ЗТХ-ийн сайд Л.Халтар: Монголчууд хариуцлагатай байвал Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй байгаа шүү дээ
Хятадын Элчин сайдтай уулзахад “Манай улсын зүгээс Монгол Улсад л зөөлөн бодлого барьж байгаа шүү” гэж хэлдэг. Тэр нь яах аргагүй үнэн. Тэгэхээр Хятадын зүгээс Монголд хилээ ганцхан хаачихаад байгаа юм биш. Хилийн хориг тавьсан асуудал бол бүр биш. 200 тэрбум долларын худалдааны эргэлттэй Орост 100 машин оруулж гаргаж байгаа Хятад улс 10 тэрбум долларын худалдааны эргэлт ч хүрэхгүй Монголд мөн адил 100 машин оруулж гаргаж байна. Бусад улс оронд хилээ таг хаачихаад байна. Ийм бодит үнэнийг манайхан ойлгох ёстой.
Нийгмийн анхаарлын төвд хамгийн их байгаа Засгийн газрын гишүүдийн нэг болох Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
-Та сая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-д ажиллаад ирлээ. Энэхүү айлчлалыг угтсан элдэв янзын мэдээлэл нийгэмд нэлээн байв. Тэрний нэг нь Оросын Зам тээврийн сайд таныг хүлээж авахгүй, уулзахгүй гэсэн мэдээлэл юм. Юу болов?
-Юу ч болоогүй, худлаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Оросын Зам тээврийн сайдтай уулзаж албан ёсны яриа хэлэлцээр хийлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд Оросын талаас өндөр ач холбогдол өгснийг хэвлэлүүд мэдээлсэн. Бүрэлдэхүүнд нь явсан Засгийн газрын гишүүний хувьд хэлэхэд, ерэн оноос хойш хийсэн айлчлалууд дотор хамгийн өндөр түвшнийх боллоо гэж олон айлчлалд оролцсон хүмүүс, ГХЯ-ны зүгээс онцолж байна лээ. Миний хувьд ОХУ-ын Зам тээврийн сайд, удирдлагууд, Төмөр замын удирдлагуудтай ажил хэргийн гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Москвагийн Авто замын сургуулийн удирдлагатай уулзлаа. Манай салбарын хувьд голлож хийсэн гурван уулзалт энэ юм. Бусад уулзалт, гэрээ хэлэлцээрүүдэд ч ажлын шугамаар оролцсон. ОХУ-ын Тээврийн сайд болон дэд сайдтай уулзахдаа гурван гол асуудал ярилаа. Эхнийх нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх. Сангийн хөрөнгөө бүрдүүлж цаг алдалгүй ажиллая гэдэг дээр хоёр тал тохирлоо. Хоёр талаас 29 сая орчим ам.доллараар дүрмийн санг нэмэгдүүлэх ёстой юм.Хоёрдугаарт, Аэрофлотын нислэг Монгол руу сэргэж байгаатай холбоотойгоор цаашдаа МИАТ-Аэрофлот хамтран Азийн болон Европын зах зээл дээр хэрхэн ажиллах, гарч буй боломжуудыг ашиглах талаар ярилцлаа.
Олзуурхууштай нь Тээврийн сайд өөрөө Аэрофлотын захирлаар ажиллаж байсан хүн болохоор ярилцлахад ойр байлаа. Гуравдугаарт, хоёр талын Засгийн газар хооронд үзэглэсэн ч удаашралтай байгаа Транзит тээврийн хэлэлцээр, тэр дундаа Алс дорнодын боомтуудыг Монгол улс ашиглаж экспорт, импортын тээвэр хийх асуудлыг ярилцлаа.
-Асуудлууд шийдэгдэх, ажил болох шатандаа ямар байх бол. Тунхагийн шинжтэй айлчлал болдог урьдын практикууд бий. Монголчууд тийм биш байгаасай л гэж хүсч байгаа?
-Эдгээр асуудлууд дээр хоёр тал нэгдсэн ойлголтод хүрсэн. Оросын төмөр замын удирдлагуудтай уулзахад хоёр гол чиглэл ярилаа. Нэгдүгээрт, хийгдсэн ажлуудаа хоёр тал дүгнэх. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр талын хувь нийлүүлэгчдийн Ерөнхий хорооны хурал хийгдээгүй удсан. Сая л Ерөнхий хувь нийлүүлэгчдийн хурлаа хамтран хийж, ажлаа дүгнэж, протоколоо зурлаа. Хоёрдугаарт, нь Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах тал дээр нэгдсэн ойлголтод хүрлээ. Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэх тусам тээвэрлэх хүчин чадлынхаа таазанд тулсан. Энэ тал дээр цаашид хэрхэн ажиллах талаар ярьсан. Хамгийн чухал нэг асуудал ньОросын төмөр замын ерөнхий захирал Бельёзоровтой дараагийн хөрөнгө оруулалт болох хоёр дахь замыг барих буюу Улаанбаатар төмөр замыг хос замтай болгох дээрээ түлхүү ажиллая гэдэг дээр дуу нэгтэй санал нэгдсэн. Энэ бол их чухал.
-Алс Дорнодын боомтуудыг Монгол Улс ашиглах талаар юу ярив?
-ОХУ-ын төмөр замаар дамжиж Алс Дорнодын боомт руу Монгол Улсын экспорт, импортын тээврийг хийх. Ямархуу хэмжээний ачаа тээвэр Алс Дорнодын боомтуудаар дамжиж Монгол руу ирэх вэ, мөн Монголоос ямар хэмжээний, ямар төрлийн ачаа Алс Дорнодын боомтуудаар дамжиж гуравдагч орнууд руу явах вэ гэдгээ тодорхой болгоё. ОХУ-ын зүгээс хойд Солонгосын Ражины боомтыг ашиглах нь Монгол Улсад нээлттэй шүү гэдэг саналыг бас тавилаа. Сонирхолтой санал. НҮБ-ын зүгээс тавьсан хоригтой холбоотойгоор энэхүү асуудал ямархуу байдалтай өрнөхийг манайхан одоо судалж байна.Владивостокт худалдааны төлөөлөгчөөр сууж байгаа Түвшинтөртэй түрүү долоо хоногт холбогдож энэ талаар нэлээн нухацтай ярилцлаа. Ингээд цаашаа ажил явна даа.
-Владивостокт манай худалдааны төлөөлөгч ажилладаг болсон юм уу?
-Манай улсын Далайн захиргааны даргаар ажиллаж байсан Түвшинтөр гэж залуу тэнд худалдааны төлөөлөгчөөр томилогдож очоод цөөнгүй сар болж байна. Энэ бол бидэнд том давуу тал.
-Алс дорнодоор тэгээд сонин хачин юу байна гэнэ. Ерэн оны эхээр бол монголчууд Владивостокоор холхилдож, тэр хавийн боомтуудаар анхны япон тэрэгнүүдийг зөөж байсныг одоо хүмүүс мартаж. Ганцхан Замын-Үүд-Эрээний сувагтай, тэр нь гацаатай баларч байгаа энэ цаг үед Алс дорнодын боомтуудыг ашиглах тухай яриа чинь эерэг сонсогдож байна шүү?
