Үргэлжлэл. Өмнөх нийлтлэлийг Энд дарж үзнэ үү

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу монголчууд цахилгаан, дулааныхаа тоолуурыг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлээд тав хонов. Энэ хооронд эрчим хүчний түгээлтэнд багагүй бэрхшээл үүссэн боловч эрх бүхий байгууллагууд нь журмаар зохицуулах гэж хичээж байна. Аймаг, орон нутгуудад цахилгааны хуваарьт хязгаарлалт хийж, иргэдийн хэрэглээн дээр ч мөн хязгаар тавьж эхэллээ. Өрхийн цахилгааны хэрэглээ өмнөх жилийн мөн үеийнхээс давсан тохиолдолд илүү гарсан төлбөрийг иргэд өөрсдөө төлөхөөр болжээ.

Нийтээрээ хөл хорионд байгаа одоогийн нөхцөлд өрхийн цахилгааны хэрэглээ өмнөхөөс давах нь угаасаа зүйл тогтол. Мөн үүнээс шалтгаалахгүйгээр хэрэглээгээ нэмэгдүүлсэн тохиолдол ч олон гарсан байна. Үнэгүй юм гэдэг үргэлж үнэ цэнэгүй байдаг хойно. Гэр хорооллынхныг “халаагчаа битгий ажиллуулаарай” гэж анхааруулж байх хооронд хотын хамгийн тансаг зэрэглэлийн хорооллуудын цахилгааны хэрэглээ 50 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эзэнгүй байруудаа хүртэл цахилгаанаар халааж эхэлсэн гэх. Хүний ухамсар гэдэг зүйлд хоосон, хоолтойн ялгаа нэг их байдаггүйн бас нэг нотолгоо юм даа.

Энэ янзаараа өвлийн ид ачааллын үеийг эрчим хүчний салбарынхан маань яасхийж давах нь бас л эзмэг асуудал болоод байна. Үүнээс ч илүү санаа зовох ёстой бас нэг зүйл бол цахилаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр байгаа хэр оносон бэ? гэх асуулт.

Сануулахад Засгийн газар уг шийдвэрийг гаргахдаа өрхийн хэрэглээнд хязгаар тогтоож, 80 мкв хүртэл байрны цахилгаан, дулааны төлбөрийг 100 хувь чөлөөлж, илүү гарсан талбайн төлбөрийг иргэд өөрсдөө төлөхөөр болсон. Харин ААН-үүд дээр ийм хязгаарлалт тавиагүй байдаг юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт сүндэрлэсэн 10-20 давхар өндөр шилэн барилгуудын цахилгаан, дулааныг ч гэсэн төр 100 хувь хариуцна гэсэн үг. Нэг ёсондоо Улаанбаатарын хамгийн баян үл хөдлөх хөрөнгийн эзэд ч гэсэн энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.

Өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “250 мкв талбайд бассейн ажиллуулдаг иргэн дулаан, цалилгааны төлбөрт сая гаруй төгрөг төлдөг юм байна. Тиймээс энэ бол ААН-үүдэд өгч буй бодит дэмжлэг” хэмээн мэдэгдсэн билээ. Ерөнхий сайд дахиад л худлаа ярив. Цахилгаан, дулааны үнийг түрээслэгч төлдөггүй, түрээслүүлэгч буюу үл хөдлөх хөрөнгийн эзэн төлдөг юм. Харин түрээслэгч талбайн түрээсээ метр квадратаар нь тооцоод 100 хувь төлнө. Ерөнхий сайдын хэлсэн сая гаруй төгрөг бол талбайн түрээсийн үнэ болохоос хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөр биш юм.

Яг ийм шалтгаанаар Засгийн газрын энэ шийдвэр танилцуулагдахаас өмнө иргэдийн зүгээс “ААН-үүдээ яах дэмжих юм бэ? Орлогогүй болсон үйлдвэрлэгчид, жижиг бизнес эрхлэгчид түрээсээ төлж чадахаа байлаа. Төрөөс даадаггүй юм гэхэд хөл хорионы хугацаанд хойшлуулах арга байна уу?” гэдэг хүсэлт, шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байсан. Тухайн үед Ерөнхий сайд үүнд “Аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээнд төр оролцох боломжгүй” гэж хэлээд хойш тавьсан билээ. Тэгвэл Цахилгаан түгээх байгууллагатай хийсэн гэрээ хэлцэл ч гэсэн аж ахуйн нэгж болон иргэд хоорондын гэрээ хэлцэл мөн.

