“Чингис хаан” банк төлбөр тооцоо гүйцэтгэх чадваргүй 800 гаруй хоночихоод байхад Монголбанк яагаад үүргийнхээ дагуу тус банкинд БЭТ, эрх хүлээн авагч томилох нь байтугай тэдний төлөх өрөнд тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Батхүүгийн зоорийг 25 тэрбум төгрөгөөр авна гэнэ үү?! Яасан эрхэлчихсэн “Чингис хаан” бэ? Тэднийг эрхлүүлэгчид хэн бэ? Хамгийн эхлээд Монголбанкны Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Ц.Нарандалайгийн ажлын хариуцлага яригдах ёстой, тийм үү? “Ариг” банкнаас гар утас бэлгэнд авсан хэргээр өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-т шалгуулж ганц өдөр саатуулагдсан удаатай. Түүнийг Б.Батхүүтэй хуурай ах дүү гэдэг бөгөөд энэ албан тушаалд одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан томилуулсан гэдэг. Байцаагч байснаа ахлах ч биш, хэлтсийн захирал ч биш, шууд газрын захирал болсон шүү дээ. Үүнийг л албан тушаалын “лифт” гэдэг байх.
Дараагийн хамгаалалт. Энэ маш сонирхолтой.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК “Чингис хаан” банкинд хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлж Монголбанкинд албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн талаар өмнөх нийтлэлдээ бичсэн.


Тэгвэл хүсэлт гаргасан “Баянмөнх техник дэвшил” ХХК нь зүгээр ч нэг нүүрсний компани биш, Төв банкны ерөнхийлөгчтэй холбоотой болж таарлаа. Яаж гэж үү?
Төв банкны ерөнхийлөгч маань  2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Төв банкны дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нартайгаа гурвуулаа сууж байгаад тэр нөхрийн өмнө буулт хийсэн нь анхаарал татаад байгаа юм.Энэ үеэр тэрбээр Төв банкны гурван удирдлагыг тэр хятад иргэний өмнө суулгаж байгаад “Бид гурав гурвуулаа тантай уулзаж зөвшөөрөл өгөх гэж байна. Сайхан ярилцъя. Бүгдийг нь өгнө. Үнийг нь буулгая” гэсэн. Гэтэл өнөөх хятад компанийн төлөөлөл нь ““Бид зөвхөн улсад төлөх нийгмийн даатгал, зоорийг авахын оронд мөнгө өгье” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл “Чингис хаан” банкийг бараг үнэгүй авъя гэсэнтэй адил санал тавьсан байна. Энд бид ямар үнийн тухай яриад байна вэ? Одоогоор “Чингис хаан” банкийг “зарах” хэлцлийн гол эзэн Б.Батхүүгийн санал болгосон үнийн дүнг багцаалдаж хэлбэл “Чингис хаан” нэрийг 50 тэрбум төгрөгөөр, банкин дээр дутагдаад байгаа мөнгө нь 180 тэрбум төгрөг, лиценз 50-60 тэрбум төгрөгөөр үнэлсэн юм билээ.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч нь хоёр дэд ерөнхийлөгчтэйгээ хамт худалдан авахаар сонирхож буй талтай уулзаж “ярилцсанаар” үр дүнд нь лицензийн үнэ байхгүй, нэрний үнэ байхгүй, зөвхөн өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөж орж ирээд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” гэгч нүүрсний компани тус банкны лицензийг нь, “Чингис хаан” нэртэй нь эзэмшихээр болтол үнийг буулгачихлаа. Үнэндээ “үнэгүй” болчихсон, дампуурсан боловч төр дампууруулахгүй хамгаалаад байгаа банк! Гэхдээ хувь эзэмшигч буюу худалдагч этгээдийн тавиад байгаа үнийг Төв банкны ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгч, тэргүүнд дэд ерөнхийлөгч нартайгаа хамт сууж байгаад бууруулж өгнө гэдэг сонин байгаа биз? Түүний яриад байсан хятадын хөрөнгө оруулагчид нь “органик хөрөнгө оруулагчид” биш, өөрөө эсвэл дүү нь “олж ирсэн” юм биш үү гэж эргэлзэхээр байгаа биз? Хэрэв тийм бол наад зах нь ёс зүйн хувьд ч ингэж болно гэж үү?
