Зуучлагч нь “Ocean Partners” бол Зээлдүүлэгчид нь хэн байв
"Эрдэнэт үйлдвэр" Стандарт банкнаас гадна хоёр банкинд зэсээр зээл төлж байжээ. Зуучлагч нь мөн л Ocean Partners!!!
Ocean Partners-ийг Монгол түншүүд нь илчлэх сонирхолгүй байна. УИХдахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Б.Пүрэвдорж гишүүн “Стандарт банк энэ асуудалд нэр төдий оролцсон байж болзошгүй. Ocean Partners зуучлагч нэрээр оролцсон ч уг зээлийн ард өөрсдөө байсан юм биш биз” гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Тэгвэл Ocean Partners-ийн ард хэн байсныг гадаад эх сурвалжаас, тэр тусмаа уг үйл явдал болсон 2009 оноос хойшхи зарим мэдээллүүдээс харж болох юм. Эндээс харвал Ocean Partners-аар зуучлуулсан зээлдүүлэгчид нь Нидерландын Rabobank болон Португалийн Banco Espirito Santo (BES) болж таарч байна. Тухайлбал 2009 оны зургадугаар сарын 19-нд Нидерландын Rabobank 42 сая ам.доллар, Португалийн Banco Espirito Santo (BES) нь үлдсэн 13 сая ам.доллар, нийт 55 сая ам.долларын санхүүжилт оруулсан гэх баримт байх юм. Тэдний зуучлагч нь бидний эчнээ танил болоод байгаа Ocean Partners. Энэ гэрээн дээр хуулийн зөвлөгөө өгсөн компани нь Лондонд төвтэй Denton Wilde Sapte фирм байжээ.
Эрдэнэт үйлдвэрийг дэмжих зорилгоор 55 сая ам.долларын санхүүжилт олгосон дээрх мэдээллийн талаарталаар “Global trade review” вэб хуудаснаа 2010 оны гуравдугаар сарын 16-нд нийтэлсэн байна. Үүнд “2009 оны тавдугаар сард Монголын Эрдэнэт үйлдвэрийг дэмжих 55 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хаасан. Энэ нь уул уурхайн салбарт туршлагатай далай түншүүдийн оролцоогоор амжилтад хүрсэн хэлцэл болсон. Монголд бизнес эрхэлж байгаагүй хоёр банкийг оролцуулан гүйлгээ хийгээд зах зээлийн орчинд нэн тааламжтай орчинд шинээр гэрээ байгуулах нь эрсдэлтэй ажил байсан. Гэвч хөрөнгө оруулалтын төлбөр нь зах зээл рүү аажмаар аажим аажмаар шилжих үед энэ ажил амжилттай болж нь зээлдүүлэгчид болон хөрөнгө оруулагчдад Монголын зах зээлийг нээлттэй болгоход тусалсан” хэмээн бичжээ.
Тухайн үед “Rabobank”-ны Худалдааны санхүүжилт хариуцсан захирал Дэвид Уайтман хэлэхдээ “Эрдэнэт бол зэсийн баяжмалын маш найдвартай үйлдвэрлэгч. Ocean Partners-ын хийсэн туршлагатай менежмент, Rabobank, Banco Espirito Santo-ийн ажилтнуудын нарийн мэдлэгийгхослуулан санхүүжилтийн зээлийн гүйлгээг амжилттай хааж болно” гэсэн байв. Rabobank-ны захирал Lodwick “Энэ бол энгийн гүйлгээ. Жинхэнэ бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд (Ocean Partners) нийлүүлэх замаар эргэж төлөгддөг. Эрдэнэт үйлдвэр Ocean Partners-тай аль хэдийн бат бэх холбоотой болсон нь амжилтын гол түлхүүр байлаа” гэж тодорхойлсон байдаг. Энд зээлдэгч: Эрдэнэт үйлдвэр, зээлдүүлэгч Rabobank, Banco Espirito Santo, хуулийн фирм: Denton Wilde Sapte бөгөөд үнийн дүн 55 сая ам.долларыг нэг жилийн хугацаатай олгосон байдаг.
Үндэсний Статистикийн Газрын мэдээлснээр 2009 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 560 мянган тонн зэсийн баяжмалын экспортыг гаргажээ.Зэсийн баяжмал Хятадад төдийгүй Швейцарийн MRI Trading AG, Голландын "Тrafigura Beheer BV", Английн "Ocean Partners UK Limited", "АНУ-ын Gerald Metals, Inc." БНСУ-ын "Samsung Corporation"-аар дамжуулан худалдсан байдаг. Үүний тодорхой хувь нь Ocean Partners-аар дамжиж зээлийн төлбөрт зээлдүүлэгчид очсон болж таарч байна.