-Тэр хавиар сонин дүр зургууд бий болж байна. Монголчууд үзэгдээд эхэлж. Бид чинь өөрсдийгөө далайд гарцгүй орон гэдэгтээ хэт итгэчихсэн. Гэтэл далайд гарцгүй орнуудын Олон улсын конвенцэд бид нэгдсэн орон. Далайд гарцтай орнуудын нутаг дэвсгэр дээр далайд гарцгүй улс орнууд эн тэнцүү эрх эдэлнэ гэсэн конвенц юм. Энэ эрхийг нь НҮБ-аас баталгаажуулаад өгчихсөн, ийм боломжоо бид ашиглахгүй цаг хугацаа алдсан байна. Хоёрдугаарт, монголчууд бидний нэгийг үзээд нөгөөг хаяж хошуурдаг, туйлширдаг хандлага Алс дорнодын эдгээр боомтуудыг ор тас орхиж хаяснаас харагдаж байна. Таны хэлдэг үнэн, ерэн оны үед Алс Дорнодын боомтуудыг монголчууд хангалттай ашиглаж байлаа. Анхны япон тэрэгнүүд, гурав дахь орнуудын ачаа таваар эдгээр боомтоор Монголд ирж байсан юм. Би өөрөө үүний амьд гэрч. Тухайн үед би төмөр замын ачих буулгах ангийн орлогч дарга байлаа. Тэр үед “Монгол транс” компаниар дамжиж ирдэг ачаа ихэвчлэн Алс дорнодын боомтуудаар ирдэг. Сүүлдээ Хятадтай харилцаа сайжраад ирэнгүүт Тяньжин боомтыг ашиглаад Оросын боомтуудыг хаячихсан нь цар тахлын нөхцөл байдал үүссэн энэ цаг үед айхавтар мэдрэгдлээ. Монгол Улсад хоёр, гурав, дөрөв дэх гарцууд заавал байх ёстой, чухал юм байна гэдгийг одоо ойлгоод эргээд Алс дорнодын боомтуудаа сонирхоод эхэлжээ. Монголын ачаа тэрүүгээр их байна. Монголчууд оччихсон байна. Үүнийг нь Монголын төр засаг яаж дэмжих вэ гэдэг их чухал. Тийм болохоор Түвшинтөртэйгөө өдөр бүр ажил төрлийн харилцаатай ажиллаж байна. Миний зүгээс Оросын төмөр замын удирдлагуудад албан захидал явуулсан.
-Ямар учиртай захиа билээ?
-Алс дорнодын боомтуудаас Монгол руу ирэх ачаа тээврүүдэд дэмжлэг үзүүлээч, вагоны хангалтыг зохион байгуулж өгнө үү гэсэн албан захидал. Яагаад гэвэл Алс дорнод руу чиглэсэн Оросын уул уурхайн бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт их байдаг учраас нэлээн ачаалалтай. Үүнд нь манай ачаа бараа өртөнө. Тэгэхээр ЗТХЯ-наас үүнд сайн оролцож, зохион байгуулах ёстой юм.
-Манай жолооч нар тэрүүгээр байна гэнэ үү?
-Олон улсын тээврийн конвенцэд нэгдчихсэн манай ачаа тээврийн компаниуд, жолооч нар маш олноор тэнд оччихсон байна.
-Владивосток хол шүү дээ?
-Монголоос 4000 км хол. Хол хэдий ч төмөр зам ачаалалтай байгаа үед магадгүй авто замын тээвэр нь арай хямд байхыг үгүйсгэхгүй. Монголын ачааны машинууд ирчихсэн Алс дорнодоос Монгол руу тээвэр хийж байна гэсэн мэдээллийг аваад сууж байна. Тэнд нэг хүндрэл байгаа, чингэлгүүдийг нэмэлт шилжүүлэн ачилт явагдана. Үүнийг манай яам Оросын талтай ярьж байна. Мөн манай Тээвэр зуучийн холбооноос энэ чиглэлд Олон улсад ажиллах хэрэгтэй. Тал талдаа хүчин чармайлт гаргаж байж бид Алс дорнод дахь үүд хаалгаа нээж, эмхэлж цэгцэлж авна. Ганц Тяньжин биш, Алс дорнодоор үүд хаалгаа одоо нээж бэхжүүлж, жигдэлж авах ёстой.
-Өөдрөг мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдөр Монголын хамгийн том асуудал бол монголчууд урд хөршдөө хилийн хоригтой байгаа явдал. Бүх хөдөлгөөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганц нарийхан хоолой дээр тэр чигээрээ гацаж, үнэндээ тэг зогсолттой үргэлжилж байна. Ийм нөхцөлд манай тал Олон улсын байгууллагуудад хандах ёстой юу, яах ёстой вэ?
-Цаад учир шалтгааныг яг бодитоор нь, ний нуугүй хэлье. Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Тяньжины эргэн тойронд байгаа долоон боомтыг ашиглахаар тусгасан. Та сая хэллээ, Хятадын талаас хилийн хоригт орчихлоо гэж. Бас аргагүй, нийгэмд бухимдал их байна. Тэгэхээр үүн дээр цэгцтэй ойлголт өгөхийн тулд нэг зүйлээс эхлэх ёстой. Хятад улс ганц Монголтой хил залгаа биш шүү дээ. Хятадын талаас ганц Монгол Улсад ингэж хандаад байгаа юм бүр ч биш. Хил залгаа бусад улс орнууддаа урд хөрш маань хэрхэн хандаж байгааг хэлье. Ам нээвэл уушги нээ гэдэг байх аа. Орос-Хятад хоёр хойд талаараа хоёр том гарцтай. Зайбакальский-Манжуур, Благовенешск-Суйфэнхэ гэсэн төмөр зам, авто замаар холбогдсон хоёр том боомт байна. Энэ дотроос манайд ойрхон Манжуурыг аваад үзье. Үүгээр дамжиж байгаа Орос-Хятадын бараа эргэлт, Монгол-Хятадын хоорон дахь бараа эргэлт хоорондоо 20 дахин зөрүүтэй. Хорь дахин шүү. Өнөөдөр Хятад-Монгол хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилт тавьж байна. Гэтэл Орос-Хятад хоёрын худалдааны эргэлт 200 тэрбум доллар шүү дээ.
-Тэгээд юу гэж...
