Мега төслүүдийг хаанаас хэн 10-20 жил гацаасныг илчлэхээр УИХ хэлэлцэх болсонд амжилт хүсэхийн ялдамд мэргэдийн шүүлтээр тодрох гацаагчдын нэрс-нийтээр цөхрөлтгүй хараадаг буюу миний бичвэртээ цохдог нэрстэй зөрөхгүй таарах уу, эсвэл гацаагчдын хөлд тээглэгч хэд золиослогдох уу. Харцгаая. Төмөр зам гацсан нь үнэн үү-үнэн. Энэ гацаанаас болж 80 юм уу 100 юм уу их наядын ашиг хаагдсан гээд экс ерөнхийлөгчөөс засаг нэхэмжилж байсныг бүгд сонссон. Цахилгаан станцуудын төслийг зогсоосон уу, зогсоосон. Хаанаас хэн зогсоогоод байсныг энэ долоо хоногийн чуулганаар тогтооно гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнд догдлон хүлээж байна.
Би зохиолчийн ёс зүйгээр хэвлэлээр Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээр сонгосон Хөвсгөл, Булган, Эрдэнэтчүүдээс уучлал гуйж буй болохоос төмөр зам гацаасан гэж Х.Баттулгыг ор үндэсгүй гүжирдсэн гүтгэлэгтээ өршөөл гуйгаагүй шүү. Гүжирдсэнийг минь нотлоод зохих ялыг надад үүрүүлсүгэй.
Галбадрах минь, Готов ахын чинь насан турш хөндсөн сэдэв-гэгээрэл. Хөгжлийн оньс-гэгээрэл гэж зөндөөн цаас цоохорлосон ч үр дүн маруухан. Зохиол-хоосон үг аж. Тэгвэл шат шатны сургуулиар боловсорч мэргэжил эзэмшсэн хөвгүүд охидын хийж бүтээснийг бид эдэлж хэрэглэж, идэж ууж амьдардаг. Ах нь чиний “Шинэ Монгол” сургуулиар бахархаж, төгсөгчид нь монголчуудын дуурайл болон манлайлна гэж хүлээдэг. Уйггүй хөдөлмөрлөж, шантралгүй зүтгэж хураасан зоосоороо байгуулсан ахлах, ерөнхий боловсрол, технологийн дээд болон коллежийг чинь төгсөгч түм буман хүүхэд залуус, зохиолч миний мөрөөдөл ур чадвартай, оюунлаг, журамлаг хүн ам бүрэлдэхэд сүү мэт ариусган сүлнэ.
Түүхэн хөндүүр хөндөгч хэн бэ? В.Путин! Тэр-ХХI зууны эзлэн түрэмгийлэгч, хөршүүдийнхээ хөгжлийг гацаагч. Ташуураас өөр зэвсэггүй нүүдэлчин малчид болъщевик улаантанд ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Долигносныхоо хүчинд юутай ч голомтоо самруулаагүй нь овоо шүү. Дааж давшгүй алдагдалд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжинд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань эмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан ХХ зууны гамшиг улирсан эсэх бүрхэг. Ардчилагчдын зүрхэнд шар ус хуруулахаар С.Зоригийг хөнөөсөн гэх хардлагыг би бүрэн үгүйсгэж чаддаггүй зохиолч.
Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.