“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг зарлаж бүрэлдэхүүнд нь Ц.Нанзаддоржийг оруулахаар болсон болохыг Ц.Нанзаддоржид туслах нь амаар мэдэгджээ.

Энэ мэдээлэл ч хэдийнэ хэвлэлээр цацагдаж түүнийг Х.Баттулга найзынхаа талд орж шийдвэр гаргах нь тодорхой” хэмээн таамаглал дэвшүүлж бичицгээж байв. Гэтэл Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж уг хуралдааны өмнөх өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 15-нд уг хуралдаанд оролцохоос татгалзсан тухайгаа Цэцийн дарга Н.Чинбат болон Цэцийн бусад гишүүнд бичгээр илэрхийлсэн байна.

Уг бичигт гол үндэслэлээ “ҮХЦ-ийн даргын шийдвэрийг надад танилцуулахаас татгалзсан тул тус хуралдаанд Цэцийн гишүүдээс хэн, хэн оролцохыг мэдэх боломжгүй байгаа тул энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна” гэсэн нь анхаарал татав. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн миний бие дээрх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Цэцийн гишүүний 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоол ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гээд дараах үндэслэлүүдийг дурджээ.

Үүнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат уг маргааныг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлтийг хүлээн авч тухайн үед Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Ш.Цогтоод хуваарилжээ. Улмаар Ш.Цогтоо нь эл асуудлыг Цэцийн бага суудлын хуралдаанаар 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлэхээр шилжүүлсний дагуу Цэцийн дарга Н.Чинбат нь Цэцийн гишүүн Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарыг уг хуралдааны бүрэлдэхүүнд оруулан, даргалагчаар нь Д.Одбаярыг томилсон байна.

Хуралдаан даргалагч Д.Одбаяр бага суудлын хуралдааныг даргалах явцдаа элдэв хууль бус шаардлага тавьж, хурлыг ажлын хоёр өдөр дараалан саатуулж сүүлдээ Цэцийн хуралдааныг орхин гарч явах хүртэл байж болшгүй алдаа гаргасан байх юм. Энэ талаарх үг орхилгүй тэмдэглэгдсэн хэвлэмэл болон аудио баримтууд байгааг Ц.Нанзаддорж уг мэдэгдэлдээ дурьдаж Цэцийн бүх гишүүнд хүргүүлсэн.

Ингээд Цэцийн гишүүн Д.Одбаяр Цэцийн хуралдаанаас татгалзан гарах саналаа хуулийн дагуу тавихгүйгээр хуралдааныг орхин гарч явсан нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагыг зөрчсөн гэж үзэж, хуралдааныг орхин гарсан гишүүнийг оролцсоноор тооцож хуралдаанд оролцогч бусад гишүүд хурлыг тасралтгүй үргэлжлүүлэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж гарын үсгээ зурсан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр Цэцийн хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж албажуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй байгааг Ц.Нанзаддорж мэдэгдэлдээ дурджээ.

Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хуралдахаар товлосон дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаан нэгэнтээ шийдвэрээ гаргасан. Гагцхүү энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзсэн учраас Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь “Цэцийн гишүүний 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын дагуу зарлагдсан Цэцийн дунд суудлын хуралдааныг хууль бус гэж үзэж байгаа тул тус хуралдаан оролцох боломжгүй гэж үзэж байгаагаа Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уламжилж уг бичгийн хувийг Д.Солонго, Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын долоон гишүүнд хүргүүлснээ дурдсан байна.

Ийнхүү УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцэж хуралдаад дүгнэлтийг нь хүлээн авсан Цэцийн дунд суудлын хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус болох хуулийн холбогдох заалтууд бүхий баталгаа нотолгоо гараад ирлээ. Одоо яах вэ? Үүний гол буруутан нь дээр дурдсан хуулиа зөрчиж Цэцийн бага суудлын хуралдааныг даргалах явцдаа уг хуралдаанд хэн, хэн орж байгааг танилцуулах үүргээ биелүүлээгүй, “элдэв хууль бус шаардлага тавьсан”, хурлыг ажлын хоёр өдөр саатуулсан, хамгийн гол нь Цэцийн хуралдаан эхэлчихээд байхад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хурлыг хаяж гарч Цэцийн хуралдааныг санаатайгаар тасалдуулсан Д.Одбаяр болж таарч байна. Батлах баримтууд нь хуралдааны нарийн бичгийн даргад хуулийн дагуу өгөгдсөн үүрэг даалгавар болох тэмдэглэлүүдэд байгаа гэнэ. Үүнээс шалтгаалж Цэцийн дунд суудлын хуралдаан хууль бус болох хуулийн үндэслэлтэй юм байна. Тэгэхээр УИХ, түүний Байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг хэлэлцэх эрх зүйн үндэслэл байна уу? Хэлэлцээд шийдвэр гаргачихсан Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны шийдвэр юу болж таарах вэ? Цэцийн бага суудлын хуралдааныг үл тоомсорлон хууль зөрчсөн Д.Одбаяр, түүний гаргасан алдаанаас улбаалсан өнөөдрийн ноцтой үр дагаварт хэрхэн хариуцлага тооцох вэ?

Эндээс юу харагдав гэхээр Цэцийн тухайн хуралдаанд хэн, хэн оролцохыг урьдчилж хэлж өгөөгүй, өөрөөр хэлбэл “улаан, цэнхэрээр нь ялгаж ямар нэг байдлаар урьдчилан тохиролцож магадгүй” гэсэн хардлага төрүүлэх аваас тэр тохиролцооны боломжийг олгож өгөөгүйгээрээ Д.Одбаярын зөв байж болох юм.

Эцсийн дүндээ одоогийн Ерөнхийлөгч хэн гэдгээс үл шалтгаалан Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Парламентын шийдвэрийг Ардчилсан бус томилгооны эзэд Цэцийн нэг гишүүн дураараа шийдээд Бүх ард түмний сонгуулиар сонгогдсон, /бүр хоёр удаа санал хураахад ялсан/ Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг “хасч” чадаж байна гэдэг л сонирхолтой. “Хууль бус хэрнээ ЗӨВ” шийдвэрээр л эмх замбараагүй байдал, анархи ёс тогтдогийг түүхэнд зөндөө тэмдэглэсэн байдаг учраас энэ бол мартаж боломгүй “кейс” юм. Үүнээс улбаалан Үндсэн хуулийн Цэц институцийнхаа хувьд цаашид явахад хэцүү болжээ. Зайлшгүй бөгөөд нэн яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ гэдгийг дээрх үйл явдал харууллаа.