-Тэгэхээр, Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед Замын-Үүд-Эрээн хооронд өдөрт ачаа тээврийн 100-150 машин солилцож байсан. Тэр үед мөн Манжуур-Зайбакальский хооронд ачаа тээвэр бас л 100-150 машин байлаа. Тэгвэл Казахстан яаж байна гэхээр дээд тал нь 20 машин гаргаж байсан. Киргизистан үндсэндээ тэг зогссон. Цаашаа Вьетнам гэхчлэн тэр хавийн улс орнууд хоёр талаасаа тэг зогсолттой. Хятадын Элчин сайдтай уулзахад “Манай улсын зүгээс Монгол Улсад л зөөлөн бодлого барьж байгаа шүү” гэж хэлдэг. Тэр нь яах аргагүй үнэн. Тэгэхээр Хятадын зүгээс Монголд хилээ ганцхан хаачихаад байгаа юм биш. Хилийн хориг тавьсан асуудал бол бүр биш. 200 тэрбум долларын худалдааны эргэлттэй Орост 100 машин оруулж гаргаж байгаа Хятад улс 10 тэрбум долларын худалдааны эргэлт ч хүрэхгүй Монголд мөн адил 100 машин оруулж гаргаж байна. Бусад улс оронд хилээ таг хаачихаад байна. Ийм бодит үнэнийг манайхан ойлгох ёстой. Бид энэ талаар хэрдээ хэлж ярьж, мэдээлж ойлгуулахыг хичээж байдаг. Гэвч юм уншдаг, ойлгохыг хичээдэг хүн цөөхөн болчихож. Мушгин гуйвуулсан, гүтгэлгийн мэдээ, эсвэл Халтар муу хүн гэсэн мэдээллийг 95 хувь нь эхлээд хүлээн авдаг болчихсон цаг үе бололтой. Хоёрдугаарт, боомттой холбоотой хүмүүсийн бухимдал их байна. Байхаас ч өөр аргагүй. Тэгвэл цаана чинь Тяньжин боомт дээр гэхэд Олон улсын ачаа бараа ачсан хэдэн зуун мянган хөлөг онгоц түгжирчихсэн байна. Сансраас авсан гэрэл зургийг харахад Тяньжин хийгээд тэр хойгт үйл ажиллагаа явуулдаг усан боомтуудад чингэлэг ачсан усан онгоцууд үнэндээ нүд эрээлжлэм түгжирч бөөгнөрч гацсан дүр зурагтай байна. Монголын ачаа тэр дунд байгаа. Ачаагаа буулгаж чадахгүй доод тал нь хоёр сар усан дээр зогсож байгаа хэдэн зуун онгоц далайд байна. Олон улсад ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Ганц Тяньжин, Хятадын хойг ч биш, Европ, Америк ялгаагүй, Азийн бусад орны боомтууд, булан тохойнууд бүгд ялгаагүй битүү түгжрэл бөөгнөрөл болчихлоо. Би ганцхан Тяньжиныг онцолж байна. Сүүлийн үед Тяньжин боомтод омикрон гарсантай холбоотойгоор тусгаарлалтууд эхэлчихсэн. Хөлөг онгоцны багийнхныг 10 хоног тусгаарлана. Тэр хугацаагаар ачааг нь буулгах хугацаа хойшилно. Араас нь орох ёстой хэдэн мянган хөлөг онгоц усан дээрээ хүлээнэ. Тэр дотор нь монголчуудын ачаа байна. Бодит байдал ийм хүнд байна.
-Энэ бүгдээс гарахын төлөө, Монголын ачаа барааг тэр түгжрэлээс гаргаж авахын тулд төр засаг тэгээд юу хийж байна вэ, ямар арга хэмжээ авч байна?
-Хятадын дотоод тээврийн нөхцөл байдал ч хүнд байгаа. Бидний зүгээс Хятадын төмөр замын төв корпораци, манай Элчин сайдын яам, Тяньжин хотын захиргаа, Хятадын тээврийн яам, энд байгаа Хятадын Элчин сайдын яам гээд бүх газруудтай ярьж байгаад Тяньжин дээр хуримтлагдсан чингэлгүүдээ татаж авахын тулд өдөрт гурван галт тэрэг явуулж эхэлсэн. Гэтэл харамсалтай нь Хөх хотын наана байдаг Жинин-Эрээний хооронд нэвтрүүлэх чадвар нь тааруугаас болоод түгжрэл үүсчихлээ. Дэлхийн бүх ачаа эргэлт түгжрэлд орчихлоо. Биднээс өчүүхэн ч шалтгаалахгүй байна. Ингэлээ гээд Монголын Засгийн газар хором ч зогсоогүй, өдөр шөнөгүй л ажиллаж байна. Болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэж байна. Танд би ярилцлага өгөөд одоо сууж байна. Өглөөний 6 цаг өнгөрч байгаа биз. Ийм эрт, өглөөний жаварт таныг босгосонд уучлаарай, надад өөр цаг алга. Энэ 30 минут л надад байна.
-Зүгээр ээ, таны зүгээс бодит мэдээллийг өгч байгаа нь чухал. Тэгэхээр дэлхий өөрөө ийм гацаанд байна. Бүх асуудал гаднаас шалтгаантай гэж үү?
-Би зөвхөн гаднах нөхцөл байдал, манай ачаа дамжиж байгаа боомтуудын тухайд ярилаа. Манайхны өөрсдөөс шалтгаалж байгаа асуудлууд байлгүй яах вэ. Монголчууд бид өөр рүүгээ өнгийж хармаар байна. Монголчууд биднээс өнөөдрийн хүндрэлийн маш олон зүйл шалтгаалж байна. Танд тодорхой хэлье. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн... гээд гарц болгон дээр ачаа эргэлт зогсож, Хятадын талаас хааж байгаа нь шулуухан хэлэхэд манай талын хилийн бүсэд халдварын голомт өндөр байгаатай шууд холбоотой. Бид халдвартай, халдвар тараах магадлал асар өндөр байгаа учраас Хятадын тал хилээ хааж байна. Энэ бол зуун хувь Монголоос шалтгаалах зүйл. Би хатуу боловч үнэнийг хэлье. Монголчууд бид бүх шатандаа дэндүү хариуцлагагүй, ухамсаргүй, эх оронч бус, амиа бодсон байгаагаас урд хөрш хилээ нээх дургүй байна. Хятадын талаас маш олон санал тавьсан. Хамтарч шийдэхийг хичээсэн. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булганы боомт гээд хил гаалийнхаа олон гарц, хилийн бүсүүдээ ногоон, эрүүл бүс болгоод өгөөч ээ, тэр үед манай талаас ямар ч асуудалгүй, бүх боомт нээлттэй шүү гэж Хятадын тал албан ёсоор байр сууриа илэрхийлж ирлээ. Бид ногоон, эрүүл бүс болгож чадахгүй байна. Ерөөсөө л энэ. Бүх арга хэмжээг авч байгаа хэрнээ хувь хүмүүсийн хариуцлагагүй олон шалтгаанаас болж өнөөдрийг хүртэл боомтуудаа ногоон, эрүүл бүс болгож чадахгүй байна.
-Ингээд ярихаар таныг бүгдийг өөрөөсөө бултууллаа, хариуцлагаас бултлаа гэж шүүмжилдэг?
-Тэгдэг, уг нь бид бүгдээс хамаарах сахилга хариуцлагын асуудал яриад байна. Жишээлбэл, Эрээн дээр өнгөрсөн Цагаан сараас хойш хэдэн жолооч очоод буцаж орж ирсээр байгаад 33 жолооч үлдлээ. Монголоос орж ирсэн машинуудыг Эрээнээс хүргэж дундын бүсэд оруулдаг жолооч нар. Ингээд бид Хятадын талтай яриад 100 жолоочоор нэмье гэсэн санал тавилаа. Явсаар байгаад 70 жолооч оруулахаар тохирсон. Эрээн дээр байгаа 33 жолооч маань олон сар болчихлоо, одоо эднийгээ сольё, дараагийн 70 жолоочийг оруулъя гэсэн санал. Ингээд Замын-Үүд дээр 70 жолоочийг тусгайлан бэлдэж, тусгаарлах байранд байлгаад өчнөөн л ажил боллоо. Ингээд Эрээн рүү гаргалаа, тэндээ давхар шинжилгээ өглөө, тэднээс ковид илэрсэн. Ерөөсөө л өнөөдрийн хилийн хаалттай байгаа асуудал, бас бус бүх сөрөг асуудал эндээс л үүдэлтэй. Монголын талдаа эрүүл гээд явуулж байгаа жолооч нараас ковид илрэхээр Хятад улс ингэж хаалттай хандахаас аргагүй. Хятад улсын хувьд маш өндөр ач холбогдол өгч байгаа Өвлийн олимпод нь бид хүндэтгэлтэй хандах ёстой. Бид “Танай муу өвлийн олимп ямар хамаатай юм, манай ковидтой хүмүүсийг оруул, хилээ нээ” гэж хэлж болохгүй биз дээ. Энэ цэвэр бидний хариуцлагын асуудал. Бүх хэлэлцээр, хүчин чармайлт бүхэн ийм юмнаас болж нурж, хил хаахад хүрэхээр үнэндээ бухимдах юм байна шүү дээ. Ний нуугүй үнэнийг хэлэхэд, тэнд маш сонин нөхцөл байдал үүссэн. Замын-Үүдээс ачаа оруулаад цааш нь өртөөчлөөд явна. Машин дотроо савлагаатай жижиг сажиг янз бүрийн бараа таваарыг нуугаад авч явж байна. Цааш нь өвөрмонголчуудад өгдөг, зардаг ч юм уу... Бичил арилжаанууд, тэр дотор нь янз бүрийн л юм байдаг бололтой. Сүү, шар тос, зөгийн балаас эхлээд, өөр юу юу ч байдаг юм. Ийм юмнууд байгааг үгүйсгэхгүй. Гаалийн хашаан дотор зочид буудалд байрлаж байсан жолооч нарын зүгээс наанаас дамжуулсан илгээмжийг хашаа давуулаад шиддэг, өнөө хятадууд, өвөрмонголчууд нь түүнийг авдагпорцесс байна. Утсаар харилцаж байгаад үүнийг хийдэг. Тэдгээрийн гадна талын сав баглаанаас ковид илэрсэн асуудлыг Хятадын талаас тавьсан. Тэгээд л хилээ хаасан. Ердөө л энэ. Ямар юмных нь Хятадын бодлого, хилийн хориг энэ тэр байхав дээ...
