Монгол Улсын ГХЯ-аас БНСУ-д суух Элчин сайд болон Бусан хотод суух Консул нарын томилгоо бүтэлгүйтжээ. Тус улсад Элчин сайдаар томилогдоод байсан Э.Сарантогосыг  Канад улсад суух Элчин сайдаар сэлгэн томилсны дараа түүний оронд БНСУ дахь МИАТ дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Батнямын Энхбатыг томилохоор Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны хуралдаанаар шийдвэрлээд байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл БНСУ-ын тал түүнийг хүлээж авах хариу өгсөнгүй. 

Энэ нь Б.Энхбат нь тус улсад амьдарч байхдаа визний зөрчил гаргаж байсан, солонгос гэргийтэй, хадам талын хамаарал бүхий хүмүүс нь тухайн улсдаа хуулийнхны анхаарлыг татдаг этгээдүүд болох талаар элдэв таамгуудыг хэвлэлүүдээр дэвшүүлж байсантай холбоотой байж болох юм. Харин Бусан хотод суух Консулаар томилогдсон Бямбын Билэгсайханы хувьд мөн л одоо хүртэл ямар нэг хариу хүлээж аваагүй, буцах магадлал өндөр байгаа аж. 

Шалтгаан, үндэслэлийн хувьд тухайн орны хэлийг эзэмшсэн байдал нь хангалттай бус,  мөн тус улсад эрхэлдэг хувийн компани нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулдаг байдлыг нь зөрчилтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн талаар албан бус мэдээлэл бий. Б.Билэгсайханы хувьд,
- 2004-2008 Монгол Улс дахь "Зоос гоёл" ХХК-ны харьяа "Зоос Кореа" хуулийн компанид менежер,
-2008-2009 "Монгол газар" ХХК-ны хангамжийн менежер,
-2009-2014 "Монгол газар" ХХК-ны дэд захирал,
-2014-2016 "National Drilling Service" ХХК-ны гүйцэтгэх захирал,
-2016-2018 "Ikh Mongol Mining" ХХК-ны бүс нутаг, орон нутгийн асуудал хариуцсан дэд захирал,
-2021 оноос хойш эхнэрийн хамт Сөүл хотод "Flower Food" ХХК-ыг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Дээрх намтар Монголын төрөөс элч болгон илгээх дипломат албаны шалгуурт нийцэж байна  гэж үү? Улсын бүртгэлийн албан ёсны сайтуудаас энэ талаар нэмж лавлахад эхнэр, охины нэр дээр гадаад худалдааны чиглэлээр хэд хэдэн компанийг үүсгэн байгуулж бүртгэгдсэн байдаг юм байна. Тус улсад манай улсаас суух Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилоход УИХ-ын 30 гаруй гишүүн хаалттай хуралдаад шийдсэн хэдий ч уг баталгаа БНСУ-ын талд хангалтгүй байсны улмаас хүлээн авагч тал хариу ирүүлээгүй билээ. Түүнээс хойшхи томилгоонууд ийнхүү шил дараалан бүтэлгүйтлээ. 

ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр тус улсын авиакомпаниар үйлчлүүлэх үеэрээ онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдаж хүчирхийлэл үйлдэхээр завдсан, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат тус улсын газар нутаг дээр соёлын солилцооны ажлаар явж байх үеэрээ монгол эмэгтэйг хүчирхийлж газар дээрээ баригдан саатуулагдсан нь тухайн орон нутгийн телевизээр мэдээлэгдсэн гэх мэт БНСУ, Монгол Улс хоорондын харилцаанд сэв, цөв суухуйц үйл явдлууд давхцаад байгаа эмзэг үед Гадаад харилцааны Яам, Гадаад харилцааны сайд яагаад томилгоо хийхдээ хянамгай хандахгүй байгаа нь хариуцлага хүлээх ёстой үндэслэл биш гэж үү? 

БНХАУ-д суух элчин, консул, дипломат төлөөлөгчдийн хэд нь АТГ-т шалгагдаж байсан хэрэг нь “хэрэгсэхгүй болж” бараг л хүчээр “очоод суучихсан” билээ? Хятадын талаас “Монгол Улс яагаад шил дараалан авлигын асуудалтай хүмүүсээ илгээгээд байна вэ. Энэ нь манай улсад хэр хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл шүү” гэдэг хэл яриа гараад байдгийг манай хүмүүс чимээгүй “хадгалсаар” өдий хүрэв. Энэ байдал 50 гаруй мянган монгол хүн ажиллаж амьдарч байгаа БНСУ-д давтагдахаар байгааг Засгийн газар, ГХЯ, Гадаад харилцааны сайд анхааралдаа авч, хамгийн нөлөө бүхий хөршүүддээ нэр цэвэр, шалгуур хангахуйц элч төлөөлөгч илгээхэд нухацтай хандахгүй бол улс хооронды харилцаанд сэв суулгаж мэдэхээр байгааг зориуд сануулъя.