“Зуун дамнасан төөрөгдөл” номын хураангуй
...Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэх итгэлээ би хаядаггүй. Хувь хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр засрах нь элбэг.
...Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэх итгэлээ би хаядаггүй. Хувь хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр засрах нь элбэг. Олонтаа шүүмжилсэн социализмын согог баяртай, угтан золгож буй ардчиллын согог сайн байна уу гэлтэй. Энэ бол шог зохиолчийн хувь тавилан. Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэр бээр нийгэмдээ ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Нийгмийн бохирын слесарээр төрсөн шог зохиолч-миний хувьд гомдох илүү зан. Гашуун авч үнэн үгийг үл адлах үзэл уг нь ухааных.
...Арилжаа наймаа ажилсаг хятадуудад ясных байжээ. Тэд зах зээлд шилжсэнээр шоргоолж шиг дор дороо сэм шургуутсаар мөнгөжив. Оросууд Ленин багшийнхаа онолоор тэртээ дээгүүр социалист лагерийг толгойлж, капиталист баян лагерийг ялах гэж улстөржсөөр ягтав. ЗХУ аюулт зэр зэвсгээрээ сүрдүүлсэн ихэмсэг бардам хандлагаа, үсрэнгүй хөгжиж эхэлсэн БНХАУ-д зөөлрүүлж, унасан эдийн засгаа сэргээхээс өөр гарцгүй болсондоо асар том цэргийн баазаа манайхаас татаж, 70 жилийн хөөрүү боол-Монгол нь картын бараанд орсноор зөвлөлт мэргэжилтнүүд буцав. ЗХУ бутарснаар Орос Монгол хоёул ядарч худалдаа нойлыг заалаа. Тэгтэл оросууд монголчуудаас шалтгаалж харилцаа хүйтэрч, худалдаа зогссон мэт сурталдаж, мөн Оросын цэргийн баазыг бид хөөж гаргасан аятай мэдээлэл цацаж эхэлсэн. Харамсалтай нь үнэн байдал нүдний өмнө ил тод байхад дүнхүү монголчууд оросуудын талд ороод, “Биднээс болоод Орос Монголын харилцаа муудсан” гэж сурсан зангаараа долигнож, “Орос ахыг минь ардчиллын хэдэн бацаан гомдоосон” хэмээн өөрсдийгөө хорлох зам сонгосон нь оросуудад биеэ цэвэрлэж, бурууг маанаг бидэнд тохоход сайхан далим болж билээ. Задарч бутарсан Орос тэр үед юун Монголыг бодох манатай. Өөрсдөө хэцүүдэж, барууны хөгжил өөд тэмүүлсэн. Дэмжиж тусалдаг сэсээртээ хаягдаж бойтоглосон Монгол сох мартагдав. Газрын гүнд орших ашигт малтмал гэгч чулуу шороогоо олборлох, тээвэрлэх, борлуулах хүч хөрөнгө байсангүй. Ганц горьдлого нь гадны хөрөнгө оруулалт дуудах байлаа. Энэ үүднээс бид гурав дахь хөрш гэж газрын мухраас өлссөн боохой аятай баахан улив. Гэтэл гурав дахь хөршүүдээс хөрөнгө ороод ирлээ. Монгол сэргэв. Эрдэс баялаг үнэ хүрсэн мөчлөг таарч эдийн засгийн өсөлт арав хол өнгөлзөв. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Цааш зүтгэлээ. Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орхисон Монголоо шил шилээ даран эргэв. 20 жил нүүр буруулсан ахыгаа гэнэт зочлоход зэлүүд талын цайлган дүү нь баярласан гэж жигтэйхэн. Аугаа ачтан ах гуай нь яаж ганзага хоосон морилохов, уртаашаа хоёр гоё бэлэгтэй иржээ. Нэг нь, Москвад буудуулсан манай удирдагчдаас 19-ийнх нь баримт, зарим гэрэл зураг, нөгөө нь, Их өр гэгчийг эцэслэн шийдэхэд халаасалж хоцорсон 188 сая ам. долларын үлдэгдэл. Бэлгээ гардуулахад манай ахмадууд ойрын жил тасарсан найрамдал-дружбагаа уухайлан баяслаа. Жигтэйхэн их хөөрсөн хөөрхийлөлтэй ахмад дайчдын аргисан хоолой тасалдахад залуу үеэр өргүүлэх гэж төр засаг багагүй зүтгэв. Монголд хөрөнгөтнүүдийг колончлогчид гэж үзэн яддаг коммунист онол амиллаа. Үхээгүй байж. Газар шорооныхоо төлөө амиа золих эх орончид Төрийн ордон өөдөө нум сумаар харваж, бүр давраад гранат, хурц буугаар зэвсэглээд бүслэв. Уранд хордсон малын төл гээд улаан цурвууд телевизээр харуулах шоу дэлгэрлээ. Зөвхөн гурав дахь хөршөө хөөгөөд зогссонгүй, урд хөршөө хажиглав. В.Якунин 5000 км тойруу зам, өвөл хөлддөг боомт хүртэлх тээвэрлэлтээ, 1000 км Тяньжингийн үнээр хямдруулж тооцно гэж ханхалзлаа. Тэгж тээвэрлэвэл Оросын төмөр зам аймаар алдагдалд унах тул Якунин өөр үндэслэл хайлаа. В.Якунины тууштай дэвшүүлдэг нөгөө үндэслэл нь “Монгол ганцхан хэрэглэгч Хятадаас хэт хамааталд орно” гэж айлгах онол юм. Түүний энэ онолын үр нөлөөгөөр “Монголд хэт үндсэрхэг байгууллагууд гарч ирсэн бөгөөд тэдний идэвхтэнүүд хас тэмдэг зүүж, хятад иргэдийг зодох, мөнгө нэхэх, мөн хятад эрчүүдтэй холбогдсон гэх монгол бүсгүйчүүдийн үсийг хуссанаа гайхуулан ярилаа” гэж “Власти” сонин онцолжээ. Ю.Цэдэнбалын хойт дүрийг тодруулах орос сунтаг шүүлт идэвхжив. 76 гишүүнтэй манай парламент орос сунтаг шүүлтэд автсангүй. 76 гишүүнийг бүгдийг тоглоомын утсан хүүхэлдэй болгох ярвигтай. Ганц Ерөнхийлөгч бол амархан. Манайх шиг байршил бүхий жижиг буурай орон Ерөнхийлөгчийн засаглалтай болбол хямдхан атгуулна. Ерөнхийлөгч нь хэмжээгүй эрхтэй байх тусмаа гадны саварт чанга базуулдгийг бид 70 гаруй жил туулсан. Парламентын 76 гишүүн бус ганц Ерөнхийлөгчийн (буурай орны) сүнсийг зайлтал айлгах том гүрэнд түвэггүй. Тиймээс Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалаас хол байх нь өлзийтэй. Парламентэд тогтолцоондоо ямагт мөргөнөм.
