“Харуулд гарсан эх”

Ан амьтны хойноос хөөцөлдсөн гэрэл зурагчин, анчин хоёрын олз омог бол ангийн дөр, тэсвэр хатуужил, мэдрэмж зэргээс гадна аз хиймориос ихээхэн шалтгаалдаг учиртай. Гэхдээ нэг нь гэрэл зургийн аппаратаар, нөгөөдөх нь галт буугаар зэвсэглэдэг. Азтай нэгэн явдлын тухай өгүүлье. 

Саяханы нэгэн ням гаригийн үүрээр Хэрлэнгийн шугуйд нүүдлийн шувуу эргүүлж, түүндээ шүлтэн бэдэрч явтал дурангийн минь хараанд нэгэн хярсны толгой өртөв. Тэр нүхнээсээ цухуйж ургаж буй нарны цацрагт хоёр чихээ гэрэлтүүлэн соотойлгожээ. Анир чимээ тандаж буй нь тэр. Тэгээд төдөлгүй цээжин биеэ түлхэн ил гарч, эргэн тойрныг хэсэг зуур шүүрдэн харж азнав. Би ч бас хөдлөлөө. Гэхдээ түүний хурц хараа, соргог чих, үнэрч хамарт өртчихвөл ганзага хоосон хоцорно. Нар, салхины чигийг тааруулах, замын оготно, зурам, туулай болоод шувуудыг үргээхгүй дөхөх нь чухал. Яарвал бас даарах нигууртай. Энэ бүхний донжийг тааруулах арга чарга эрэлхийлж, хавь ойрыг дурандаж л суув. Нөгөөх чинь нүхнийхээ зүүн хойд биед гарч сүүлээ сойж суниаснаа баруунш хараад хэвтчихэв. Сэжиг ажиг аваагүй мэт. Нар алгуурхан өөдөлсөөр хавь орчныг өвч гийлээ. Гэтэл нөгөө нүхнээс дахиад нэг толгой цухуйх шиг болсноо хоёр дэрсхэн зөнжиг суга үсрэн гарч ирлээ. Зөнжигийг ардын ярианд бас гавар ч гэдэг. Гэхдээ үнэгний нялхыг гавар, хярсны нялхыг зөнжиг гэж оноон нэрлэж ирсэн уламжлалтай. Хярсны үүр гэдэг нь илт болсон учраас би ч давшингуй явгалж нарны дагуу овоохон урагшилж авлаа.

Нөгөө хоёр маань хөөцөлдөн наадаж эхлэв. Эхийнхээ бараанд тэд эрхлэлдэх нь өхөөрдөм. Аюул заналгүйн баталгааг эхээс нь өөр хэн чингэж хангах билээ?



“Эрхлэлдээн”

Тэр хоёр өнхөрч, ноололдож, эрх танхил араншинд хөтлөгдөж, элдэв янзаар аальгүйдэх нь нэн хөөрхөн.


"Бүжигт урих агшин”

Нялх хоёр амьтан айж эмээхийг ч мартагнаж, эрт нарны зөөлхөн шар туяа, ээдрээгүй тунгалаг агаарт баясаж, дэрвэлзэх нь эгээ л циркийн сургуультай мэт санагдана. Эрхлэлдэн хөлбөөдөж байснаа нэг нь хойд хоёр хөл дээрээ эгцрэн босч нөгөөдөхийгөө урих аястай, цаадах нь нэг хөлөө өгч бүжгэнд босох шинжтэй болоод явчихлаа. Танго ч бүжиж мэдэх....

“Дүрсгүй жаалууд”

Тэгснээ өвөрмөц хэлээр “шивнэлдэж”, “гар” барилцан хазалцлаа. Уур уцаар лав биш, яруу дуршил бүр ч биш, зүгээр л дүрсгүй жаалуудын үйлдэл бололтой.Энэ хооронд нөгөө үүрнээс зөнжиг цуварч гарсаар зургуулаа болчихлоо.