Харин Засгийн газрын сүүлд гаргасан шийдвэр нь ААН-үүдээ дэмжсэн биш, том хөрөнгөтнүүд, үл хөдлөх хөрөнгийн эздийг дэмжсэн шийдвэр болов. Тэд түрээсээ ч авна, бас дээр нь цахилгаан, улааны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө. Нэг үгээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлт, чөлөөлөлт иргэд, ААН-үүдэд хэт ялгавартай тусч байна гэсэн үг. Дээр нь хэрэглээ улам нэмэгдэх зүй тогтол угаасаа байгаа учраас эрчим хүчний салбарт ч эмзэг байдал үүсчихлээ.

УОК-ийн дарга Я.Содбаатар өчигдөрхөн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Бүтэн жил зохион байгуулсан ажлын үр дүнд коронавирусын халдварын тархалтыг амжилттай барьж чадлаа” хэмээн ярьсан байна лээ. Амжилттай байсан эсэх нь удахгүй харагдах биз. Харин Засгийн газрын зүгээс хөл хорионы үед эдийн засаг, бизнесээ дэмжих, ажлын байрыг хамгаалах бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадсан уу гэдэг өөр үзүүлэлт.

Сануулахад, одоогоос найман сарын өмнө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард, коронавирусын халдвар дотооддоо тархаагүй байхад Засгийн газар “Хилийн хорио тавигдсаны улмаас үйл ажиллагаа нь зогссон, орлого буурсан ААН, байгууллагын ажилтнуудад сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж байжээ. Уг арга хэмжээг зургадугаар сар дуустал гурван сарын хугацаатай авсан нь УИХ-ын сонгуультай давхацсан байдаг юм.

Мөн шийдвэрийн дагуу 7624 ААН-ийн 218000 даатгуулагчид /нийгмийн даатгалаа төлдөг иргэд/ гурван сарын хугацаанд 43,6 тэрбум төгрөгийг Ажилгүйдлийн даатгалын сангаас гарган өгсөн тухай Сангийн яам мэдээлжээ. Тухайн үед ААН-үүдийг хил хаагдсаны улмаас орлого буурсан гэж мэдээлсэн боловч албан ёсоор үйл ажиллагаа нь зогсоогүй, хөл хорио тогтоогоогүй байсан үе.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр нээж болохгүй жагсаалтад багтсан аялал жуулчлал, баар, зоогийн газар, зах, худалдааны төвүүдэд ажилладаг иргэд жинхэнээсээ ажилгүй, орлогогүй болоод хоёр сар өнгөрч байхад тэнд ажилладаг даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй байгаа нь шударга ёсонд нийцэх үү?

Ажилгүйдлийн даатгал олгох журамд зааснаар даатгуулагч ажилгүй, орлогогүй болсон тохиолдолд даатгал төлсөн жилээсээ хамаарч цалингийн 45-70 хувиар тооцож, ажлын 76 өдөр буюу 3,5 сарын цалингаа Ажилгүйдлийн даатгалын сангаас гаргуулах авах эрхтэй.

Өнгөрсөн удаад Засгийн газар үйл ажиллагаа нь зогсоогоогүй, цалингаа бүрэн аваад явж байсан хүмүүст “ажлын байраа цомхотгоогүй” гэдэг үндэслэлээр даатгалын сангаас нэмэлт тэтгэмж өгч байсан. Яг үнэндээ энэ мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс бус, даатгалын сангаас гаргасан нь хууль зөрчсөн алхам ч байж магадгүй. Гэтэл өнөөдөр эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрээр ажил, үйл ажиллагаа нь зогсоод, цалин орлогогүй болсон иргэд нөхөн олговор авч чадахгүй байгаа нь хэр шударга вэ? Байгууллага нь ажлаас халаагүй, чөлөөлөөгүй учраас даатгалын сантай харьцаж чадахгүй, ажил үйл ажиллагаа явуулахыг нь хориглочихсон учраас цалин, орлого байхгүй.

Тийм байхад Засгийн газар урдаа байгаа энэ асуудлыг шийдэж, зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн арга хэмжээ авахын оронд дахиад л “хавтгайруулан халамжлахаар” шийдэж, цахилгаан, дулааныг төлбөрийг чөлөөлсөн нь илүү "эдийн засгийг дэмжих" гэхээсээ илүү хэвтүүлэх алхам, массад таалагдах гэсэн заль мэх шиг л харагдаад байна. Нэгийг хэлээд нөгөөг хийдэг эрх баригчдын энэ ов мэх хэдий болтол улсаа хорлох вэ?

inews.mn