Хүүхдийг сургахаасаа түрүүлж хүн болго
Хөгшдийг тэжээхээсээ урьдаж асар
” гэж Буддын философид байна.

“Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж гүүш Чойлувсанжав гуай минь айлджээ. Хүн болоогүй хүнэнцрүүд эрх мэдэлд хүрэхээрээ албин зангаар авирлаж, аль бүтэхгүй болгоныг сэдэх явдал дэлхий даяар л байх юм даа.

“Хүн нэрээ, тогос өөдөө” гэж сайн, муу нэр нь хүний өөр рүүгээ буян эсвэл буг юүлсэнэ үү гэдгээс л шалтгаална. 

Хараат бус хувь хүн харалган бодол тээдэггүй. Яагаад? Хариуцлагатай байдаг учраас.

Өөрийгөө аваад явдаг хүн өрөөл бусдад гай лай болдоггүй. Яагаад? Өөртөө үнэ цэнэтэй байгаа учраас.

Эрх чөлөө амьсгалтай нь цуг ирдгийг мэддэг хүн жам ёсноос хазайдаггүй. Яагаад? Эрх чөлөө бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүний эрүүл саруул чиг зорилго юм.

Хүний үнэ цэнэ, мөн чанар, хичээл зүтгэл нь түүний оршин байх бат бөх хазайшгүй галбир. Яагаад? Хүн өөрийнхөө баялгийг өөрөө бүтээхээр ирсэн бодьгал, түүний эдийн болоод сэтгэхүй баялаг өсөж үржих үү, үгүйрэх үү гэдэг нь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс л хамаарна.

Гадуур яваа явган яриа, холоос шидсэн ховон чулууг үл тоож, нүцгэн үнэнийг чандлан олж харж, нөмөрлөх үнэнд дөт байж, нөхцөл байдлыг бодитой үнэлж, саруулхан сэтгэж, хүн чанар гээч бурхандаа өөрийгөө даатгаж, алга байсан чамайг, намайг биенээсээ ургуулсан ачтан аав ээжийгээ бишрэн дээлэх аваас та,та нар, би, бид нарын оюун санаа зөв тийшээ ёс зүйтэй тэгширмуй…

***

Жаргал зовлон хосолсон орчлонд зөв буруу хоёр зөрөлдөн байна. Хүн хүнийхээ гар дээр эхийн хүйснээс хүй тасран, өөрөө уйлж өрөөлийг баясаан мэндэлдэг. Хүн хүнийхээ гар дор мөнх бусыг нотлон өөрөөлийг уйлуулж өөрөө буцдаг. Ирсэн бол буцах хорвоогийн жамаас хүн зугтах арга үгүйг хүн бүхэн мэддэг хэрнээ мөнхийн юм шиг авирлах нь хүний сөнөл.

Хүн алга байсан, байна, үгүй болно. Хатуухан хэлэхэд ирсэн өдрөөсөө эхлээд хүн буцах жам руу л дөтөлнө. Ирээд буцах орчлонд эрх чөлөөтэй сайхан амьдрах учиртай. Эрх чөлөөг хэн нэгнээс нэхэхгүй өөрөө буй болгох хэрэгтэй. Эрх чөлөө бол өөрөөс гадна өрөөлийн эрх, эрх чөлөөнд халдахгүй байх явдал. Хавь орчноо эрх чөлөөтэй байлгахын тулд учир зүй, ёс зүй, гоо зүйтэй байх нь хүний оюун санаа ариун байх тодотгол.

Бие даасан хараат бус хүний ажил үйлс, орлого, ашиг, зардал нь тунгалаг цэвэр байдаг. Эдийн засаг эд мөнгөний хараат байдал хүнийг бохир зам руу хөтөлдөг. Хүн нэг л бохирдох юм бол сэхээ авах нь тун ховор хэцүү. Өөрөөсөө урваддаггүй, өөртөө үнэнч хүн өөрийгөө болоод өрөөлийг буртаглахгүй.

Хүн өөрийн орон гэртээ эрх чөлөөг тунхаглаж, эхнэр нь нөхрийнхөө ор дэвсгэр биш, эр нөхөр нь эхнэрийнхээ тогоо шанага биш гэдгийг нотод ухаарч итгэлцлийн дархлаатай байж гэмээнэ амьдрал цэцэглэн аз жаргал ундарна. Хүн оюун санаа, чиглэл зорилго, ур чадвараараа гайхамшгийг бүтээнэ.

Зовж байгаа бол түүнийг эхлээд өөрөөсөө хайх нь чухал. Би залхуу юу, атаархуу юу, мэдлэгтэй юу... гээд л олон зүйлийг өөрөөсөө олчих. Жаргаж байгаа бол үүнийг өөрөө цогцлоов уу, өрөөлийг шимж, бохир аргаар, муу муухай барилаар бүтээв үү гээд л…

Жаргалаа өөрөө бадрааж, зовлонг таягдан хаях аваас хүн болсны, бас байгаагийн үнэ цэнэ оршвой…