-Тэгээд энэ бүхэн зөвхөн манай талын хэдэн жолоочоос болсон, шалтгаалсан хариуцлагагүйн асуудал болж таарч байна уу?
-Наадахыг чинь яриад байна шүү дээ, би. Мэдээж, бид төр засгийнхаа түвшинд, дипломат шугамаар аль болох хил гааль нээлттэй байлгах, ойлголцох ажлаа урагшлуулахыг хичээж байна. Гэтэл доогуураа ийм заваан ажил хийгээд улс орноо хохироодог, амьдрахын төлөө яваа бусдыгаа хохироодог. Энэ нь зарим нэг хүнд жижиг асуудал шиг ойлгогддог. Хятадын талд бол зөвхөн энэ жишээ гэхэд аймшигтай том асуудал байхгүй юу. Зөвхөн үүнээс болоод Эрээний удирдлагын түвшинд дээрээс нь санаанд оромгүй том хариуцлагын асуудал яригдсаныг монголчууд мэдэхгүй шүү дээ.
-Хатуу хариуцлага гэдэг үгний цаана бүр ч айхавтар юм сонсогддог. Хариуцлага хүлээсэн дарга нар нь хаана байгаа нь тодорхойгүй болдог гэхчлэн...?
-Тэр талаар ярилтгүй. Манайхны хашаа давуулж шидээд түүнээс ковид илэрсэн үйл явцын ард Хятадын талаас хариуцлагын айхавтар юм үйлчилж байгаа. Энэ бол манай талын цэвэр сахилга хариуцлагын асуудал. Зүгээр нэг үйлдэл, сахилгагүйтэж байгаа асуудал биш. Энэ бол цаад талдаа маш ноцтой юманд хүргэдэг үйлдэл гэдгийг монголчууд бүх түвшиндээ ойлгомоор байгаа юм. Тэр хүмүүсийн оронд өөрсдийгөө нэг удаа ч болтугай тавиад үз. Харамсалтай нь энэ байдал хэвээр үргэлжилсээр байна. Ухамсаргүй, хариуцлагагүй монголчуудаа үнэндээ дийлэхгүй байна шүү дээ.
-Монголдоо шинжилгээний хариу зүгээр гарсан жолооч нар цаана Хятадад очоод өгсөн шинжилгээгээр ковид илрээд байдаг нь ямар учиртай юм бэ?
-Энэ асуудал дээр бас л хэцүү зүйлс сонсогдож байгаа. Наана байхдаа өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулсан. Тэгээд л тэр. Улс орноо хорлож байгаа юм. Хятадын тал нарийн шалгана, айхавтар шинжилгээ авна. Тийм богино ухаантай байж болохгүй. Тэр шинжилгээ авч байгаа газрууд ч гэж дээ... Тэр шинжилгээ авч байгаа газрыг ЗТХЯ хянах ёстой юм уу. Монголчууд бидний ийм хачин хандлагаас болж түгжрэл үүсч, ачаа эргэлт зогсож, үнийн хөөрөгдөл, хил хаагдах порцессууд үргэлжилж байна. Бүх зүйл хувь хүнээс шалтгаалсан, хамаарсан асуудлууд, эцэстээ Монголыг ийм байдалд хүргээд байна. Бид Хятад гэхээсээ илүү өөрсөд рүүгээ өнгийж, өөрсдийгөө толинд хармаар байна. Монголчууд бид хүнийхээ хувьд ийм хачин хүмүүс юм уу гэж би заримдаа боддог болсон. Ямар нэг асуудал босоход бусад руу ямар нэг байдлаар бурууг чихдэг. Өөрт нь огт буруу байхгүй. Өнөөдөр харж байгаа биз дээ, Хятадын талд л буруу өгөөд байдаг.
-Энэ бүх порцесс хэдий болтол үргэлжлэх вэ?
-Монголчуудын энэ их буруу хандлага, сахилга хариуцлагын асуудал хэдий хүртэл үргэлжлэхийг би мэдэхгүй. Хятадын талаас бол өвлийн олимпдоо маш их ач холбогдол өгч байгаа. Өвлийн олимпийг залгаад Паралимп болно. Дараа ХКН-ын их хурал болно. Энэ мэт Олон улсын болон улс төрийн маш том арга хэмжээнүүд Хятадын талд байгаа учраас хилийнхээ боомтуудад ковид гаргахгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Би ганц Замын-Үүдийн асуудлаар жишээ авч байна. Цаашлаад Ганц мод, Гашуунсухайт, Сэхээ... гээд асуудал ярих юм бол ерөөсөө манай бүх үүд гарц, боомтууд дээр бид өөрсдөөс маань шалтгаалсан дэндүү их асуудал байгаа. Хятадын талд буруу өгөхөөргүй, цэвэр бидний сахилга хариуцлагаас зуун хувь шалтгаалсан. Энэ бүгдийг яриад байвал дуусахгүй. Ийм тодорхой юмыг манайхан өнөөдөр юу гэж байна гэхээр Хятад муугаар хандаад байгаа юм шиг, эсвэл сайд дарга хэдэн хүн энэ бүх гацааг үүсгээд байгаа юм шиг, өөрсдөөсөө өчүүхэн ч бурууг эрж хайж, өөрсдөдөө дүгнэлт огт хийхгүй. Гэтэл монголчууд бид дор бүрдээ сахилга хариуцлагатай байгаад, халдвар хамгааллын дэглэмээ чанд барьж, тогтоосон дүрэм журмын хүрээнд яг хятадууд шиг байж чадах юм бол Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй шүү дээ.
-Тээврийн үнийн хөөрөгдөл хэмжээ хязгаараа давж байх шиг байна?