...“Орос ах нар юм чинь Монгол хохирсондоо яадгийм” гээд Хятадын хилд тулгуу орших Таван толгой ордоосоо чанх хойш 1000 гаруй км өргөн төмөр зам хамаг байдгаа сэгсэрч тавиад, 5000 км тойруу транссибирээр 2-оос 3 дахин алдагдалтай тээвэр хийж, хөлддөг боомтын гэсэхийг хүлээж цаг алдах хэн ч бодсон, арай горьгүй байх аа. Баргийн юмыг бол бид орос ахынхаа төлөө даахыг хичээнэ. Цөөхөн хүнтэй жижигхэн эдийн засагтай улсад тэсэж үлдэхүйц төсөл, найрсаг хөрш юм бол санал болгомоор. 1921 оноос хойшхи эмгэнэлээ мартъя гээд ирээдүйгээ гэгээлгээр мөрөөдөхөд харамсалтай нь сүүлийн 20 жилд бас л ингэж чадуулсаар ирлээ. Асар их алдагдал үүрэх дээрх болзлуудыг тулгахад “үгүй” гэж түс тас хэлж чадаагүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт авч Орос ахынхаа өөдөөс шууд “үгүй” хэмээж зориглодоггүй түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон цаашилбал А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээстэй байгаа. “За-зүй” болсон гэрээ хэлцлүүдээсээ бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэж хочлогдоод буйн ард, зохиолч миний эмзэглэлээр бол, дээр тоочсон зовлонгууд нуугддаг. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдэхэд аюулгүйн баталгаа эргэлзээтэй хэвээр тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд л дуугай хохирч явна.
Сталин П.Гэндэн нарын 1935 оны 5-р сард болсон ярианы хэсэг:
Сталин. Манжуурын өртөөнд хэлэлцээр хийх үедээ Гэндэн та н.Самбууд, энэ хэлэлцээр болон хилийн мөргөлдөөнүүд нь Манж Го, БНМАУ-ын хоорондын хэрэг биш, ЗСБНХУ, Япон улс хоёрын хоорондын хэрэг, тийм учраас Манж Го, БНМАУ хоёр биш харин тэд буюу ЗСБНХУ, Япон улс хоёр хоорондоо ярих ёстой гэж хэлсэн гэж би дуулсан. Яагаад тэгж байгаа юм?
Гэндэн. Энэ бол худал үг бөгөөд өдөөн хатгалга, би тэгж хэлээгүй гэв.
Молотов. Бид нэг л санаатай байна. Та санаагаа бүү нуу, биеэ бүү өмөөр. Сая н.Сталины хэлсэн зүйлийн талаар бид тодорхой баттай мэдээлэлтэй байгаа. Гэндэн та согтуу байхдаа зөвлөлтийн эсрэг өдөөн хатгасан зүйл хэлж байсан явдал чинь үүнийг давхар нотлож байна. Та наашаа явахынхаа өмнө, надад Кремлийн эмнэлгээр дамжуулан “эрүүл мэндийн шалтгаанаар” удаан хугацааны чөлөө авч Крымд амраач гэх байх гэж ярьж байсан гэсэн. Бид тийм арга мэх сүвэгчилж тийм тоглоом тоглохгүй.
Гэндэн. Энэ бол мөн л худал үг гээд тэрээр тийм зүйл хэлээгүй, мэдэхгүй гэж хариулав. Өөрийнх нь тухай ийм гүжир гүтгэлгийг хэн хэлж байгаа нь маш сонин байна гээд өөрийг нь ийнхүү буруутгаж байхад ажлаа хийхэд хэцүү байна гэв.
Молотов. н.Сталин бид нар шулуун шударга, ний нуугүй хэлж байна. Гэндэн та согтуу байхдаа бидний эсрэг янз бүрийн үг олныг хэлснийг бид мэднэ. Та угаас Манжуурын хэлэлцээр болон хилийн зөрчлийг зохицуулах явдал нь танай Монголын хэрэг биш гэж үзээд түүнийг бусдад тохохыг хүсч байна.
