“Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан ...”. Тэртээ 1949 онд буюу яг 75 жилийн өмнө яруу найрагч Цэгмидийн Гайтав ингэж шүлэглэжээ. Тухайн цаг үеийг тэгэж дүгнэж болох эсэхийг хэлэхгүй, харин энэ тодорхойлолт өнөөдрийн Монголыг яг зөгнөсөн мэт таарч байна.
Харамсалтай нь сонгуулийн жил учраас тараах, түгээх, хайчлахыг эс тооцвол олигтой юм хийгдэхгүй. Харин амьдрал зугаатай байх болно.
Яг одоо Монгол ТВ-ээр “Тэргэл сар” нэртэй канадын урт сериал гарч байгаа. Англи нэр нь Blue Moon. Өөрийн үзсэн ганц хоёр ангиас мэдэж авснаа уламжлахад, америкийн нэгэн компани канадын ундны усыг хулгайлах (яг тийм үгээр орчуулсан) санаархлыг тойрч хоёр улсын нууц албад, бизнес, бүлэглэл, тагнуулууд хоорондоо бараг дайтаж байх юм.
Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.
Өмнөх Засаг дарга нар 2016 оноос иргэдээ Улаанбаатарын метрогоор баруун зүүнгүй зорчуулж, 2021 онд гэр хорооллын сүүлчийн хашааг алга ташилтан дунд нурааж, 2024 оны сонгуулийн санал хураалтын урд өдөр Яармагаас хотын төв рүү орж ирэх LRT галт тэрэгний хаалга нээгдэхийг амлаж байсан билээ. Харин бид, тэнэгүүд, итгэж байсан гээч!
Хэрвээ одоо хэн нэгэн судлаач санаачилга гаргаж (эсвэл төр өөрөө тоо баримтаа дэлгэж) эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд шүүхээр оноосон ял ба түүний жинхэнэ гүйцэтгэлийн (ялын дэглэм, өөрчлөлт, эдэлсэн хугацаа, суллагдсан огноо, шалтгаан гэх мэт) мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийвэл ихэнх нь ялаа гүйцэт эдэлдэггүй, нэлээдийг нь тэгэсхийгээд суллаад явуулчихдаг нь нотлогдож, бусад хүмүүс цочмоор дүгнэлт гарвал би лав хувьдаа цочихгүй болсон.