-Тэглээ, дэлхий нийтээрээ тийм болчихлоо. Жишээлбэл, Ази-Европын хоорон дахь чингэлгийн тээвэр гэхэд хоёроос гурав дахин өсчихлөө. Манайд чингэлгийн сул зогсолтоос эхлээд өсч байгаа асуудал байна. Ганц бөөрөнхий дэлхийд амьдарч байгаа бидний хувьд дэлхий нийтийн энэ асуудлаас болж өсөөд байгаа үнийг ганц яам руу юмуу, хэн нэгэн рүү, заавал нэг буруутан хайж чихэх нь буруу. Гэхдээ байна шүү дээ, дэлхий дахинд нөхцөл байдал ямар хүнд байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа, бүр ойлгохын цаагуур ойлгож байгаа...
-Тэгээд юу гэж... ?
-Монголчууд чинь дэлхийн хэмжээний мэдээлэлтэй болчихсон. Маш их мэдээлэл аваад сууж байдаг ард түмэн болчихсон. Дэлхийгээр тарсан монголчууд амьдарч байна. Ийм тодорхой байтал Засгийн газрыг муухай харагдуулах гэж, хэн нэг албан тушаалтныг муухай харагдуулах гэсэн зорилготой, зорилго тавьсан цөөн хэдэн хүн бүгдийг мушгин гуйвуулж байна. Тэдний энэ муухай явуулга нийгэмд айхавтар нөлөөлж байна. Үүнийг л хүмүүс ойлгоосой. Хүрээний булайг яривал барахгүй гэдэг шиг тэр хэдэн хүний булайг яривал ард түмэн маань “Ийм бузар булай юм хийж явдаг хүмүүс байдаг юм уу” гэж гайхаж гутрахаар байгаа шүү. Үнэхээр нүдний булай болохоор юм хийж явдаг хэдэн хүн байдаг. Надад ямар асуудал тавьдаг, шахдаг, түүнийг нь би яагаад хийхгүй байна, түүний хариу над дээр яаж ирж байгааг би илчилнэ. Зөвхөн Халтар гэж хүнийг нийгэмд муухай харагдуулах зорилготой өндөр цалин хөлстэй тусгай баг хүртэл ажиллаж байна. Бүр өрөө сав, техник хэрэгсэл бэлдчихсэн, томоохон редакцийн хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө тролл багууд гэдэг чинь. Арван хүн эерэг үнэнийг бичихэд түүнийх нь эсрэг 100 сэтгэгдэл бич гэсэн үүрэгтэй, журамтай, тэр тоогоор нь урамшуулал нь бодогддог баг хүмүүс ажиллаж байна шүү дээ. Үүнийг удирдан зохион байгуулж байгаа хоёр гурван хүнийг тодорхой хүрээнд хүмүүс мэдчихсэн яриад л явцгааж байна. Гэхдээ бүгдээрээ мэдэхгүй байгаад л аюул нь байгаа юм.
-Таны эсрэг энэ бүх дайралт яг юунаас эхтэй юм бэ?
-Бүх зүйлийг мушгиад эхэлсэн нь нэлээн эртнээс юм. Эхлээд миний хүүгээр оролдоод эхэлсэн. Халтарын хүүхэд нь Замын-Үүдээр баахан машинтай гэж. Тэгээд би тухайн үед нь нийгэмд хэлсэн “Миний хүү ачааны машинтай байтугай эхнэр нь унадаг ганц приустэй шүү” гэж. Тэгээд цагдаагийн байгууллагад үүнийг шалгаж өгнө үү гээд өгсөн. Тэд шалгасан. Лав манай хүүг дуудаж хоёр гурван ч удаа мэдүүлэг авсан гэсэн. Дараа нь намайг “Үндэсний тээврийн корпораци” гэж Замын-Үүд дээр тээвэр хоёр талаасаа хийх гэсэн асуудал дээр баахан ярилаа. Тэгэхээр энэ бүхэн юунаас эхтэй вэ гэдгийг хэлэх нь зөв байх. Цар тахлын хүнд үед, гадагшаа чөлөөтэй урсгалгүй болчихоор бидний ганц нүд чих бол ГХЯ, Элчин сайдууд, Ерөнхий консулууд маань болж байна. Бид бүх харилцаагаа тэднээрээ дамжуулж явуулдаг. Энэ дашрамд хэлэхэд, Эрээнд сууж байгаа манай консулын газрынхан үнэхээр сайн ажиллаж байгаа. Цаашлаад Хөх хотын консулынхан, Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан үнэхээр сайн ажиллаж байгаа. Ялангуяа Цар тахлын үед Хятадад байгаа дипломат төлөөлөгчийн газрынхан бүх чиглэлд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа нь харагддаг. Эрээнд байгаа манай консулынхан Эрээний Ардын засгийн ордныхонтой байнга холбоотой. Тэгээд тодорхой хугацаагаар тээвэрлэлт хаахаар нь манайхан тээврээ хийе гэдгээ өдөр шөнөгүй ярина биз дээ. Тэгэхээр Хятадын талынхан манайхыг тээвэрлэлтээ нэгдсэн зохион байгуулалтад оруул гэсэн шаардлага тавьжээ. Хятадын талаас Синотранс гэдэг тээвэр зуучийн компани нэгдсэн зохион байгуулалтыг хийнэ. Монголын талаас ямар байгууллага, компани нэгдсэн зохион байгуулалтыг хийх юм гэнэ биз дээ. Манай талаас орсон чингэлгүүд тодорхой хугацааны дараа буцаж гарч ирэх ёстой, чингэлэг ирэхгүй бол нөгөө ачаа тээврийн чинь эргэлт байхгүй болно. Задгай ачаа гэхээр дундын бүс дээр эргүүлж ачиж болохгүй учраас заавал чингэлгээр явуулна гэдэг шаардлагыг Хятадын тал тавьсан. Бид хүлээж авахаас өөр ямар ч арга байхгүй нь тодорхой. Тэгээд манайхан ярилцаад “Монголын тээвэр зуучлагчдын холбоо” гэж ТББ-д хандлаа. Үнэндээ 200, 300 тээвэр зуучлалын компани тус бүртээ бид энэ асуудлаар ярилцах боломжгүй. Ингээд тэр холбооныхныг дуудаж уулзаад “За та нар дотроо ярилцаад Синотранс компанитай хамтраад ажиллах ганц хоёр сайн компани олж ажиллуул, компаниуд дотроо зохион байгуулалтаа хий” гэсэн. Тэд болохоор манай тээвэр зуучийн олон компани нэгдсэн “Үндэсний тээвэр зуучийн корпораци” гэж байна, үүнийгээ ажиллуулъя гэсэн. Надад хэнийгээ ажиллуулах нь сонин биш. Нэгдсэн зохион байгуулалтад орох нь чухал. Гэтэл одоо юу болж, мушгин гуйвуулж, миний эсрэг ашиглаж“Үндэсний тээвэр зуучийн корпораци” нь миний оролцоотой болгож байна. Уучлаарай, надад тэр ямар ч хамаагүй асуудал.
-Тэр “Үндэсний тээвэр зууч” корпорацийн удирдах зөвлөлд байдаг Шатархүү гэж хүнийг л тантай бизнесийн хамтрагч гэж бичих юм байна шүү дээ?
-За тийм, Шатархүү гэж залуу байна. Би цагдаад шалгуулахаар өгсөн. Намайг тээвэр зуучийн салбарт ажиллаж байх үед ажил төрлийн холбоотой байсан хүмүүсийг шалгавал Монголын тээвэр зуучийн нэлээн олон компанийг шалгах болно доо гэдгийг цагдаад хэлдэг. Монголын Төмөр замын тээвэр зуучлалын асуудал хариуцаж байсан ямар ч дарга тэдэнтэй л хамтарч ажиллахгүй тэгээд өөр хэнтэй харьцах юм. Тэдгээр нөхдүүдтэй чинь сайндаж муудаж, дээр дороо орж явдаг ажил шүү дээ. Тэдний нэг нь наад Шатархүү чинь. Тээврийн компани байгуулаад гараад явсан залуус ч надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс байдаг юм билээ. Тэр бүгдийг би танилгүй яахав, тийм биз дээ.