Нидерландын Rabobank нь хүнс, хөдөө аж ахуйн санхүүжилтийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгдэг, жил бүр 60 орчим тэрбум ам.долларын экспортын аккредитивыг баталдаг нэр хүндтэй банк. Rabobank нь худалдааны урсгалын болон түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнүүдийн талаар мэргэшсэн бөгөөд зээлдэгчдэд үнэт металлыг бэлэн мөнгөөр худалдах боломж олгодог аж. Харин Banco Espirito Santoнь Лиссабонд төвтэй Португалийн хоёр дахь том банк байсан бөгөөд 2014 оны 8-р сарын 4-нд хоёр банкинд хуваагджээ. Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор, тус банктай хамтран ажиллаж байсан Монголын нэгэн арилжааны банк Засгийн газрын дэмжлэг авч чадаагүйн улмаас харилцаагаа таслахад хүрч байсан баримт ч бий.
Rabobank-ийг Монголчууд мөн л “танина”. Монголын хөдөө аж ахуйн салбарт улаанбуудай, монгол махны чанар үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлаар тавьсан илтгэл, зөвлөмжүүд дэх тус банкны шинжээчдийн судалгаа анхаарал татдаг. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сард мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж нэг сая еврогийн торгууль төлсөн хэдий ч “тусгай хэлэлцээрүүд, гүйлгээнүүдийн талаар тайлбар хийхгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Түүнчлэн 2011 оны нэгдүгээр сарын 5-нд хэмээн “Global trade review” вэб хуудаснаа “Монголын Эрдэнэт компани нь Rabobank болон өөр нэг банктай 70 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн нэг жилийн хугацаатай гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь 12-р сарын 25-аас өмнө амжилттай хаагдсан. "Rabobank" санхүүжилтийн "арслан хувь" буюу голлох хувийг бүрдүүлжээ хэмээн мэдээлсэн байдаг. Тэр өөр банк нь Стандарт банк байлаа гэж бодъё.
Энэ бүхнээс үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас төлсөн ба цаашид төлөх, үүнийг шийдвэрлэхэд зарцуулсан мөнгө зөвхөн Ocean Partners руу биш, түүний цаадах зээлдүүлэгч Нидерландын Rabobank, Португалийн Banco Espirito Santo зэрэг рүү “зэсийн баяжмал цутгах” замаар урсаж буй биш байгаа гэх хардлага төрнө.
Хамгийн гол нь худалдааны зуучлалын компани ганцхан Ocean Partners биш шүү дээ. Гэтэл тэр олон компаниас яагаад өдий олон жилийн турш зөвхөн Ocean Partners-аар зуучлуулдаг байсан юм бол? Дунджаар 2-3 жил тутамд зуучлагч компаниа сонгон шалгаруулдаг байсан байж таарна. Тэгвэл ямар шалгуураар хэдэн удаа тендерт оролцож, ямар үнийг санал болгож, хямд үйлчилгээгээрээ шалгарч удаан хугацаанд зуучлуулах болов? Тухайн үед зуучлал хийж “Жаст”-ын өрийг Эрдэнэтийн зэсээр барагдуулсан Ocean Partners энэ удаад дахиад л Монголын Засгийн газартай хэлэлцээрт орж “амь бөхтэй” зуучлал хийж ашиг хонжоо олсоор байгаагийн нууц нь тус компанитай сүлбэлдсэн Монголын эрх мэдэлтнүүдтэй холбоотой биш гэж үү. Ядаж монголчууд баяжмалын үнээс ямар хөнгөлөлт авдаг, санхүүжилт олж өгөхөд зуучилсны хөлсөнд хэдэн хувийн шимтгэл авдаг талаарх тэр гэрээг харах эрхгүй гэж үү. Энэ дархлагдсан, нууцлагдсан олон жилийн гэрээ, удаан хугацаанд олсон ашиг хонжоог халхавчилдаг тэр хүмүүсийг олохгүйгээр Эрдэнэтийн эрсдлийн санг ширтээд хохирлыг барагдуулж чадахгүй. Цаашид хэдээр хохирох, тэр нь хэнд ашигтай тусахыг ч төсөөлөх аргагүй юм. Онцгой байдал тогтоосон хугацаа дуусахад бүх зүйл ил болох биш бүхнийг нууж амжсан байх вий гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тиймээс Засгийн газар энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгөхгүй бол маш их хардлага сэрдлэгтэйгээр барахгүй “Стандарт” банкинд төлж барагдуулсан хэрэг гэгч шинэ хэрэг ч үүсч болзошгүй гэдгийг дашрамд сануулъя!