П.Гэндэн яаж төгслөө? Хар далайн амралтанд хэсэг хугацаанд хориод, дараа нь баривчилж, Москвагийн шоронд эрүүдэн тамласаар эцэст нь цаазалсан. Мангар монголчууд манай Гэндэн Сталины гаансыг хуга алгадсан гэх домог зохиогоод, гэнэн домогтоо итгэчихсэн хөөр бах болгон хуучилж байжээ. Энэ тэнэг сул ярианд одоо ч итгэсэн хэвээр бахархан дурсаж явдаг харанхуй монгол цөөнгүй гээч. Ерөнхий сайд хазгар Гэндэн согтчихоод байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд ямар ч хамаагүй гэж лав л Зөвлөлтийн элчин сайдад агсам тавиагүй. Өөрийнхөө дэргэдээс салдаггүй буутай орос сургагч нарт ч тэгж шаралхаж зүрхлэхгүй. Тэгээд хэн П.Гэндэнг энэ талаар Сталинд матаж байв? Мэдээж П.Гэндэнгийн дэргэдэх монголчууд.
…Цахилгаан, бензинийхээ хугасыг ч болохноо дотооддоо үйлдвэрлэхгүй бол хэрээс хэтэрсэн энэ дарамт Монголыг хэзээ ч босгохгүй. Саяхан дайсагнаж асан хоёр их хөршийн харилцаа эрин зуунд өөрчлөгдсөөр атал ядуу монголчууд “орос ах”, “хужаа” гэж харанхуй үеийнхээрээ улс төржөөд ХХI зуунд эдийн засгаа л алж байна. Бидний улс төрийн боловсролыг өнгөрсөн зуунд орос ах нар эргээд буух аргагүй оргилд мандуулж чаджээ. Хэт өндөр авсан улстөрийн боловсрол маань газардаж чадахаа болив. Эдийн засгийн мэдлэггүй бол эсэн мэнд бууж чадахгүй тийм оргилд бид дан ганц улс төрийн боловсролоор нисчээ. Социализм коммунизмээс газардахад шүхэр хэрэг болдог аж. Тэр шүхэр нь зах зээлийн эдийн засгийн мэдлэг юм байна. Эдийн засгийн боловсролоор нойл, үрж чаддаг, олж чаддаггүй бид ОУВС-д хушуу дэвсэхээс өөр амиа аргалах хувилбар хичнээн улстөржөөд ч олохгүй арчаагаа алдав. Монгол хэлд орсноос хөлд орсонгүй.
...Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиухан хүртье гэж үглээд байдаг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай олон түнш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад баялгаа чадлаараа шахаж, ахиухан зоос олох гэсэн намайг ойлгооч. Хятад улс манай зэс нүүрс мэтийг шингээж буй ганц орон. Бидэнд маш хэрэгтэй хөрш. Гэхдээ уусах эрсдэлтэй. Уусах эрсдэлтэйг Хятадын нийтлэлчид зөвшөөрч бичдэг. Энэ үүднээс 3 сая бид визгүй, тэрбум гаруй тэд визтэй зорчиж байхыг Монгол Хятад хоёр тохиролцсон. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцах нарийн жим эрүүл ухаантай улсад бол олдож л таарна. Хоёр аварга гүрний завсар хавчигдсан байршлаа өөрчилж чадахгүйгээс хойш өгөгдсөн эрсдэлтэй жимээрээ хүссэн ч эс хүссэн ч сажилж л таарна. Ю.Цэдэнбалын үзэл суртлаар үргээчихгүй юмсан. Арилжаа, хөрөнгө оруулалт амьдрал. Мөнгөтэй л бол бүтээн байгуулалт өрнөж, амьдрал сайжирна. Мөнгө олохыг бодлогынхоо эхэнд тавих мөнгөний шунал бус тулгамдсан хэрэгцээ болоод байна. Ашигт малтмалаар асар баян Оросод маниас авах юм байхгүй. Импортод урсаж буй манай валют зөвхөн Оросын шатахуун, эрчим хүчинд залгиулдаг. Монгол улс нүүрс, газрын тосны арвин нөөцтэй атлаа эрчим хүч, шатахууны импортод олсон жаахан ашгаа хамж өгсөөр өдгөөтэй золголоо. Ядмаг Монголыг өдий хүртэл өндийлгөөгүй гол дарамт энэ. Манайд цахилгаан, шатахуунаа зардагОХУ-д монгол хүн бүхэн баярлаж амьдарсны зэрэгцээ энэ нүсэр ачаагаа алхам алхмаар хөнгөлье гэх хүсэл өвөртөлж явдаг. Үүнийг хэн ч буруутгахгүй биз. Харамсалтай нь хэрэгцээт эрчим хүчээ гаднаас өндөр үнээр авахын оронд өөрсдөө үйлдвэрлэе гэсэн оролдлого бүрийг маань оросууд янз бүрийн түрэмгий аргаар чагталсны уршгаар бид нүсэр ачаандаа даруулсаар хэвтэнэ. Монгол өндийж хөл дээрээ босвол хөршдөө лайгүй, дэмтэй баймаар. Дэмнэдэггүй хөрш ажээ. Эрчим хүч үйлдвэрлэл, уурхайн экспортын төмөр зам, нефть нэрэх төслүүдийг хөдөлгөдөггүй. Хажууд нь бас хятадын аюулаар дүнхүү биднийг айлгаж, хагаралдуулах нь мөнгөгүй гуриатсан хямралын үед хорлонтой. Эгийн голын усан цахилгаан станцыг (УЦС) оросууд 25 жил гацаалаа. Энэ төслийг ардчиллын анхны хараацай С.Зориг идэвхтэй хөөцөлдөж явсан гэдэг. Алуулаагүй бол энэ төслөө өдгөө гүйцэтгэсэн байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед би Эгийн голын УЦС, эцсийн эцэст, баригдах боллоо гэж ямар их хөөрөв өө. БНХАУ тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээл хайрлаж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох хүнд дарамт хөнгөллөө гэж өмнөд хөршдөө бүр ч их баярласан гээч. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Тэгтэл хайрт орос ах нар минь Эгийн голын УЦС Байгал нуурыг ширгээнэ гээд зогсоочихов. Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтайгаа учраа ол” гэжээ.
...Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг арваад жилийн өмнө хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн зангарагаар сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан. Хувийн компани 60 сая долларын алдагдалд унасан ч гадны сүр, намынхаа өвдөг дор нурнайгаад ганхийх сөгөөгүй хохирчээ. Монгол залуусын мөрөөдөл-үндэсний компаний хийморь лундаа ийм гэж үү? Уг нь олон улсын арбитр гээд заргалдах шүүх бий. Гол гай нь том төслүүд ингэж гацсаны улмаас сан хөмрөг нь хувхайрсан Монгол гаднаас зээл авч өрөнд унаж эхэлсэн юм. 2012 оноос төмөр замтай болсон бол хаяа нийлсэн дэлхийн хамгийн том захад өнөөг хүртэл 5 жил 100 сая тонн коксжих нүүрс гаргаад 10 тэрбум доллар өвөртлөх байв. Мөн БНХАУ төмөр замын сүлжээгээ ашиглахыг зөвшөөрч Тяньжин боомтод газар өгч коксжих нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх боломж олгосныг өдий хүртэл ашигласан бол мөнгөжсөн. Аварга хөршөө адаарлаагүй аваас өдгөө Орос боомтод хоёр дахь гарцаа нээх бэлтэй болчихсон даналзахгүй юү. Ингэж сарлагтсан гол зорилго нь эн түрүү ашгаа өгөх 267 км замыг гацаахад оршиж байлаа. Таван толгойн төслийг УИХ-ын 76 гишүүн сайжруулан батлахаас айж, замд нь тас цохьсон. Тэр гэрээний ноорог эх орноо үнэхээр худалдсан бол ингэж тэгж худалдсан нь “энэ байна” гээд чуулганаар 76 талаас нь илчлээд М.Энхсайханыг шившиглэхээс З.Энхболд татгалзаж, ёстой харагдаач. З.Энхболд М.Энхсайханыг эх орноо худалдсан урвагч гээд ТЕГ-т өгчихсөн байсан бус уу. Төмөр замгүйгээс хэдэн мянган авто машины тээврийн зардалд олон жил, олон тэрбумаа алдсан гэж эрдэмтэд сануулдаг. Төмөр замаар зөөх нүүрс олон сая тонноор өсөх агаад тээврийн зардал 70 хувь буурч, унах цэвэр ашиг гуравхан сая хүн амын бяцхан эдийн засгийг өндийлгөх байсанд 267 км зам гацсан юм.
...“Нүүрс зөөх уурхайн төмөр зам бүү тавиул” гэсэн даалгавар Монголын чухал сайд нарт өгсөнийг өдөр тутмын “Коммерсант” сонин, “РИА Новости” агентлаг, www.asiarussia.ru гэх мэт ОХУ-ын буйртай хэвлэл мэдээллээр нээлттэй цацсан. Сайд-гишүүн асан Х.Баттулгын нэр онцгой дурдагддаг. ОХУ-ын энэ мэдээг уншсан монгол надаас эхлээд цөөнгүй. Орос ахынхаа аман тушаалыг нуухын хамт, хэрэгжүүлэх гэж манай Төр Засаг мунгинасны дээр, хүн амынхаа тархийг угаах санаатай хөөрхөн мулгуутсан даа. Мөнгөөр даржин Монголд дав даруй бэлжих төсөл-267 км төмөр зам байсныг дахин сануулъя. Эхлээд бидэнд таарсан хөгийн онигоо зохиож, цаг хожих комбинац хэрэглэв. Танк их буу гэх онигоо үр дүнгээ гялалзтал өгч эхэллээ. “Хятадын аюул” гэх хорыг өнгөрсөн зуунд бидний тархинд хэрхэн шингээснийг “танк их буу” онигооны амжилт илчлэв. Гэвч монголчууд хэдий мулгуу ч гэлээ онигоо юмсан хойно танк их буугаар айлгах заль тэгсгээд дампуурсан. Охорхон заль өөрөө онигоо болов. Аварга даацын 6-7 мянган самосвалиар олон жил онгон говио там болтол эвдэж, тээсэн нүүрснээсээ олсон орлогын ихэнхийг шатахуун, сэлбэг, засварт залгиулсан нь онигооны ид шид. Хүнд даацын олон мянган машины “хөл”-д сүйрсэн экологи, зам засварт зарсан хөрөнгө, осол аваарт үрэгдсэн амь цөм тэнэг онигооны гай.
