа явах юмаа, дандаа Галаагаараа байх юм уу?” гэж ёгтолж, зэмлэх аястай хэлж тохуурхаж байсныг саналаа. “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүрээр хэлж байгаа нь тэр.
Ард түмний төлөө гэсэн ерөнхий уриатай хоосон амлагч популистууд золиос нэхэн түүнийхээ мөнхийн манаач болж хүний бүтээн босгосон гийгүүлэнд цээжээ дэлбэртэл, тархиа задартал атаархаж байгаа нь эмгэнэлтэй.