-Яагаад, Монголын ард түмний өмч гэгдэх атлаа (Бодит байдал дээр хүн бүр 1072 хувьцаатай гэж хуурсан байж таарлаа) ЭТТ ХК-ийн ногдол ашиг ард түмэнд ирэхгүй байна вэ?

-Яагаад, ЭТТ ХК-ийн хийсэн олон тооны гэрээ улсын аюулгүй байдалд нөлөөхөөр нууц болчихдог юм бэ?

-Яагаад асар их хэмжээний мөнгөн дүнтэй оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж, ард түмнээс нуусан юм бэ?

-Яагаад, энэ олон нууц гэрээнүүдэд оролцсон улстөрчдийн нэрсийг нийтэд зарлахгүй байна вэ?

-Яагаад, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудад хариуцлага яригдахгүй байна вэ? Учир нь Д.Амарбаясгалангийн тодотгосноор ЭТТ ХК нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн охин компани гэсэн шүү дээ.

-Яагаад, асар их олборлолт, борлуулалт хийгээд байгаа атлаа ЭТТ ХК нь 640 сая ам.долларын өртэй байгаа юм вэ?

-Яагаад, төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудын ямар нь, хэнийх нь болохоор 1 км замыг 5,6 сая ам.доллараар тавьж, бас ямар нь мөн яг адил 1 км төмөр замыг 1 сая ам.доллараар тавьж ирсэн байх вэ?

-Яагаад ийм хол зөрөө байна вэ?

-Яагаад, улсын хилээр 20 мянган машин хоосон гарсан вэ?

-Яагаад, энэ олон мянган машин хоосон гарч байхад ГЕГ, Б.Асралт тэргүүтний нүд “аниатай” байсан юм вэ? Тэдэнд нүдээ “анихыг” хэн үүрэгдсэн байж болох вэ?

-Яагаад, өдөр, шөнийн 24 цаг үргэлжийн мөнхөд соргог хил манах үүрэг, тангарагтай хилчид, ХХЕГ-ынхан, эдүгээ УИХ-ын гишүүн болсон Ц.Сэргэлэн тэргүүтэн өдий болтол дуугүй байсан юм вэ? Тэд яагаад, ийм том хилийн зөрчил гарч, удаа дараа давтагдаж байхад “унтсаар” байсан юм вэ?

-Яагаад, ГЕГ-ын дарга Б.Асралт, ХХЕГ-ын командлагч асан Ц.Сэргэлэн (түүний үед энэ бүх зөрчил гарсан байдаг) нартай одоо болтол хариуцлага яригдахгүй байна вэ?

-Яагаад, төмөр зам тавьж буй компаниудад нүүрсээр төлбөр хийхдээ үнийг нь 10 хувиар хямдруулж өгдөг юм вэ?

-Яагаад, нүүрсээ дандаа ам нөхцлөөр зардаг юм вэ?

-Яагаад, Өмнөговь дахь нүүрсний бүх бодлогыг Хятадууд мэдэх болсон вэ?

-Яагаад, нүүрсний тээврийг Хятадын хэдэн арван мянган машинтай компаниуд болон тэдэнтэй хамссан УИХ-ын гишүүдийн компаниуд давуу эрхтэйгээр хийх болсон юм вэ?

-Яагаад, Монголын, үндэсний тээврийн компаниудыг нүүрсний тээврээс шахаж хавчин гаргаж дампууруулаад байна вэ?

-Яагаад, нүүрсний богинын тээврийн (25 км) хөлс, уртын тээврээс (240 км) даруй 4-5 дахин илүү үнэтэй байна вэ?

-Яагаад, нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг их хэмжээний хахууль төлж байж авдаг гэж яригддаг болсон юм вэ?

-Яагаад, нүүрсний хулгай ид өрнөсөн сүүлийн 6 жилд төр, засгийн эрхийг барьж буй МАН-ынхан улс орон, ард түмнээ дээрэмдэж тоносон ийм том гэмт хэргийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан юм вэ?