-Яахав дээ, тантай нэгэн үе “Монгол чихэр корпораци” гэдгийг хамтран байгуулж, хувь эзэмшиж явсан гэж л бичсэн байна лээ?
-Бас зөв, тэгэхээр нэлээн түрүү үеийн түүх. 2013 оны хоёрдугаар сард би Улаанбаатар төмөр замаас халагдлаа. МАН-ын гишүүн гэж халсан л даа. Ажилгүй болсон би чинь амьдралаа авч явах хэрэгтэй биз дээ. Ямар нэгэн ажил хийх ёстой, тийм үү. Тэгсэн хоёр гурван залуу надад хандлаа. Хамтраад бизнес, хүнсний бараа гаднаас оруулж ирье гэж. Тухайн үед надад Монголын долоо, найман компаниас ажиллах санал тавьсан юм. Говь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаач, нэр бүхий томоохон зочид буудлууд хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн. Би залуучуудын саналыг хүлээж авсан. Ингээд чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирлээ. Хэдэн залуучуудтай хамтран чихэр хийж үзлээ, тэгээд бид хэдийн ур чадвар дутсан уу, зах зээл дээр ажиллах чадвар дутсан уу, мэргэжлийн хүнээ бэлдээгүй байснаас ч болсон уу, тэгсхийгээд тоног төхөөрөмжөө хэдэн төгрөгнөөс зараад, банкинд жаахан зээл байсан түүнийгээ хаагаад, ингээд бидний тооцоо дууссан. Тэдгээр залуус дотор Шатархүү байсан юм. Тэдгээр залуучууд маань хувь хувийнхаа бизнесээ хөөгөөд тал тал тийш салсан. Би төрөөс нуух юм байхгүй. Эргээд Төмөр замдаа орсон, жил бүр ХОМ бөглөдөг. Би икс тайлантай компаниа мэдүүлэх ёстой шүү дээ. Тэр дунд нөгөө цаасан дээрх икс тайлан, компанийн хувь эзэмшигчид гэхээр Эрдэнэбилэг, Баттөр, Шатархүү, Эрдэнэ гээд талийгаач болчихсон хүний нэр хүртэл явж байгаа. Хэдий үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн төрд түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй. Үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн тэг баланс гаргадаг тийм компанид би 20 хувь эзэмшдэг гэдгээ бичих хуультай, тийм л юм. Тэрийг хараад сэдэл аваад “Өө тэр Шатархүү нь энд явж байна, ингээд Халтартай холбоод сэвээд байхад алах юм байна” гээд нөгөө хэд чинь сэтгэж л дээ. Үнэхээр ч цаасан дээр тэр харагдаж байгаа. Хөөрхий тэгтэл бодит амьдрал дээр өөр л байгаа шүү дээ. Ер нь тийм л байдаг биз дээ. Надад Шатархүүтэй холбоотой юу байх юм бэ, зайлуул. Ганц энэ ч биш, одоо Замын-Үүдэд байгаа жолооч нарыг энэ мэт тархи угаалтаар над руу маш их турхирч байгаа. Яг үнэндээ тэнд байгаа зарим хүмүүсийг би шууд буруутгана. Юунаас үүдэлтэй вэ гэхээр Эрээнээс ирж байгаа бараа тээврийн үнэ 100 мянган юань хүртэл боллоо гэсэн шүүмж их явлаа. Эрээн-Замын-Үүдийн тээврийг нээх үед бид урьдчилаад яаж үнийн хөөрөгдлийг гаргахгүй байх вэ гэсэн ганц бодлого баримталсан. Энэ асуудлыг дипломат шугамаар хүртэл ярьсан. Үнэндээ энэхүү үнийн хөөрөгдлийг бий болгохгүйн тулд Хятадын талаас Синотранс гэдэг компани гаргаж ирсэн юм билээ. Ингээд Хятадын талаас дундын бүс дээр оруулаад ирнэ. Дундын бүсээс авчраад Замын-Үүд дээр буулгана, эсвэл шууд Улаанбаатарт авчирч буулгана. Буцаагаад хоосон чингэлгээ Замын-Үүд дээр буулгана, тэрийг цааш нь дундын бүс дээр авна, дундын бүсээс Эрээн рүү авна. Ийм порцессыг тооцож байгаад манайхаас ажлын хэсэг очиж ажилласан юм. Энэ үеэр Замын-Үүд дээр байгаа ТББ-ууд, компаниудын зүгээс 30 сая, 20 сая, 15 сая төгрөг гэсэн том том тоонууд дуулдаж эхэлсэн.
-Тэдгээр компаниуд дундаас нь авдаг нь тодорхой болсон гэж үү?
-Мэдээж, эдгээр том тоонуудыг манай зүгээс 8.8 сая төгрөг болгож буулгасан юм. Манай зүгээс ард түмний эрх ашгийн төлөө үнийг ингэж буулгаж тогтоосон сайн үйлийг хийлээ, олны эрх ашгийн төлөө ажил хийлээ гэж боддог. Гэтэл энэ байдал тэнд байдаг, цөм ашиг хийдэг цөөн хэдэн хүнд таалагдаагүй. Нөгөө 30, 40 сая төгрөгийг нь 8.8 сая төгрөг болтол буулгасан учраас шүү дээ. Ингээд том ашиг хийж байсан цөөн хэдэн хүнд Халтар бол жинхэнэ дайсан нь болно биз дээ. Тэнд очсон ажлын хэсэг рүү тэр хэдэн нөхөр баахан дайрсан. Сүүлдээ надад баахан алж хядах мессэж ирэх болсон. Бүр сүүлдээ хэвлэл мэдээлэл, сошиал, бүх сувгаар намайг нүдэж байна даа.
-Угтаа бол амьдрах гэж яваа тэр олон хүний төлөө л сайныг хийж гэж ойлголоо?
-Бид ч өөрсдийгөө тэглээ л гэж бодсон. Хэдхэн хүн зохион байгуулалттайгаар үнэ хөөрөгдсөн байсныг навс буулгалаа гэж бодсон. Шулуухан хэлэхэд, Замын-Үүдийн хэдэн жолооч нарын эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан юм. Төр өөрийнхөө зангаргаар ард түмнийхээ эрх ашгийг бодсон юм. Тэгж яривал Улаанбаатарт байгаа, бусад газарт байгаа жолооч нар тэр ачаануудыг чинь таван саяар, гурван саяар тээвэрлээд өгье гэж байна. Бид яагаад тэдгээр жолооч нарыг тийш нь оруулж болохгүй байгаа юм. Асуудал биз дээ. Бид эхлээд орон нутгийнх нь иргэд, жолооч нарын эрх ашгийг бодъё л гэсэн зөөлөн бодлого. Гэтэл өөрсдийнх нь төлөө явсан биднийхээ эсрэг өнөөдүүл маань босчихсон, гол дүрийн дайсан нь би болчихсон явж байна. Инфляцийн өсөлт, үнийн хөөрөгдөл, гурван сая иргэн, 200 жолоочийн асуудал бүгдийг нь бодож хийсэн үйл ажил. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн шийдвэрийг хоёр талаасаа манай ажлын хэсгийнхэн ярьж хийсэн. Тэр тээвэр зуучийн корпорациар дамжуулж намайг өдөрт 20 саяыг гэсэн үү, 200 саяыг гэсэн үү олж байна гэж дайрч байгаа...