…“Танк их буу” онигоогоо баяртай гэж үдээд өмнөд хязгаарт Хятадын хилд тулгуу орших Таван толгойн нүүрсийг 5000 км тойруу транссибирийн төмөр зам, өвөл хөлддөг боомтоор Солонгос, Японд хүргэнэ гэх үлгэр зохиож, нөгөө 267 км-ээ олон жил гацааж цаг хожлоо. Тээврийн энэ мангуу төсөл Дэлхийн банк, Сэргээн босголт, хөгжлийн банкыг гайхшруулав. Өртөг нь Тяньжин хүрэхээс 2-3 дахин их аж. “Таван толгойг транссибирьтэй холбох 1000 гаруй км өргөн төмөр зам тавь” гэхэд манай эрх баригчид 267 км-ийг тавих мөнгөгүй атлаа айсандаа “За” гэж амлаад, хэлсэндээ хүрдэггүй хоч хүртэв. Якунины энэ комбинац 267 км-ийг хэдэн жил зогсоож дөнгөсөн агаад ОХУ энэ зуур нүүрсээ БНХАУ-д эрчимтэй экспортолсон. Якунины гацаа явцгүй болмогц 267 км-ийг гацаахын тулд Ухаа худаг-Сайншанд, Сайншанд-Дорнот, Зүүн баян-Ханги, Бичигт-Хөөт, Шивээ хүрэн-Нарийн сухайт, Арцсуурь-Овоот-Эрдэнэт гэх мэт олон төмөр зам нэгэн зэрэг барих амлалт өгч хэдэн жилийг үдэхээр төлөвлөв. Аль нь ч бүтэхгүй шүү дээ. Гэхдээ гол зорилго биелнэ. Гол зорилго гэдэг нь Монголын мөнгө олох ганц боломж-Таван толгойн коксжих нүүрс зөөх 267 км уурхайн төмөр замын төслийг унтуулахад оршино. Дээрх олон төмөр замын төсөл бүгд ашиглалтад ортол 267 км төмөр замын төсөл сэрэхгүй. Тувагийн нүүрсийг өмнөд хөршид экспортолж ханатал нойрсоно гэвэл 267 км төмөр замын тухай бодоод ч хэрэггүй. Илжигэнд эвэр ургаж, эмгэнд сахал ургасны дараа 267 км төмөр зам бүтэж магад. Эцэст нь нийгмийн эсэргүүцэлд шаагдаад Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замын ажлыг эхэлсэн дүр үзүүлэхдээ далангийн овоолгыг Хятадын төмөр замтай уулзахааргүй зөрүүлчихэж байгаа юм. Сансарын хөлгүүд огторгуйд уулздаг бол Монголын төмөр зам уулзах ёстой төмөр замынхаа үзүүрийг олохгүй ээрэм говьд төөрчээ. Гэвч уулзах үзүүр зөрсөн гэх өчиг явцгүй. Илэрнэ. Өөр гацаа хайв. Юутай ч хятадын замын үзүүртэй залгагдахааргүй овоолгынхоо төгсгөлийг 8-9 давхар байшин шиг өндөрлөөд орхижээ. Энэ зам хятадын сүлжээнд холбогдвол Тяньжин боомтод манай коксжих нүүрс очиж үнэ хүрэх юм. Мөн энэ замаар манайх махаа Дундад ази, Иран зэрэг оронд гаргах зам нээгдэх байв. Таван толгой ордыг 200 жил эксаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд жил бүр олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ. Энэ бол 267 км төмөр замыг гацаах З.Энхболдын шинэ үлгэр. Оросуудад нүүрсээ ихээр борлуулах завшаан олгож буй ээлжит урвалт. 200 байтугай 100 жил хүрэхгүй нөгөө нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд чухал. Экскаватор самосвалийн цаана үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ монголчуудыг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна дорно өмнийн бүлэг ордуудын эрдэс баялгийг далайд ихээр хямд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс ад үзэгдэж буй зам болой. 267 км-ийг царцаахаар Тувагаас Эрдэнэт хүртэл Хөвсгөл Булганы хөвч тайг дундуур, Сэлэнгэ Орхоны салаа салбар дээгүүр төмөр зам сүнгэнүүлж, орос ахынхаа нүүрсийг Таван толгойн кокжих нүүрс ачсан 7 мянган машины 160 км урт цувааны урдуур өмнөд хөршийн зах зээлд хүргэж, транзит тээврээр оцойсон олз олох гэнэ. Гэтэл нүүрсээ 7 мянган машинаар зөөж, тээврийн зардалд алдаж буй олон зуун сая долларын дэргэд транзит тээврээс унах ашиг нулимс аж. Тувагийн коксжих нүүрсийг БНХАУ руу жилд олон сая тонныг тээх галт тэрэгний цуваанууд буцахдаа манайхаас эсгий таамчиг ачих боломжтой ч ОХУ-ын гаалийн татвар 30-40 хувь өндөр тул эсгий улавчны наймаа шатна. Ийм бизнес сэтгэдэг гавлууд аль улсын харъяатын гавлууд вэ? 267 км төмөр зам тавиад кокжих нүүрсээ гуравдагч захад гаргаж үнэ хүргэх мөнгөгүй атлаа Хөвсгөлийн хязгаар дахь Овоотын нүүрсийг тээвэрлэх төмөр зам тавьж эхэлсэнд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй. Нөгөө л 267-г гацаах шинэ арга. 267 км-ийг гацаах гэж яагаад ингэж улайраад байна гэвэл энэ төмөр зам Монголыг өөд татах юм гэдгийг дахин хэлье. Одоо 267-г гацаахын тулд толгой эргэм доллараар хос авто зам тавих шоглоомд шилжив. Засмал зам тавьчихвал Таван толгойн нүүрс Тяньжингаар бус хөлддөг боомтоор дэлхийд өрсөлдөхөөс гадна бэлгүй Монгол зэрэгцсэн засмал болон төмөр замаар нүүрсээ зөөнө гэдэг лөө лөө. Эцсийн эцэст авто зам сэдсэн ухаан 267 км төмөр замыг нугаслав болтой. Мөрөөдлийн төмөр замд минь цэг хатгасан ухаанаас танил биш хулмас ханхлав. Эрдэс, түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх аварга захын хажууд орших орд маань төмөр замтай бол тээврийн хямд зардлаар асар их нүүрс экспортолж, олох цэвэр ашиг гялалзах азхүү буурай Монголд шовойжээ. Гэтэл нүүрсний экспортоор өрсөлдөгч маань манай нүүрс зөөх 267 км мухар төмөр замыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэж зогсоогоод буй түүх ердөө энэ. Овоолог шороонд 224 сая доллараа булав.