Эх нь ч босч зугуухан алхасаар зайдуйхан очиж хэвтлээ. Эцэг нь үүрээр олзтой ирж, бор ходоод нь дүүрснийшинжийг тэдний нүд, нүүрний баясал илтгэнэ . Хярс бол үржлийн үедээ хосолж амьдардаг,жил бүр хоёрдугаар сард ороо хөөцөөнд орж, дөрөвдүгээр сарын сүүлчээр 4-6 зөнжиг, заримдаа арвыг ч төрүүлдэг ажээ. Эд бол дөнгөж хоёр сар л шүргэж яваа амьтад санж. Эх нь эднийгээ сахиж торниулах, эцэг нь хоол идшээр хангах “хөдөлмөрийн хуваарьтай”. Зөнжиг эхтэйгээ хамт намар хүртэл амьдардаг бөгөөд 9-10 сартайдаа үржилд орж, нэг насныхаа ой дээр үр тээх, төрөх чадвартай болдог аж. Гэхдээ хярс есхөн л насалдаг юм байна.

 


“Аав, ээжийг дуурайхуй”

Тэд наадсаар, би ч “шуналтан” улайрсаар намагт овоо норсоноо ч анзаарах тэнхэлгүйзууралдсан юм. Сүүлд гарч ирсэн гурав “аав, ээж”, “айл гэр” болж тоглож эхэллээ. 


”Зургаан ихэр”

Тэд хоёр хэсэг болж бужигнаж байснаа нэг агшинд цугларч гэр бүлийн “патиар татуулав”. Ядарсан хоёр бага нь нам хэвтэж, хамгийн том нь “атаман” зангаар цомцойн сууж, нөгөө гурав нь аальгүйтэн сэртэлзэв. Надад үүнээс илүү ямар аз хэрэгтэй юм бэ. Гэхдээ фото анчны шунал эс ханах. Сүүлчийн энэ агшинд эх нь сүрхийн босч, хуцах шиг авиа гаргамагц ихэр зургаа үүр лүүгээ харваж шурган далдарлаа. Ажвал хоёр бүргэд ойрхон хальж харагдав. Нөгөөдүүл ч нүхэн “гэр”-тээ дугжирч буй эцгийнхээ бөөрөнд наалдсан буйзаа. Шөнөжин гөрөөлсөн тэр ядарсан биз. Эх нь ч сүүлээ шарвасаар бас орчихлоо. Найман бүлтэй айл багтаж байгааг бодоход овоо том нүх шүү. Хачирхалтай нь хярс өөрөө нүх ухаж чаддаггүй гэнэ. Тэгээд тарваганы нүхийг дээрэмдэж үүрлэдэг амьтан ажээ.

Хярс бол чонынхон овгийн үнэгний төрлийн амьтан. Махчин хөхтөн. Ерөнхийдөө 50-60 см биетэй, 30 орчим см сүүлтэй, бараг 9 см урт чихтэй бөгөөд бие нь 3 кг хүртэл жин татдаг аж. Манай орны тал хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгаар өргөн тархсан. Харин үнэг бол өндөрлөг, хадархаг, бартаа ихтэй уулсын гуу жалга, эрэг, хөндий газар амьдардаг онцлогтой.

Гол идэш нь үлийн цагаан оготно. Сонирхолтой нь зөнжиг бор хоолонд орох үед үлийн цагаан оготны орооны цаг эхэлдэг учраас хярсны ангуучлал эрс идэвхжидэг аж. Энэ үед 4 зөнжигтэй хярс өдөрт өөрөө 20-25 оготно идэж, үрсээ мөн тооны оготноортэжээдэг гэсэн судалгаа гарчээ. Харин хярсыг бүргэд, тас, сар зэрэг махчин шувууд зооглодог гэнэ. 

Эдгээр зөнжигтэй чингэж учрах ховор аз тохиосон нь нэн гайхалтай. Тэрхүү өглөөний агшин бүр үнэтэй, зугаатай, бас олзтой байв. Тэд мандах нарны илч, цэнгэг агаарт наадсан, миний бие тэдний араншинд автсан үл давтагдахтохиолдол болсон юм. Амьд байгалийн амьтны үрс юутай нандин вэ. Тэд хүмүүний нялх нярай үр садтай нэгэн адил нүгэл, уур хилэн, атаа жөтөө, хараал ерөөлийг эс ялгана. Хайрлаж хамгаалж дөвийлгэхгүй ч гэсэн алж хядахаа зогсоовол буян болох биш үү. Манай нийгэм бүхэлдээ орой бусгайд эргүүтэн ээдэрсэн эдүгээ цагт хүмүүний энэрэн хайрлах мэдрэмж нимгэрсээр буйд эс зовнихын аргагүй. 


(“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас)

2018-07-02