-Таныг 300 саяыг олж байгаа гэж бичиж байгаа...
-Нээрэн 300 сая ч бил үү. Хамгийн инээдтэй нь тэр тээвэр нь одоо эхлээгүй байгаа шүү дээ /инээв/. Бас л хүнийг муухай харагдуулахын тулд хамаа намаагүй бичиж байгаа юм шүү. Үйл ажиллагаа нь эхлээгүй ажлаас өдөрт 300 саяыг олдог юм байх. Ийм л юм болж байна. Төр засгийн зүгээс энд хоёр зүйлийг онцгой анхаарсан шүү дээ. Нэгдүгээрт ачаа тээврийг саадгүй явуулчихъя, хоёрдугаарт нь дуртай үнийг хэлдэг, дуртай үнээ тогтоодог байдлыг ийм хүнд цаг үед зогсооё гэж. Үүнд чинь төр оролцох ёстой. Ингэхгүй бол одоо над руу дайрч байгаа хэдхэн хүний эрх ашгаар бүх зүйл шийдэгдэж, ард түмэн, аж ахуйн нэгжүүд хохирно шүү дээ.
-Энэ бүгдийн ард тэгээд хэн байдаг юм бэ, хэн турхираад байдаг юм, зах сэжүүрээс нь мэдээлэх боломж байна уу?
-Би нөхцөл байдлыг харж байна. Энэ тээвэрлэлт эхлээд, ажил яваг. Хамгийн эхлээд төрийн ажил чухал, ард түмний эрх ашиг нэгдүгээрт биз дээ. Тээвэрлэлт эхэлсний дараа тэд ямар зохиол бичиж, найруулж байгаад дайрах нь уу, харна. Хамгийн инээдтэй нь өнөөдөр тэдний юу хийж байгааг би алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа. Түүнийг нь баримтжуулах ёстой, тэгээд баримтуудыг нь гаргаад тавихаар ямар хүмүүс болох, хувийн эрх ашгийнхаа төлөө хүн хөнөөхөөс ч сийхгүй амьтад болохыг ард түмэн харах болно. Чингэлгээр л ачааг зөвхөн явуулна гэсэн шаардлагыг Эрээний талаас тавьсан. Бид хүлээж авсан. Гэтэл жолооч нар яаж хандаж байна гэхээр намайг зориуд чингэлэгт ачих ажлыг хийлээ гэж байгаа юм. Гэтэл түүнийг Эрээн дэх манай консулынхан Эрээний Засгийн ордонтой ярилцаад хийж байгаа ажил. Бид түүнийг хэрэгжүүлж байгаа үйл явц. Одоо миний тооцоогоор бол энэ долоо хоногийн төгсгөл ирэх долоо хоногийн эхээр нөгөө яриад байсан чингэлгийн тээвэр бага багаар эхлэх байх. Энэ үед яаж дайрч, гүтгэж доромжлох нь уу, Монголын төрийг тэд хэрхэн гутаан доромжлох нь уу... тэр үед сэтгүүлчдэд нээлттэй хэлнэ.
-Монголын төрийн жаахан мөнгө олж байгаа эрдэс баялгууд нүүрс, зэс, төмрийн хүдэр... саадгүй нэвтрээд байх боломж хэзээ бүрдэх вэ?
-Зүүн талаар Баянхошуугаар газрын тос бага зэрэг гарч байна. Бичигтийн боомтоор Хөөтийн уурхайгаас жаахан нүүрс гарч байна. Хөөт чинь эрчим хүчний нүүрсний бас их том бассейн шүү дээ. За тэгээд наашаа яваад Замын-Үүдийн асуудал байна. Том асуудал. Манай экспорт, импортын гол гарц, ач холбогдлоороо гэвэл номер нэгдүгээр боомт. Үнийн дүнгээрээ гэвэл хоёрдугаарт орох боомт. Гашуунсухайт бол эдийн засгийн үр өгөөжийн хувьд номер нэгдүгээр боомт. Ийм нөхцөл байдалтай цаг үед ямар нэг ажил дээр цаг хугацаа амлах ямар ч боломж алга.
-Төр засгийн зүгээс “Өвлийн олимп хүртэл хил нээгдэхгүй” гэж ард түмэндээ шууд хэлж болдоггүй юм уу. Тодорхой мэдээлэл өгөхгүй болохоор хил удахгүй нээгдэх нь гэж ойлгоод аж ахуйн нэгж, ард иргэд бараа таваарынхаа урьдчилгаа мөнгө төгрөгөө гадагш нь шилжүүлээд хохироод байна шүү дээ?
-Порцесс яаж явж байна гэхээр Хятад-Монголын хил (газрын зураг дээр тайлбарлав) энэ байна. Ингээд дундын бүс. Хятадын тал аргаа бараад өөрсдийнхөө зардлаар дундын бүсэд чингэлэг ачиж буулгах талбай байгуулж өглөө. Хятадын талаас үдээс өмнө орж ирж ачаагаа буулгачихаад гараад явчихна. Үдийн хойно манай талаас калмартайгаа орж ачиж аваад гарна. Энэ бол яаж хүн хоорондын харьцаа үүсгэхгүй байх вэ, яаж халдвараас сэргийлэх вэ гэсэн ганц арга зам. Өнөөх л Монголын жолооч нартаа “За та нар машинаасаа бууж болохгүй, хогоо цонхоор хаяж болохгүй, бие засч болохгүй” гэж цэцэрлэгийн хүүхдэд хэлж байгаа юм шиг сургаж байна. Айлын талаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх. Нөгөө л сахилга хариуцлагын асуудал. Монгол жолооч нараас шалтгаална. Бид сахилга баттай байгаад, шуурхай татан авалтаа дүрэм журмын хүрээнд хийгээд байвал Хятадын тал нэмэгдүүлэх нь нээлттэй байгаа. Гэтэл ачаа авах гэж ороод хоорондоо дэмий яриад, бууж тамхиа татаад, хогоо гадагш нь шидээд, тэдний шаардлагыг зөрчсөөр байвал хил хаалттай байна. Хариуцлага алдаж Монголын хилийг хаалгахад хүрсэн олон жолооч, олон аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө тарьсан гайг төр засаг руу чихэж одоо болохгүй шүү. Түүнийг нь нөгөө тодорхой хүмүүс ашиглаж, улам бужигнуулаад, төр муу ажиллаж байгаа юм шиг ойлголт өгөөд явж байна. Үнэндээ сахилга хариуцлагагүй монголчуудаас болж бүх хилийн хаалт, гацаа, түгжрэл үүсч байгааг дахиад хэлэхээс өөр арга алга. Монголчууд минь та нар хариуцлагатай байвал хилийн хаалт нээгдэнэ. Ердөө л энэ.
-Ачиж буулгадаг калмар гэж техник нь Замын-Үүд дээр ганцхан байдаг, тэр нь хэмхэрчихээр бүгд зогсдог гэсэн яриа нийгэмд гарсан?