Энэ тухай хамгийн сайн мэдэж буй УИХ дахь нэгэн удирдлага ч дээрх уулзалтын дараа “Монголбанкны ерөнхийлөгч хувьдаа банктай болж байгааг ойлголоо” гэж дүгнэсэнтэй санал нэг байна.
Нэмж сануулахад Монголбанкны ерөнхийлөгчийн хүү Л.Тэмүүжин одоо ч Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч аав,  Хөгжлийн банкны газрын захирал хүү Хөгжлийн банкинд төлөх “Чингис хаан” банкны өрийг төлүүлэхэд санаа зовинох, үүрэг хариуцлагын дагуу ажлаа хийх сэтгэл байна уу? Тэр “сэтгэл” нь “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч Б.Батхүүгийн зоорийг төрийн мэдэлд авч наймаалцах үйлдлээр илэрч байна уу гэдэг бас эргэлзээтэй.
Гэтэл “Чингис хаан” банкны хувь эзэмшигч Б.Батхүү, Ш.Лхамсүрэн нар зээлийн багцаа бараг бүгдийг нь өөрсдөө цөлмөчихсөн. Түүгээр зоорь барьсан, “Степп голд” алтны уурхайн лицензийг авсан. Уг зоорийг 20 тэрбум төгрөгөөр үнэлгээг тогтоож нийслэлийн өмчид авах шахаж байсан оролдлого нь талаар болсон хэдий ч  Хотын дарга  болон  ҮХОБ-ны эзэдтэй ч холбогдож байсан нь тохиолдол биш байх аа.

Чингис хаан банкинд НДС-ын мөнгийг байршуулах гэрээг анх хийсэн С.Чинзориг хэзээ хариуцлага хүлээх вэ?

Үүнээс гадна С.Чинзориг НХХ-ийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан” банкинд НДЕГ-ын мөнгийг өгчихсөн. Энэ асуудлаараа хуулийн байгууллагаар шалгагдах нь цаг хугацааны асуудал болоод байна. Яагаад гэвэл Тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Сандагдорж НДЕГ-ын мөнгийг өөрийн банкинд байршуулахын тулд бусдад авлига өгсөн асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд НДЕГ-ын гомдлоор 101.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр яваа, банкны зүгээс эвлэрлийн гэрээгээ зөрчсөн асуудал бий. Тэгэхээр гэм буруутан буюу авлига авсан этгээд энэ асуудлаас холгүй байгаа биз ээ.
Дахин сануулахад, “Чингис хаан” банк Хөгжлийн банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ 12-08-2/705 дугаартай “Мөнгөн хадгаламж байршуулах” гэрээ байгуулж 25 тэрбум төгрөгийг жилийн 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байршуулсан байдаг. Энэ гэрээний 2019 оны 12 дугаар сарын 19-нд хугацаа дуусгавар болоход 19-12/01-2/244 дугаартай “Мөнгөн хадгаламжийн мастер гэрээ” гэгчийг байгуулж гэрээний хавсралт дахь 19-12/02-2/245 дугаартай гэрээгээр 15 тэрбум төгрөгийг 92 хоногийн хугацаатайгаар мөн 19-12/03-2/246 Мөнгөн хадгаламж байгуулах гэрээгээр 10 тэрбум төгрөгийг 82 хоногийн хугацаатайгаар 2 хувааж, 4 хувийн хүүтэйгээр тус тус байршуулж барьцаанд нь нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон “Хан хиллс” хотхоны 521 дүгээр барилгын нийт 27 гэрээний үүргээ хангах баталгаа болгон гэрээ байгуулжээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны “Чингис хаан” банкнаас шүүхээр нэхэмжилж байгаа нийлбэр дүнгээр үндсэн хадгаламж, үндсэн хүү, алдангийн хэмжээ 33.5 тэрбум гаруй төгрөг болжээ. Харамсалтай нь дээрх 27 орон сууцнаас 7-г нь зээлдэгчид өөрсдөө зарж борлуулчихаад байна.Барьцаалсан хөрөнгөө бусдад зарж борлуулна гэдэг нь албан тушаалын гэмт хэрэг болдог учраас хуулиараа Чингис хаан банкны гүйцэтгэх эрх бүхий этгээдүүд энэ гэмт хэрэгт холбогдож таарна. Тийм ч учраас нэр бүхий харилцагчдын “Банкны эрх бүхий албан тушаалтан нь банкийг төлбөрийн чадваргүй болгосон” гэх гомдлоор Чингис хаан банкны Ерөнхий захирал Б.Батхүү яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Одоо тэдгээр барьцааны байруудыг Хөгжлийн банк авах уу, эсвэл “Чингис хаан” банкийг сонирхогч шинэ хөрөнгө оруулагчид зээлээс нь чөлөөлж авах уу гэдэг бас сонин. Ийнхүү “Чингис хаан” банкийг дампууруулах уу, зарах уу, зарвал нүүрс тээвэрлэгч хятадын компани авах уу, тэдний ард нууц эзэд байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Анхаарал татахын шалтгаан нь төрийн мэдлийн банкууд болон байгууллагууд хохирч үлдэх эсэх асуудалтай холбоотой юм. Гэтэл Төв банкны ерөнхийлөгч “Чингис хаан” банкийг дараагийн “Капитал” банк болгохгүйн тулд гэдэг шалтгаанаар “клиник үхэлд” байлгасаар байна. Түүнд “Чингис хаан” банкийг өөриймсөх, “хайрлах” шалтгаан байна гэж хардаж болно биз дээ.
