Зовж бүтээсэн гадаад харилцаагаа эрхэмлэн ажиллая
Энд зориуд тэмдэглэхэд, эдийн засгийн дотоод гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл, түгжрэл, бухимдал, улс төрийн тогтворгүй байдал, саяхны тэр хулгай зэрэг өөрсдөө дотооддоо шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орныхоо гадаад харилцааг, тэр дундаа зовж бүтээсэн хоёр талын хамтын ажиллагааг зольчихмооргүй байна. Тийм санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш.
Гадаад орнуудтай 2022 онд хэрэгжүүлсэн дээд өндөр хэмжээний айлчлалуудыг хүснэгтээр толилуулснаа үргэлжлүүлье. Эхлээд Монгол-Хятадын харилцааг хөндөе.
Сэдэвт шууд бус хамаатай нэг мэдээлэл нүднээ буув. “Монголд ажилч хичээнгүй хүнд хийх ажил олон байна” гэсэн гарчгаар Монголд дүрвэн ирсэн орос залуус ажиллаж буй тухай манай тэргүүлэх нэг сайтад бичжээ. Манай эх орныг зориод ирсэн гадаадын ямар ч иргэн иймэрхүү ойлголттой байдаг, тийм ойлголттой буцдаг. Хийх ажил асар их байна, захаас аван байна, түүнийгээ хийхгүй байна гэсэн яриа хөөрөө, нөхөрсөг шүүмж бишгүйдээ л сонсож явлаа.
Яг энэ өнцгөөс нийтлэлээ босгоё. Ардчиллын 30 гаруй жилд нийгмийн амьдралын салбаруудаас ганц гадаад бодлого, гадаад харилцаа л прогрессоор урагшилсан, ГХЯ-ны босгоод хөөцөлдөөд бүтээсэн гадаад бодлогын ололтуудыг гадаад эдийн засгийн харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаандаа ашиглах талаар улс төрчид, бизнесчид, эдийн засагчид хойрго хандаж ирсэн гэдэг байр сууриа би байнга илэрхийлдэг.
2022 оны хувьд БНХАУ-тай хоёр талын харилцаа үлэмж ахицтай байна. Ерөнхийлөгч, Ерөнхийсайд нар нэг жилд хоёулаа албан ёсоор айлчилсан, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын дарга, Гадаад хэргийн сайд (Төрийн Зөвлөлийн гишүүн) манай эх орныг зориод ирсэн, ялангуяа Төрийн тэргүүний албан ёсны төрийн айлчлал угтуулаад цахимаар салбар салбарын сайд нар хамтран хуралдаж хэлэлцэх, гарын үсэг зурах бүх асуудал, баримт бичгээ харилцан тохиролцсон тохиолдол тэр болгон давтагдаад байдаггүй. Дэлхийг зогсонги байдалд оруулсан цар тахлын хоёр жилийн дараа, БНХАУ-ын дотоод амаргүй улс төрийн үйл явцын дараа, ХКН-ын ХХ их хурлын дараа манай Ерөнхийлөгч айлчилсан нь хоёр талдаа улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явдал байв. Хоёр тал Төрийн энэ айлчлалд хоёулаа маш их ач холбогдол өгсөн.
Тэгэх тусмаа хоёр сар хагасын дотор хоёр Төрийн тэргүүн албан ёсоор хоёр удаа уулзсан, хоёр улсын хооронд бусдад жишиг болох үлгэр жишээ харилцаа болгохын төлөө хоёул нэгэн санаагаар тэмцсэн, иж бүрэн стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргасан, манай улсад ашигтай байдлаар худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжиж байгаа гэдгээр “2022 он” түүхэнд нэн чухлаар тэмдэглэгдэх биз ээ. Уншигчид 19 зүйл заалт бүхий “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийг харна уу.
Жагсаавал олон салбарыг нэрлэхээр байна. Худалдаа-эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаа, нүүрсний худалдаа, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн бүтээн байгуулалтууд гээд ярьвал баярлуулах мэдээ (Хамтарсан мэдэгдлээс харна уу) олонтой буцаж ирсэн дээ.
Одоо нийгэмд ид яригдаж буй нүүрсний (хулгайн) сэдэвтэй холбогдуулсан шинэ санаа сэдлийг дорж өгүүлье. Ганц жишээ юм даа. Өмнөд хөршид нүүрсээ экспортлох гэж хичнээн мэрийв? Мэрийжч байна. Хятад ч уужим сэтгэлээр худалдан авсаар өнөө хүрсэн. Хүлэмжийн хийн ялгарлын эсрэг тэмцэнэ, ногоон эрчим хүчинд шилжинэ гэсэн лоозонтойгоо зөрчилдөн манай улсыг, манай иргэдийг орлоготой байг гээд манай нүүрсийг авсаар байна. Худал биш. Манай улсын зорилго нь Хятадтай нүүрсний урт хугацааны хамтын ажиллагаа явуулах. Монгол Улс байнгын орлоготой байх ёстой гэдгээр нүүрснээс өөр түүнтэй дүйцэхүйц экспортын өөр бэлэн бүтээгдэхүүн тийм ихээрээ алга. Жилдээ 40-70 сая тонныг Хятадад худалдана гэдэг дээр манай тал зогссон. 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 31 сая тонныг экспортолж байсан нь дөнгөж саяхных. Тэгвэл 2-3 дахин өсгөхөөр Төрийн айлчлалаар хоёр Төрийн тэргүүн ярьж тохиролцлоо. Холболтууд хийгдэх нь байна. Төмөр замаа өөрсдөө барьж босгоод хил рүү хүргэчихснийг Хятадад өндөр үнэллээ. Холболтоор хилийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Манай улс тавьсан зорилгодоо хүрнэ.