...Орос Монгол хоёрт наймаалцах бараа байхгүй юм чинь худалдаагаа яаж өсгөх вэ? Нүүрсээ харилцан солилцох уу? Худалдаа буурсан нь Орос Монгол муудалцсанд бус харилцан хэрэглэх эрдэс баялаг, бараа бүтээгдэхүүн алга. Хоёулаа адилхан чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Феодализмын залхаг-Монголыг элгэндээ тэврээд коммунизмд дэвшинэ гэж явсан ах маань эдүгээ ядуу дүүгийнхээ өндийх ДЦС, УЦС болон ураны төслүүдийн өмнүүр хөлөө хөндлөн жийчихэв. Эдгээр мега төслүүдийг Оросын олигархиудтай хавсайдаж царцаадаг монгол улстөрчид байдаг нь хачин. Монгол олсон жаахнаа шатахуун, эрчим хүчинд гүвдэг. Энэ зовлонг маань Орос түүхэндээ харгалзан үзэж байгаагүйг чадан ядан дурслаа. Дэлхийн зах зээлд гарах хоёр дахь гарцыг Хятад огт хориогүй. Тяньжингаас цааш манай нүүрсийг Японы Сумитомо борлуулж өгье гэсэн. Дэмжье гэсэн хөршүүдийнхээ нүүр өөд Х.Баттулга, З.Энхболд хоёр нулимсан. Тэгээд тэд Хятадыг түүхий нүүрс хямдхан авч биднийг шулж байна гэдэг. Хоёул ганзагачин явснаа мартаад ганзагачдын зөөдөг хятадын хямд бараа тусгаар тогтнолд аюул учрууллаа гэж мэдэгдэл хийдэг. Тэр хоёрын цадиггүй араншинд Хятад, Японы тэвчээр барагдах байлгүй. Жилд 2-3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг хөршийн ходоод Орос Монгол хоёрын нүүрсийг өлхөн шингээгээд дээр нь Австрали Индонезээс авдаг тул Орос Монголыг хорлох гэж улайрамгүй. Хөршөө хөгжүүлдэггүй орос араншин дээр З.Энхболд Х.Баттулга хоёр юу ч вэ. Бухын малтсан нуруундаа, буруу үйл эзэндээ гэдэг. Үзнэ ээ гайгүй. (Урамдаж сүр бадруулсан бух газар хичнээн ч малтаж, шороо өөд нь хичнээн ч цацаад, зөвхөн өөрийгөө л шороогоор булдаг).
…Бөмбөрцгийн баруун зүүн бөөрнөөс том жижиг улс гүрнүүд далай, эх газрыг чамгүй хөрөнгөөр туулан тэмүүлдэг дэлхийн аварга зах зээлийн хажууд, коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд минь оршиж байдаг. Бидэнд заяасан энэ ховорхон боломжийг гаднаас судалчихаад олон жил гацаав. Төмөр замаас гадна дотооддоо нефть, эрчим хүчний эх үүсвэр гаргах санааг гацаадаг. Гацаа хойшид ч сулрахгүй цартай. Төмөр зам, эрчим хүч, шатахуун гэсэн гурван гацааг төр засагт үнэмлэхүй олонх болсон МАН давъя гэвэл уг нь давна. Чонотой нөхцөж өвдөл цөвдөл үмхдэг хоточ банхрыг өшиглөх тэнхээ МАН-д сонгогчид олгосон. Олон төсөл зэрэгцүүлж хөрөнгө хүчээ тарамдуулалгүй юун түрүү ядаж ганц энэ төмөр замыг ашиглалтад оруулаад, хомсдолоос гарах мөнгө олъё гэвэл МАН-д тэнхээ бүрдсэн. Ингэж чадах улс төрийн хүчин бол 65 суудалтай МАН. Буурай Монголын мега төслүүд хөдлөх эцсийн найдвар бол Төр Засагтай нэг бодолтой Ерөнхийлөгч дэм болно. Нам мамаа түр хойш тавьж, Таван толгойгоо дав даруй хөдөлгөөд мөнгөний урсгал тэндээс үүсмэгц хуримтлал бий болгоод, Эгийн УЦС, нефть нэрэх үйлдвэр, ДЦС-V, нүүрс баяжуулах, ТТ-н ДЦС гээд зүтгэх ирээдүй хичнээн гэгээтэй вэ. 267-гоо урд хөршийн сүлжээнд холбоход хамгийн дөт далайн гарц асуудалгүй. Олон төсөлд самгардах юу ч үгүй хоосон хоцордгоос сургамж авч цувруулаад нэг нэгээр нь дэс дараалан бүтээ. 7 мянган самсвалиа хурааж онгон говио сэргээ. Мөнгийг зээлээр бус хөдөлмөр, оюунаар олдог болъё.Баялаг байна, байршил дажгүй. Гагцхүү эзэн хүний ухаан л шийднэ дээ шинэ Ерөнхийлөгч минь.