ҮХОБ-д ийм нөхцөл дээр, ямар учиртай солонгосчууд хөрөнгө оруулах нь хамаагүй юу?
Дашрамд нэг сониныг дуулгахад “Чингис хаан” банк өөрийн хөрөнгийн дутагдал 200 гаруй тэрбум төгрөг бол ҮХОБ 30 тэрбум төгрөг дутуу. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд ҮХОБ хэвийн үйл ажиллагаандаа ороход бараг бэлэн болсон. ҮХОБ-ны дүрмийн сан 50 тэрбум төгрөг болоод байгаа бол хуульд заасан шаардлага нь 100 тэрбум төгрөг билээ. Дутуу байгаа дүрмийн сангийн 50 тэрбум төгрөгөө БНСУ-аас буюу Олон улсын үнэ зохицуулалтын сангаас accet menegment хэлбэрээр авахаар болсон. Энэ нь Банкны тухай хуульдаа нийцэх төдийгүй бараг хамгийн органик зөв хэлбэр гэж үзэх болох юм. Гэхдээ сонирхолтой нь ҮХОБ-ны өнөөгийн нөхцөл байдал дээр яаж хөрөнгө оруулагчид нь тийм шийдвэрт хүрсэн юм бол гэдэг нь л анхаарал татаж байгаа юм. Харин өмнөх нийтлэлдээ дурдаж байсан “Трафигура” хэдийгээр 17 сая ам.доллараа тус банкинд хадгалуулсан боловч дүрмийн санд оруулахгүй, зөвхөн түр хадгаламж байдлаар байршуулж байгаа гэсэн мэдээлэл л өгдөг. Монголбанкнаас 14 тэрбум төгрөг зээлж ЭМДС-ийн “өрөө төлөхөд” нь Монголбанкны ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд ҮХОБ-д боломж олгосон. Тэр эрх мэдлийнхээ дагуу зээлийн хугацааг сунгасаар байгаа. “Хаан” банкны хувьцааг авах нь гэсэн хардлагыг няцааж “Сейко” цагны эзэн дээр л “буулгачихаад” байна.  Төв банкны ерөнхийлөгчийн байдлаас харахад түүний хувьд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд нь нэг ч банк дампуураагүй байх нь чухал болохоос эдийн засгийн аюулгүй байдал, Монголын банкинд гадны хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээд нь хаанахын ямар гарал угсаа, намтар түүхтэй хэн байх нь төдийлөн хамаагүй бололтой юм. Ийм сэтгэлээр банкны реформыг хийж болдог юм болов уу? Гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид болон улстөрчдийн ашиг сонирхлоос банкны салбараа хамгаал үлдэх, төрийн байгууллагуудад төлөх өр зээлүүдийг төлүүлэх, хууль зөрчсөн үйлдэл бүхэнд нь хариуцлага хүлээлгэх, хууль сахин биелүүлж хуйвалдааныг эцэслэх нь хамгийн чухал зорилт биш гэж үү. Тийм учраас энэ цуврал цаашид үргэлжлэх болно.