“Зовж бүтээсэн гадаад харилцаагаа эрхэмлэн ажиллая” гэсэн гарчгаа санаандгүй аваагүй юм. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг тасралтгүй хийж, ялангуяа манай дипломатчид ихээхэн хүч хөдөлмөр зарсан. Улс төрчид нь (Ерөнхийлөгч) түүнийг албажууллаа. Ингээд хамтран ажиллаж эхэлтэл хулгай гэх сэдэв босч ирээд хоёр талд бөөн нээнтэг тавьчихлаа. Хятадын талыг ч эвгүй байдалд орууллаа. Монголын улс төрчдийн, цаана нь эх орны нэр төрд хэдэн халтар төгрөгний луйвар том толбо боллоо.
Энд зориуд тэмдэглэхэд, эдийн засгийн дотоод гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл, түгжрэл, бухимдал, улс төрийн тогтворгүй байдал, саяхны тэр хулгай зэрэг өөрсдөө дотооддоо шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орныхоо гадаад харилцааг, тэр дундаа зовж бүтээсэн хоёр талын хамтын ажиллагааг зольчихмооргүй байна. Тийм санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш.
Үүнтэй холбоотой анхаарууштай шалтаг шалтгаан олон байна. Юу гэвэл Монгол-Хятадын харилцаа гэдэг чинь үргэлж ийм гэгээн саруул дардан замаар яваагүй, бид бүхнийг нэг өглөө сэрэхэд чинь л хятад гэж ийм нэг өгөөмөр найз алгаа тосоод хүлээж суусан юм огтоос биш, энэ бүхнийг маш их үнэ цэнэ, өртгөөр бүтээж босгоод өнөөдөр монголчуудыг Хятадтай золгуулсан гэдгийг мартаж болохгүй! Хятадтай харилцаа муудсан үед Монголын Дипломат алба хэрхэн нуман тулгуурт ажиллаж байсныг, бас харилцаагаа хэвийн болгох ур ухаан хэрхэн зарж, буулт хийхдээ буулт хийж (ганц жишээ–Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргасан), харилцан зөвшилцөх гэж, эцэст нь нэг цэг дээр уулзах гэж хичнээн их чармайлт, олон жилийн шургуу хөдөлмөр манай төр-засагзарцуулсныг бүү мартаасай!
Яг үнэндээ бол манай зүгээс Хятадын асар их боломжийг (хязгааргүй том зах зээл, худалдан авагчид, солонгорсон бөгөөд хурдтай эдийн засаг) туйлын хангалтгүй ашиглаж ирсэн. Ганц цэгцэлж болмоор, өөртөө ашигтай эргүүлмээр улсын хэмжээний том худалдаа гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс байна. Түүн дээрээ эвлэлдэн нэгдээд урагшаа хөгжмөөр байна.
Одоо бид хичээвэл боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрээ сэргээх, эсвэл шинээр босгомоор байна. Газар дээрхи ба дорхи баялгийн түүхий эдээ гадаадын тэргүүний технологиор боловсруулж экспортод гаргах хамтарсан үйлдвэрүүд илт үгүйлэгдэж байна.Нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, өмнөд хөршийн том зах зээл рүүгээ экспорт хийх, нэмүү өртөг шингээж чадах аваас Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ өснө.
Гадаад бодлогын тухайд бид улс орондоо бүтээн байгуулалт хийх таатай гадаад орчин бүрдүүлж чадсан гэж үзэж болно. Харин бизнесийн түншүүдээ алдчихгүй байх, улс орны гадаад нэр хүндээ бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах найдвартай хөрс суурь бүрдүүлэх, гадаад олон түншийг мөргөлдүүлэхгүй байх, бид өөрсдөө олон тийшээ харж олон амлахгүй байх, амласнаа биелүүлэх тал дээр өдий төдий асуудал оршиж байна. Үүнийг би Монгол-Хятадын харилцаан дээр авч үзэн шүүмжилж байна. Хятадын өмнө нэр нүүрээ барахгүй байхсан!
ОХУ-д УИХ-ын даргын айлчлалын үеэр ОХУ-ын Төрийн Думын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенкогийн голд ортол хэлсэн үгнээс шууд эшлэе. Тэрээр:
- Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй.
- Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна.
- Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой гэжээ.
Энд оросын улс төрчийн анхааруулсныг Монгол-Хятадын харилцаан дээр байнга бодож мөрдөхсөн!