...Шатахуун, эрчим хүчээ дотооддоо хангадаг болбол хойд хөрш аягүйцна гэх айдас-эдгэршгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэлгээтэй ард түмэн Энэтхэг Хятад Япон Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөс юу л олж долоов гэж. Монголыг бяд суулгахгүй гэсэн Оросын геополитик хил залгаа Хятадын үсрэнгүй хөгжлөөс биднийг юм олоод зулгаачих вий гэж цагддаг. Хятадын зөөлөн тэврэлтуусгана гэх зэргээр нялх хүүхэд мэт хуурдаг. Өмнөд хил орчимдоо уурхайн экспортын мухар төмөр зам тавивал тусгаар тогтнолоо алдана. Танк их буугаа ачаад ороод ирнэ гэх маанаг ярианы цаана монголчуудын маш өрөвдөлтэй эмгэнэл оршдогийг бид нуудаг. Танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэгт бид итгэж тэнэгтээд байгаа юм огт биш. Нарийн цариг битгий тавь гээд Орос тушаачихсан юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж сүрдүүлээд байгаа нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ монголчууд “өргөн нарийн цариг” гэж өвөр хоорондоо талцаж маргаад буй байдлаар дотоод гадаадад ойлгуулдаг. Орос ахдаа тал засаж буй царай. Яг үнэндээ монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. Нарийн царигаар төмөр замаа тавчихвал өргөн царигаас нарийн цариг руу өдөрт хэдэн зуун вагон сэлгүүлэн ачих чирэгдэлгүй асар их мөнгө хэмнэхийг монголчууд мэдэж буй. Гэвч “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Тэнэг бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 гаруй жил тавьж чадсангүй” гэж бие биедээ бурууг тохож, Орост долигнодог. Хүнд даацын олон мянган авто машинаар нутгийнхаа онгон хөрсийг сүйтгэж нүүрс зөөснөөс, төмөр замтай болбол тээврийн зардал 70 хувь хямдрахыг -дугаар хорооны хөгшид хүртэл тооцож, олон жил бухимдлаа. Бидний аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Ямагт бидний буруу болдгийн цаана бидний эмгэнэл оршдог. Энэ эмгэнэлээ бид нуудаг юм. Ард олныхоо эрх ашгийн төлөө эр зориг гаргах манлайлагч-лидер заяах болтугай.
...Та нарыг бурхан өршөөж, Монголоос коммунист-болъщевик архаг хууч эгүрт тонилго. Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал, зах зээлийг аль нам хөгжил болгоно би тэдэнтэй цуг. Насны эцэст шүүмжлэхээ больё гэхээр сонгуулийн луйвар, авилга, нутгархаг хуйвалдаанаар хүчирхэгжсэн бүлэглэл татвар төлөгчдийн мөнгийг улайм цайм завшиж, улсын төсвийг алдагдалд унагаад, шоронд орох байтугай улам мандаж, төр засгийн оргилд асахад зөнөсөн өвгөний ч гэсэн зэвүү хүрдэг юм байна. Миний бухимддаг илүү зан л даа. Тэд ямар миний тэтгэврийн хэдийг хусчихсан биш. Эрхи эргүүлж маани мэгзэм уншаад, юу ч хийхгүй суусан ч тэтгэврээ хүртээд л байна. Тэтгэвэр бол өнөөн цагт зохиолч хүн мөнгөнд үл худалдагдах ганц алтан боломж. Тэтгэвэр бол өнөөн цагт хэнээс ч үл эмээж, дураараа шүүмжлэх ганц эр зориг. Миний тэтгэврийг хэнбугай ч хасаж үл чадна. Ямар ч хүчирхэг дураараа Олигархи тэтгэврийн өвгөнийг ажлаас чинь хална гэж дарамталж чадахгүй. Тэтгэвэрт гарснаар миний зүрх чулуу болсон аж. Төр засаг минь тэтгэвэр гэгч сайхан буянаа хайрлаж намайг эр зоригтой хүн шиг хүн чигээрээ төгсөхөд тусалж байна. Болохгүй бүтэхгүй болгон даруй засарч, эв гавандаа ороод, хөгжлийн галт тэрэг хурдаа аваасай гэж хөгшин ухнын насгүй атлаа мөрөөдсөөр зөнөдөг юм байна шүү хүүхэд минь. Миний зөнөсөн яах аргагүй үнэн. Интернетээр “Зөнөг ухна бушуу үхэж далд орооч” гэж жиргэсэн эрхмийн хүслээр болох юу удааж. Шүүмжлэх дутагдалгүй, бурхны гэмээр нийгэм би коммунизмээс өөрийг сонсоогүй. Дутагдалгүй коммунизм гэгч шамбал руугаа буцъя гэтэл зам нийлэх хүн нэг ч гарсангүй. МАН-аас ч, бүр МАХН-аас ч хань олдсонгүй гээд бод доо. Тэгэхээр хуучнаа өмөөрч хэнхэглэдэг нь жүжиг аж. Америкийг зүхдэг атлаа хүүхдээ Америк явуулахын бөөн өвчин. Ардчилалд дутагдал тасрахгүйг АНУ-аас харж байна. Шүүмжлэлийнхээ үр дүнг эс үзсэн ч “Тоншуул”-ынхаа инерцээр өвгөн-би пөн пөн хуцсаар чимээ тасрах байх шүү. Гэмээ олж хардаг билгийн нүд сохорвол, зөнөх бус, амьдаараа үхэж буй нь тэр. Тархинд цус мэт харвасан цөвүүн цагийн зэтгэрийг гагцхүү гэгээрэл илааршуулна. Бүгдээр гэгээрцгээе. Гэгээрэх тусам хүчирхэг болно. Дэлхийн шилдэг боловсролыг шамдан эзэмшвэл улаан Оросын ухуулга тархинаас чинь аяндаа ул мөргүй арилсан байх вий. Өнгөрсөн зууны алдаа-энэ зууны сургамж. Алдаагаа хаялгүй сургамж болгон бие ба нийгэмдээ наа. Аврагтүн аврагтүн үнэн итгэлт дээдэс минь, үзэгтүн үзэгтүн хэмжээлшгүй нигүүлсэнгүйн сан минь.
...Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундач иргэний хэмжээнд эзэмших нь иргэн миний үүрэг. Үзэл суртлаар бохирлосон түүх намайг төөрүүлж орхижээ. Надад түүхийн нэг мөр ойлголт алга. Миний толгойд бөөн эргэлзээ. Над шиг төөрсөн хүн зөндөөн. Миний бие түүхч нарын бүтээгдхүүн. Түүхчдийн үйлвэрлэдэг түүхий бүтээгдхүүн. Сургуульд заадаг хуудуутай түүх миний ижил бракуудыг буй болгосон бөгөөд бид түүхээ мэдэхгүй сохор амьтад шиг тэмтчиж явна. Худал түүх заалгасан ард түмэн зуун жил харийнхны утсан хүүхэлдэй болов. Нүдээр үзэж, чихээр сонссон сайн мэдэх саяхны түүхийг хүртэл гуйвуулсан. “Наадахь чинь тийм биш ээ” гэвэл хуучныг баримтлагч, үндэсний үзэлтэн гэж яллаад эхэлсэн. Тэгмэгц айсан ард түмэн түүхийн үнэнээс зайгаа барьсан. Тэгээд дотроо нуудаг хувийн түүхтэй, гаднаа ярьдаг хувьсгалт түүхтэй болов. Түүхийн үнэн ингэж үнэгүйдэж, албан ёсны түүх гэгч худал суртлаар ард олны тархийг угаасан билээ. Худлыг сөхвөл эсэргүүн болно. “Үнэн”-ийг гишгэлсэн түүх гэгч сонирхол татах нь бүү хэл хорсол төрүүлсэн. Итгэх нөхцөлгүй түүх гэгчийг сургуулиудад түүхийн багш заасаар, хажуугаар нь түүхийнхээ жинхэнэ үнэнийг сэтгэлдээ тээсэн шударга иргэд бухимдлаа нуусаар өдгөөтэй золголоо. Үнэн түүхээ эрхэмлэн дээдлэх омогшлоо монголчууд эгүрт унтраажээ. Түүх бол залуурч, түүх бол багш, түүх бол сургамж. Түүхчид та нар эдүгээ ардчиллын буянд түүхийн будилааныг яагаад угаар нь залруулж, үнэн түүхээ яв цав тогтооё гэх эр зориг гаргахгүй, геополитикийн зөөлөн хоол болох-төөрсөн олон шавь бэлдэж, ирээдүйгээ хорлоном бэ. Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа маниас яагаад нуунам бэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрөлдсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу!
...Хэлмэгдлийг залгаад бид мэхлэгдсэн. Феодализмын түнэр харанхуйд зам мөр гаргаж явсан эрдэм номын зах зухтай удам судраа шилж хөнөөв. Тэгээд сүнсний нь араас шороо цацаж, шар хар феодлаар нь дуудаж, кино жүжигт итгэхийн аргагүй ой гутахаар дүрсэлсэн. Арай сэргэлэн, золбоотой эх оронч сэхээтнүүдээ сорчлон тонилгосны дараа тэднийг ардын дайсан, японы тагнуул гэж гүжирдсэн гүтгэлгээр 70 жил лекцдүүлсэн монголчуудын тархи коммунизмээс ондооныг эргэцүүлэх чадвараа бүрэн алдсан. Орос сурталд бишрээд оюун нь сэргэшгүй гэмтчихсэн хүн одоо ч цөөнгүй. Тэд буудуулсан өвөг эмэг, эцэг эх, удам судраа дайсан гэж үзэн ядаад, буудсан болъщевик улаантныг аврагч хэмээн мөргөсөөр үхэх тавилантай амьтас. Муу гэснийгээ үүрд үзэн ядах мөнхийн заналд мунхарсантайгаа ижил, сайн гэснийгээ тэнгэрт тултал магтах хийрхэлд эмчилгээгүй солиорчээ. Муулах сайлах хоёр бидэнд хоёул ав адилхан сэтгэхүйн гүн хордлого болж архагшсан аж. Үнэмших аргагүй магтаж, үнэмших аргагүй зүхсэнээр бид аль газрын нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганцхан улаан оросыг шүтэх зэтгэрт зуун жил мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн өвчтэй болсон нь хөгжил гэж үү? Их гүрний үзэл суртлын тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсааныхаа үнэт зүйлсийг санах ой санамжгүй, гэмтсэн тархитай боол болгожээ. Тийм зарц, тийм боол эдүгээ алхам тутам таарч буй нь эмгэнэл. Бузардсан шаштираа буртаггүй болтол ариусгах үүрэгтэй түүхчид яасан ч идэвхгүй хойрго юм бэ дээ.
Нийслэл
2017
Шодоргос
kk
MGL
Зочин
Зочин
Tsedenbal
энх
Bor unshigch
Зочин
зочин
Уурхайчин
Бат хаан
Зочин
Монгол
тоо
Зочин
Зочин
21312
Зочин