-Ийм инээдтэй зүйлд итгэж болохгүй. Замын-Үүдийн вагоны ачих буулгах цэг дээр гэхэд дөрөв ажилладаг. Тэдгээр нь хангалттай хүрэлцдэг учраас ганц хоёр нь бараг ажилгүй зогсох үе бий. Төр засгийг муухай харагдуулах гэсэн бүлэг хүмүүсийн зорилготой худал яриануудад сэтгүүлчид маань ухаалаг хандах хэрэгтэй. Цаана чинь юу гэж ч зохиогоод, яаж ч мушгин гуйвуулж мэдэх хүмүүс ажиллаж байгаа шүү. Дундын бүсэд нэг калмар ажиллаж байгаа, тэр хангалттай хүрэлцэнэ. Шаардлага гарвал Хятадын талаас өдөрт нь түрээслээд оруулаад ирнэ. Наад калмар чинь хэзээ ч асуудал байгаагүй. 50 ширхэг чингэлэг ачиж буулгахад нэг калмар хангалттай байдаг юм. Хурдан буулгаж ачих нь тэрхүү калмарыг ажиллуулж байгаа оперотарын ур чадварын асуудал. Монголын төмөр зам хариуцдаг учраас миний зүгээс оперотаруудынхаа ур чадварыг сайжруулж байгаа биз л гэж хэлдэг. Тэр калмар сүртэй асуудал биш ээ, тэрнээс огт өөр монголчуудын буруу хандлагыг засах хамгийн том асуудал байна.
-Хоёулаа боомтуудыг ярьж байгаад, калмар болоод явчихлаа?
-Тэглээ, за энэ Ханги-Мандалын боомт байна. Төмөр замтай холбогдох хамгийн ойрын цэг учраас их ач холбогдолтой. Дээр нь Таван толгойгоос концессоор авто зам тавигдана. Одоо бол бага зэргийн нүүрс тодорхой хязгаарлалттай гарч байна. Энэ боомт томоор ажиллах нь дахиад хэлье, мөн л манайхнаас шууд шалтгаална. За энэ Таван толгойгоос Ганц мод, Гашуунсухайт чиглэл рүү өдөрт дунджаар 100 орчим машин гарч байна. Сүүлийн үед овоо сэргээд 500, 600 машин руу дөхөж байлаа. Тэгсэн нөгөө халдвар хамгаалалтын дэглэмээсээ болоод саарчихлаа. Цагаан хаднаас Ганц мод руу гаргах гэж байгаа богинын тээврийн жолооч нараас вирус илрээд эхлэхээр Хятадын тал хязгаар тавьчихсан. Баруун хязгаарт Булган боомтоор Хөшөөтийн уурхайгаас бага хэмжээний нүүрс гарч байна.
-Одоо тэгээд цаашдаа ямар бодлого боомтууд, хил гааль дээр хэрэгжих вэ?
-Омикроны араас хэдэн удаагийн мутаци явагдаж, хэдэн шинэ нэр гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид цаашид экспортод голлох нөлөөтэй Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги-Мандал гэхчлэн эдгээр голлох том боомтууд дээрээ хүний оролцоо багатай ухаалаг систем, байгууламжуудыг нэн даруй байгуулах ёстой. Ганц мод дээр энэ систем бэлэн шахуу болчихсон байна. Гашуунсухайт дээр ойрын үед хийгдэнэ. Боомтын үндэсний зөвлөл дээрээ асуудлыг оруулна. Жолоочгүй тээвэр гэсэн л үг шүү дээ. Бид хариуцлагагүй байгаа учраас цаад талаас үүнийг хүсч байна.
-Манай эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг авах сонирхол бол цаад талд их байгаа биз дээ?
-Байлгүй яах вэ. Авмаар байдаг, хүний оролцоотой порцесс учраас бид вирус аваачиж тараачих гээд болдоггүй. Тэгэхээр нь арга ядаад хүний хүчин зүйл оролцдоггүй ухаалаг тээврийн системийг хийе гэлээ. Энэ бүх үйл явц монголчуудад дургүйдээ биш. Авах хүсэл, хэрэгцээ цаадуулд чинь байна. Чингэлгийн терминалууд харьцангуй гайгүй болж байна.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Ирэх оны долдугаар сар гэхэд галт тэрэгний хөдөлгөөн нээгдэнэ. Тэр үед нүүрс тээвэр 20-40 сая тонноор яригдана. Энэ хүчин чадлыг цааш нэмэгдүүлэх нөөц боломж бидэнд бүрэн байгаа. Төмөр замын холболтын цэгээ Хятадын талтай ярьж байна. Хил холболтын цэгээ бол тохирчихсон. Одоо зөвхөн Хятадын талд шилжүүлж ачих уу, Монголын талд шилжүүлж ачих уу гэдэг асуудал л яригдаж байна. Төмөр зам, авто зам аль алинаар нь экспорт хийгдэнэ. Айлын талд эрэлт байгаа үед манай талд дэд бүтцийн хүчин чадал эрс сайжирна гэсэн үг.
-Хуучин Ерөнхийлөгчийн оролцоотой тавигдаж буй хөндлөн төмөр замаас гарах үр дүн хэзээ вэ?
-Таван толгой-Зүүнбаян-Сайншанд гэсэн төмөр замаар 2022 оны дунд үе гэхэд галт тэргээ явуулчих байх. Цаашдаа Зүүнбаянаас Ханги руу холбогдох төмөр замын ажил ирэх жилээс ажил нь концессоор хийгдэж эхэлнэ.
-Энэ бүгд бол ирээдүйд хийгдэх ажил. Яг өнөөдрийн тухайд бол Замын-Үүд-Эрээний их саад, түгжрэл бөөгнөрөл, хил гаалийн шуурхай бус байдал тулгамдсан асуудал хэвээр үргэлжилж байна. Хэзээ жигдрэх нь хамгийн чухал байна?
-Яг үнэн. Бодит байдлыг хэлэхэд, жолооч нар нь бэлэн байна. Дундын бүс нь байна. Чингэлгүүд Монголын талдаа байна. Калмарууд нь бэлэн байна. Оруулж ирээд вагонд шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлчихсэн. Чингэлгээс чингэлэгт ачуулах, хоосон чингэлгийг нь буцаагаад хүргэх нөхцөл нь бүрдсэн. Үндсэндээ ЗТХЯ-наас гарсан Ажлын хэсэг асуудлыг цэгцэлсэн. Бид ажлаа хийсэн, цаашид ч хийсээр байна. Биднээс огт шалтгаалахгүй өөр бусад шалтгаанууд бий. Ганцхан над руу бүгдийг хамаатуулж дайрах нь хувийн эрх ашиг нь зөрчигдсөн хэдэн хүний явуулга. Манай яамнаас шалтгаалахгүй олон чухал ажлууд цаана чинь хүлээгдэж байна. Ажил шаардаж байгаа бол “бай”-гаа зөв олох хэрэгтэй. Жишээ нь, дундын бүс дэх ариутгалын асуудлыг ЗТХ-ийн сайд Л.Халтар очиж шийдэх үүрэгтэй юм уу. Түүнийг чинь хариуцсан огт өөр бүтэц байгаа. Эцэс сүүлдээ ариутгал хийхгүй байгаа буруутан нь хүртэл ЗТХ-ийн сайд болчихсон явж байх жишээтэй. Ингэж болохгүй. Ямар ч байсан Замын-Үүд-Эрээний хоорон дахь олон процесстой тээврийн ажлыг эхлүүлье. Тэр үед хоёулаа эргэж уулзъя. Үндсэндээ нөхцөл байдалд дүгнэлт хийсэн оршил ярилцлага өглөө гэж бодож байна.